| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2019/03162/И |
| Дугаар | 101/ШШ2020/00295 |
| Огноо | 2020-01-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2020/00295
2020 оны 01 сарын 16 өдөр Дугаар 101/ШШ2020/00295 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “К” ХХК / ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ш” ХХК / /-д холбогдох,
2,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******,*******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Б.Н, захирал Т.Жнар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К” компанийн харьяалалтай худалдаа үйлчилгээний төв болох “Баянзүрх Их Дэлгүүр”-ийн 3, 4, 5-р давхруудын дотор цахилгааны бүхий л монтажийг зориулалтын хар хоолойгоор бүрэн шинээр сольж, давхар бүрийн шийтийн самбарыг анхны барилгын зураг төслийг хийсэн “*******” компанийн “дотор цахилгааны зурагт заасан”-аар шинэчлэн бүрэн засварлах компанийг сонгохоор 2019 оны 3-р сараас хойш олон нийтийн сүлжээгээр зарласан. Нийт 11 компани, хувь хүн оролцож, түүнээс “Ш” ХХК-ний ирүүлсэн урьдчилсан үнийн саналыг хүлээн авч нэлээдгүй удаа уулзалт хийсэн. “Ш” ХХК-ний захирлууд: "одоогоор цахилгааны ажилчид нь чөлөөтэй ажил багатай, тиймээс бид энэ ажилд чинь оръё, одоогийн цахилгааны монтаж чинь анхны барилгын зураг төслийг хийсэн “*******” компанийн “дотор цахилгааны зурагт заасан”-аас тэс өөрөөр, ялангуяа бүх цахилгааны утсыг цайрдсан ган хоолойнд гүйлгэх ёстой байсныг огт хийгдээгүйгээс түрээслэгч нар дураараа ил утаснаас нь шинэ холболтууд хийж, утаснууд нь энд тэнд шалбарч, галын аюул болоход их ойрхон байна, тиймээс бид энэхүү зургийн дагуу давхар бүрийг 7 хоногт, нийт 5 давхрыг ажлын 28 хоногийн дотор цахилгааны бүхий л монтажийг барилгын анхны цахилгааны зураг төслийн дагуу шинэчилж өгье, мөн тэд танай байгууллагын оффисын байранд сул өрөө байвал нүүж ирээд бусад барилгын засварын ажлыг чинь мөн хийгээд ажлын хөлсөндөө түрээсээ тооцуулж суутгуулъя хэмээцгээж" их л найдвартай гэх итгэл төрүүлснээр тэдний саналын дагуу тохирцгоосон. Иймээс 5-р сарын 29-ны өдөр 2 ба 1-р давхрыг түрээслэгч “*******' ХХК-ий ерөнхий менежер, тэдний цахилгаанчин нарыг оролцуулсан 3 талын хамтарсан уулзалт хийцгээж “Некст электроникс” компанийн хөгжил хариуцсан менежер Нэргүйбаатар энэ уулзалтын талаар ерөнхий захиралдаа яаралтай дамжуулъя бид ч бас энэ санааг дэмжиж байна, манай асар их бараа танайд байршдаг, харин ядахдаа давхар бүрт 3-7 хоног хэсэгчлэн хаалгах талаар хэлэлцэж, засвар хийх хугацааг зөвшилцөөд эргээд мэдэгдэхээр тохирцгоосон бөгөөд үүнийгээ хурлын тэмдэглэлээр баталгаажуулан гарын үсгээ зурсан. Үүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2019 оны 5-р сарын 31-ний 5 дахь өдрийн 17 цагийн үед “Ш” ХХК-ийн захирлууд ирж “2-р давхрыг бүтнээр нь түрээслэгч “Нэкст” компанийнхан ярьсан, тэд 1 дэх өдрөөс яаралтай хийж гүйцэтгэ гэж байна, бид ажил гүйцэтгэх гэрээгээ имейл-ээр явуулсан, 1 дэх өдөр гэхэд эхлэх тул гэрээний хавсралтад тусгасан үнийн саналаар хүргүүлсэн материалын зардал болох 5.900.000,00 төгрөгийг урьдчилан авах хэрэгтэй, энэ мөнгийг бэлнээр өгвөл сайн байна, 1 дэх өдөр өглөө ажлаа эхлүүлчхээд ирээд гэрээгээ хийе” гэсний дагуу өмнө нь нэлээдгүй удаа уулзалдан гал гарах аюул маш өндөр зэрэглэлтэй гэж бидэнд болон “Нэкст”-ийнхэнд ойлгуулсан тул миний бие болон манай ажилчид итгэн банк хаахтай зэрэгцэн оройн 6 цагийн үед “Ш” компанийн дансанд 6,0 сая төгрөг шилжүүлсэн болно. Тухайн өдөр буюу 5 дахь өдрийн орой “Ш” ХХК нь имейл (гэрээг явуулсан тул дараагийн ажлын 1 дэх өдөр буюу 6-р сарын 3-ны өдөр гэрээгээ байгуулсны дараа гэрээний урьдчилгаа 12 сая төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 6,0 сая төгрөгийг төлөхөөр тохирсны үндсэн дээр итгэн дээрх эхний урьдчилгаа төлбөрийг тэдний хүсэлтээр ийнхүү шилжүүлсэн билээ. Гэвч “Ш” ХХК-ний захирлууд 6-р сарын 3-ны нэг дэх өдөр танай имейл (үзлэгээр гэрээг хүргүүлсэн нь нотлогдоно)-ээр явуулсан гэрээтэйгээ танилцсан, хэвлээд манай тал тамга тэмдгээ дарсан бэлэн, одоохондоо завгүй бид танай материалыг цуглуулж байна, маргааш гэрээгээ аваачиж өгнө хэмээн манай ажилтантай имейлээр харьцсан байдаг. Тэд 6-р сарын 4-ний өдөр буюу 2 дахь өдөр ажлаа эхлүүлсэн байдаг бөгөөд тэгэхэд өөр нэг байгууллагатай уулзан мөн л цахилгаан, бусад ажпыгнь яаралтай гүйцэтгэхээр тохирцгоож байсан байдаг. Энэ талаараа зөвхөн 6-р сарын 4-нд ирсэн өдрөө бидэнд мэдэгдсэн бөгөөд иймээс ч өмнө нь бидэнтэй ярьсанчлан ажлаа хийж гүйцэтгэлгүй, “Нэкст электроникс” компанийн түрээсэлдэг 2-р давхарт хуучин сүлжээ монтажилсан утсыг ч шинэчлэн солилгүй, цөөхөн утаснууд дээр хамгаалалтын хоолой гүйлгэж ихэнхийг нь орхигдуулан ажлаа гүйцэтгэж байгаа тухай манай ажилтнууд мэдээлснээр тэдний захирлууд, цахилгаанчин нартай нь хамтарсан уулзалт хийхээр мөн өдрийнхөө 2 цагт дуудуулсан бөгөөд захирлуудын хэлж байсан нь худлаа болж, мөн тэд маргаашаас нь бас нэг өөр ажилд орохоор төлөвлөж байжээ.
Иймээс бид “Нэкст” ХХК-ийн уулзалт хийж байсан менежертэй холбогдон энэ тухай тодруулахад: “би захирлуудтайгаа ярьж амжаагүй байхад 1 дэх өдөр яаралтай юу гэж эхлүүлнэ гэж тэдэнд хэлэх билээ, надтай ердөө ч холбогдоогүй. Худлаа зохилдуулсан байна Дээр уулзалт хийж байхад би 7 сард бол их гүйлгээтэй үе гэж хэлж байсныг санаж байна уу, тэр үгийг ашиглаж, ер нь манайх олон салбартай тэр бүр би бүх юмыг хийдэг, тиймээс цахилгааныхаа их хэцүү, хүн болгон цахилгааны асуудлыг мэдэхгүй тул худлаа хэлж их материал авдаг, хийсэн хийгээгүй нь мэдэгдэхгүй хамгийн зовлонтой улсууд ” гэж хэлсэн нь их ортой болж бидний итгэж байсныг далимдуулан 6,0 сая төгрөгийг шилжүүлсний дараа өмнө тохиролцсон ажлаа хэлсэн ярьснаараа, гэрээнд зааснаар ажлаа хийлгүй тухайн уулзалтаас хойш алга болсон.
“Ш” ХХК ийнхүү 6-р сарын 4-ний өдрийн 11 цагаас ажлаа эхлүүлсэн бөгөөд үдээс хойш 2 цагт тэдэнтэй уулзахаар дуудуулсан. “Ш” ХХК нь хагас ажилласан энэ өдөртөө л 2-р давхрын цахилгааны монтажийн бүхий л утсыг шинэчлэн, шинээр түүндээ зориулалтын хоолой гүйлгэх атал хуучин утас нь дээр нь нийтдээ хорь орчим метр хар хоолой гүйлгэж, 5 пускатель, 3 ширхэг разетка сольжээ. Мөн эхний уулзалтаар давхар бүрт 7хоног, “Некст электроникс” компанийн түрээсэлж буй 2-р давхарт ядахдаа 3 хоног тухайн давхрыг ажиллуулахгүй хааж байж цахилгаан монтажийг шинэчлэн солихоор тохирцгоож байсан атлаа хагас өдөр хүрэхгүй хугацаанд энэхүү давхрын тал орчмыг хийсэн гэх нь энэхүү ажлын чанар, гэрээнд тусгасан зүйлүүд огт хатгагдаагүйгээс дахин энэ ажлыг шинээр гүйцэтгэх болж байгаа юм. “Ш” ХХК нь ийнхүү гэрээний дагуу, ажил авахын тулд хэлж байсан бүхэн нь өөр ажил олонгуутаа, урьдчилгаа төлбөр авангуутаа хулхидан ажлаа гүйцэтгэж байгаад гэрээний үүргийн дагуу бүхий л утсаа зориулалтын утсаар солих шаардлага тавингуут ядахдаа 2-р давхрын цахилгааны шийт, гэрээний бус, дутуу гүйцэтгэсэн ажлаа маргааш нь гүйцээнэ хэмээгээд таг болцгоосон.
Иймээс компанийнхаа нэрийг барин бусдыг хуурч урьдчилгаа төлбөр авсны дараа өөрсдийн зүйлийг тулгадаг захирал гэх Ариунбаяр, Батхүү нар нь хялбар аргаар бусдыг гэрээгээр халхавчлан залилан хийж байгаад, цаашид хувь хүн, байгууллагууд дахин хохирох магадлалыг бодолцон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Хэлтэст хандсан бөгөөд энэ хугацаанд гэрээнд тусгасны дагуу урьдчилгаа төлбөр болох цахилгааны хэрэгслийн материал худалдан авах төлбөр болох 6.0 сая төгрөгөөс 3.8 сая төгрөгийг буцаан шилжүүлсэн байдаг. “Баянзүрх Их Дэлгүүр”-ийн цахилгааны утсыг шинэчлэхээр санал ирүүлсэн байгууллагуудтайгаа дахин уулзахад: “Ш”ХХК-ний 4 цагийн хийсэн гэх ажил нь ямар ч үр дүнгүй ажил болсон байна, бид дахин шинээр барилгын зургийн дагуу мэргэжлийн төвшинд хийх тул энэ ажлын өчүүхэн хэсгийг ч үнэлэх боломжгүй, бүгд хуучин утас нь дээр нь хар хоолой гүйлгэсэн, тэдний ирүүлсэн монтажийн утас нь 2,5-тай нарийхан, өмнөх утас шигээ чанарын шаардлага хангахгүй тул дахин материал авч, шинээр хийхээ” илэрхийлсэн.
Иймд Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч тал “Ш” ХХК-нь гэрээгээ зөрчиж анхны үнийн санал, хамтарсан нэлээд удаагийн уулзалт дээр тэмдэглэгдсэн үүргийн хүрээнд ажлаа чанарын түвшинд гүйцэтгээгүй, хийсэн гэх ажлыг яаралтай дахин шинэчлэн өөр байгууллагаар гүйцэтгэхээс аргагүй болсон тул нэхэмжлэгч тал уг гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу хариуцагч талд төлсөн, гэрээний хавсралтад тусгагдсан материалын урьдчилгаа 6,0 сая төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 2,2 сая төгрөгийг нэхэмжилж байгааг Шүүхээс хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш ХХК-ийн захирал Б.Ариунбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэкст электроникс” ХХК-ийн н.Нэргүйбаатар ирээд уулзалт хийхээр болсон байна гэж хэлж байсан. Хоорондоо тохиролцоогүй учраас түрээсийн төлбөр мөнгө авах гээд асуудал болсон. Энэ зүйлийг бүгдийг нь танайх авах гээд байгаа бол ав гэж хэлсэн. Энэ бол хувь хүмүүсийн хоорондын яриа, манайх хүчээр энэ ажлыг хийгээгүй. Тэгээд бид хоёр нэг тал, нөгөө хүн нь өөр тал юм шиг санагдаад байна. Би нэмэлт гүйцэтгэгч юм чинь энэ хүний үгээр ажлаа хийж байсан. 1 дэх өдрөөс эхэлнэ. Эд баярын өдрөөр болохоор яаралтай хийнэ гэж хэлж байсан. Тэрний дагуу гүйцэтгэж байсан ажлаа нэгэнт бэлэн болсон ажлын төсөв тооцооны дагуу ажиллая. Цаг алдалгүй хийе гэж хоорондоо ярилцсан. Тэгээд ажлаа хийж байгаад цуцалсан. Яагаад больсон шалтгаан бол анх ярьж байснаасаа өөр ажлыг буюу гэрээнд заагаагүй нэмэлт ажлыг нэхээд байсан. Бид нарын төсөвт багтахгүй байсан. Туслах хүүхэн манай захирал шүүхээр явдаг шүү гэж хэлсэн. 3,8 сая төгрөг шилжүүлээд 2,2 сая төгрөгийг бол өгөөгүй. Цагдаа дээр очиход бол нэг өвгөн явдаг гээд хэлж байсан. Өмнөх хуралд дээр задаргаагаа өгсөн. Тээврийн зардал хоол унааны зардлыг 1,2 сая төгрөг гээд өгсөн. Бүхэлчлээд 2,200,000 болсон. Үүнийг анх өөрсдөө ярилцаад гаргасан. Би 3 саяыг авч үлдье гэхэд тийм юм байхгүй гээд, тэгвэл ярилцаж байгаад 2,2 саяыг авч үлдээд үлдсэнг нь шилжүүлье гэж тохирсон. Үүнд нь итгэсэн. Одоо ярьснаасаа буцаад байгаа нь муухай санагдаж байна. Өөрсдөө тохирсон үнэ шүү дээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХК, хариуцагч Ш ХХК-д холбогдуулан 2,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үлдэх шаардлагаас татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар, үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлэн авсан зохигч цахим шуудангаар хоорондоо харилцсан баримтаар зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхын зэрэгцээ ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр зохицуулсан.
Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэх боломжгүйд хүрсэн нь гэрч *******,*******,******* нарын мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирол буюу ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг буцаан шаардсан нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч Баянзүрх их дэлгүүрийн 3, 4, 5-р давхруудын цахилгааны ажлыг хариуцагчаар гүйцэтгүүлэхээр 6,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагчийн үйл ажиллагаанаас шалтгаалан талууд гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болж хариуцагч 3,800,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн талаар зохигч маргахгүй байна. Хариуцагчийн зүгээс үлдэх 2,200,000 төгрөгийг ажил гүйцэтгэхээр нэхэмжлэгчид шилжүүлсэн материал, зураг төслийн үнэ, 2-3 хоног ажилласан зэргийг ярилцан авахгүй байхаар тохирсон тухай шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч “ажил гүйцэтгэхээр нэхэмжлэгчид шилжүүлсэн материалын үнэ”-эс бусад татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үндэслэл бүхий байдлаар шүүхэд нотлоогүй байна.
Хариуцагчийн зүгээс гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэхээр нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн гэх бараа, материалын үнэ 976,400 төгрөг болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан баримтаар тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019.12.06-ны өдрийн шүүх хуралдаанд тус барилгын материалыг хариуцагчид буцаан өгөх боломжтой талаар нэхэмжлэгч тайлбарлаж байсан боловч одоогийн байдлаар тус барилгын материал нэхэмжлэгчийн мэдэлд байгаа талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн хүлээн авсан бараа, материалын үнийг хасах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 976,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******-иас 1,223,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ