Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 00105

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ангирмаа,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Түвшингийн Батжаргалд холбогдох 132/2016/0102/Э индекстэй, эрүүгийн 201606000311 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 1, Булган аймгийн Булган сум 6 дугаар баг 6а хэсгийн 6-12 тоотод оршин суух, 2001 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн №284 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 239.2-т зааснаар 1 жил 6 сар хорих, 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн №146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 181.2.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих, 2006 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн №52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 153.2, 181.2-т зааснаар 3 жилийн хорих, 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн №25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 540000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Түвшингийн Батжаргал /РД:ГЭ80050619/

 

Холбогдсон хэргийн талаар:

П.Батжаргал нь /яллагдагчаар татах тогтоолоор/ нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт иргэн П.Батбаатартай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Батжаргал мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

201606000311 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Хохирогч П.Батбаатарын өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой аав Пүрэвдоржийн ар талд байдаг урьд нь таньдаг Т.Батжаргалыг хөдөөнөөс ирсэн гэж сонсоод би гэрт нь ороход Батжаргал гэртээ ганцаараа байсан. Тэгээд би Батжаргалаас 8000 төгрөг зээлж аваад нэг шил архи аваад гадуур явж байгаад оройхон болж байхад аавынх руугаа ороход Батжаргал манай гэрт сууж байсан. Тэгээд би Батжаргалыг чи хөдөө яваад ирсэн хүн байна даа ганц юм аваад өг гэсэн чинь Батжаргал гарч яваад нэг шил 0.75 граммын ерөөл нэртэй архи авч ирснийг манай аав Пүрэвдорж бид 3 хувааж уусан юм. Тэгсэн Батжаргал намайг нохой ав гэхээр нь дагаад хашаанд нь орсон чинь нэг нохой уясан байсныг хартал айлд байх нохой биш байхаар нь би ийм нохой авахгүй гэсэн. Нөгөө нохой над руу дайрахаар нь би мод аваад нөгөө нохойг 2-3 удаа цохьсон. Тэгсэн Батжаргалын барьж байсан нохой Батжаргалын араар ороод гаслаад байсан. Батжаргал над руу дайраад чи одоо яагаад зүгээр байгаа нохой нүдээд байгаа юм гээд бид хоёр хоорондоо муудалцаж маргалдсан юм. Тэгсэн Батжаргал миний ар нуруу орчим 2 удаа цохиод авах шиг болохоор нь би Батжаргалтай хэрэлдэж байгаад гэртээ орсон. Батжаргал нохойгоо хөтлөөд хашаа руугаа орсон. Тэгээд би гэртээ ороход миний ар нуруу руу хүйтэн оргиод бие өвдөөд байхаар нь гадуур хувцсаа тайлаад үзсэн чинь ар нуруунаас цус гарч байсан учир түргэн дуудаж үзүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

Гэрч Д.Пүрэвдоржийн өгсөн: ...тэр хоёр нохой ярьж байгаад гараад явсан. Хэсэг байж байгаад ороод Батбаатар бие өвдөөд байна гээд байсан. Тэгээд түргэн дуудсан чинь миний хүүг ар нуруунд нь хоёр газар хутгаар хатгасан байсан. Тэгээд түргэн аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ¹380 тоот дүгнэлтэнд: 1. П.Батбаатарын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нь нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 22-23 тал/

Сэжигтнээр өгсөн Т.Батжаргал өгсөн…миний нохойг цохиод авахаар нь би уурлаад та одоо яаж байгаан амьтан нүдээд байхдаа яадаг юм гэсэн чинь битгий хуц би чам шиг бацаанаас айхгүй шүү намайг мэдэх үү гээд надруу агсраад байхаар нь би Батбаатар ахыг айлгах санаатай нөгөө барьж байсан цаасны хутгаараа ар нуруунд 2 удаа хатгасан чинь цаасны хутга ар нуруунд нь орчихсон байсан юм. Тэгээд би нохойгоо уячихаад араас нь орсон чинь Батбаатар ах куртикээ тайлчихсан цамц нь цус болчихсон орон дээр унтаж байсан тэгээд би гайгүй юм шиг болохоор нь гэртээ орчихсон гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 тал/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40 тал/

таслан шийдвэрлэх тогтоол / хх 42-48 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч П.Батжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт иргэн П.Батбаатартай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Батбаатарын... Батжаргал намайг нохой ав гэхээр нь дагаад хашаанд нь орсон чинь нэг нохой уясан байсныг хартал айлд байх нохой биш байхаар нь би ийм нохой авахгүй гэсэн. Нөгөө нохой над руу дайрахаар нь би мод аваад нөгөө нохойг 2-3 удаа цохьсон. Тэгсэн Батжаргалын барьж байсан нохой Батжаргалын араар ороод гаслаад байсан. Батжаргал над руу дайраад чи одоо яагаад зүгээр байгаа нохой нүдээд байгаа юм гээд бид хоёр хоорондоо муудалцаж маргалдсан юм. Тэгсэн Батжаргал миний ар нуруу 2 удаа цохиод авах шиг болохоор нь би Батжаргалтай хэрэлдэж байгаад гэртээ орсон гэх, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... би Батбаатар ахыг айлгах санаатай барьж байсан цаасны хутгаараа ар нуруунд нь 2 удаа хатгасан гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 380 тоот дүгнэлтээр…П.Батбаатарын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Батжаргал нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч Т.Батжаргал анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цаасны хутгыг устгахыг дурдаж тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 мөн хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.4, 418.5 дахь зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Түвшингийн Батжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Т.Батжаргалыг 01 /нэг/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Батжаргалд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 4. Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 8 см цэнхэр иштэй цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.    

                 

                      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН