Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 00104

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ангирмаа,

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тогтохням,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Ж.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Пүрэв овогт Жамбалсүрэнгийн Батсүхэд холбогдох эрүүгийн 201606000265 дугаартай, 132/2016/0101/Э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Экологич мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 15 дугаар байрны 1-06 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чавдартай, Пүрэв овогт Жамбалсүрэнгийн Батсүх /ФБ69032012/.

Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Ж.Батсүх нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “хүүхдийг хэл амаар доромжилж, дээрэлхлээ” гэх шалтгаанаар насанд хүрээгүй Н.Дөлгөөнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Ж.Батсүхийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хохиролд 800000 төгрөгийг төлж, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нартай эвлэрсэн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн: Миний хүү Дөлгөөн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хичээлдээ яваад ирэхдээ уйлчихсан таксигаар ирсэн. Юу болсон талаар асуухад Билгүүний аав зодчихлоо гэхээр нь би Билгүүнийн ээж рүү нь утасдаж хэлсэн боловч урдаас уурласан. Тэгээд би хүүгээ аваад эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн. Сэтгэцэнд нь өөрчлөлт орж, цочирдсон байсан. Миний хүү, Ж.Батсүхийн хүү хоёр бол нэг ангид сурдаг, найзууд байгаа юм. Бидний хохирлыг барагдуулж, уучлал гуйсан, бид нар хоорондоо ярилцаж ойлголцсоны үндсэн дээр эвлэрсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх мэдүүлэг,

        201606000265 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Насанд хүрээгүй хохирогч Н.Дөлгөөний өгсөн: 2016 оын 9 дүгээр сарын 19-ний өдөр хичээлээ тараад Юнител рүү явах гээд ангийн дарга хүүхдүүдээ цуглуулж байх үед Билгүүн зугтаагаад байсан. Ангийн дарга араас нь барьж авах гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би ангийн даргыг наадхаа орхичихоо гэж хэлсэн. Тэгээд Юнителийн гадаа байж байхад Билгүүний аав болох Батсүх машинтай ирээд “Дөлгөөнөө нааш ир” гэхээр нь би юм асуух гэж байгаа юм байх гэж бодоод очиход “яагаад хүүхэд дээрэлхээд байгаа гөлөг вэ” гээд миний элэг хэсэг рүү цохиод, тонгойход дагз хэсэг рүү цохисон. Мөн миний гэдэс хэсэг рүү өвдөглөсөн. Тэгээд намайг алгадсан. Далайх үед нь би утсаа элгэндээ тэвэрсэн байсан. Тэгэхэд миний гар руу цохьж гар утсыг маань эвдсэн. Намайг зодох явцдаа хэл амаар доромжилоод байсан ба дараа дахиад тэгвэл “ална шүү  пизда   минь”   гэж хэлээд машиндаа  суугаад  яваад  өгсөн гэх мэдүүлэг /хх 26-27 тал/,

Булган аймгийн шүүх шинжилгээний албаны  шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 305 тоот дүгнэлтэнд:  

1. Н.Дөлгөөний биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.   

4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 37-38 тал/, 

Сэжигтэн Ж.Батсүхийн өгсөн: 2016 оны  9 дүгээр сарын  19-ний өдөр би гэртээ байж байхад манай эхнэр орж ирсэн, араас нь  манай хүү Билгүүнээ орж ирсэн юм. Тэгтэл эхнэр хүүхдүүдтэйгээ ярилцаж байснаа, Дөлгөөн гэх хүүхэд манай хүүгийн табыг /гар утсыг/ авч зугтаагаад, хэл амаар доромжилоод, толгой руу нь табаар нь цохьсон гэнээ гэж хэлсэн.Түүнийг сонсоод би машинаа асаагаад Юнител рүү Дөлгөөн гэх хүүхэдтэй очиж уулзах гээд явсан. Манай хүүхдийг Дөлгөөн гэх хүүхэд удаа дараа хэл амаар доромжилж, гоочилдог байсан тухай дуулж байсан ч тэр бүр би нэг их юм бодолгүй, хүүхдүүдийн хоорондох асуудал гээд өнгөрөөдөг байсан. Юнтелийн гадна би Дөлгөөнөөг дуудаж “чи яагаад дандаа хүүхэд дээрэлхэж байдаг юм бэ гэж загнаад бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн, бас алгадах гэхэд бултаад бараг алгадуулаагүй. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх 57-58 тал/,

Гэрч М.Одонтунгалагийн өгсөн: 7 дугаар цаг дээр манай ангийхан Юнителийн дугаар авна гээд хичээл 13 цаг 30 минутанд тараад 14 цаг гэхэд амжаад орчих юм байна гээд явцгаасан. Үдээс хойш 15 цагийн үед менежерийн өрөөнд хуралтай байх үед Билгүүний ээж Цацрал над руу нилээд хэдэн удаа залгасан. Тэгээд би хуралтай байсан тул авч чадаагүй хурал тараад харих замдаа би Цацрал руу залгасан. Тэгэхэд танай ангийн Дөлгөөнөө чинь дахиад манай хүүг дээрэлхээд байна. Өнөөдөр хүүг маань тэр чигээрээ зайлаараа, намхан энэ тэр гэж хэл амаар доромжсон гээд хүү маань гэртээ ирээд уйлаад байна. Дөлгөөнөөг гэрт маань ирэхэд нь хүртэл дахиж битгий хүүхэд доромжилоорой гэж хэлээд байхад. Аав нь машинаа асааж гараад Юнител дээр очиж Дөлгөөнөөг хэд өшиглөөд ирсэн  гэж ярьсан гэх мэдүүлэг /хх 13-14 тал/,

       Насанд хүрээгүй гэрч Г.Анулингийн өгсөн: Өглөө хичээл дээр Дөлгөөн табыг нь авч зугтаагаад Билгүүнээ араас нь хөөгөөд табаа авчихаад уйлах гээд байсан. Тэгээд багш та нар ангиараа яваад Юнителээс дугаар аваад ир гэхэд Билгүүнээ нэг бол гэртээ очно гээд нэг бол очихгүй гээд байсан. Дөлгөөнөө Билгүүнээг “наадах чинь ирэхгүй бол тэр л биз хаяаад явъя” гэсэн тэгээд Билгүүнээг орхиод явсан. Дөлгөөнөө 9б ангийн банди нартай Юнителийн гадаа сууж байсан. Би юнителээс мэдээлэл авах гээд орсон. Тэгээд гараад ирэхэд Дөлгөөнөө уурлачихсан, уйлах гээд байсан. Манай ангийхан Билгүүнээгийн аав   ирээд   Дөлгөөнөөг   зодчихоод   явсан   гэж   ярьж   байсан гэх мэдүүлэг / хх 30-31 тал/,

        Насанд  хүрээгүй гэрч Т.Нямбуусүрэнгийн өгсөн: Хичээл тараад ангиараа Юнител   рүү дугаар авахаар явсан. Тэгээд явж байтал Билгүүнээ түрүүлээд гэр рүүгээ яваад,  манай  ангиийнхан Юнителийн гадаа очиход Билгүүнээгийн аав Юнителийн   гадаа   зогсож   байсан.   Батсүх ах Дөлгөөнөөг дуудаад “чи  яагаад хүүхэд дээрэлхээд  байгаа юм бэ” гэж хэлээд элгэдээд, алгадаад цээж рүү нь өвдөглөж, бөгс рүү өшиглөсөн. Тэгээд тэр хавиар явж байсан хүмүүс одоо болно гээд салгасан гэх мэдүүлэг /хх 32-33 тал/,

       Насанд хүрээгүй гэрч Д.Жавзандолгорын өгсөн: Манай ангийнхан дугаар  авах  гээд  Юнителийн төв  рүү явсан.  Тэр  үед  Билгүүнээ  явахгүй  гээд зугтаагаад байсан.  Тэгээд Анулин  араас явах хэрэгтэй  гээд хөөгөөд байсан тэгэхээр нь Дөлгөөнөө явахгүй бол яахав дээ араас ирэх байлгүй гэсэн. Тэгээд Юнителийн төв рүү явсан. Явж байх үед охид, хөвгүүд замын 2 талаар явж байсан. Тэгэхэд Билгүүнээгийн аав хажуу талаар машинтайгаа гараад явсан. Тэгээд Дөлгөөнөө хөвгүүдээ наашаа гараад ир гээд бид нарыг Юнителийн гадаа дуудсан. Тэр үед Билгүүнээгийн аав ирчихсэн байсан. Тэгээд охидууд түрүүлээд Юнител рүү орчихсон. Билгүүнээгийн аав намайг Юнителийн цонхоор харахад Дөлгөөнөөгийн элэг рүү нь цохиж, толгой руу нь цохих гээд байсан. Дөлгөөнөө бултаад байсан тэр үед нэг хүн болиочээ гэсэн. Дөлгөөнөө Юнител рүү орж ирэхдээ царай нь сонин болчихсон, яг уйлах гээд байсан гэх мэдүүлэг /хх 34-35 тал/,

эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2-3 тал/, гар утсанд үзлэг хйисэн тэмдэглэл /хх 5 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6 тал/, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 7-8 тал/, баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх 9 тал/, насанд хүрээгүй этгээдийн насыг тоолсон тэмдэглэл /хх 10 тал/, шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд /хх 42-51 тал/,   сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол /хх 56 тал/ болон хувийн байдлын талаархи  баримтууд болон хэрэг хураагдан ирсэн самсунг маркийн гар утсыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд    шүүгдэгч Ж.Батсүх нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “хүүхдийг хэл амаар доромжилж, дээрэлхлээ” гэх шалтгаанаар хүү Билгүүнийхээ ангийн хүүхэд болох насанд хүрээгүй Н.Дөлгөөнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар хэрэг бүртгэлтийн шатанд насанд хүрээгүй хохирогч Н.Дөлгөөн, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Тогтохням, насанд хүрээгүй гэрч Т.Нямбуусүрэн, Д.Жавзандолгор, Г.Анулин нарын өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 305 тоот дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь дээрхи нотлох баримтуудаар батлагджээ. 

Шүүгдэгч Ж.Батсүхийн дээрхи үйлдэл нь хүний эрх, эрх чөлөөнд халдаж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирч, түүний эзэмшлийн самсунг маркийн гар утас унаж эвдэрсэн байх ба шүүгдэгч Ж.Батсүх хохиролд 800000 төгрөг төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн болон эд материалын хохирол нөхөн төлөгдөж, гэм хор арилсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Н.Дөлгөөн шүүгдэгчтэй хэн нэгний дарамт шахалтгүйгээр, сайн дурын үндсэн дээр эвлэрч байгааг илэрхийлж, хүсэлтээ бичгээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ж.Батсүх нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

        Шүүгдэгч Ж.Батсүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн самсунг маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хохирогч Н.Дөлгөөнд буцаан олгож, бичлэг бүхий CD-ийг устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Пүрэв овогт Жамбалсүрэнгийн Батсүхийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ж.Батсүхэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Батсүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж эвдэрсэн гэх самсунг маркийн гар утсыг насанд хүрээгүй хохирогч Н.Дөлгөөнд буцаан олгож, бичлэг бүхий CD-ийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Батсүхэд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг  баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНХАНД