| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/04062/и |
| Дугаар | 304 |
| Огноо | 2020-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 304
| 2020 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2020/00304 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О-ын гаргасан,
Хариуцагч: Б-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 26,963,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, өмгөөлөгч Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан хүсэлтдээ:
“Би, хариуцагч Б-тай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Ингээд урьдчилгаа төлбөрт 14,000,000.00 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу хэсэгчлэн төлөхөөр тохирсон юм.
Миний бие 2019 оны 02 дугаар сард төлөлт хийх боломжгүй гэдгийг түүнд хэлэхэд 3 болон 4 дүгээр сарын төлөлтийг түр хойшлуулж, тухайн сарын төлөх ёстой мөнгө болох 4,963,143.00 төгрөгт сарын 3.5 хувийн хүү тооцож сарын 170,000.00 төгрөгийг төлөхөөр тохирсон. Үүний дагуу хариуцагч Б-ийн Х ХХК дахь ... дансанд дээрх төлбөрийг шилжүүлсэн. Үүнээс хойш 5 дугаар сараас хэвийн төлөлтөө хийх гэтэл тэрээр төлөгдөөгүй мөнгөний хүү хэмээн тооцож, надаас үндэслэлгүйгээр 6,000,000.00 төгрөгийг төгрөг нэхэмжилсэн.
Би, хариуцагчид хүүний талаар гэрээнд тохироогүй учир төлөхгүй гэхэд тэрээр манай байрны цахилгааныг тасалсан. Иймээс би орон сууцнаас гарч, түлхүүрийг нь жижүүрт үлдээсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн алданги гэж тайлбарлаж буй 510,000.00 төгрөгөөс татгалзаж, 26,453,000.00 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд, хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч тал гэрээнд заасан төлбөрийг дандаа хоцроодог байсан, гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги авахаар гэрээгээр тохирч, алдангийг тооцон нэхэмжилсэн учраас 510,000.00 төгрөгийг төлсөн. Гэхдээ нэхэмжлэгчийн хугацаандаа төлөөгүй төлбөрийн алдангийн хэмжээ нь маш их байсан тул хариуцагч талын банк бус санхүүгийн байгууллагын зээлийн дундаж хүүгээр тооцож, 170,000.00 төгрөгийг төлөхөөр тохирсон.
Гэвч нэхэмжлэгч нь эхний 3 сарын хугацаанд хүү төлөөд цаашид төлөлт хийгээгүй тул цахилгааныг нь хязгаарлах асуудал үүссэн, гэхдээ олон хоногоор таслаагүй. Бид, гэрээг цуцлах эсэх талаар маргахгүй, яагаад бэ гэвэл нэхэмжлэгч нь өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ерөнхийдөө орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэвч нэхэмжлэгч тал албан ёсоор маргаан бүхий байрыг хүлээлгэж өгөөгүй.
Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.-т зааснаар нэхэмжлэгчийн буруугаас гэрээг цуцлах тохиолдолд гэрээнд заасан 15 хувийг суутгаж авахаар тохирсон. Мөн нэхэмжлэгчийн төлсөн 510,000.00 төгрөг нь алданги тул буцаан төлөх ёсгүй бөгөөд бусад шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О-аас хариуцагч Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 26,963,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигч нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлажээ.
Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Онь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Б-тайорон сууц захиалгын гэрээ байгуулж, ... тоот хаягт байрлах орон сууцнаас 41.46 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг 1 м.кв талбайг 1,700,000.00 төгрөгт тооцон нийт 73,542,000.00 төгрөгөөр шилжүүлэн авахаар тохирчээ /х.х-ийн 5, 6 хуудас/.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2020/00352 тоот захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар хариуцагч Бнь ... тоот хаягт байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг өмчилдөг ажээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар тухайн орон сууцыг хэдийгээр талуудыг гэрээ байгуулах тухайн цаг хугацаанд ердийн зориулалтаар ашиглах боломжтой байсан боловч барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн аваагүй, 90 хувийн гүйцэтгэлтэй байсан байна.
Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.-д зааснаар нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид 14,000,000.00 төгрөг, үүнээс хойш хүүнд 1,240,000.00 төгрөг, алдангид 510,000.00 төгрөгийг төлж, хожим 11,213,000.00 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй. Тодруулбал, талууд уг гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 59,542,000.00 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж, эхний 4 сард сар бүр 6,200,000.00 төгрөг, сүүлийн 7 сард сар бүр 4,963,143.00 төгрөгийг төлөхөөр тохирч, үүн дээр 1,240,000.00 төгрөгийн хүү төлөхөөр болжээ.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Тодруулбал, талууд энэ хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.-т зааснаар гэрээнд хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөрийг тэр даруй бус хэсэг хугацааны дараа төлж байгаатай холбогдуулан төлөх хүүгийн талаар тохиролцсон бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж үзнэ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд гэрээний зүйлийн үнийг нэн даруй бус тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх нөхцөлөөр тохирсноос гадна гэрээний зүйлийн үнэ нь гэрээ байгуулах үеийн үнээс 1,240,000.00 төгрөгөөр нэмэгдсэн шинжийг агуулсан байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэж, мөн 42 дугаар зүйлийн 42.2.-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус зааснаар зохигчид энэ төрлийн гэрээг бичгээр байгуулах учиртай.
Хэдийгээр Онь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй боловч тэрээр уг гэрээг байгуулсан эсэх талаар маргаагүй. Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 262 дугаар зүйлийн 262.1.-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь тус байрыг эзэмшиж байх хугацаанд хариуцагч нь түүнээс 6,325,950.00 төгрөгийн алданги, 3,975,471.00 төгрөгийн хүүг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн тул гэрээгээ цуцлах хүсэлтэй байна гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвшөөрч байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч О-ын зүгээс хариуцагч Б-д гэрээгээр тохироогүй төлбөрийг нэхэмжлэхгүй байх, ийнхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй бол гэрээг цуцлах тухай хугацаа өгсөн эсэх талаар зохигчид маргаагүй тул шүүхээс гэрээг цуцлах үндэслэлтэй эсэхийг дүгнэх шаардлагагүй юм.
Гэвч талууд гэрээг цуцлахыг зөвшөөрсөн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 26,963,000.00 төгрөгөөс алдангид төлсөн 510,000.00 төгрөгийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.-т зааснаар 15 хувийн торгуулийн хамт суутгаж авна гэж маргасан.
Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1.-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, сар бүр төлөх ёстой 4,963,143.00 төгрөг болон 6,200,000.00 төгрөгийг төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байдаг. Энэ талаар тус хуулийн 112 дугаар зүйлийн 112.2.-т “Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй...............” гэж заасан байдаг.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээнд заагаагүй төлбөрийг нэхэмжилсэн гэсэн үндэслэлээр урт хугацаатай буюу 12 сарын хугацаатай гэрээг цуцалж буй тохиолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1.-д тус тус зааснаар гэрээгээр авсан, өгсөн зүйлээ харилцан буцаах учиртай.
Тодруулбал, тус хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж зааснаар 232 дугаар зүйлийн 232.1.-д заасны дагуу нэхэмжлэгчийн төлсөн 510,000.00 төгрөг нь тухайн орон сууцыг худалдан авахтай холбоотой үүргээ зөрчсөнөөс хариуцагчид өгсөн алданги бөгөөд ийнхүү талууд гэрээнээс татгалзаж буй тохиолдолд алдангийг мөн адил буцаана.
Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаасаа 510,000.00 төгрөгөөс татгалзаж байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 26,453,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР