Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/67

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Намжил /томилолтоор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2205026402060 дугаартай хэргийг 2023 оны 01 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт *******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 18-р хороо, 33-р байр, “Далай Эрдэнэ” СӨХ-ны 00 тоотод оршин суух,  

- урьд Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, ******* /РД: *******/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт 67а байрны орцонд байрлуулан тавьсан хохирогч ******* эзэмшлийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******:

“...Манай охин Сод-Эгшигийн унадаг дугуй нь манай орцны 15-р давхарт түгжээтэй байхад өнөө өглөө гаднаас 40 гаран насны эрэгтэй, эмэгтэй архи уудаг байрын 2 хүн орж ирээд манай 15-р давхарт гарч ирээд манай охины дугуйг аваад гарч байгаа манай орцны хяналтын камерын бичлэг байсан. Манай орц уул нь жижүүртэй бас орцны хаалга кодтой гэтэл тэр 2 хүн яаж орж ирснийг нь мэдэхгүй шууд манай охины дугуйг тайлаад аваад гарсан байсан. Дугуйгаа яаж алдсанаа мэдсэн бэ гэхээр өнөөдөр гэрээс гарахдаа охиныхоо дугуй байдаг хэсэг рүү харсан чинь байхгүй болохоор нь сууц өмчлөгчдийн холбооны камер шүүхэд 2 хүн авч байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн:

“...Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 67а байрны 15-р давхрын хяналтын камерын бичлэгийг үзэхэд 40 гаран насны эрэгтэй хүн тухайн байрны орцны 1-р давхрын лифтнээс хулгайд алдагдсан гэх хүүхдийн дугуйг авч гарч байгаа хяналтын камерын бичлэг авагдсан...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр камерын бичлэгийг хуулбарласан дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

Гэрч С.Бямбасүрэнгийн:

“...Би тухайн өдөр нөхөр Ганболдын хамт гэртээ 0.5 литрийн архи хувааж уугаад гараад дахин 0.5 литрийн архи хувааж уугаад ирнэ байж байгаарай гэсэн тэгээд би байрны гадаа хүлээгээд зогсож байтал Ганболд хэдэн минутын дараа гарч ирэхдээ унадаг дугуй түрээд гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-31 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 19- ний өдрийн ТХҮ-922/4345 дугаартай: “...нийт хохирлын үнэлгээг 350.000 төгрөгөөр тогтоов...” гэсэн шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 33-35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Ариунзаяад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт 67а байрны орцонд байрлуулан тавьсан хохирогч ******* эзэмшлийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Ариунзаяа, гэрч С.Бямбасүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ТХУ-922/4345 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ариунзаяад 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******оос 350.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ариунзаяад олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч *******ын хувд тэрээр 55 настай тул түүний насны байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу түүний насны байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205026402060 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ариунзаяад олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ