Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 153

 

  Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

              прокурор С.Оюунжаргал,

иргэний нэхэмжлэгч Ц.О,

            хохирогч З.О, иргэний нэхэмжлэгч Ц.О нарын өмгөөлөгч Г.Алтанчимэг,

шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч О.Одхүү,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/971 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч О.Одхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох 1903 00000 0245 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Б овгийн Б-н А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “...” сүлжээ дэлгүүрт менежер ажилтай, ам бүл 7, нөхөр, хүүхдүүд, зээ нарын хамт .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;

  Б.А нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 07 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ардчиллын ордон”-ы баруун замд “Тоёото Приус 10” загварын, 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон  явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, жолооч Б.Н-н жолоодон явсан “Тоёото королла филдер” загварын, 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч З.О-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүгдэгч Б.А-с 7.000.500 төгрөгийг гаргуулж, 798.000 төгрөгийг хохирогч З.О-д, 4.559.500 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.О-д, 1.643.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.О-т тус тус олгох, хохирогч З.О, иргэний нэхэмжлэгч Ц.О нараас өмгөөллийн хөлс нэхэмжилсэн нийт 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч З.О нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт хураан авсан Б.А-н №255765 дугаартай жолооны үнэмлэхийг түүнд буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч О.Одхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Уг шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Өмгөөлөгч миний бие хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед оролцогчийн эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтыг илт зөрчин уг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур нотлох баримт цуглуулж, түүнийгээ эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болгож байгаа болон хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж шийдвэрлэх талаар удаа дараа хүсэлт гомдол гаргаж байсан боловч прокурор, шүүх эс хэрэгсэж, хууль зөрчин цуглуулсан нотлох баримтад үндэслэн шийтгэх тогтоол гаргасан юм.

Тодорхой тоочвол: 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шинжээч томилж 6411 дугаартай “З.О-н биед гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон” тухай дүгнэлт гаргуулсан байдаг. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн бүлгийг бүхэлд нь “шинжээч томилж шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулахтай холбоотой” үндэслэл, журмыг тогтоохоор тусад нь нэг бүлэг болгосон байдаг.

Гэтэл энэ бүлэгт заасан үндэслэл, журмыг зөрчиж дүгнэлт гаргуулаад түүнийгээ үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд уг хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтад мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэсэн заалтуудыг бүгдийг зөрчсөн үйлдэл болсон.

Хуульд заасан “Шинжилгээ хийлгэх журам”-ын 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна” гэж заасан. Гэтэл хэрэг бүртгэлтийн явцад яллагдагч байдаггүй, иймээс тухайн үед гэрч байсан Б.А-д хуулийн энэ заалт хамаарахгүй учраас шинжээч томилсон шийдвэртэй танилцах болон шинжилгээ хийлгэх үед эдлэх эрх буюу шинжээчийг татгалзах, шинжээчид нэмэлт асуулт тавих, тайлбар гаргах, шинжилгээ хийх үед байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцаж дүгнэлтийг эс зөвшөөрвөл тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх зэрэг зайлшгүй эдлэх ёстой, хуулиар олгогдсон эрхээ дахин эдлэх боломжгүй болж эрхээ зөрчүүлж байгаа юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэх гол нөхцөл бол “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” байх шаардлага юм, хэрэв хүндэвтэр хохирол учруулаагүй бол Эрүүгийн хэрэг үүсгэхгүй юм.

Тэгэхээр энэ хүндэвтэр хохирлыг тогтоох, тогтоосон нотлох баримт нь эрүүгийн хэрэгт чухал шийдвэрлэх нотлох баримт болох нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл энэ чухал нотлох баримтаа хуульд заасан үндэслэл, журмыг ноцтойгоор зөрчөөд цуглуулаад байгаа нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Энэ нөхцөл байдлыг шүүхэд удаа дараа хэлж, гомдол, хүсэлт гаргасан боловч эс хэрэгссэн бөгөөд шүүгч Б.Дуламсүрэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шинжээч томилсон нь хуульд нийцэж байна, гэрчид шинжээч томилсон тогтоол, дүгнэлтийг танилцуулсан нь хууль зөрчөөгүй” хэмээн тайлбарлаж байгааг юу гэж ойлгох вэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “бусад оролцогч” гэж “гэрч”-ийг ойлгохоор хуульчилсан.

Гэтэл “шинжилгээ хийлгэх журам”-д заасан эрхийг зөвхөн “оролцогч” буюу “сэжигтэн, яллагдагч...” нарт олгосон бөгөөд үүнд “гэрч” гэдэг этгээд байхгүй. Ийм учраас шинжээч томилохоос эхлээд нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах хүртэл “гэрч” нь ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох боломжгүй бөгөөд үүнийг л бид яллагдагч Б.А-н эрхийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх шийдвэр гаргахдаа дээрх хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасанчлан “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ашигласан” гэж үзэж байна.

Ийм учраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/971 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.

Үүнээс гадна яллагдагч, өмгөөлөгч нар хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоолгох, хэргийн нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөх, яллах, цагаатгах аль аль нөхцөл байдал, шаардлагыг эрх тэгш хангаж өгөхийг шүүхээс удаа дараа хүсэж, осол хэрэг гарахад шууд нөлөөлсөн нөхцөл байдлыг тогтоолгохоор хандсан боловч шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн юм. Үүнээс үүдэн жолооч Б.Нэргүй нь хариуцлагаас мултарч, жолооч Б.А нь ял шийтгүүлж, их хэмжээний төлбөрт унаад байна.

Учир нь юу вэ гэвэл, хэргийн газрын зураг, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзвэл жолооч Б.Нэргүй нь тухайн үед Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг хэтрүүлж явсан нь харагддаг ба мөн ялгаагүй Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлийг зөрчсөн байдаг.

Шинжээчийн 375 дугаартай дүгнэлтийн 5 дахь хэсэгт “осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтооход тусгай мэдлэг шаардлагатай тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг үндэслэн Шүүх шинжилгээний хүрээлэн болон Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулиас бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай” хэмээн тухайн үеийн хурдыг тогтоох боломжтой болохыг тодорхойлж өгсөн. Үүний дагуу бид бүрэлдэхүүнтэй шинжээч томилж тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоолгож өгөхийг шүүхээс хүссэн боловч энэ хүсэлтийг хангаж өгөөгүй.

Уг нь шүүх бидэнд тэгш боломжийг хангаж өгөөд дараа нь цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бол бидэнд гомдол гаргах, давж заалдах шаардлага гарахгүй байсан юм.

Иймээс бид “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” учраас дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Энэ үндэслэл ч гэсэн “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” нөхцөл болох бүрэн боломжтой. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ц.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирлоо яаралтай гаргуулж авмаар байна. Шүүгдэгч талаас удаа дараа гомдол гаргаж цаг завыг үрж, чирэгдэл учруулж байна. ...” гэв.

Хохирогч З.О, иргэний нэхэмжлэгч Ц.О нарын өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь, Зам тээврийн ослын талаар 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр  цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, мөрдөгч тухайн өдөр шинжээч томилж, хохирогч З.О-н биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулахад хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон. Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан ба хүсэлтүүдийг шүүх хангаж, хоёр удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Автомашины хурдыг тогтоолгох хүсэлтийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Н-н “тухайн өдөр 50 км/цаг орчим хурдтай явж байсан”, мөн хохирогч З.О-н “50 км/цаг орчим хурдтай чигээрээ явж байхад нь зүүн гар талаас автомашин орж ирээд мөргөсөн” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд хурд хэтрүүлээгүй нь тогтоогддог. ... Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь уг хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар мөргүүлсэн гэх тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Учир нь, тухайн тээврийн хэрэгслийн тоормозны бүрэн зогсолтыг тогтоосны эцэст хурдыг тогтоодог. Гэтэл автомашин гадны хүчин зүйлийн үйлчлэлээр зогссон. Б.А нь хөдөлгөөний чиг өөрчлөх буюу уулзвар нэвтрэх замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж, бусдын эрүүл мэнд болоод эд хөрөнгөд хохирол учруулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.А нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 07 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ардчиллын ордон”-ы баруун замд “Тоёото Приус 10” загварын, 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон  явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, жолооч Б.Н-н жолоодон явсан “Тоёото королла филдер” загварын, 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч З.О-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч З.О-н “...Б.Н нь “Т” ХХК-ийн эзэмшлийн, “Тоёота Королла” загварын, 74-71 УНИ улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодон, би болон Батравдангийн хамт суугаад Ардчиллын ордоны баруун замд, ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал эсрэг урсгалаас “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл нь зүүн гар тийшээ эргэж орж ирээд мөргөлдсөн. ... Би Б-н хамт машины арын суудалд сууж явсан. ...” /1 хх 28-29/,

иргэний нэхэмжлэгч Ц.О-н “... “Тоёота Королла Филдер” загварын, 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Т” ХХК-ийн нэр дээр байгаа ба би уг машины зээлийг сар бүр төлдөг. Манай гэр бүлийн хэрэгцээний машин байгаа юм. ...” /1 хх 38-39/,

гэрч Б.Н-н “... Би “Тоёота Королла” загварын, 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, З.О, Н.Б нарын хамт Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороолол, Ардчиллын ордоны баруун замд, ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас зүүн гар тийш гарц руу эргэх гээд “Тоёота Приус 10” загварын, 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт ороод ирсэн. ... Би харсан даруйдаа тоормосоо гишгэж, дуут дохио өгсөн боловч тухайн машинтай мөргөлдсөн. ...” /1 хх 60/,

гэрч Н.Б-н “... Би Б.Н-н жолоодон явсан машин дотор З.О-н хамт суугаад явж байтал гэнэт түс гэх чимээ гараад нэг машинтай мөргөлдөөд зогссон. ...” /1 хх 62/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...З.О-н биед зүүн хацар ясны далд хугарал, хүзүү, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1 хх 66/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн “... “Тоёота Приус 10” загварын, 90-17 УНН улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 15.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх  тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй. ...” /1 хх 213/ гэх дүгнэлтүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 7-8/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1 хх 9-14/,  

Мөрдөгчийн магадлагаа “... “Тоёота Приус 10” загварын 90-71 УНН улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодон явсан Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөний осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. ...” /1 хх 90-91/,

 “Ашид билгүүн” хөрөнгийн үнэлгээний компанийн “... “Тоёота Королла Филдер” загварын, 74-71 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 3.969.000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэх /1 хх 79-80/,

“... “Тоёота приус 10” загварын, 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 1.643.000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэх /1 хх 84-85/ авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангууд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.А-н хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн шүүхээс шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-д оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч О.Одхүүгээс “...Б.А нь шинжээч томилсон шийдвэртэй танилцах болон шинжилгээ хийлгэх үед эдлэх эрх буюу шинжээчийг татгалзах, шинжээчид нэмэлт асуулт тавих, тайлбар гаргах, шинжилгээ хийх үед байлцах, дүгнэлтийг эс зөвшөөрвөл тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх зэрэг зайлшгүй эдлэх ёстой, хуулиар олгогдсон эрхээ дахин эдлэх боломжгүй болж, түүний эрхийг зөрчсөн...

Б.Н нь тухайн үед Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг хэтрүүлж явсан нь харагддаг ба тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлийг зөрчсөн. Осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтооход тусгай мэдлэг шаардлагатай тул Шүүх шинжилгээний хүрээлэн болон Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулиас бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж, хурдыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, жолооч Б.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.9 дэх заалтуудыг зөрчиж, зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас замын хөдөлгөөнд осолтой байдал бий болгон, чигээрээ ирж яваа Б.Н-н жолоодон явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан хохирогч З.О-н бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 375 дугаартай дүгнэлт /1 хх 213/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6411 дугаартай дүгнэлт /1 хх 65/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байх ба Б.Н жолоочтой “Тоёота Королла Филдер” загварын, 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох, мөн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан талаар ШУТИС-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А-с осол хэргийн талаар 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр мэдүүлэг авчээ. /1 хх 58/

Хохирогч З.О-н биед хүндэвтэр гэмтэл учирсан талаар 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 6411 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 65/ гарсны дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Б.А-г яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн, түүнээс мэдүүлэг авсан байна.

Шүүгдэгч Б.А-г яллагдагчаар татсаны дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр мөрдөгчийн магадлагаа гарсан байх бөгөөд тэрээр уг магадлагаа болон шинжээчийн дүгнэлттэй 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр танилцсан /1 хх 92/ ба яллагдагчийн хувиар гомдол гаргаагүй байна.

Иймээс мөрдөгч нь Б.А-с тухайн ослын болон замын хөдөлгөөний нөхцөл байдал, ослын газрын хэмжилт, хэргийн газрын үзлэгийн талаар гэрчээр асуусныг хэрэг хянан шалгах ажиллагааг зөрчсөн гэж үзэхгүй.  

Түүнчлэн, шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад З.О-н биед учирсан гэмтлийн талаар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийн үндэслэлд маргаагүй, мөн хэргийн бусад байдлыг тогтоолгуулах талаар гомдол, хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч О.Одхүүгийн гаргасан  хүсэлтүүдийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 375 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4963 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтүүдийг тус тус гаргуулсан байна.

Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд хэргийг мөрдөн шалгах ажиллаагааны явцад болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч, шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг “... өөрийн ... эсрэг мэдүүлэг өгөхгүй байх ...” гэсэн зарчмыг үндэслэн шүүгдэгч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдүүийг давж заалдах шатны шүүх үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан шинжээчийн 4963 дугаартай дүгнэлтээр “Тоёота Королла Филдер” загварын тээврийн хэрэгслийн бүрэн зогсолтын тоормосны мөр биш, “Тоёота Приус 10” загварын тээврийн хэрэгслийн мөр осол хэргийн материалд тэмдэглэгдээгүй учир хурдыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан ба жолооч Б.Н нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг хэтрүүлсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч О.Одхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.