Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/486

 

 

 

 

   2023          06          14                                     2023/ШЦТ/486

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Г.Ганхөлөг /томилолтоор/,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Л.Цэндоо,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103002930111 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

           2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

 Шүүгдэгч *** нь иргэн ***ын Монгол Орсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Бетон дэрний үйлдвэрт 16К/20 токарийн суурь машины сэлбэг нийлүүлэх ашиг сонирхлын үүднээс Төмөр бетон дэрний үйлдвэрийн механик инженер ***тэй холбон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь *** тоот дансанд ***ын эзэшмлийн Хаан банк дахь *** тоот данснаас 1.000.000 төгрөг шилжүүлэн хахууль авсан,

 Шүүгдэгч *** нь Монгол Орсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Бетон дэрний үйлдвэрт 16К/20 токарийн суурь машины сэлбэг нийлүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Монгол Орсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан инженер байцаагч ***өд Төмөр бетон дэрний үйлдвэрийн механик инженер ***тэй холбон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны *** тоот данснаас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ***ийн эзэмшлийн хаан банк дахь *** тоот дансанд 1.000.000 төгрөг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “Дэр бетоны үйлдвэрт токарийн суурь машин нийлүүлсэн шагналд нь 1.000.000 төгрөг авсан нь буруу. Хуулийн зүйл, заалтыг мэдэж авлаа. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

Шүүгдэгч ***: “*** гэдэг танил дүү токарийн машин байна уу гэж асуухад байна гэж хэлсэн юм. *** механик ирээд токарийн машин  сонгоод авсан ба би тэр машиныг нь үйлдвэрт нь аваачиж суурилуулж өгсөн. Отгоо ахаа хүүхдийн сургалтын төлбөрт 1.000.000 төгрөг хэрэг боллоо, байна уу гэхэд нь миний ажлыг бүтээж өгсөн тул 1.000.000 төгрөг өгсөн” гэв.

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай үйлдвэрийн зөвлөгөөн гэж 1 дэх өдөр болгон болдог юм. Тухайн зөвлөгөөн дээр 16к20 маркийн токарийн машины сэлбэгийг судалж ирэх үүргийг механик инженер ***өд өгсөн. Тэгээд Их ариг үр, Нэсаж, Алтай эко тур, Смайлгранд ХХК-н 16к20 токарийн машины сэлбэгийн судалгааг Смайлгранд ХХК-ний тамга, тэмдэгийг барьсан *** гэдэг хүнтэй механик инженер *** нь дээрх компаниудын судалгааг авч ирж надад өгсөн байгаа. Тэгээд үнийн дүнгийг судалгааг хийж байгаад Нэсаж, Смайлгранд ХХК-с сэлбэг авсан гэх боловч яг биетээр бол хүлээж авч няравт хүлээлгэж өгөөгүй. Миний бие гаднаас орж ирж байгаа сэлбэг, бараа материалыг биетээр нь хүлээж авч няравт хүлээлгэж өгөх ёстой байдаг. Тухайн үед бол Нэсаж, Смайлгранд ХХК-с сэлбэг хүлээж аваагүй. ...сэлбэг бол тухайн үед ирээгүй. 16к20 маркийн токарийн машинаараа ирсэн байдаг...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 22-23/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...16к20 маркийн токарийн машинд шинээр сэлбэг хийгээгүй. Манай үйлдвэрт хуучин гаднаас саарал өнгөтэй 16к20 маркийн сэлбэг ирсэн. Тэгээд хуучин үйлдвэрт байсан ногоон 16к20 маркийн машиныг аваад саарлыг нь тавиад ногооноос нь хэрэгцээтэй сэлбэг авч саарал руу тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 222/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...16к20 маркийн токарийн машины сэлбэгийг бол нэг бүрчлэн хүлээж бол аваагүй, 16к20 маркийн токарийн машины сэлбэг бол орж ирээгүй. Саарал өнгийн 16к20 маркийн токарийн машин томоор нь гаднаас механик инженер *** хүлээлгэн өгч байсан....” гэсэн мэдүүлэг /хх 3-н 36-37/,

Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...16к20 маркийн токарийн машинд их засвар хийх талаар үйлдвэрийн ерөнхий инженер ***, Их барилга, их засвар хөрөнгө оруулалтын инженер *** нар нь гаднаас токарийн машин оруулж ирж сэлбэхээр техникийн дүгнэлтийг гаргаж нэг 16к20 маркийн токарийн машин үйлдвэрт оруулж ирсэн. Манайд байсан хуучин 16к20 машины зам элэгдэж хэмжээ алдагдсанаас шалтгаалан гаднаас орж ирсэн 16к20 токарийн машиныг  хуучин 16к20 маркийн токарийн машины суурин дээр суурилуулж, энэ хоёрын 16к20 маркийн токарийн машиныг хооронд нь сэлбэж ажилд оруулсан байдаг. Засвар хийгдэж дууссаны дараа *** нь над руу утсаар ярьж сэлбэсэн 16к20 маркийн токарийн машины кропусыг хүн нь буцааж авна шүү. Та хадгалж байгаарай Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан очиж чадахгүй байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 44-46/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ажилтан *** гэдэг хүн над руу төмөр замын албан утаснаас залгаж яриад “Дэр бетоны үйлдвэрийн механик *** мөн үү гэж асуугаад чамтай нэг хүн ярина, чи тэр хүнтэй холбогдож байгаад очоод түүнд байгаа токарийн машинуудыг нь үзэж хараарай” гэж хэлсэн юм. Гэтэл 90111960 гэсэн дугаараас над руу нэг эрэгтэй хүн залгаж яриад намайг ирээд токарийн машин үзчих гэж хэлээд Андууд худалдааны төвийн тэнд улузаж, 40 гаруй насны эрэгтэй хүн манай албаны машинд суусан юм. Тэгээд тэр хүн намайг дагуулаад яармагийн гэр хороолол, Монос эмийн сан, Ботаник зэрэг газруудаар дагуулж яваад токарийн машин зарах гэж байгаа гэх 6 газарт нилээн хэдэн ширхэг токарийн машин үзүүлсэн юм. Тухайн үзэж харсан токарийн машинууд нь 6.000.000-20.000.000 төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгээд би үзэж байгаад ***гийн тэнд очиж үзсэн 8 бил үү, 9 сая төгрөгийн үнэтэй 16к20 маркийн токарийн машиныг сонгосон юм. Тэгээд токарийн машинаа авахгүйгээр Сайхан суманд ирээд байгууллагын дарга Баярсайхан, ерөнхий инженер Түмэнбаяр нарт танилцуулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 77-78/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...механик инженер ***ийг Улаанбаатар хот руу явуулж 9 сая төгрөгт багтааж худалдан авах боломжтой гайгүй сайн ажилладаг токарийн машин байгаа эсэхийг судлуулсан ба тухайн үед Улаанбаатар төмөр зам ХНН-ийн их засварын инженер *** над руу утсаар яриад “...***ийг надтай уулз гэж хэлээрэй, токарийн машин байгаа газар зааж, үзүүлж харуулна” гэж хэлсэн юм. Тэгээд би ***ийн хэлсэн зүйлийг ***өд хэлсэн ба *** нь хотод очоод ***тэй уулзаад 2-3 газраар токарийн машин үзээд буцаад сумандаа ирсэн юм. *** нь ирэхдээ нэг токарийн машин нь их гайгүй юм байна, тэр токарийн машиныг авах юм бол авч ирээд сурилуулаад өгөх юм байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 219-220/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сэлбэг бараа материал нийлүүлж байгаагүй. *** гээд танилдаа өөрийн нэр дээр үүсгэн байгуулсан “Нэсаж” ХХК-ний санхүүгийн анхан шатны баримтуудыг ашиглуулсан байгаа. ...Төмөр бетон дэрний үйлдвэрийн санхүүгээс 4.500.000 гаран төгрөг орсон байдаг. Яг сайн санахгүй байна. Тэгээд дээрх мөнгөний 5 хувийг миний бие аваад үлдэгдэл мөнгийг *** руу шилжүүлсэн байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-н 70-71/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3-н 12/, ***ын эзэмшлийн Хаан банк дахь *** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх 3-н 136-142/, ***ийн эзэмшлийн хаан банк дахь *** тоо дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга /хх 3-н 143-149/, шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 3-н 151-157/, шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 3-н 159-164/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь иргэн ***ын Монгол Орсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Бетон дэрний үйлдвэрт 16К/20 токарийн суурь машины сэлбэг нийлүүлэх ашиг сонирхлын үүднээс Төмөр бетон дэрний үйлдвэрийн механиз инженер ***тэй холбон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь *** тоот дансанд ***ын эзэшмлийн Хаан банк дахь *** тоот данснаас 1.000.000 төгрөг шилжүүлэн хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутай,

Шүүгдэгч *** нь Монгол Орсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Бетон дэрний үйлдвэрт 16К/20 токарийн суурь машины сэлбэг нийлүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Монгол Орсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан инженер байцаагч ***өд Төмөр бетон дэрний үйлдвэрийн механик инженер ***тэй холбон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны *** тоот данснаас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ***ийн эзэмшлийн хаан банк дахь *** тоот дансанд 1.000.000 төгрөг шилжүүлэн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч ***, *** нарын мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч ***, ***, ***, ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь ***ыг 16к20 токарийн суурь машины сэлбэг нийлүлэх ашиг сонирхлын үүднээс инженер ***тэй холбон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд эд зүйл авсан,

Шүүгдэгч *** нь 16к20 токарийн суурь машины сэлбэг нийлүүлж өөртөө даваа байдал бий болгох зорилгоор ***өд инженер ***тэй холбон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд эд зүйл өгсөн нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаарХахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэний хариуд хахууль авсан”,

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ***ийн “хахууль авсан”, шүүгдэгч ***ын “хахууль өгсөн” гэмт хэрэг нь 2020 онд үйлдэгдсэн ба Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон ба прокуророос шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд улсын яллагч нарын шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Тухайн гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч торгуулийн ялын доод хэмжээгээр торгож өгнө үү гэсэн дүгнэлт, шүүгдэгч ***ын өмгөөлөгч зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзсан шүүгдэгч ***өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэх нь Эрүүгийн хуулийн дээрх зорилгыг хангана гэж шүүх дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч *** нь тухайн хахуульд авсан гэх 1.000.000 төгрөгийг шүүгдэгч ***т буцаан өгсөн, шүүгдэгч *** нь буцаан авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч ***аас тухайн хахуулийн мөнгө болох 1.000.000 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэний хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

           - Шүүгдэгч ***ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,

           - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 1.000.000 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОТГОНБАЯР