Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2019/04273/и |
Дугаар | 606 |
Огноо | 2020-02-13 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 606
2020 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2020/00606 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Б-д холбогдох,
4,407,074.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Б нь нэхэмжлэгч А ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б2-115 тоот тушаалаар хангамжийн менежер албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцсан эм бараанаас 4,987,224.00 төгрөгийн дутагдал гаргасан ба үүн дээр 159,850.00 төгрөгийн эм барааг зээлээр аваад төлөөгүй тул нийт 5,147,074.00 төгрөгийн авлага үүсгэсэн.
Гэвч хариуцагч тал үүнээс 2018 оны 7, 8 дугаар сарын цалингаас 620,000.00 төгрөгийг төлж, компанийн эрсдэлийн сангаас 120,000.00 төгрөг, нийт 740,000.00 төгрөгийг төлөгдөж, үлдэгдэл 4,407,074.00 төгрөгийг 2019 оны 07 дугаар сард төлнө гэж 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн гарын үсэгтэй бичиг өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
Хариуцагчийг ажилд томилсон тушаал 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гарсан, гэхдээ түүнийг ажилд томилсон өдөр шууд эд хариуцагч болгоогүй, туршилтын хугацаагаар ажиллуулсан тул тэр өдөр бараа материалыг хүлээлгэж өгөөгүй, харин 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тооллого хийж, нийт 70,321,150.20 төгрөгийн бараа материалыг хүлээлгэж өгсөн гэж гарын үсэг зурсан. Үүнээс хойш 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл эм барааны дутагдал нь 5,001,584.35 төгрөг болсон ба хариуцагчид ногдох нь 3,269,716.32 төгрөг байсан.
Мөн хавтаст хэргийн 117 дахь талд авагдсан 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор 2,250,125.00 төгрөгийн бараа дутсан ба үүнээс 1,717,508.04 төгрөгийг хариуцагч нь төлнө гэж гарын үсэг зурсан. Иймд, хариуцагчаас 4,407,074.00 төгрөгийг гаргуулж манай компанид олгож өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Б нь нэхэмжлэгч А ХХК -нд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажилд томилогдсон болохыг нотлох эд хөрөнгийн гэрээ, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэлд дурдсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өр төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоос тус тус гаргасан тооцоон дээр гарын үсэг зуруулсан байна.
Гэвч 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Быг эд хариуцагчаар томилох үедээ ямар нэгэн бараа хүлээлцсэн акт үйлдээгүй, бараа хүлээлгэж өгөлгүйгээр ажилд томилсон. Маш их бараатай агуулахыг ямар нэгэн баримтгүйгээр хариуцуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчид бараа хүлээлцэж өгөөгүй эрсдэлтэй ажил байна гэж удаа дараа сануулж байсан. Гэтэл хариуцагчийг ажилд томилогдсон өдрөөс хойш 3 сарын дараа тооллого хийж, гарсан үр дүн дээр гарын үсэг зуруулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг дээрх хугацаанд эд хөрөнгө хариуцаж, агуулахад эд хөрөнгөтэй харилцаж байсан гэж тайлбарласан тул 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хариуцагч Б нь эд хөрөнгө хариуцагчаар ажиллаж эхэлсэн нь нотлогдож байна. Гэтэл бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн баримт үйлдээгүй байна. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бараа хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй тул өөрт нь хариуцуулж өгсөн эд зүйлийг дутаасан гэх хууль бус үйлдэл тогтоогдохгүй гэж үзнэ.
Хавтаст хэргийн 17, 19 дахь талд авагдсан баримтын үнийн дүнгүүд зөрүүтэй байна, мөн 20 дахь талд 1,717,000.00 төгрөг гэх үндэслэлгүй үнийн дүн байна. Хариуцагч нь маш их бараа бүтээгдэхүүнийг хариуцаж, захиалгын дагуу салбаруудад түгээдэг байсан, туслах хүнгүй, ганцаараа ажиллаж чадахгүй гэж ажил олгогчид хэлж байсан.
Гэтэл ажил олгогч тал ямар ч баримтгүй мөнгө нэхэж байгаад гомдолтой байна. Хариуцагч Б нь 620,000.00 төгрөгийг сайн дураараа төлөөгүй, түүний цалингаас нь ажил олгогч зөвшөөрөлгүй суутгасан тул бараа дутаасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй, тэрээр ажил олгогчийн дарамтаас болж 2018 оны 10 дугаар сард тооллогын баримтад нөхөж гарын үсэг зурсан.
Нэхэмжлэгч А ХХК -ийн агуулах нь камертай тул бараа дутаасан гэдгийг үзлэг хийж нотлох боломжтой байсан, мөн агуулахын хаалганд түлхүүр байхгүй, энэ байдлыг ажил олгогч тал тодруулах шаардлагатай байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 132.1, 133.1.-д тус тус зааснаар ажилтан өөрийн буруугаас байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирлыг хариуцуулах тухай заасан. Гэвч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагчийн буруугаас байгууллагад хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК -иас хариуцагч Бд холбогдуулан 4,407,074.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4.-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч А ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б2-115 тоот тушаалаар хариуцагч Быг тус компанид хангамжийн менежерийн ажил албан тушаалд туршилтын 3 сарын хугацаатай томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ /х.х-ийн 3, 5-13 хуудас/.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна” гэж, түүнчлэн 231 дүгээр зүйлийн 231.1.-д “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно” гэж, мөн 231.2.-т “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна” гэж тус тус заасны дагуу ийнхүү хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-д “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж заасан.
Тайлбарлавал, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх ба нэгэнт нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчийг хангамжийн менежерийн ажил албан тушаалд томилж, 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж дүгнэв.
Ажил олгогч буюу нэхэмжлэгч А ХХК нь ажилтан Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д заасан нөхцөлийг тусгах шаардлагатай бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг хуульд заасан шаардлагууд тусгагджээ.
Түүнчлэн талууд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3.-д “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна” гэж заасантай нийцсэн байна.
Тодруулбал, хариуцагч Б нь тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч А ХХК -нд хангамжийн менежерийн ажил албан тушаалд томилогдсон талаар маргаагүй ба хариуцагч нь тус компанийн бараа, бүтээгдэхүүнийг агуулахад хүлээн авах, агуулахаас бусад этгээдэд түгээх, нийлүүлэхэд нягтлан бодох бүртгэл хөтлөх, агуулах дахь бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцдаг байжээ.
Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч А ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б2-335 тоот тушаалаар хариуцагч Быг хангамжийн менежерийн ажил албан тушаалаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д заасан буюу ажилтны санаачилгаар цуцалсан тухай зохигчид маргаагүй боловч гагцхүү бараа бүтээгдэхүүнийг дутагдал 4,407,074.00 төгрөгийг төлөх эсэх талаар маргаж байна /х.х-ийн 4 хуудас/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн эм барааны тооллогын 20180725 тоот актад дурдсанаар талууд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бараа бүтээгдэхүүний тооллого хийхэд нийт 93,152,612.95 төгрөгийн үнэ бүхий 1007 нэр төрлийн бараанаас 6,228,402.05 төгрөгийн бараа дутсан ба үүнээс хариуцагч Бд 3,269,716.32 төгрөгийг ногдуулсан байна /х.х-ийн 17-19 хуудас/.
Түүнчлэн зохигчид 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бараа бүтээгдэхүүний тооллогыг дахин хийхэд нийт 14,720,169.08 төгрөгийн үнэ бүхий бараанаас 3,727,171.30 төгрөгийн бараа дутсанаас хариуцагч Бд 1,717,508.08 төгрөгийг ногдуулсныг тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ /х.х-ийн 20-22 хуудас/.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Б нь нэхэмжлэгч А ХХК -нд хангамжийн менежерийн ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болон 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн бараа бүтээгдэхүүний тооллогоор нийт 4,987,224.40 төгрөгийн дутагдал гаргасан, төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлнө гэж хүлээн зөвшөөрсөн байна /х.х-ийн 23 хуудас/.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар хариуцагчийг 4,987,224.40 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг дутааснаас гадна 159,849.64 төгрөгийн үнэтэй барааг хожим үнийн төлөх нөхцөлөөр авсан боловч төлөөгүй, нийт 5,147,074.04 төгрөгөөс 740,000.00 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан. Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Б нь нэхэмжлэгч А ХХК -нд 159,849.64 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг төлөх ёстой гэсэн өөр нотлох баримт авагдаагүй байна.
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “бараа материалыг тоолж хүлээлгэн өгөөгүй, өмнө нь ажиллаж байсан ажилтны дутагдлыг надад хуваарилсан” гэж маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2020/01212 тоот захирамжийн дагуу нэхэмжлэгч А ХХК -иас ирүүлсэн тооллогын баримтаар хариуцагч Бд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 70,321,150.02 төгрөгийн үнэ бүхий 601 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн байна /тооллогын баримт 1-9 хуудас/.
Ингээд зохигчид 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тооллого хийхэд дээр дурдсанаар нийт 93,152,612.95 төгрөгийн үнэ бүхий 1007 нэр төрлийн бараанаас 6,228,402.05 төгрөгийн бараа дутсан бол 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор нийт 14,720,169.08 төгрөгийн үнэ бүхий бараанаас 3,727,171.30 төгрөгийн бараа дутсан бөгөөд энэ талаар тооллогын тайлан болон актад тус тус тодорхой дурдсан байна /тооллогын баримт 27-59, 110-137 хуудас/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б нь 4,987,224.40 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг дутаагаагүй гэсэн тайлбар, татгалзлаа баримтаар нотлохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн 135 дугаар зүйлийн 135.1.-д “Ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ” гээд 135.1.3.-д “дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй” гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад өөрийн буруугаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд тухайн хохирлыг сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр бүрэн барагдуулахыг ойлгох бөгөөд зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан тул хариуцагч Бд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажээ.
Тус хуулийн 136 дугаар зүйлийн 136.1.-д “Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, 132 дугаар зүйлийн 132.2.-т “Хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй” гэж заасны дагуу дутаасан эд хөрөнгийн ашиг шингээгүй үнээр хохирлын хэмжээг тооцох бөгөөд талууд учирсан хохирлын хэмжээг нийт 4,987,224.40 төгрөг гэж тооллого хийсэн актад тусгаж, үүнээс хариуцагч нь 620,000.00 төгрөгийг төлсөн бол 120,000.00 төгрөгийг эрсдэлийн сангаас хаасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж, мөн 128 дугаар зүйлийн 128.1.-д “Дараах маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ” гээд 128.1.3.-т “ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл” гэж тус тус заажээ.
Тодруулбал, зохигчид маргаж буй зүйлийн талаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд хариуцагч Б 4,987,224.40 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч А ХХК нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас нийт 4,247,224.40 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 159,849.06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР