Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/521

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205012810550 дугаартай хэргийг  2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэгт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засалчин мэргэжилтэй *** хийдэд нарийн бичгийн ажилтан ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг *** хороо *** хэсэг Улиастай гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг *** хороо Ногоон чулуут *** гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***

 

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс  26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 99 нэртэй караокед ***тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж,  улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  *** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч ***ийн “... Би 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө хичээлээ тараад найз ***той уулзаад Гандангийн Х2 нэртэй хоолны газар хоол идчихээд гараад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 99 нэртэй караоке дотор зааланд сууж байсан чинь манай найз *** над руу утсаар яриад хаана байгаа юм уулзая гэхээр нь би караокед байна гэсэн чинь би одоо очлоо гэсэн. Тэгээд 00 цагийн орчим *** найз эмэгтэй ***ийн хамт ирсэн гэхээр нь би гарч таксины мөнгийг нь өгчхөөд буцаж орж ирээд караокены нийтийн зааланд хаалгаар ороод зүүн талаасаа 4 дэх ширээн  дээр дөрвүүлээ сууцгаагаад хүний хоёр хоёр шил Tiger нэртэй 0,5 литрийн хэмжээтэй пиво захиалаад ууцгаасан. Тэр үед ***, *** хоёр бүжгийн талбай дээр бүжиглэх гээд гарсан ба би ширээн дээр *** гэх эмэгтэйтэй хамт үлдсэн. Тэгтэл *** өөдөөс харж сууж байснаа гэнэт ямар ч шалтгаангүй алцайсан ал вэ чи яасан гэснээ пивоны шил барьж аваад над руу шидэх гэж байсан чинь ***, *** хоёр ирээд болиулсан. Тэгээд би духаа бариад үзсэн чинь цус гарчихсан байсан ба цагдаад дуудлага өгсөн.

...Тухайн үед надад учирсан хөнгөн гэмтлийг *** гэх эмэгтэй намайг пивоны шилээр цохиж нүүр лүү гараараа цохиж надад учруулсан.

... Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Эмчилгээний зардал хохирлын мөнгө нэхэмжилнэ. Одоогоор надаас 850,000 төгрөгийн хохирол мөнгө гарсан.

*** гэх хүнийг би сайн танихгүй. Тухайн өдөр анх удаа танилцсан. ***ын найз. 80143632 гэсэн дугаарын гар утастай. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ...” гэсэн  мэдүүлэг. /хэргийн 20-22 дахь тал/

 

Гэрч П.***гийн “...Тэгээд удалгүй *** найз *** гэх эмэгтэйтэй ирээд *** таксины мөнгийг нь төлөөд манай ширээн дээр хамт сууцгаасан. Тэгээд би ***тай бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь манай ар талын ширээнд сууж байсан хүмүүс хүүе танай найзыг чинь цустай нь холиод хаячихлаа гэхээр нь яваад очсон чинь ***ийн нүүр цус болчихсон байсан ба *** пивоны шил бариад ***ийг цохих гэж байхаар би гарт нь байсан пивоны шилийг булааж аваад болиулсан.  ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5099 дугаартай:

“... 1. ***ийн биед духанд шарх, зүүн нүдний зовхи, эрүү, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5.6. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 36-37 дахь тал/

 

Шинжээч Б.Сэргэлэнгийн “...***ийн биед учирсан духанд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа болон нийлсэн ч гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Духанд шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих болон цохигдох үед үүсгэгдэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 50-51 дэх тал/

 

***ийн яллагдагчаар өгсөн “... Би 2022 оны 3 дугаар сард Зурагтын шинэ эцэст нийтийн байр түрээслэж амьдардаг байсан бөгөөд тухайн байранд түрээслэж амьдардаг *** гэх эмэгтэй хүнтэй байрнаас гараад хамт караокед сууж байсан. ***ын гар утас нь дугараад манай нэг найз дуудаад байна гээд хамт очъё гээд хороололд 99 нэртэй караокед ороход 2 эмэгтэй нэг эрэгтэй хүн караокед байсан. Тэр хүмүүс согтуу байсан.

Ширээн дээр нь суусны дараа ***  хохирогч гэх ***тэй пиво авна, авахгүй гээд *** надад чи өөрөө мөнгөөрөө пиво ав, би танихгүй хүнд пиво авч өгөхгүй гэж агсан тавиад байсан. Би уурлаад дууссан байсан пивоны шилийг тэр эмэгтэй рүү шидсэн. Тэгтэл дух хэсгээс нь цус гарсан. Тэгээд би  гараад явлаа гээд явах гэхэд араас ирээд намайг түлхэж унагасан. Би жирэмсэн байсан. Тэгээд *** намайг таксинд суулгаж өгөөд явуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 53 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 99 нэртэй караокед *** нь найз П.***гийн хамтаар үйлчлүүлж байжээ.

Энэ үед П.*** нь өөрийн найз ***тай уулзахаар болж, ***ыг уг караокед дуудсан ба ***, шүүгдэгч ***ийн хамт очжээ.

Ингээд үйлчлүүлж байх хугацаандаа шүүгдэгч *** болон *** нарын хооронд үл ялих зүйлээс болж маргаан үүссэн бөгөөд шүүгдэгч *** нь ***ийн биед халдаж эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн нүдний зовхи, эрүү, баруун бугалганд цус хуралт гэмтэл учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

  1.3  Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

  1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5099 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *** нь 850,000 төгрөгийг нэхэмжилсэн мэдүүлэг /хэргийн 20-22 дахь тал/ өгсөн байх ба өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлын талаарх баримтыг гарган өгөөгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тооцох боломжгүй байна.

Гэхдээ хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ