Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 157/2022/0115

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /цахим/

Шүүгдэгч Э.Н  нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Э-ын Н-д холбогдох эрүүгийн 2239000000285 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс ирүүлснийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, боловсролгүй /бичиг үсэг мэднэ/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч болон 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б  овогт Э-ын Н /Регистрийн дугаар: .../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 07 цагийн орчим ... тоотод байрлах О.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу модон байшинд нэвтэрч “Samsung s9, Samsung а8 маркийн гap утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч О.Б-д 480,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Э.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр өдөр би цүнх зарах гээд гэрт нь орсон. Тэгээд гарахдаа 2 ширхэг гар утас аваад гэрээс нь гарсан. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг.

Хоёр: Эрүүгийн 2239000000285  дугаартай хэргээс улсын яллагч:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 01/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 02-05/,

 -Хохирогч О.Б-ын “...2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өглөө 6 цаг өнгөрч байхад эхнэр Б-ийн хамтаар үнээгээ саахаар 2 хүүхдээ гэртээ үлдээгээд сумын төвөөс урагшаа 4 орчим км зайнд байрлах хуурай тохой гэх газар руу яваад 9 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэртээ ирээд утсаар ярих гэтэл миний 2 утас хоёулаа алга болсон байсан. Тэгээд гэртээ хайгаад олоогүй хүүхдүүдээс асуухад орон дээр байсан бид 2 аваагүй, яагаад алга болсон гэдгийг гайхаад байсан. Тэгээд хажуу айлаас асуух гээд гартал хашааны хойд хаалганы дотор жижиг пүүзний мөр байсан, тэрийг нь харж аваад хажуу айлдаа ортол Н- гэх хүүхэн согтуу бололтой байсан. Тэгээд манайхаар орсон уу, утас авсан уу гэж асуутал би юу гэж авдаг юм танайхаар ороогүй гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би өмсөж байсан пүүзийг нь хартал манай хашаанд байсан мөртэй ижилхэн байсан. Тэгээд тэр хүүхэнд чиний гутлын мөр байна, чи утас өгчих гэж хэлтэл уурлаад байсан.... Миний алдсан гар утас “Самсунг галакси S-9 маркийн /98184060 дугаартай/ 1 жилийн өмнө 450,000 төгрөгөөр худалдаж авсан эвдрэлгүй ягаан өнгийн гэртэй утас, “Самсунг а8 маркийн /98883832 дугаартай/ утсыг 1 жилийн өмнө 450,000 төгрөгөөр худалдаж авсан эвдрэлгүй, хар өнгөтэй утас алга болсон. Миний утас алга болсон учраас би зураг дарж чадаагүй, жижиг дөрвөлжин дөрвөлжин хээтэй мөр байсан. Н-ын өмсөж байсан гутал нь яг тийм хээтэй байсан. Би уг нь утас гаргаад өгчихвөл цагдаа дуудахгүй гэж бодож байсан юм. Гэтэл хүний гэрт дураараа орж утас хулгай хийчихээд дээрээс нь урдаас салаавч гаргаж хэрэлдээд, тэгээд өөрөө цагдаа дуудсан учраас хуулийн дагуу шалгуулъя гэж хэлсэн. Утсаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

-Гэрч Б.Б-ийн “...Би Э.Н- гэдэг хүнийг сайн танихгүй манай зүүн хашаанд нөхөр хүүдийн хамт амьдардаг хөрш айл. Би нэрийг нь ч сайн мэдэхгүй. Би хөрш айлын Э.Н-тай цүнх зарна худалдана гэж ярьж тохиролцсон зүйл байхгүй. Би Э.Н-ыг сайн танихгүй хоорондоо харилцаж ярилцаж үзээгүй манайх тэднийх хоёр нэг нэгнийхээрээ орж гардаг ч үгүй танихгүй улсууд байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Э.Н-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтуу байсан учраас л тэр хоёр гар утсыг нь аваад гарчихсан юм. Ямар шалтгаанаар авсан гэдгээ мэдэхгүй байна. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын   29-ний өдрийн 2022//ШД/261 дугаартай дүгнэлтэд “...алдагдсан гэх гар утасны зах зээлийн үнэлгээг 480,000 төгрөг байх боломжтой” гэжээ. / хх-ийн 25-27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Эрүүгийн 2239000000285  дугаартай хэргээс шүүгдэгчийн өмгөөлөгч:

 

-Гэрч Б.Э-ын “...Миний хамтран амьдрагч Э.Н- уг нь зөөлөн зантай, ажилсаг, нутаг орондоо нэр хүндтэй. Өөрийн 2 хүүхэдтэй. Том хүү нь бид хоёртой хамт амьдардаг. Бага хүү нь хадам Э-ынд амьдардаг. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

-Шүүгдэгч Э.Н-ын яллагдагчаар өгсөн “...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтуу байсан учраас л тэр хоёр гар утсыг нь аваад гарчихсан юм. Ямар шалтгаанаар авсан гэдгээ мэдэхгүй байна. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

-Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 121 дүгээр тодорхойлолт /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Гурав:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч Э.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 07 цагийн орчим ... тоотод байрлах О.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу модон байшинд нэвтэрч “Samsung s9, Samsung а8 маркийн гap утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч О.Б-д 480,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Хохирогч О.Б-ын “...2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өглөө 6 цаг өнгөрч байхад эхнэр Б-ийн хамтаар үнээгээ саахаар 2 хүүхдээ гэртээ үлдээгээд сумын төвөөс урагшаа 4 орчим км зайнд байрлах хуурай тохой гэх газар руу яваад 9 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэртээ ирээд утсаар ярих гэтэл миний 2 утас хоёулаа алга болсон байсан. Тэгээд гэртээ хайгаад олоогүй хүүхдүүдээс асуухад орон дээр байсан бид 2 аваагүй, яагаад алга болсон гэдгийг гайхаад байсан. Тэгээд хажуу айлаас асуух гээд гартал хашааны хойд хаалганы дотор жижиг пүүзний мөр байсан, тэрийг нь харж аваад хажуу айлдаа ортол Н- гэх хүүхэн согтуу бололтой байсан. Тэгээд манайхаар орсон уу, утас авсан уу гэж асуутал би юу гэж авдаг юм танайхаар ороогүй гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би өмсөж байсан пүүзийг нь хартал манай хашаанд байсан мөртэй ижилхэн байсан. Тэгээд тэр хүүхэнд чиний гутлын мөр байна, чи утас өгчих гэж хэлтэл уурлаад байсан.... Миний алдсан гар утас “Самсунг галакси S-9 маркийн /98184060 дугаартай/ 1 жилийн өмнө 450,000 төгрөгөөр худалдаж авсан эвдрэлгүй ягаан өнгийн гэртэй утас, “Самсунг а8 маркийн /98883832 дугаартай/ утсыг 1 жилийн өмнө 450,000 төгрөгөөр худалдаж авсан эвдрэлгүй, хар өнгөтэй утас алга болсон. Миний утас алга болсон учраас би зураг дарж чадаагүй, жижиг дөрвөлжин дөрвөлжин хээтэй мөр байсан. Н-ын өмсөж байсан гутал нь яг тийм хээтэй байсан. Би уг нь утас гаргаад өгчихвөл цагдаа дуудахгүй гэж бодож байсан юм. Гэтэл хүний гэрт дураараа орж утас хулгай хийчихээд дээрээс нь урдаас салаавч гаргаж хэрэлдээд, тэгээд өөрөө цагдаа дуудсан учраас хуулийн дагуу шалгуулъя гэж хэлсэн. Утсаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9-10 дугаар хуудас/

-Гэрч Б.Б-ийн “...Би Э.Н- гэдэг хүнийг сайн танихгүй манай зүүн хашаанд нөхөр хүүдийн хамт амьдардаг хөрш айл. Би нэрийг нь ч сайн мэдэхгүй. Би хөрш айлын Э.Н-тай цүнх зарна худалдана гэж ярьж тохиролцсон зүйл байхгүй. Би Э.Н-ыг сайн танихгүй хоорондоо харилцаж ярилцаж үзээгүй манайх тэднийх хоёр нэг нэгнийхээрээ орж гардаг ч үгүй танихгүй улсууд байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-42 дугаар хуудас/

-Шүүгдэгч Э.Н-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтуу байсан учраас л тэр хоёр гар утсыг нь аваад гарчихсан юм. Ямар шалтгаанаар авсан гэдгээ мэдэхгүй байна. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 дугаар хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2022//ШД/261 дугаартай дүгнэлтэд “...алдагдсан гэх гар утасны зах зээлийн үнэлгээг 480,000 төгрөг байх боломжтой” гэжээ. / хх-ийн 25-27 дугаар хуудас/

-Шүүгдэгч Э.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “тэр өдөр би цүнх зарах гээд гэрт нь орсон. Тэгээд гарахдаа 2 ширхэг гар утас аваад гэрээс нь гарсан. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Э.Н-ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Н- нь шунахайн сэдэлтээр шууд санаатайгаар, бусдын оронд байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нь хулгайлан бусдад 480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тоооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

 

Шүүгдэгч Э.Н- нь хохирогч О.Б-д 280.000 төгрөгний үнэлгээтэй Samsung s9, гар утас, 200.000 төгрөгний үнэлгээтэй Samsung а8 маркийн гap утаснуудыг буцаан өгсөн болох нь хохирогч О.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Н- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Н-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан  “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Э.Н нь урьд шүүхээр 1 удаа ял шийтгүүлж байсан болох нь:

           -Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 58-62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Э.Н нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд нөхөн төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч Э.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаангүй оролцож байна гэж тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ.

Дээрх нөхцөл байдал болон Э.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бага насны 2 хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Н- нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч Э.Н-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих ангийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний 01/195 дугаартай албан бичгээр шүүгдэгч Э.Н-ыг Цагдаагийн байгууллагаас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагт цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Э.Н- нь 1 /нэг/ хоног цагдан хоригдсон, өмнө нь 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон нийт 3 /гурав/ хоног энэ хэрэгт цагдан хоригдсон байна.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

           Шүүгдэгч Э.Н нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн 2239000000285 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авах нь зүйтэй.

 

            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б  овогт Э-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б  овогт Э-ын Н-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

             5.Шүүгдэгч Э.Н нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ад урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

             8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Н-ад урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ