Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/479

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305000000789 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Булган аймаг Сэлэнгэ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, *** ХХК-ны ерөнхий инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэг *** дугаар хороо Нарны хороолол *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тэргүүний барилгачин цол тэмдэгтэй, ***.

 

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөр шилжих шөнийн 02 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж Нарны гүүрний урд замд Toyota Land cruiser маркийн *** УБТ улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо албан үүргээ гүйцэтгэж байсан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч цолтой ***ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж согтуурлын зэрэг шалгах багажаар шалгуулахаас татгалзан, зугтах явцдаа түүний эрүүл мэндэд баруун мөрний зөөлөн эдийн няцрал, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 33-38 дахь тал/

 

Хохирогч ***ын “... 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөр шилжих шөнө 02 цагийн орчим манай хэлтэс нэгдсэн шалгалтын хүрээнд 226 пост дээр 21 цагаас 02 цагийн орчим үүрэг гүйцэтгэх үүрэг авсан. Тухайн пост нь Нарны гүүр даваад уруудаад явж байх хэсэгт 02 цаг 10 минутын орчим автомашинуудын жолоочийг үлээлгээд зогсож байсан чинь *** УБЦ гэсэн улсын дугаартай автомашин ирээд цонх нь хагас онгорхой жолоочийг үлээлгэх гэсэн чинь үлээхгүй байхаар нь цонх руу нь гараа хийгээд үлээлгэх гэсэн чинь шууд хаазаа өгөөд гар хөшигдөөд 25-30 метр газар тухайн автомашинд чирэгдсэн. Тэгээд би газар унаад өгсөн. Араас нь нэг хамгаалалтын албаны автомашин бас нэг өөр автомашинууд 10-20 минутын дотор тухайн автомашиныг барьчихлаа гээд дуудлага өгсөн. Тухайн постон дээрээ би өөрөө шууд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явж эмчлүүлсэн.

Тухайн үед тохой хүзүүний зөөлөн эдийн гэмтэл үүссэн. Одоо ямар нэгэн өвчин зовиур байхгүй. Тухайн үед бас MRI-д үзүүлэхэд доргилтоос үүдэн тархины хаван үүссэн байна гэж хэлж байсан. Тухайн үеийн эмчилгээний зардал болох 400,000-500,000 төгрөг төлж байсан. Сүүлд нь Ганхуягтай холбогдоод хохирлоо бүрэн барагдуулсан. ... Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дахь тал/

“... Тэгээд өгсөн үүргийн дагуу 226 дугаар пост буюу Нарны гүүрний замын барун талд үүрэг гүйцэтгэхээр тогтож станцаар хариуцаж буй даргадаа мэдэгдэж тус постон дээр үүрэг гүйцэтгэхээр аман чиглэл авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3902 дугаартай:

“1. ***ын биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал, дагзны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 19-20 дахь тал/

 

***ийн яллагдагчаар өгсөн “... Шалтгаан гээд байх юм байхгүй сандраад хаазаа гишгээд зугтаачихсан юм. Тэрнээс биш тухайн алба хаагчийн биед гэмтэл учруулъя гэсэн бодол байгаагүй.

Тухайн үед би ганцаараа явж байсан. 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим 2 шил Soju дөрвөн найзын хамтаар уусан. Тухайн үед бол гаргаж буй үйл хөдлөлөө хянах чадвартай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 62-63 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөр шилжих шөнийн 02 цагийн орчим Toyota Land cruiser маркийн *** УБТ улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцжээ.

Энэ үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж Нарны гүүрний урд замд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч *** хуулиар хүлээсэн үүрэг буюу жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын техник, хэрэгсэл ашиглан шалгаж тогтоох үүргээ гүйцэтгэж байжээ.

Ингээд цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч *** нь зохих журмын дагуу шүүгдэгч ***ийн жолоодон явсан автомашиныг зогсоож, техник, хэрэгсэл ашиглан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах шаардлагыг шүүгдэгч *** биелүүлэлгүй хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулах зорилгоор зугтах явцад хохирогч *** нь түүний жолоодон явсан Toyota Land cruiser маркийн *** УБТ улсын дугаартай автомашинд чирэгдэн унаж эрүүл мэндэд баруун мөрний зөөлөн эдийн няцрал, дагзны зөөлөн эдийн гэмтэл учирчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг гэж үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч *** нь ***ын хууль сахиулах талаар хуулиар тогтоосон журам, түүний албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэний улмаас ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3902 дугаартай дүгнэлтээр

тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *** нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлын нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар хүсэлт /хэргийн 66 дахь тал/ гаргасан нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж нэмж нэгтгэн 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,400,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***т торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ