Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0617

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

         Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч “А” ХХК

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга

          Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/*** дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 114/ШШ2025/0032 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Г.Н

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц

          Хэргийн индекс: 114/2025/0029/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч “А” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/*** дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

          2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/*** дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Шүүхийн шийдвэрт дурдсан цаасан баримт бичгийн хувьд 2022 онд батлагдсан гэх барилгын эскиз зураг нь Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 5.1.2, 5.3, 5.4, 6.2, 6.3-д заасныг тус тус хангаагүй буюу эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгээр бүрэн баталгаажаагүй, эрүүл ахуйн улсын байцаагчийн дүгнэлт байхгүй, улсын экспертизээр орж магадлал хийгдээгүй болох нь илэрхий байх бөгөөд шүүх хурлын үеэр нэхэмжлэгч тал энэ тухай маргаагүй хүлээн зөвшөөрсөн байсан. Гарын үсэг зурж баталгаажуулаагүй эскиз зураг, зураг төсөл нь албан ёсны баримт бичиг гэж тооцогдохгүй бөгөөд эрх зүйн маргаанд баримт болж чадахгүй юм. Магадлал хийлгэх үүрэгтэй зураг төслийг магадлалгүйгээр ашиглах нь хуулийн зөрчил болох юм.

          3.2 Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх 2016 онд үүссэн бөгөөд тухайн үед байгуулсан газар эзэмших гэрээ нь үйлчилгээ, нийтийн орон сууц барих зориулалттайгаар байгуулагдсан. Үүнээс хойш хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2020 онд шинээр батлагдсантай холбоотой нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь худалдаа, үйлчилгээний бүсэд хамаарах болсон. Энэ тухай албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Газар эзэмших гэрээ, түүнд заасан газрын зориулалтыг өөрчлүүлж шинэчлэн байгуулах хүсэлтээ гаргах нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Ийм хүсэлт төрийн байгууллагад ирээгүй байхад төрийн байгууллага дур мэдэн энэ ажиллагааг хийх боломжгүй болохыг шүүх харгалзаж үзээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх ба анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” А/*** дугаар захирамжаар “...Дархан сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад шалгарч ялагч болсон хавсралтад дурдсан 22 иргэн, хуулийн этгээд...”-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэн, хавсралтын 12-д “А” ХХК-д Дархан сум, ** дүгээр баг, Н*** талбайн баруун талд байрших, 1783 м2 газрыг үйлчилгээ, нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн өдөр “хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, 000****** дугаар аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

          4. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/*** дүгээр захирамжаар “...төсөл сонгон шалгаруулалтаар газрыг эзэмшүүлэхдээ зориулалтын бус газрыг олгосон, төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах газрын эргэлтийн цэгүүдийн солбицлыг газар дээр нь тодорхойлж тэмдэгжүүлээгүй, ...ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдож, ...этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон бөгөөд хавсралтын 12-д “А” ХХК-ийн эзэмшил газар багтжээ.

          5. “А” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар захирамжаар “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны ...А/*** дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ** дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэсэн байна. 

          6. Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” 01-А/*** дүгээр захирамжаар “Дархан сумын нутаг дэвсгэрт газар эзэмшиж байсан 2 иргэн, 1 хуулийн этгээд (“А” ХХК, ...) нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.

          8. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй (барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м) байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

          9. Хуулийн дээрх зохицуулалт болон Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг “ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгоход ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй” ба “гэрээнд заасан зориулалтын дагуу дараалсан 2 жил” гэх хоёр нөхцөлийг зэрэг хангасан байхыг шаардах бөгөөд захиргаа шийдвэр гаргахын өмнө эдгээр нөхцөлийг бүрэн судалж тогтоох учиртай бөгөөд нэхэмжлэгчийн хувьд дээрх 2 нөхцөлүүд хангагдаагүй учир газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй гэж үзэхээр байна.  

          10. Тодруулбал, нэхэмжлэгчээс тухайн газраа зориулалтын дагуу ашиглах хүрээнд 2016 онд “Дархан-Уул аймгийн Дархан сумын * дүгээр баг Н*** талбайн баруун талд үйлчилгээ, нийтийн орон сууцны зориулалттай газрын байршил”-ын төлөвлөлтийг аймгийн Ерөнхий архитектораар батлуулж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга болон мэргэжлийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан (9)-ууд зөвшөөрөлцөж гарын үсэг зурсан, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ТСШ16/** дугаар 16 давхар үйлчилгээний барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22/** дүгээр үйлчилгээ оффис, зочид буудал барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 онд аймгийн Ерөнхий архитектор баталсан “Үйлчилгээ оффис, зочид буудал”-ын барилгын загвар зураг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Э” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс дээрх цаг хугацаанд тухайн газрыг ашиглахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна.

             11. Мөн хариуцагчаас “А” ХХК-д 2016 онд анх үйлчилгээ, нийтийн орон сууцны зориулалтаар (төсөл сонгон шалгаруулалтаар) газар эзэмшүүлсэн атлаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** дүгээр албан бичгээр “... 2005 онд батлагдсан Дархан хотын 2005-2020 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд ...орчмыг худалдаа үйлчилгээний бүс болгон төлөвлөсөн байгаа тул орон сууцны барилга барих боломжгүй, газрын зориулалтаа өөрчлүүлэн, үйлчилгээний барилга барих боломжтой” гэж шаардсан.

          12. Улмаар “А” ХХК Дархан хотыг 2005-2020 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж 2022-2024 онуудад тухайн газартаа үйлчилгээ оффис, зочид буудлын барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар шинээр батлуулж, барилгын ажлын иж бүрэн зураг төсөл боловсруулах зэргээр холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэх ажиллагаа нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар дахин хийгдэж байгаа болох нь тогтоогдсон.

          13. Түүнчлэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх цаг хугацаанд хамаарах нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байна.

          14. Анхан шатны шүүхийн “...хариуцагч ...үндэслэлгүйгээр газар эзэмшигчийн газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрхийг хязгаарлаж,  ...анх газар эзэмших эрх үүссэн үеэс 2022 оны 22/** дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлах хүртэл хугацаанд тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна...” гэх дүгнэлтийг буруутгахгүй. 

          15. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхдээ газрыг зориулалтын дагуу ашиглах талаарх ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг нягтлан шалгаагүй шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

          16. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэх үндэслэл бүрдээгүй, нөхцөл байдал тогтоогдоогүй тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/*** дүгээр захирамж хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны акт бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй шийдвэр болжээ.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА