Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0640

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар

Гуравдагч этгээд: Г.Э, Г.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: “Д.Бтэй гэрээ байгуулахгүй байгаа Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЦЧ ТОС-2020/137 дугаартай “Орон сууцны түрээсийн гэрээ”-нээс хамтран эзэмшигч Г.Жыг хасч, Д.Бийг хамтран эзэмшигчээр нэмж оруулан гэрээг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 119/ШШ2025/0025 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 119/2025/0011/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан “Д.Бтэй гэрээ байгуулахгүй байгаа Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЦЧ ТОС-2020/137 дугаартай “Орон сууцны түрээсийн гэрээ”-нээс хамтран эзэмшигч Г.Жыг хасч, Д.Бийг хамтран эзэмшигчээр нэмж оруулан гэрээг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 119/ШШ2025/0025 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “... Г.Э нар бичиг баримтаа анхнаасаа залуу гэр бүл гэдэг утгаар бүрдүүлж өгсөн. Хэрвээ Д.Б энэ баримтыг бүрдүүлж өгөөгүй бол Г.Э сугалаанд оролцох боломжгүй нөхцөл байдалтай байсан. Гэрээнд гарын үсэг зурах үед Д.Б ковидын хамгаалалтад байсан учраас гарч чадаагүй тул Г.Жыг хамтран түрээслэгчээр бүртгүүлсэн. Хариуцагч одоо залуу гэр бүл биш, гэрлэлтийн баталгаа байхгүй гэж няцаадаг. Гэтэл тухайн үед залуу гэр бүл гэж сонгож бүртгэчхээд одоо болохоор болохгүй гэж байгаа нь эс үйлдэхүй юм. Хавтаст хэрэгт Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаар тогтоол, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 106 дугаар Иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам авагдсан байгаа. Дээрх хоёр журмын үндэслэл, гол утга санаа нь түрээслэх гэж байгаа хоёр иргэн хоёулаа адилхан баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу Г.Э, Д.Б нар баримтаа бүрдүүлээд өгчихсөн, хамтран түрээслэгчээр Д.Б байх ёстой. Г.Жын гэх ганц баримт байхгүй байхад шүүх үүн дээр дүгнэлт хийсэнгүй. Манай нэхэмжлэлийн шаардлага бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-д зааснаар хууль бус болгохыг тогтоолгох юм. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Д.Б нь Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан “Д.Бтэй гэрээ байгуулахгүй байгаа Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЦЧ ТОС-2020/137 дугаартай “Орон сууцны түрээсийн гэрээ”-нээс хамтран эзэмшигч Г.Жыг хасч, Д.Бийг хамтран эзэмшигчээр нэмж оруулан гэрээг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн дагуу Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 106 дугаар тогтоолоор “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталж, тус журмаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт баригдаж буй 315 айлын орон сууцны 70 хувийг иргэдэд түрээслүүлэх, өмчлүүлэх, 30 хувийг худалдан борлуулах ажлыг Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт хариуцуулсан байна.

3.2. Үүний дагуу нэхэмжлэгч Д.Б, гуравдагч этгээд Г.Э нар хамтран амьдарч байх хугацаандаа дээрх хөтөлбөрт хамрагдахаар холбогдох материалыг бүрдүүлэн өгч, Г.Эын нэр сугалагдсанаар тэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт баригдаж буй орон сууцанд хамтран амьдрах эрхтэй болсон байх ба 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар, гуравдагч этгээд Г.Э, түүний ээж Г.Ж нар ЦЧ ТОС-2020/137 дугаартай “Орон сууцны түрээсийн гэрээ”-г байгуулжээ.

4. Нэхэмжлэгчээс “... Г.Э нар бичиг баримтаа анхнаасаа залуу гэр бүл гэдэг утгаар бүрдүүлж өгсөн. Хэрвээ Д.Б энэ баримтыг бүрдүүлж өгөөгүй бол Г.Э сугалаанд оролцох боломжгүй нөхцөл байдалтай байсан. Гэрээнд гарын үсэг зурах үед Д.Б ковидын хамгаалалтад байсан учраас гарч чадаагүй тул Г.Жыг хамтран түрээслэгчээр бүртгүүлсэн. Хариуцагч одоо залуу гэр бүл биш, гэрлэлтийн баталгаа байхгүй гэж няцаадаг. Гэтэл тухайн үед залуу гэр бүл гэж сонгож бүртгэчхээд одоо болохоор болохгүй гэж байгаа нь эс үйлдэхүй юм” гэж, хариуцагчаас “... Тухайн байр нь түрээслээд өмчлөх хэлбэрийн байр юм. Сугалаанд оролцох иргэдийг ажлын хэсэг байгуулж, холбогдох материалыг шаардлага хангасан, хангаагүй гэх байдлаар шийдвэрлэсэн. Г.Э, Д.Б нар хамтран амьдарч байгаа, эхнэр нөхөр гэдэг байдлаар материалаа өгсөн. Ингээд Г.Э сугалаанд оролцох эрхтэй болж, одоо маргалдаад байгаа байрыг түрээслээд өмчлөх хэлбэрээр авах эрхтэй болсон байдаг. Гэрээ байгуулахдаа Г.Э ээжтэйгээ ирж гэрээгээ байгуулсан. Иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журамд зааснаар хамтран түрээслэгчээр оролцохдоо гэр бүлийн хүн байна гэж заасан. Гэрээ байгуулах үед бол Д.Б, Г.Э нар гэрлэлтийн баталгаагүй, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад заасан гэр бүл гэдэг статусыг хангахгүй байсан учраас ээжийг нь оролцуулсан байдаг” гэж тайлбарлан маргаж байна.

4.1. Анхан шатны шүүх “... хэдийгээр нэхэмжлэгч Д.Б нь ковидын үед сувилагчаар ажиллаж байсан тул Г.Эын ээж Г.Жыг хамтран эзэмшигчээр оруулсан байдлаар гэрээ байгуулсан талаар хүлээн зөвшөөрснөөс гадна “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт оролцохоор холбогдох материалуудыг бүрдүүлэн өгч байсан гэдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй ... Д.Бтэй гэрээ байгуулахгүй байгаа Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.18 47.1.7-д зааснаар хангаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэлтэй болж чадаагүй байна.

4.2. Тодруулбал, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 106 дугаар тогтоолоор “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын Нэгдүгээр хэсгийн 1.4.4-т “Залуу гэр бүл” гэснийг гэрлэлтээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ гаргасан өдрийн байдлаар 35 хүртэлх насны эхнэр, нөхөр”, 1.4.14-т “Зорилтот бүлэг гэснийг Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 26 дугаар тушаалд заасны дагуу дараах иргэдийг ойлгоно” гээд 1.4.14.1-д “залуу гэр бүл” гэж тус тус заасан.

4.3. Нэхэмжлэгч Д.Б, гуравдагч этгээд Г.Э нар нь дээрх журамд заасны дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт баригдаж буй 315 айлын орон сууцанд байр хамтран түрээслэх зорилгоор Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт материал бүрдүүлж өгсөн болох нь хэрэгт авагдсан “Түрээсийн орон сууцанд хамруулах өргөдлийн маягтыг хүлээн авсан хяналтын хуудас”, өргөдлийн маягт, түүнд хавсаргасан баримт, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.

4.4. Хэдийгээр “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-д “залуу гэр бүл” гэснийг гэрлэлтээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ гаргасан өдрийн байдлаар 35 хүртэлх насны эхнэр, нөхөр байна гэж тодорхойлсон, Д.Б, Г.Э нар нь албан ёсоор гэрлэлтээ батлуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй ч тэд 2018 онд танилцаж, 2021 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл маргаан бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багт байрлах “ТОС-315 айл” хотхоны *********************** тоотод тэдний дундаас төрсөн охин Э.Ггийн хамт амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Бийг хамтран түрээслэгч биш гэж үзэж болохгүй.

4.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

4.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “… Г.Э тухайн үед улсын сургуульд багшилж байсан ба санхүүгийн шаардлага нь журамд заасан шаардлагад хүрэхгүй байсан учир хамтран түрээслэгчээр хамтран амьдрагч Д.Бийг оролцуулаад сугалаанд оролцох эрхийг авсан” гэж тайлбарлаж байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэг өгсөн гэрч Ж.Сгийн “Хамтран эзэмшигчгүйгээр баримт бүрдүүлж орох, тэнцэх боломж байгаа юу” гэх асуултад “Байхгүй” гэж, гэрч О.Оийн “Та Жавзандуламтай гэрээ байгуулж байгаа бол өөрөөр нь гарын үсэг зуруулахгүй яагаад Г.Эаар зуруулсан юм бэ” гэх асуултад “Ээжтэйгээ хоёулаа ирсэн. Гэхдээ харахгүй байна гээд байсан. Ээж нь биеийн байцаалттайгаа ирсэн болохоор” гэж хариулжээ.

4.7. Мөн журмын 4 дүгээр хэсгийн 4.3-д “түрээсийн орон сууцыг өмчлөх хүсэлт гаргасан түрээслэгч хамтран түрээслэгчтэй байж болох бөгөөд энэ тохиолдолд хамтран түрээслэгч нь энэ журмын 3.1-д заасан шаардлагыг мөн адил хангасан байна” гэж заасны дагуу Д.Б, Г.Э нар орон сууцыг хамтран түрээслэх хүсэл зоригтой байсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.8. Дээрхээс үзвэл, гуравдагч этгээд Г.Жд маргаан бүхий орон сууцыг хамтран түрээслэх хүсэл зориг анхнаасаа байгаагүй, түүний өмнөөс түрээсийн гэрээнд Г.Э гарын үсгийг дуурайлгаж зурсан байх бөгөөд Д.Б, Г.Э нар залуу гэр бүл гэсэн ангиллаар түрээсийн орон сууцны квотод хамрагдаж, журамд заасан нөхцөл шаардлагыг хангаж сугалаанд оролцсон байх тул журамд заасны дагуу материал бүрдүүлж, орон сууц хамтран түрээслэх хүсэлт гаргасан, одоог хүртэл орон сууцанд амьдарч байгаа Д.Бтэй түрээсийн гэрээ байгуулахгүй байгаа хариуцагч Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

4.9. Захиргааны байгууллагаас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн дагуу орон сууц олгохдоо гэрлэлтийн баталгаагүй хүмүүстэй гэрээ байгуулж болохгүй байсан бол Д.Б, Г.Э нарын материалыг хүлээн авч бүртгэхгүй, улмаар сугалаанд оролцох эрх олгохгүй байсан. Гэтэл дээрх бүх процесс явагдсаны дараа хариуцагчаас татгалзаж буй үндэслэлээ “гэрлэлтээ батлуулаагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

5. Түүнчлэн, анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

5.1. Учир нь, нэхэмжлэгчээс маргаан бүхий гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаагүй, анхнаасаа “Д.Бтэй гэрээ байгуулахгүй байгаа Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЦЧ ТОС-2020/137 дугаартай “Орон сууцны түрээсийн гэрээ”-нээс хамтран эзэмшигч Г.Жыг хасч, Д.Бийг хамтран эзэмшигчээр нэмж оруулан гэрээг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах”-аар маргаж байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 119/ШШ2025/0025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Д.Бтэй гэрээ байгуулахгүй байгаа Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЦЧ ТОС-2020/137 дугаартай “Орон сууцны түрээсийн гэрээ”-нээс хамтран эзэмшигч Г.Жыг хасч, Д.Бийг хамтран эзэмшигчээр нэмж оруулан гэрээг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ