Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/515

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч П.Отгонбаатар,

шүүгдэгч *** түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305000000738 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9, эцэг, 2 ах, 4 дүүгийн хамт Баянзүрх дүүрэг *** хороо Жамсран Уул *** гудамж *** тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/741 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 2 жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ***.

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрхэс зочид буудлын 321 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч ***ын эзэмшлийн I phone 11 pro max загварын гар утас, G shock загварын бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Тухайн буудалд байрлаж байсан. Орой унтаж байхад нэг хүн хаалга тогшиход *** хаалга онгойлгосон. Тэгээд *** чамтай уулзах гээд байна гэхээр нь очиход нэг ах зогсож байсан. Тэгээд ах нь өрөөгөө олж чадахгүй байна. Ахынхаа өрөөг олоод өгөөч гэсэн. Тэр ахтай хамт гараад 302 тоотын хаалгыг тогшиход нэг хүн хаалга тайлаад цаашаа явсан. Тэгээд миний өрөө биш байна гээд хэлэхэд нь гарах явцдаа үүдэнд байсан утас, цагийг нь авсан” гэв.

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... 17:14:05 секундэд Эрхэс зочид буудлын 201 тоот өрөөний хаалгыг хаалттай байхад хөх өнгийн эрээн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, 30 гаран насны эрэгтэй хүн онгойлгож орж 27 секундын дараа тухайн өрөөнөөс гарч ирнэ” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 10-16 дахь тал/

 

Хохирогч ***ын “...Би 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн орой 22 цагийн үед найз Ш.***ын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрхэс нэртэй зочид буудалд орсон. 2,5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад сууж байхад ***, *** гэдэг хоёр эмэгтэй найз ирсэн. Бид 4 хөзөр тоглоод ярьж сууж байгаад ***, ***тай хамт 320 тоот өрөөнд унтах гээд гараад явсан. Би ***тай хамт 321 тоот өрөөнд унтсан. Тэгээд шөнийн 04 цагийн үед ***, *** хоёр явахаар болоод бид хоёр гаргаж өгөөд хаалгаа хаагаад унтсан. Өглөө 08 цагийн үед би сэрээд утсаар ярих гэсэн чинь миний гар утас, бугуйн цаг хоёр байхгүй байсан. Тэгээд би ***ын хоносон 320 тоот өрөө рүү орж миний гар утас, цаг алга байна, нөгөө хоёр охин аваад явсан юм биш байгаа гэж хэлээд буудлын угтагч руу орж миний гар утас алга болсон байна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн.

... Тэнд хэсэг байж байгаад буцаад буудалд ирэхэд угтагч камерын бичлэг шүүсэн чинь танай өрөө рүү хүн орсон байна, та хоёр цагдаа иртэл эндээ хүлээж бай гэж хэлсэн. Удалгүй 14 цагийн үед дээд давхраас гурван залуу нэг эмэгтэйтэй бууж ирсэн. Тэгэхээр нь би камер дээр байсан залуутай адилхан хувцас төрхтэй залуу дээр очоо ахынхаа гар утас, цагийг авсан бол гаргаад ирээ, цагдаа ирэхээс өмнө гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу би юу гэж хулгай хийж авах юм бэ, та цагдаагаа дууд гэж хэлсэн. Удалгүй хоёр цагдаа ирээд тэр залуучуудтай уулзсан. Тэгээд бичил хороолол дахь Цагдаагийн хэсэг рүү нэг цагдаа нь бид нарыг авч явсан. Нөгөө цагдаа нь хулгай хийсэн гэх залуутай буудалд үлдсэн. Удалгүй нөгөө цагдаа миний гар утас, бугуйн цагийг бариад хүрээд ирсэн.

Би I phone 11 pro max гар утсыг 2023 оны 02 дугаар сард Dragon төвийн хажуу талд байрлах худалдааны төвөөс 2,000,000 төгрөгөөр авч байсан. Цагийг найзаасаа 150,000 төгрөгөөр авч байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дахь тал/

 

Гэрч А.***ы “... 06 цагийн үед манай өрөөний хаалгыг хүн нүдээд байхаар нь онгойлгосон чинь 30 гаран насны танихгүй ах зогсож байхаар нь *** чамтай хүн уулзах гээд байгаа юм шиг байна гэсэн чинь *** очоод энэ танай өрөө бишээ ахаа гэж хэлсэн чинь тэр согтуу ах миний өрөөг олоод өгөөч гэж ***д хэлж байсан. Тэгээд *** тэр ахтай хамт гарсан чинь нөгөө ах нь манай өрөөний өөдөөс харсан өрөө рүү орсон. Тэгсэн чинь *** энэ танай өрөө мөн юм уу гэж хэлээд араас нь орсон. Тэгэхээр нь би араас нь ороод наад хүний чинь өрөө биш юм бишүү наад хүнээ гаргаач гэж хэлээд өөрийнхөө өрөө рүү ороод унтсан.

... Бид нар мэдэхгүй гэсэн чинь ***г заагаад хяналтын камерын бичлэгээр чи өрөө рүү орж байгаа бичлэг байна гэхэд *** би орсон, гэхдээ гар утас аваагүй гэсэн. Тэгсэн чинь нэг цагдаа ***тэй уулзаад асуугаад байсан. Удалгүй *** би аваад нуусан гэж хэлээд тэр цагдаатай хамт буудлын өрөө рүү яваад гар утас, цаг хоёрыг авч ирсэн. Тэгээд би ***г гар утас авсан талаар мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дахь тал/

 

Гэрч *** гийн “...Тэгээд бид дөрөв гар утсаараа тоглоод дуу сонсоод хэвтэж байсан чинь 06 цагийн үед хаалга цохисон. *** хаалга онгойлгоод араас нь *** очсон. Тэгээд *** тэр хүнтэй яриад та аль өрөөнийх юм гэж хэлээд хамт гарсан. Араас нь *** гараад 10 секунд бололгүй буцаад ороод ирсэн. Тэгээд *** 10 орчим минутын дараа орж ирээд хаалга түгжээд бид нар унтаад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37-38 дахь тал/

 

Ашид Билгүүн ХХК-ны 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн ТХҮ-723 дугаартай дүгнэлт. /хэргийн 40-44 дэх тал/

 

***гийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд юм яриад сууж байсан чинь хаалга цохисон. *** ах хаалга онгойлгоод чамтай уулзах гэж байгаа юмуу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би очоод юун хүн бэ, яах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь тэр ах би өрөөгөө андуурсан юм шиг байна гэхээр нь би урд талын өрөөний хаалга онгорхой байна, энэ таны өрөө юм бишүү гэсэн чинь тэр ах миний дүү намайг өрөөнд минь оруулаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд онгорхой байсан 321 тоот өрөө рүү хамт орсон чинь миний өрөө биш байна гэж тэр хүн хэлсэн. Тэр үед *** ах араас 321 тоот хаалга онгойлгоод наад хүний чинь өрөө биш юм бишүү, наанаасаа гар гэж хэлээд яваад өгсөн. Тэр өрөөнд нэг эрэгтэй хүн унтаад сэрэхгүй байсан. Тэгээд би тэр ахыг аваад өрөөнөөс гарах гэтэл 321 тоот өрөөний хаалгын хажуу талын ширээн дээр гар утас, бугуйн цаг хоёр байхаар нь аваад гарсан. Өрөөнөөс тэр ах гарангуутаа миний өрөө тэнд байгаа юм байна гэж хэлээд баруун тийшээ эргээд ганцаар яваад өгсөн. Тэгээд би өөрийнхөө өрөө рүү ороод тэр гуравт хэлэхгүйгээр бие засах өрөөний оо сойз, нүүр гарын алчуур хийдэг саванд гар утас болон бугуйн цагийг нуусан. Тэгээд унтаад өгсөн. Өдөр 14 цагийн үед өрөөнөөс гарч доошоо буусан чинь буудлын угтагч өөрийнхөө гар утаснаас зураг харуулаад чи мөн үү гэж асуусан. Тэгсэн чинь гар утсаа алдсан хүн миний гар утсыг авсан бол буцаагаад өгчих, удахгүй цагдаа ирнэ гэсэн. Тэгэхээр нь би нөгөө гурваасаа санаа зовоод би аваагүй гэж хэлсэн. Тэгсэн чинь өрөөндөө ороод сууж бай гэж угтагч эгч хэлээд бид нар өрөөндөө буцаж ороод сууж байтал цагдаа ирээд бид нарыг хэсэг рүүгээ авч явсан. Хэсэг дээр очоод бид дөрвийн хувцсанд үзлэг хийгээд гар утас, цаг гарч ирээгүй. Тэгсэн чинь нэг цагдаа ах нь надтай хоёулахнаа уулзаад авсан бол гаргаад өгчих гэхээр нь би буудлын бие засах өрөөнд нуусан байгаа гэж хэлээд хамт явж гар утас болон бугуйн цагийг нуусан газраасаа авч цагдаад өгсөн.

... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 61-62 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрхэс зочид буудлаар хохирогч *** нь үйлчлүүлж найз нарын хамт 321 тоот өрөөнд согтууруулах ундааны хэрэглэжээ.

Тухайн үед хохирогч ***ын үйлчлүүлж байсан өрөөний эсрэг талын өрөөнд буюу 322 тоот өрөөнд шүүгдэгч *** нь найз нарын хамт үйлчлүүлж байсан ба хохирогч *** нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өрөөгөө андууран шүүгдэгч ***гийн амарч байсан өрөөний хаалгыг тогшжээ.

Энэ үед шүүгдэгч *** нь хохирогч ***ыг өрөө андуурсанг хэлэн түүний үйлчлүүлж байсан 321 тоот өрөөг зааж өгөх явцдаа тус өрөөнд хохирогч ***ын зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, түүний эзэмшлийн I phone 11 pro max загварын гар утас, G shock загварын бугуйн цаг зэргийг хулгайлан авч, 1,520,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч *** нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль ёсоор буюу хохирогч ***ын зөвшөөрлөөр нэвтрэн орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдоогүй болно.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч ***т бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч ***т 1,520,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***т I phone 11 pro max загварын гар утас, G shock загварын бугуйн цаг зэргийг биет байдлаар хүлээлгэн өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар мэдүүлсэн нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч ***г гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогтоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “Ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ***г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***гийн цагдан хоригдсон 9 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ