Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/511

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч М.Анхбаяр,

иргэдийн төлөөлөгч З.Мөнхзаяа,

шүүгдэгч *** түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Т.Багахүү

гэрч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002208 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***

Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүрэг *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн *** дугаар гудамж *** тоот *** дэлгүүрийн агуулахын хашаанд иргэн ***ыг ээжтэй нь нууц амрагийн харилцаатай болсон гэх зүйлээр шалтаглан зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “2022 оны 3 дугаар сард ажлаа хийгээд, гадагшаа явах төлөвлөгөөтэй гэр бүлээсээ тусдаа амьдарч байсан. Аав маань хөдөө ажилладаг. Нэг өдөр аав залгаад ээж чинь ирэхгүй 2 хонож байна гэж хэлсэн. Манай дүү ээжийн утсыг санамсаргүй оролдож байгаад ажлынхаа залуутай дотно харилцаатай байсан гэдгийг мэдсэн. Ээжтэй очиж уулзаад асуухад энэ хүнтэй ямар нэгэн холбоо байхгүй ахиж ийм асуудал гаргахгүй гэж хэлсэн. Тухайн үед би гэр бүлээ салгаж, дүүгээ өнчрүүлэхийг хүсээгүй. Энэ зүйлийг нэг удаа чимээгүй өнгөрвөл ээж маань болих байх гэж бодсон. Тухайн үед ажил хийгээд, сураад ямар ч завгүй байсан. 10 дугаар сард дүү ахиад над руу залгаад ээж дахиад гэртээ ирсэнгүй гэж хэлсэн. Би чухал ажилтай байсан учраас ээжийн төрсөн ахыг манай гэрт очоод үзээд өгөөч гэж хэлсэн. Очоод үзэхэд ирээгүй байна гэж хэлсэн. Дараа нь дүү над руу залгаад ээж согтуу ирсэн мөн ээжийн утсанд охиндоо баригдваа гэх мессеж ирсэн байна гэж хэлсэн. Аав маань надтай ирж уулзаад ээж чинь хүнтэй явалдаад байгаа юм биш үү гэж хэлсэн. Манай аав хувь хүний хувьд түргэн уураар асуудлыг шийддэг. Ямарваа нэг асуудал гаргаж магадгүй гээд хамт гэр лүү явсан. Тэр шөнө манай ээж согтуу ирсэн байсан. Ээж орж ирээд аавыг цохиод байсан. Би аавыг аваад эмээгийнх рүү явсан. Би замдаа гэртээ буусан. Маргааш нь эмээ рүү залгаж асуухад, ээж аав хоёр чинь учраа олоод явсан гэж эмээ хэлсэн. Хичээлээ дуусгаад ажлаа хийгээд сууж байхад дүүгээс чат ирсэн. Ээж маань халуурсан байсан. Ээжийг минь аймар зодсон байсан. Үнэхээр ийм асуудал болгохгүй гэж хичээж байсан. Аав руу залгахад утсаа авахгүй байсан. Ааваас ирсэн чатыг уншихад ээжийг зодоод сэтгэл нь амарлаа гэж бичсэн байсан. Манай ээж аав хоёр яг ээж аав шиг байж чаддаггүй байсан. Би бүх зүйлээ өөрөө болгодог байсан. Тухайн үед ийм асуудлаар шийдэж байгаа юм чинь ядаж дүүгээ бодоод *** гэдэг хүн дээр очиж уулзах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэр үед *** гэх хүн рүү залгаад өөртэй чинь уулзах хэрэгтэй байна гэхэд хүрээд ир гэж хэлсэн. Би байгаа газар нь очоод хамгийн түрүүнд камер байна уу гэж асуусан. Манай ээжтэй хамт ажилладаг болохоор хүн болохоор би ороод уулзсан. Болж байгаа бүх зүйлээ хэлсэн. Тэр үед *** гэх хүн юу ч дуугараагүй. Би бачимдсан байсан учраас агаар амьсгалах гээд гадаа гарсан. Миний ээж ийм аймар зодуулсан байна гээд хэлсэн. Дүүгийн минь байгаа байдал ч хэцүү байна гэж хэлэхэд тэр ах юм дуугараагүй. Тухайн үед 10 дугаар сар байсан. Гадаа сэрүүхэн байсан болохоор буцаад орсон. Та ахиж манай ээжтэй уулзахгүй гээд амлалтаа бичээд өгчих гэж хэлсэн. Эхлээд миний яриаг сонсоод суугаад байсан. Маргааш бодож байгаад хэлээрэй, дахиж ийм зүйл битгий хийгээрэй гэсэн. Гадаа гараад дахиж ярилцсан ч маргалдаад сүүлдээ маргаан болж эхэлсэн. Тухайн очсон шалтгаан ийм л байсан гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 3-14 дэх тал/

 

Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 15-19 дэх тал/

 

Хүний биед үзлэг хийсэн “ ... *** нь ... Зүүн гарын дунд хуруу, ядам хуруу, баруун гарын дунд хуруу, ядам хуруу гадна 3 дугаар үеийн уулзвар хэсгийн арьс улайсан байдалтай байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 20-22 дахь тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 23-24, 31-59 дэх тал/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Уг хашааны гадна талын камераас 15 дугаартай камерыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг 33 минутад тоглуулахад хар өнгийн хувцастай эрэгтэй хүн ирэхэд дотроос амь хохирогч хаалгыг тайлж өгч оруулж байгааг дүрс бичлэг байлаа.

Дээрх дүрс бичлэгийн дараагаар уг хашаан дотор байрлах байшин дотор хяналтын камерт холбогдогч *** нь орж ирэн амь хохирогч хоёр хоорондоо юм ярьж буй дүрс бичлэг бичигдсэн байлаа.

... Цааш нь үргэлжлүүлэхэд 22 цаг 37 минутад амь хохирогч болон *** нар нь байшингаас гарч ирэн шатны дээр зогсож байх үедээ *** нь амь хохирогчийн нүүр лүү гараараа цохиж байгаа дүрс бичигдсэн байна.

Цааш нь үргэлжлүүлэхэд 22 цаг 40 минутад амь хохирогчийн үснээс зулгааж газар унагаан цохиж байгаа дүрс бичлэг нь 23 цаг 17 минут хүртэл үргэлжилж байлаа.

Үргэлжлүүлэн тоглуулахад 23 цаг 24 минутад холбогдогч *** нь амь хохирогчийн үснээс зулгааж өвдөглөн суусан байдалтай байсныг өвдөгөөрөө толгойн хэсэгт цохиж байгаа харагдаж байлаа.

Үргэлжлүүлэн явуулахад 23 цаг 28 минутад амь хохирогч газар уначихсан байдалтай холбогдогч *** нь тамхи татаж байгаад 23 цаг 30 минутад хашаанаас гарч явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байлаа. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 25-28 дахь тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “...1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал/

 

Гэрч С.Зоригтын “... Надад Ойдов 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өглөө 09 цаг 50 минутад утсаар залгаад *** ухаангүй хэвтэж байна, очоод үзээдхээч гэхээр нь цех дээр би удалгүй 10 цаг өнгөрөөгөөд цех дээр очиход *** харуулын өрөөнийхөө гадна дээшээ хараад нас барсан байдалтай байсан ба тэгээд 102 дугаарт дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал/

 

Гэрч ***ын “... Одоогоос 3-4 хоногийн өмнө *** надад өөрийнхөө ээжийг ажлын газрынхаа нэг эрэгтэй хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болсон гэж хэлээд өөрөө тэрнээсээ болж сэтгэл санаа нь нэлээн тогтворгүй байсан бөгөөд өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр *** бид хоёр гэртээ байж байтал гэнэт орой 21 цагийн орчимд *** ээжийнхээ гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон залуутай очиж уулзана гэж хэлэхээр нь би ганцааранг нь явуулах дэмий байх гэж бодоод хоёулаа хамт явъя гээд бид хоёр хамтдаа такси бариад хороолол руу явж байтал *** намайг нэг газар хүлээж бай, чи хамт яваад дэмий байх гээд 21 цаг 30 минутын орчимд Монголын Үндэсний Их Сургуулийн ойролцоо таксинаас буугаад ганцаараа явсан.

Тэгээд би ***ийг хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн ойролцоо CU дэлгүүр дотор нэг цаг гаран хүлээсэн бөгөөд *** 23 цагийн үед өөрөө над руу залгаад нөгөө залуутайгаа уулзчихаад гараад ирлээ гэхээр нь бид хоёр Монголын Үндэсний Их Сургуулийн урд уулзаад харихаар явж байх үед *** надад тухайн залуугаа хэд хэдэн удаа алгадсан чинь өөдөөс нь эсэргүүцэх маягтай үйлдэл үзүүлээд байхаар нь би хэд хэдэн удаа цохичхоод гараад ирлээ гэж надад хэлснээс өөр ямар нэгэн зүйл огт хэлэлгүй бид хоёр гэртээ хариад амарсан.

*** Зурагтын гэр хороолол дунд байрлах нэгэн үйлдвэр дотор уулзсан гэсэн. Уулзсан залуугийнхаа нэрийг нь хэлээгүй ч гэсэн ямар ч байсан тухайн залуу нь ээжтэй нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн учир тухайн асуудлыг нь шийдэхээр очиж уулзсан.

... Тэгээд сүүлд ээж нь гэр бүлээс гадуур харилцаатай болсон гэдгийг нь мэдээд дүүгээ өнчрөх вий гэж их сэтгэл санаагаар унасан байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал/

 

Гэрч ***гийн “... Намайг өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой 21 цагийн үед агуулахаас гарахад талийгаачид ямар нэгэн гэмтэл бэртэл огт учраагүй зүв зүгээр байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/

 

Гэрч Г.Бат-Эрдэнийн “... 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой миний бие 20 цагийн үед агуулахын байран дээрээ машинаа байрлуулж орхиод явсан. Талийгаач *** нь хэвийн байдалтай ганцаараа үлдсэн. Хэн нэгэн хүнтэй үлдээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/

 

Гэрч ***ийн “... 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажиллаж байхад *** байрлаж байгаа өрөөнөөсөө ерөөсөө гарч ирээгүй бөгөөд орой 20 цагийн үед эрэгтэй ажилчид түгээлтэнд явчихсан байхад эмэгтэй ажилчид үлдчихсэн байхаар нь ***ыг дуудаад ачаа буулгаад өг гээд гаргаж ирүүлсэн. Тэгэхэд *** эрүүл, хэвийн байсан бөгөөд 21 цаг өнгөрөөгөөд ажил дуусаад *** ганцаараа үлдээд хоцорсон.

Тэгээд өнөөдөр өглөө 10 цагийн орчимд агуулах дээрээ ирэхэд байрлаж байгаа байрныхаа урд газарт хэвтчихсэн байдалтай байсан бөгөөд камер шүүж харахад хүнд зодуулаад байсан ба ингээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/

 

Гэрч ***ийн “... Би ***тай 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 00 цаг 30 минут орчим Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хойд талын агуулах дээр *** гээд залуутай хамт очсон. Агуулах дээр очиход *** ганцаараа унтаж байсан бөгөөд *** бид хоёр очих замдаа 2,5 литрийн хэмжээтэй 2 ширхэг Сэнгүр пиво аваад очсон. Тэгээд тэндээ ***, *** бид гурав тухайн пивоо ууж байгаад би 02 цаг 10 минутад гэр лүүгээ харихаар ***тай цуг гарсан ба *** намайг гэр буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хажууд хүргэж өгөөд эргээд агуулах руу явлаа гэсэн.

... *** намайг очих үед бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн манарсан байдалтай байх шиг байсан бөгөөд намайг явах үед нээх аймар согтоогүй хэвийн байдалтай үлдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал/

 

Гэрч ***гийн “...*** нь миний том хүү байгаа юм. ***ын хувьд гэвэл би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** дэлгүүрт хувцас чиплэгч ажил хийдэг бөгөөд 2021 оны 6 дугаар сард *** гэх залуу манай дэлгүүрийн агуулахад туслах ажилтнаар ажилд орж, тухайн үеэс түүнийг таньдаг болсон.

*** 2022 оны 6 дугаар сараас эхлэн facebook чатаар над руу би танд сайн болчихлоо, хоёулаа уулздаг байя, бэлгийн харилцаанд оръё, хамт нэг газар сууж пиво ууя гэх мэтээр зурвас бичдэг болсон. Би ***ын хэлснийг эсэргүүцэж байсан. *** бид хоёр 5-6 удаа хоёулахнаа уулзаж кафед орж пиво ууж юм ярьж суудаг байснаас өөрөөр ямар нэгэн дотно харилцаа буюу бэлгийн харилцаанд орж байсан асуудал огт байгаагүй.

Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орой би гэртээ охин ***, нөхөр *** нарын хамт байж байтал *** над руу хайртай шүү эгч минь, таныг би үргэлж бодож явдаг, та минь сайхан шүү гэх мэт чат бичсэн байсныг манай охин *** уншчихаад ээж энэ мессеж чинь ямар учиртай юм бэ, энэ хүн чинь хэн юм гээд над руу уурлахаар нь би охиндоо наад хүн чинь надад ямар ч хамаагүй, надтай хамт ажилладаг хүн шүү гэхэд битгий худлаа яриад бай гэж хэлээд уурлаад ***ын мессежний зургийг Screen shot хийж аваад төрсөн ах *** рүү тухайн мессежний зургийг явуулчихаар нь би уурлаад гар утсаа хана руу шидээд эвдчихсэн.

Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой 21-22 цагийн үед миний том хүү *** над руу залгаад ээжээ та *** гэдэг эрэгтэй хүнтэй холбоотой асуудлыг яаж шийдэх гэж байна вэ гэхээр нь би хүүдээ хандаж энэ асуудлыг аавдаа битгий хэлээрэй, хэрэв хэлэхээр болвол энэ асуудлыг шийдсэнийх нь дараа үнэн учрыг нь олж байж аавдаа хэлээрэй гэхэд хүү маань за за гэж хэлээд утсаа тасалсан.

Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөө би гэртээ амарч байтал манай ажлын нярав Уранчимэг над руу залгаад та ***ын гар утасных нь кодыг мэдэх үү гэхээр нь би мэдэхгүй ш дээ, ***гээс өөрөөс нь асуугаач гэхэд Уранчимэг энд нэг асуудал болчихлоо гэж хэлээд утсаа таслахаар нь би *** рүү залгахад ***гийн гар утас холбогдохгүй байхаар нь ямар нэгэн таагүй зүйл болсон юм шиг санагдаад Уранчимэг рүү залгаад юу болсон талаар асуухад та мэдээгүй юм уу, *** нас барсан гэж хэлээд утсаа таслаад удаагүй байж байтал Цагдаагийн газраас над руу залгаад дуудахаар нь би хүү ***ийг *** бид хоёрын асуудлыг аавдаа хэлээд манай нөхөр *** ***г алчихсан юм болов уу гэж айгаад нөхөр лүүгээ залгахад нөхөр Гандан дээр ахтайгаа ном уншуулаад явж байна гэхээр нь нөхрийгөө цагдаа дээр хүрээд ир, асуудал гараад байна гэж хэлчхээд өөрөө цагдаа руу ирэх замдаа хүү *** рүү залгаад чи манай ажлын ***ыг алчихсан юм биш биз дээ, *** нас барчихсан байна гэсэн чинь хүү маань таныг аль цагдаа дээр дуудсан юм, би тантай хамт цагдаа дээр очъё гээд *** бид хоёр Улиастай дээр уулзаад нөхөр ***тай Офицеруудын ордон дээр уулзаад бид нар бөөндөө Цагдаагийн газар иртэл хүү маань аавынхаа картыг аваад дэлгүүр орчхоод ирье гээд ганцаараа яваад буцаж ирэхгүй удаад байсан чинь цагдаа нар гадуур хайж байгаад хүүг маань аваад ирсэн.

... Манай ажлын газрынхан *** бид хоёрыг гадарладаг юм шиг байна лээ. *** бид хоёр 2022 оны 6 дугаар сард Бичил хороололд байрлах нэгэн кафед уулзаж, пиво ууж байхыг өмнө нь манайд ажиллаж байгаад одоо ажлаасаа гарчихсан /нэрийг нь санахгүй байна/ эмэгтэй хараад ажлынханд хэлсэн юм шиг байна лээ. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 112-113 дахь тал/

 

Гэрч ***ийн “... Би 2022 оны 10 дугаарс арын 05-ны өдөр унтаж байгаад 10 цаг өнгөрөөгөөд сэрэхэд *** хажуу өрөөнд унтаж байсан. Намайг сэрэхэд манай ажлын хүмүүс ирчихсэн агуулахаас бараа аваад ачиж байсан. Би босоод ажлын хүмүүстэй хамжаад барааг нь ачилцаад автомашинд нь суугаад урагшаа дэлгүүр лүү явсан. Тэр үед *** хэвтэж байсан. Намайг дэлгүүр лүү явах үед хаалгаа дотор талаас түгжсэн байхаар нь би онгорхой цонхоороо харахад *** орон дээрээ хэвтэж байсан. *** урд өдөр нь архи уусан байсан учраас би зүгээр үү гэж асуухад *** зүгээр, зүгээр ундаа аваад өг гэж хэлэхээр нь би хажуу дэлгүүрт ороод fanta нэртэй ундаа авч цонхоор нь өгөөд явсан.

Орой ажлаасаа 20 цагийн орчим агуулах дээр ирээд дахиж бараа ачаад автомашин дээр нь үлдээгээд гэртээ орж хувцсаа солиход *** хэвтэж байхаар нь босоорой анд нь явлаа, өнөө шөнө ирэхгүй найзындаа очиж хонолоо, агуулахынхаа хаалга үүдийг түгжээрэй гэж хэлээд хувцсаа сольж байхад *** босож ирээд өдрийн тахианы махтай шөлтэй хоол идээд сууж байсан. Би тэр үед нь гэрээс гараад явсан. Дахиж холбоо бариагүй өнөөдөр ийм асуудал болсон талаар сонслоо.

... Намайг гэрээс гарахад ***ын биед ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Намайг гэрээс гарахад *** гэрт хэн нэгэн ирнэ гэж хэлээгүй. Хэн нэгэнтэй уулзана гэж яриагүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал/

 

Гэрч *** ийн “... 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр над руу /цаг хэд болж байсныг санахгүй байна/ *** залгаад ээж гэртээ 2 хоног ирээгүй гэж *** сая хэлж байна, та автомашинтайгаа хүрээд ирээч, хоёулаа хамт очиж дүүг авъя гэж хэлсэн.

Тэгээд би зөвшөөрөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Хужирбулангийн 5 гудамж 2651 тоот гэрээсээ өөрийнхөө эзэмшлийн Prius 11 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлж Зайсангаас ***ийг аваад дараа нь шууд аав, ээжийнх нь гэр болох Баянхошууны тойргийн тэр хавьд байдаг нийтийн байр руу явсан.

Тэгээд гэрт нь орсон чинь ээж нь ирчихсэн согтуу байдалтай унтаж байгаа харагдсан бөгөөд тэр үеэр *** дүүгийнхээ хичээл ном, хувцас хунарыг бэлдэж аваад автомашинд суулгаад бид гурав тэндээс хөдөлсөн. Учир нь дүүг нь ээж нь тоохгүй архи дарс уугаад хүнтэй явалдаад байсанд *** уурлаад дүүгээ аваад эмээ дээр нь буюу манай ээж дээр аваачих гэж байсан юм. Ингээд замдаа *** бууж үлдээд би цаашаагаа дүүг нь аваад гэр лүүгээ явсан. Тухайн үед ээж хүнтэй явалдаад, дүүг маань өнчрүүлэх гээд байна гэж хэлсэн бөгөөд би итгээгүй, арай ч үгүй байлгүй дээ гэж хэлээд орхиж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 155-156 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2618 дугаартай:

“... Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн зулай, чамархай, чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, дух, баруун чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, дух, баруун зовхи, хацар, шанаа, баруун чихний дэлбээ, цээжний цус хуралт, хамрын нуруу, зүүн өвдөг, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх үхэлд хүргэсэн зүүн зулай, чамархай, чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, дух, баруун чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3.4.7. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж шахагдаж, тархи дагзны том нүх рүү шаантаглаж улмаар тархины гүүр хэсэгт цус харваж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ.

5.6. Талийгаачийн цогцост үзлэг хийсэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 00 минутын тэмдэглэлд нас бараад 15-18 цаг болсон байна, дээрх хугацааг цогцсын өөрийн өөрчлөлтийн илрэлээр тогтоодог.

8. Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байна.

9. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй.

10. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тэмцэлдсэн гэхээр шинж илрээгүй.

11.12. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүсгэгдэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 158-168 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №2834 дугаартай шинжээчийн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 173-178 дахь тал/

 

***ийн яллагдагчаар өгсөн “... Манай ээж *** нь 3, 4 дүгээр хороололд байх *** бэлэн хувцасны дэлгүүрт чиплэгчийн ажил эрхэлдэг байсан.

Тэр хугацаандаа *** дэлгүүрийн агуулахын манаач *** гэдэг залуутай харилцаа үүсгэж, дотносож эхэлсэн юм байна лээ. Би тэрийг нь мэдэхгүй явж байтал энэ оны 3 дугаар сарын үед манай дүү *** ээжийн утаснаас нь санамсаргүй чатыг нь уншаад тэр талаар олж мэдээд надад анх хэлсэн.

Ийнхүү би тодруулах санаатай ээжийн гэрт очоод асуухад бид хоёрын дунд ямар нэгэн гүнзгийн харилцаа бол байхгүй, зүгээр чатаар харилцдаг юм, гол нь *** намайг явуулдаггүй, явъя гэхээр нөхөр чинь уурхайд ажилладаг биз дээ, тэгэхээр юундаа харих гээд байдаг юм гээд явуулдаггүй юм гэж хэлсэн.

Ингээд хэсэг ярилцсаны эцэст энэ байдлаа болих хэрэгтэй гэж ээжид зөвлөчхөөд төрсөн дүүгээ аваад эмээгийн гэр лүү явсан. Учир нь дүүгээ яг өөр шигээ хичээл зүтгэлтэй, тэмүүлэлтэй болгох гэж өөр газарт аваачсан юм. Ингэх замдаа тэр *** гээд байгаа хүн рүү нь өөрийнхөө facebook хаягаас хандаад энэ чинь гэр бүлтэй хүн, та болих хэрэгтэй гэж хэлтэл ок гэж хариу ирүүлсэн. Тэгэхээр нь ойлгочихож байгаа юм байна гэж бодоод нэг удаадаа мартсан.

Тэгээд яг өөрийнхөө хичээж байгаа сургууль соёл, эрдэм мэдлэгтээ анхаарлаа хандуулаад явж байтал 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байх гэж санаж байна, манай дүү *** над руу залгаад ээж гэртээ ирэлгүй 2 хонолоо, би гэртээ ганцаараа байна гэж хэлэхээр нь санаа зовоод ээжийн төрсөн ах болох Төмөрхуяг руу залгаад та намайг ирээд авчих, ээж гэртээ ирэхгүй байгаа юм байна, хоёулаа ***г аваад эмээд хүргэж өгье гэж хэлтэл тэрээр зөвшөөрөөд гэрээсээ над руу хөдөлсөн.

Тэр хооронд манай дүү над руу facebook чатаар ээжийн нөгөө залуутайгаа харилцаж байгаа чатны screen shot-ыг явуулаад энэ хоёр хэвэндээ байгаа юм байна гэж хэлсэн. Ингээд удалгүй ах ирээд би ээжийн гэр болох Баянхошууны тойрог руу явсан бөгөөд очоод дүүгээ авах гэтэл ээж гэртээ ирчихсэн согтуу унтаж байсан. Тэгэхээр нь сэрээлгүй дүүгийнхээ хичээл ном, хувцас хунарыг нь аваад Төмөрхуяг ахтай буцаад явсан ба замаараа Зайсан орчимд би бууж үлдээд Төмөрхуяг ах *** хоёр цааш эмээгийн гэр лүү явсан.

Тэгсэн маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай аав *** над руу залгаад юу болоод байгаа юм бэ, чи мэдсэн үү гэхээр нь би мэдэн будилаад юу гэж асуутал ээж чинь хүнтэй явалдаад байгаа юм уу эсхүл ээжийг чинь хүн дарамтлаад байгаа юм уу, би ахлах инженертээ хэлчхээд одоо ажлаас гараад хот руу хөдлөх гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавд би ч гэсэн сайн мэдэхгүй байна, таныг ирэхээр хоёулаа юу байсан уулзая гэж хэлээд утсаа тасалсан.

Ингээд аав Өмнөговь аймагт байх ажлаасаа гараад маргааш нь орой буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг эсхүл 19 цагийн үед гэж санаж байна гэрийн ойролцоо ирчихсэн байх үед нь би тосож уулзсан. Тэр үеэр ээж гэртээ байхгүй байсан учраас аав бид хоёр ээжийг иртэл тэр хавиар нь хүлээсэн. Миний хувьд хамт байсан шалтгаан нь аав бага зэрэг архи уучихсан байсан болохоор ээжтэй хэвийн яриа өрнүүлж чадахгүй, аягүй бол зодоон цохион болчихож магадгүй гэж санаа зовсон учраас хамтдаа байж байсан юм. Мөн энэ үеэр аавыг эмээгийнх рүү авч явах хэрэгтэй гэж бодоод Төмөрхуяг ахыг бас автомашинтай нь дуудчихсан байсан.

Тэгсэн нэлээн орой буюу 22 цагийн үед гэж санаж байна ээж архи, согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэчихсэн халамцуу байдалтай гэртээ ирэхээр нь аав бид хоёр ээжтэй орж уулзсан бөгөөд уулзах үеэрээ би та хоёр хоёулаа согтуу байгаа учраас энэ талаар одоо ярилцаад хэрэггүй, эрүүл болчхоод ярилц гэж хэлтэл аав миний үгэнд ороод чамаас саллаа гэж ээжид хэлээд өөрийнхөө эд зүйлсийг аваад Төмөрхуяг ах бид хоёртой хамт эмээгийн гэр лүү явсан.

Үүний дараа маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би хичээл ном ихтэй, хувийн ажил олон байсан учраас энэ асуудлыг огт тоогоогүй, хэнтэй ч холбогдолгүй өнгөрөөсөн.

Тэгээд маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өглөө сэрээд аав, ээж хоёрын дунд үүсээд байгаа асуудал сэтгэл түгшээгээд дүүгээр өнчирчих болов уу гэж санаа зовоод нэг л болж өгөхгүй байхаар нь нөгөө залуутай нь очиж уулзаад энэ асуудлыг больчих талаар гуйж үзье гэж шийдээд facebook чатаар холбогдоод voice call ярилцаж дундаа уулзая гэж хэлтэл амжихгүй, боломжгүй, ажилтай байна, эсхүл чи өөрөө хүрээд ирвэл уулзаж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би такси бариад ***ын байгаа газарт 22 цагийн үед очиж уулзсан бөгөөд тухайн үед *** ганцаараа тэр агуулахын хашаандаа нэгэн байранд байж байсан.

Ингээд тэр байранд нь эхэлж ороод ээж рүү бичсэн чатыг нь өөрт нь харуулаад наадхыг чинь манай дүү уншчихсан байна шүү дээ, жоохон охин гэртээ ээжийгээ хүлээгээд 2 хоног ганцаараа байж байсан байна гэж хэлэхэд юу ч дугарахгүй, чимээгүй байж байснаа надад хоёулаа гадагш гарч агаар амьсгалах уу, гарч ярилцъя гэж хэлэхээр нь зөвшөөрөөд үүдний хэсэгт очоод дахиад чатуудыг нь ***т харуулаад одоо больчих гуйж байна гэж хэлтэл адилхан эр хүмүүс байна, ийм зүйл эр хүнд тохиолдоно шүү дээ, чи жоохон учраас ойлгохгүй байна гэж надад хэлсэн.

Тэгээд үндсэндээ энэ сэдвээс болж бага зэрэг маргаан үүсээд би гар болон хөлөөрөө түүний нүүр, бие хаа руу нь цохисон. Тэгж байгаад би та ахаа гэмшиж байгаагаа илэрхийлээд амлалт бичээд өгчих гэж хэлтэл нөгөө ах за тэгье гэж хэлээд бид хоёр байр луу орсон ба орчхоод ээжийн талаар болон өөрийнхөө талаар надад хэсэг ярьсан. Тэгээд амлалтаа бичээд өгчих гэсэн чинь за байж бай гэж хэлээд бичиж өгөхгүй болохоор нь би за та тэгвэл биччихээд зургийг нь аваад чатаар явуулчих гэж хэлээд гарах гэтэл талийгаач байж бай хамт гаръя гэж хэлээд миний араас гарч ирсэн. Тэгснээ за одоо яг эр хүн шиг ярилцъя, би ээжээс чинь бол болихгүй, бид хоёр бараг 1 жил болж байна, тиймээс чадахгүй, чи энийг ойлговол ойлго, танай гэр бүлийн салж саринах бол та нарын асуудал гэж хэлсэн. Хариуд нь би та дүүг минь бодоод больчих л доо гэж хэлсэн боловч тоогоогүй. Тэгэхээр нь би түүний баруун мөр орчим руу нэг удаа өөрийнхөө зүүн гарын тохойгоор тохойлдсон.

Энэ үйлдлээ л санаж байна. Бусдыг нь нарийн сайн санахгүй байна. Тэгсэн чинь *** бас би 8 дугаар сард ээжтэй чинь буудалд орсон гэж надад хэлэхээр нь би одоо тэр яахав цаашаа больчих гэж хэлтэл тоолгүй дахиад орно гээд байхаар нь түүнийг сууж байхад нь зүүн өвдгөөрөө толгой руу нь түлхсэн чинь толгойгоороо шатны төмрийг мөргөх шиг болоод налаад хэвтчихсэн. Тэр үед манай найз Амар яасан бэ, ирэх болж байна уу гэсэн чатыг над руу бичихээр нь хариу болгож удахгүй очлоо гэж биччихээд талийгаачид хандан хаалгаа түгжээрэй, би яваа гэж хэлчхээд 1 ширхэг тамхи татчихаад тэндээс 23 цагийн үед гараад нэг буудал орчим алхаж байгаад такси бариад гэр лүүгээ явсан. Тухайн үед нөгөө залуу сэрүүн байдалтай хаалгаа түгжээрэй гэхэд за гэж хэлж байсан болохоор нь худлаа баашлаад унаж мунаад байгаа юм байна гэж бодоод явчихсан юм.

... Би тухайн үед алъя гэж бодож биед нь халдаагүй. Яг хаана, хаана хэрхэн яаж цохисон талаараа нарийн сайн санахгүй байна. Жоохон бухимдаад л хэд хэдэн удаа биед нь халдсан. Энэ асуудалд би маш их харамсаж байгаа. Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 139-142 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгчийн төрсөн эх ***, *** нарын хооронд *** дэлгүүрт хамт ажиллах хугацаандаа дотно харилцаатай болсон ба үүнийг мэдсэн шүүгдэгч *** нь дараа дараагийн олон асуудлыг дагуулах учраас төрсөн эх ***, *** нараас гэр бүлээс гадуурх үүссэн харилцааг дуусгахыг шаардаж байжээ.

Уг асуудлаас үүдэн шүүгдэгч *** нь ***тай уулзахаар тохиролцон, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөр шилжих шөнө түүний ажлын газар болох Баянгол дүүрэг 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүннарангийн 7 дугаар гудамж *** тоотод очиж уулзсан ба ***ыг зодсоны улмаас түүний биед хүнд гэмтэл учирч амь нас нь хохирчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаардана.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч *** нь ***ыг зодож амь хохирогчийн биед Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2618 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан хүнд гэмтэл учруулж, талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж шахагдаж, тархи дагзны том нүх рүү шаантаглаж улмаар тархины гүүр хэсэгт цус харваж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Дөрөвдүгээр бүлэгт тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч З.Мөнхзаяа “Шүүгдэгч *** нь хүний амь насыг хохироосон гэм буруутай. ...” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

             

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулжээ.

Шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар илэрхийлсэн хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлийг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Ц.Дэлгэрням нараас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч ***ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хор уршгийг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн “ ... Энэхүү хэрэг болсон шалтгаан нь талийгаач ахын минь ч буруутай үйлдэл нөлөөлсөн байх ба *** нь өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаа учир ... хуулийн дагуу ял хөнгөрүүлэх боломжийг ашиглан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзлаа.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ийг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар ***т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ийн баривчлагдсан цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар ***т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, *** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ

 

                          

                                       ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                   

                                                ШҮҮГЧ                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ