Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 816

 

 

 

 

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2020/00816

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г-ын гаргасан,

Хариуцагч: Э-д холбогдох

500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Би, хариуцагч Э-д  2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500,000.00 төгрөгийг зээлийн журмаар өгсөн, үүнийг бид хоёрын “Хаан банк” дахь *******, ******* тоот дансны хуулгаар нотолно.

Гэвч хариуцагч нь 500,000.00 төгрөгийг удахгүй буцаан төлнө гэсэн боловч үүргээ огт биелүүлээгүй, түүний шүүхэд өгсөн тайлбар худал, гэрч гэх Ч, Чнарыг би сайн танихгүй, эдгээр хүмүүс хариуцагчийг надад 500,000.00 төгрөгийг буцаан төлж байсан гэсэн хариуцагчийн үндэслэлгүй тайлбарыг нотлохгүй.

Хэрэгт авагдсан дансны хуулгаас харахад надаас хариуцагчид хэд хэдэн удаа 20,000.00-30,000.00 төгрөгийг шилжүүлж байсан зүйл бий. Гэвч энэ бол 500,000.00 төгрөгийн зээлтэй ямар ч холбоогүй ба бид хоёр тодорхой хэмжээнд ойр дотно байсан хэдий ч уулзахаа больсон. Миний бие хариуцагчаас 500,000.00 төгрөгийг буцаан авах гэж удаж байна, энэ хугацаанд шүүхээс хариуцагчийг удаа дараа дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирсэнгүй.

Иймд, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж, дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гоос хариуцагч Э-д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Э-д  500,000.00 төгрөгийг шилжүүлсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч болон хариуцагч нарын Х  дахь ........... тоот дансны хуулгаар нэхэмжлэгчээс хариуцагчид 500,000.00 төгрөгийг өгсөн байна /х.х-ийн 3, 19 хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

            Тайлбарлавал, тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

Хариуцагчийн тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан тайлбарт дурдсанаар тэрээр уг 500,000.00 төгрөгийг аваагүй гэсэн бол 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа авсан боловч буцаан төлсөн гэжээ.

 

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ. Тайлбарлавал, энэ хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж зааснаар зохигчид 500,000.00 төгрөгийг тодорхой хугацаатай зээлдүүлээгүй тохиолдолд хариуцагч Энь нэхэмжлэгч Гыг зээлийг буцаан шаардсанаас хойш ийнхүү нэг сарын дотор буцаан төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч тал зээлийн гэрээний зүйлийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч, Чнарыг гэрчээр оролцуулж, гэрч Ч-ээс мэдүүлэг авахад хариуцагчийг нэхэмжлэгчид 500,000.00 төгрөг өгч байгааг бодитоор хараагүй гэсэн байна.

 

Харин гэрч Чын хувьд хариуцагчийн шүүхэд өгсөн хаягт оршин суудаггүй, гэрчийн оршин суугаа хаягийг хариуцагч Э-аас тодруулах гэсэн боловч хариуцагч нь удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Нөгөө талаар хариуцагч нь гэрч Чаас гагцхүү 500,000.00 төгрөгийг авсан гэсэн үйл баримтыг тодруулахаар түүнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд харин уг 500,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Год өгсөн гэсэн үйл баримтыг нотлохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2.-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь 500,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж мэтгэлцэж буй тохиолдолд ийнхүү өгсөн гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй боловч хэрэгт ийм баримт өгөөгүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй.  

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 500,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг үндэслэн хариуцагч Э-аас 500,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Год олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,650.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг үүгээр дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР