Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/497

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт ***ийн ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205034981081 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймаг Отгон суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум *** баг Булаг *** гудам *** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг *** хороо Содон хороолол *** байр *** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ***ийн ***.

 

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** ХХК-ны онлайн борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Macbook Air загварын зөөврийн компьютер 5 ширхэг, Macbook Pro загварын зөөврийн компьютер 1 ширхэг, I phone 13 загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хувьдаа завшиж 29,597,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***-ийн “... Миний бие *** ХХК-д 2019 оны 7 дугаар сараас хойш ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сард тус компанийн онлайн борлуулалтын ахлах албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа. Манай байгууллага нь компьютер, гар утас, болон түүний дагалдах хэрэгслийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

2022 оны 4 дүгээр сард манай байгууллагад *** гэх 25 настай эмэгтэй онлайн борлуулатын мэргэжилтнээр ажилд орж, жинхэнэ ажилтан болохын өмнөх туршилтын хугацаандаа буюу 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртлэх хугацаанд байгууллагын зарж борлуулж байсан 6 ширхэг Macbook, 1 ширхэг I phone 13 pro загварын гар утас зэрэг нийт 29,994,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг бусдад зарж борлуулсан гэж манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа тайлагнадаг ERP нэртэй программд хуурамч борлуулалтын захиалга үүсгэж тухайн бараа бүтээгдэхүүнийг хэнд, хэдэн төгрөгөөр зарсан нь тодорхойгүй хувьдаа завшсан үйлдэл гарсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон.

Манай компанид анх ажилд орж буй ажилтан нь эхний 3 сар туршилтын хугацаа байдаг бөгөөд ***гийн хувьд 7 дугаар сард жинхэнэ ажилтан болох ёстой байсан боловч тэрээр ажилдаа байнга хоцорч ирдэг байсан учир түүний туршилтын хугацааг 7 дугаар сараас үргэлжлүүлэн дахин 3 сараар сунгасан байсан. Гэхдээ ***гийн хувьд байгууллагын бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшсан 7-8 дугаар сарын үед хэдийн туршилтын хугацаа байсан боловч байгууллагын бараа бүтээгдэхүүнийг бие даан худалдагчид зарж борлуулах эрх нь байдаг.

... *** нь миний мэдэж байгаагаар байгууллагап учруулсан хохирлоосоо 9,000,000 орчим төгрөгийг нь барагдуулсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42 дахь тал/

“... Манай *** ХХК-ны зүгээс ***д холбогдох хэрэгт цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. *** нь байгууллагад учруулсан хохирлыг бүрэн гүйцэт төлж барагдуулж дуусгасан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 61 дэх тал/

 

Гэрч ***-ын “... 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр би ***, хүүхэдтэйгээ уулзсан бөгөөд тухайн үед би Улаанбаатар хотод хүүхдээ харж амьдраад, *** ажил төрөл хийх талаар ярилцахад *** өөрийгөө *** нэртэй электрон бараа бүтээгдэхүүн зардаг байгууллагад борлуулагчаар ажилд орсон гэж хэлж байсан.

Тэгээд үүний дараа би ***тэй дахиж холбогдон хүүхэдтэйгээ хамт амьдрах байр орон сууцны мөнгө олох хэрэгтэй байгаа бөгөөд нэг найзтайгаа хамтарч ажил хийхээр төлөвлөж байгаа бөгөөд түр хугацаанд мөнгө хэрэгтэй байгаа тул зээлээч гэж хэлэхэд *** зөвшөөрч 2022 оны 7 дугаар сард *** надад ажлаасаа урамшууллаар авсан гээд 6 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг I phone загварын гар утас зэрэг бараануудыг авч ирж өгөхөөр нь би надад өгсөн зөөврийн компьютер, гар утас зэргийг зарж мөнгөөр нь бизнес хийх гэсэн боловч бүтэлгүйтэж, тухайн үед ***д мөнгийг нь эргүүлж өгч чадаагүй юм.

Гэтэл 2022 оны 11 дүгээр сард *** над руу залгаж өөрийгөө цагдаа дээр дуудагдсан, надад өгсөн бараануудыг ажиллаж байсан *** компанийхаа зарж байсан бараануудаас зөвшөөрөлгүй авч өгсөн. Тэгээд цагдаа дээр шалгагдаж байгаа гэж хэлэхээр нь би ***г байгууллагынхаа өмчийг хулгайгаар авсан гэдгийг мэдсэн.

Гэхдээ миний бие ***гийн байгууллагаасаа авсан бараануудынх нь мөнгө болох 27,773,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бүгдийг нь төлж барагдуулсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44 дэх тал/

 

Виннэр Вэй ХХК-ны 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ЦТ-5/13 дугаартай хөрөнгө, даатгалын болон хохирлын үнэлгээний тайлан. /хэргийн 48-51 дэх тал/

 

***гийн яллагдагчаар өгсөн “... Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хавьцаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах электрон бараа бүтээгдэхүүн зарж борлуулдаг *** нэртэй компанид онлайн борлуулалтын мэргэжилтнээр ажилд орсон бөгөөд эхний 3 сарын хугацаанд дадлагажигч ажилтнаар ажиллаж байгаад 7 дугаар сард жинхэнэ ажилтан болох байсан боловч өглөөд ажилдаа ирэх цагтаа ирж амжихгүй хоцордог гэсэн шалтгаанаар дадлагажих хугацааг маань дахин сунгасан. Дадлагажих ажилтан гэдэг нь үндсэн ажилтан болоогүй болохоос биш бусдаар ажил үүргээ бие даан ганцаараа гүйцэтгэдэг байсан.

Тэгээд 2022 оны 7 дугаар сарын эхээр манай салсан нөхөр Ням-Очир надтай уулзаж нэг найзтайгаа бизнес хийх гэж байгаа мөнгө зээлээч гэхээр нь би ажиллаж байсан *** ХХК-ныхаа зарж байсан Macbook Air загварын 5 ширхэг, Масbook Pro загварын 1 ширхэг зөөврийн компьютер, I phone 13 загварын 1 ширхэг гар утас зэрэг эд зүйлсийг байгууллагын бараа бүтээгдэхүүний мэдээллийн нэгдсэн санд өөрийнхөө эрхээр нэвтрэн орж бусдад зарсан гэсэн хуурамч мэдээлэл оруулж, байгууллагаасаа завшсан бүх бараа бүтээгдэхүүнээ нөхөр Ням-Очиртоо өгсөн. Гэхдээ Ням-Очир тухайн эд зүйлсийг намайг байгууллагаасаа зөвшөөрөлгүй авсан гэж мэдээгүй. Би түүнд наадхаа авч явж барьцаанд тавиад юм уу, зараад бизнесээ хийгээд эргүүлээд өгөөрэй гэж хэлж өгсөн.

Тэгээд Ням-Очир надаас авсан эд зүйлсийнхээ мөнгийг өгөлгүй удаасан тул байгууллага маань мэдээд надад холбогдуулан цагдаад өргөдөл гаргаж өгөх болсон.

... Би одоо Сонгинохайрхан дүүрэгт найзынхаа гэрт түр байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 59 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** болон Би Ти Си ХХК нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүгдэгч *** нь тус компанийн онлайн худалдаа хариуцсан менежерын албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.

Ийнхүү *** нь ажиллах хугацаандаа өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон бараа бүтээгдэхүүн болох Macbook Air загварын зөөврийн компьютер 5 ширхэг, Macbook Pro загварын зөөврийн компьютер 1 ширхэг, I phone 13 загварын гар утас 1 ширхэг зэрэг хөрөнгийг хувийн хэрэгцээндээ ашиглан 29,597,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч *** нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хариуцаж буй байдлаа урвуулан ашиглаж, тухайн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийн улмаас *** ХХК-д бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд түүний завшсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *** ХХК-ны 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 23/103 дугаартай албан бичигт /хэргийн 71 дэх тал/ “ ... *** нь компанид учруулсан бүх хохирол, төлбөрөө барагдуулсан тул “***” ХХК нь гомдол, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгч ***гээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, мөн түүний эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид ... хорих ялын дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ... эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэсэн хуулийн заалтыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал                    

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ***ийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан ***д оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ