Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/474

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч ***,

хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Хаахар овогт ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205036960745 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, *** ХХК-д хүнд машин механизмын операторч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг 12 дугаар хороо 20 байр 82 тоотод оршин суух,

урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хаахар овогт ***.

 

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг 22 дугаар хороо *** 4 гудамж *** тоот нийтийн байранд хамтран амьдрагч ***тай эрүүлжүүлэхэд барьж өгсөн гэсэн шалтгааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хагархай архины шилээр түүний баруун хөлийн тавхайн дээд гадаргуу хэсэгт зоож эрүүл мэндэд нь баруун тавхайд шарх, баруун хөлийн 4 дүгээр хурууны нугалагч шөрмөсний тасрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Тухайн үед архи уусан байсан. Уг нь 12 дугаар сард архины эмчилгээ хийлгэсэн. Дахин архи уухгүй. Охинтой болсон. Гэм буруугаа ойлгож байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ: “Гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч ***гийн “... 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн төрсөн охин ***ийг өдөр өнжүүлэхэд хүргэж өгөөд Баянгол дүүргийн 22 дугаар хороо *** 4 гудамж 69 тоотод байрлах нийтийн байрны 1 давхар 11 тоот нэг өрөө байранд ирсэн. Охин ***ийг орой ээж *** авахаар тохиролцсон. Би гэртээ ганцаараа байж байхад оюутан байхдаа Их засаг их сургуульд хамт суралцаж байсан найз *** над руу facebook-р чат бичсэн. Найз нь очих газаргүй болчихлоо, түр танайд байж байя гээд ярьсан. За тэгээ, хүрээд ирээ гээд хэлсэн. Найз *** нь өдөр 14 цагийн үед манай гэрт ирсэн. Манай гэрт гэрээ тэр чигт нь нүүлгээд баахан хувцас хунар, түмпэн шанагатай ирсэн.

Манай нөхөр Өмнөговь аймгаас өглөө нь Улаанбаатар хотод ирсэн, очлоо гээд ярьж байснаа хүргэнтэйгээ хамт архи уугаад ирлээ гээд харанхуй болсон үед 22 цагийн үед гэртээ ирсэн. Манай нөхөр *** нь гэрт орж ирэхдээ нэлээн согтуу энгэртээ 0,5 литрийн хэмжээтэй байх талаараа шахуу архи өвөртөө хийгээд орж ирсэн. ***ийг хараад авч ирсэн баахан хувцас хунар юмнуудыг хараад охин ***ийг хаана байна гээд асуугаад, охиноо байхгүй болохоор нь уурлаад байсан. Тэгэж байгаад унтах гэснээ босож ирээд ***ийг хамт пиво уух уу гээд хэлсэн. *** тэгье гээд хэлсэн.*** нь ганцаараа дэлгүүр хаалаа гээд 23 цагийн үед гэрээсээ гарсан. 10 гаран минутын дараа нөхөр *** нь гартаа 2,5 литрийн савлагаатай бор өнгийн хоёр ширхэг пиво аваад орж ирсэн. Нөхөр *** нь манай найз ***тай авч орж ирсэн пивоо ууж эхэлсэн.

Миний төрсөн эгч Байгальмаа нь 00 цагийн үед над руу залгаад автомашин бариад гэр лүү оруулаад өгөөч эгч нь архи уусан байна гээд хэлсэн. Эгч Байгальмааг хүргэж өгөхөөр гэрээсээ гараад Бичил хороолол руу яваад буцаад такси бариад Баянгол дүүргийн 22 дугаар хороо *** 4 гудамж 69 тоотод байрлах нийтийн байрны 1 давхар 11 тоотод ирээд хаалгаа онгойлгох гэсэн чинь дотроосоо түгжсэн байсан. Би хаалгаа 10-15 минут орчим нүдсэний дараа хаалгыг нөхөр *** нь онгойлгосон. Манай нөхөр *** нь дотуур хувцастайгаа зогсож байсан.

... Энэ асуудлаас болоод хэсэг маргалдаж байгаад нөхөр ***, *** хоёр надаас хоёулаа архи нэхэж эхэлсэн. Манай нөхөр *** нь намайг гичий минь архи аваад өгчихгүй, хамаг карт авчхаад ганц юм авч өгсөнгүй гээд дайрч эхэлсэн. *** хажуугаас ганц юм аваад өгчихгүй гээд нэмэрлээд байсан. Хэрүүл бооод байж байтал манай нөхөр ***гийн гар утас руу шөнө 01 цагийн үед Юнителийн дугаараас эмэгтэй хүн залгаад манай нөхрөөс жирэмсэн болсон, одоо 7 сартай жирэмсэн, маргааш 1 дүгээр төрөх дээр хүүхдээ авхуулна, надад мөнгө хэрэгтэй байна гээд 1,500,000 төгрөг нэхэж эхэлсэн. Мөнгө өгөхгүй бол цагдаад өгнө гээд дарамталж эхэлсэн. Энэ асуудлаас болоод нөхөр ***тай нэлээн ширүүн маргалдаж эхэлсэн. *** би тэгээгүй, энэ хүүхнийг танихгүй, мэдэхгүй, хүн андуураад байна гээд байсан мөртлөө гар утас дээр нь баахан чат мессэж байсан. Манай эхнэр мэдэх гээд байна, чи түр хүлээж бай, цалин буухаар шилжүүлнэ гээд бичсэн мессэж байсан. Би эхлээд арай ч дээ чи гээд ***гийн хацар луу нь нэг удаа алгадаад, хогийн шүүр, шанага, нөхрийнхөө гар утсыг аваад нөхөр лүүгээ шидсэн. Миний шидсэн юмнууд манай нөхрийг оноогүй. Тэгээд миний үснээс зулгаагаад зүүн нүдний хөмсөг дух хэсэгт хүчтэй гараараа цохисон. Тэгээд надад агсам тавиад миний үснээс зулгаагаад миний хамар хэсэг рүү цохисон. Тэгээд цагдаагийн байгууллага дуудаж өгсөн. *** нь эрүүлжүүлэх байранд хоносон. Би ээжийнхээ гэрт хоноод маргааш нь гэртээ ирсэн.

Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед гэртээ орж ирээд архи асгасан юмнуудаа цэвэрлэж эхэлсэн. Манай нөхөр *** нь өчигдөр ууж байсан архиа уугаад сууж байсан. Ярилцая суучих гэхээр нь газар дэвссэн байсан гудас дээр хамт суусан. *** бид хоёрын хажууд сууж байсан. Би эхлээд тоглоод нөхөр ***г гижигдээд зүүн гарны шууг нь санамсаргүй урсан. Гэтэл манай нөхөр согтуу тоглож байна гэдгийг ойлгохгүй гэдэс рүү тохойгоороо цохисон. Тэгээд чи яасан их намайг эрүүлжүүлэхэд барьж өгдөг юм гээд хоолой боосон.

... миний гэдэс рүү цохилоо гээд нөхрийнхөө зүүн гуяны дотор талаас нь хазсан чинь миний үснээс зулгаагаад дээш нь болгоод нүүр лүү манай нөхөр гараараа алгадсан. Алгадсаны дараа миний хамраас цус гарч эхэлсэн. Босох гэсэн чинь миний фудволкны ар талаас гараараа аль гарыг нь мэдэхгүй байна, зуураад фудволкыг минь ураад хажуудаа ууж байсан архины шилийг баруун гартаа барьж аваад хажууд байрлах паар луу цохиж хагалаад хагалсан архины үзүүртэй шилийг миний баруун хөлний тавхай хэсэг рүү нэг удаа хатгаж гэмтээсэн.

Манай нөхөр *** нь миний баруун хөлний тавхай хэсэг рүү архины шилээр хатгасны дараа *** нь хажууд паар түшээд унтаад өгсөн байсан. Энэ асуудал болоход би маш их орилсон учраас хажуу айл цагдаа дуудсан юм шиг байсан. Нөхөр юу ч болоогүй юм шиг байрандаа суугаад байсан. Би босоод сандал дээр суугаад хөл рүүгээ харсан чинь маш их хэмжээний цус гарч байсан. Хамраас цус гараад тогтохгүй байсан. Нээх удаагүй хаалга хүн тогшсон. Хаалга онгойлгоход хоёр цагдаа ирсэн байсан.

... Би ***тай 2018 онд Говь саунд ажиллаж байхдаа анх танилцаж байсан. 2019 оны 7 дугаар сараас эхлээд одоог хүртэл хамтран амьдарч эхэлсэн.

... Надад одоо ямар нэгэн гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-44 дэх тал/

 

Гэрч Ш.***ийн “... 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би Баянгол дүүргийн 22 дугаар хороо *** 4 гудамж *** тоот ***гийн түрээслэдэг нийтийн байранд сэрсэн. *** нь над дээр өглөө ирсэн. Би ***гийн хамт гараад ээжийнд ирчхээд би ***тай хамт нийтийн байранд нь ирээд эд зүйлсүүдийг нь авах гэтэл нийтийн байранд нь *** нь эрүүлжүүлэх байраас гараад ирсэн гээд архи уугаад ганцаараа сууж байсан. ***гийн юмнуудыг аваад явлаа гэсэн чинь *** нь явах гэлээ гээд хэрүүл хийж эхэлсэн. Миний гар утас хаана байна гээд ***гаас асуусан чинь миний гар утсыг тавиад архи аваад уусан байсан. Миний гар утсыг дэлгүүрээс аваад өгсөн. Дахиад л ***, *** нар хэрэлдэж эхэлсэн. ***, *** нар нь ахиад архи пивоо ууж байгаад өмнөх орой нь *** руу эмэгтэй хүн залгаснаасаа болоод хэрүүл болсон. ***, *** нар паарны дэргэд сууж байсан. Би шартаад хажуу талд нь хэвтэж байсан. *** гэнэт орилж эхэлсэн. *** нь би ***гийг хөлийг нь архины шилээр зоочихлоо аймар байна уу гээд байсан. ***гийн хамар, баруун хөлийн тавхай хэсгээс нь цус гарч байсан. Одоо бол би ийм л юм санаж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 48-49 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №15987 дугаартай:

“...1. ***гийн биед баруун тавхайд шарх, баруун хөлийн 4-р хурууны нугалагч шөрмөсний тасрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 67-68 дахь тал/

 

***гийн яллагдагчаар өгсөн “... 2022 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө миний урд нь үерхэж байсан Хашболор гэх эмэгтэй нь над руу залгаад жирэмсэн болчихлоо гээд залгаад эхнэр *** бид хоёрын хооронд хардалтаас болж хэрүүл маргаан болж эхэлсэн.

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би уурандаа эхнэр ***гийн хөлийг архины хагарсан хагархай шилээр хатгаж гэмтээсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас болсон асуудлын талаар тодорхой санахгүй байна.

... Би болсон асуудалтай холбоотой маш их гэмшиж байгаа. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж эхнэр ***гийн хөл рүү шил зоосон. Би уг нь ийм муухай үйлдэл гаргах хүн бишээ. Ийм зан араншинтай хүн бишээ. Яагаад ийм үйлдэл гаргаснаа мэдэхгүй байна. Би энэ үйлдэлдээ гэмшээд архины эмчилгээ хийлгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй 3 сар болж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 80-81 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч ***, *** нар нь хамтран амьдарч байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүрэг 22 дугаар хороо *** 4 гудамж *** тоотод байрлах нийтийн байрны 1 давхрын 11 тоотод ***г найз болох Ш.***тай байхад нь шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай  гэртээ иржээ.

Ингээд шүүгдэгч ***, ***, Ш.*** нар нь согтууруулах ундааны хэрэглэсэн ба шүүгдэгч ***, *** нарын хооронд хардалтын улмаас маргаан үүсчээ.

Тухайн үед Цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу шүүгдэгч ***г 2022 оны 11 дүгээр сарын 14-нийн өдөр албадан эрүүлжүүлжээ.

Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч *** гэртээ ирээд согтууруулах ундаа хэрэглэж байхад нь *** нь найз Ш.***тай хамт гэртээ ирсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн маргааны улмаас шүүгдэгч *** нь ***гийн биед архины шилээр баруун тавхайд шарх, баруун хөлийн 4-р хурууны нугалагч шөрмөсний тасрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №15817 дугаартай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** нь учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлын нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар мэдүүлсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ***г баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хаахар овогт ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***г торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ