Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2022/0851/Э |
Дугаар | 2023/ШЦТ/339 |
Огноо | 2023-05-15 |
Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.1., |
Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/339
2023 05 15 2023/ШЦТ/339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Б.Өлзийжаргал (томилолтоор),
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210008651157 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх тус тус ял шийтгүүлж, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг эдэлж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 415 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 9 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хяналтын хугацаа тогтоосон, *** (РД:***).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нисэхийн 10 дугаар байрны 87 тоотод 7 настай охин ***эс “гар утсаар нь яриад өгье” гэж хэлээд ***ийн эзэмшлийн “Самсунг-эс 20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, гар утсыг зарж борлуулан, түүнд 900,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын СӨХ-ийн байранд ***гийн эзэмшлийн “Ай фоне 11 про макс” загварын гар утсыг Өвөрхангай аймаг руу явуулахаар өгөхөд нь уг гар утсыг зарж борлуулан, түүнд 1,800,000 төгрөгийн хохирол учруулж завшсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гаас: Гэм буруугаа хүлээж байх тул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн болно.
Хоёр: Эрүүгийн 2210008651157 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хохирогч Б.***т хохирол учруулсан хэргийн баримтууд:
1.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр *** гээд залуу манай 6 настай хүүхдээс ярьчхаад өгье гээд Самсунг S-20 маркийн гар утсыг аваад явсан. гэсэн утгатай бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн Б.Мөнхбаярын гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
1.2 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: Би эхнэр ***тэй хувиараа барилга дээр ажил хийдэг юм. Барилга дээр ажил хийж байгаад *** гэх залуутай танилцаж бригаддаа авч ажиллуулах болсон. Гэр нь хол болохоор манай гэрт хэд хоног цалин буутал хамт байсан. 2022 оны 03 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ эхнэр ***тэй хамт том хүүгээ сургуулиас нь авах гээд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 118 дугаар сургуулиас аваад удаагүй гэртээ ирсэн. Хүүхдээс манай эхнэрийн Самсунг Эс-20 загварын гар утсыг аваад явсан байсан. Манай 6 настай хүү ***эс тэр зүс таних залуу өөрийн эхнэртэйгээ яриад зайрмаг аваад ирье гэж хэлээд аваад явсан байсан. Тэгээд эхнэрийн 89117969 гэсэн дугаар луу залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Надтай танилцаад удаагүй 2022 оны 02 дугаар сард ажлын шугамаар танилцсан. Тэр залуу *** гэх нэртэй, 99457772 дугаартай, гэр нь хаана байдаг талаар мэдэхгүй. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Нахи” гэх эмийн үйлдвэрт ажиллаж байсан гэсэн. Манай эхнэр гээд яриад байдаг хүн нь 89170156 утасны дугаартай. Эхнэр нь 5032413006 гэх дансны дугаартай. Өөр зүйл мэдэхгүй. Би утсаа 2021 оны 12 дугаар сард Сайн интернэйшнл ХХК-аас лизингээр 1,999,900 төгрөгөөр худалдаж авсан. Миний утас “Самсунг эс 20 Fe” загварын цайвар ногоон өнгийн, гадуураа өнгөгүй цагаан гэртэй өөр содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй. Одоо би утсаа 1,999,900 төгрөгөөр үнэлж байна. Имей дугаар нь 355497592333222, 355734572333222 гэсэн дугаартай. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
1.3 Хохирогч Б.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ хамт амарсан. Нөхөр *** нь хамт ажилладаг залуу болох ***гийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Чингисийн хүрээ амралтын газарт барилгын ажил хийж байгаад орой ирсэн. Ирэхэд нь хоол унд хийж өгчхөөд байж байгаад нөхөр бид хоёр 22-ын товчооны ойролцоо ажилд явахаар болоод *** гэх залууг хүүхдүүдийн хамт үлдээсэн. Би хүүхдүүддээ хичээлийг нь хийлгэх гээд өөрийн эзэмшлийн Самсунг эс-20 маркийн гар утсыг үлдээсэн байсан. Нөхөр бид хоёр замаараа Баянтөр гэх хүүхдийг сургуулиас нь аваад буцаагаад гэрт нь хүргэж өгье гээд буцаад гэртээ очсон чинь *** гэх залуу манай 7 настай охин ***д утсаар яриад өгье, зайрмаг авч өгье гэж хэлээд тэр охиноос минь утсыг аваад явсан байсан. Тэрнээс хойш холбоо бариагүй, миний гар утас холбогдохоо больсон. Өдийг хүртэл ямар нэгэн холбоо бариагүй. Тухайн гар утас нь миний эзэмшлийнх юм. Цагдаагийн байгууллагад гомдол гаргах үед би цагдаа дээр ирэх боломжгүй байсан учраас манай нөхөр ирж өргөдөл гомдол өгсөн. Манай нөхөр *** нь Өмнөговь аймгийн Цагаанхад гэх газар байгаа бөгөөд ирэх боломжгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),
1.4 “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Х-0018 дугаартай: Samsung galaxy s-20 гар утас хуучин хэрэглэж байсан 1 ширхэг утасны үнийг 900,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 17-19 дэх тал),
1.5. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: Би 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлээд *** гэх хүнтэй Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн хүрээ амралтын газрын дээд талд айлын хаусанд пум цохидог ажил хийсэн. Тухайн үед *** гэх хүн нь тухайн байшингийн эзнээс мөнгө аваад надад өгөх ёстой байсан. Би *** ахын туслахаар ажиллаж байсан. Би өдрийн 50,000 төгрөгөөр тохирч 22 өдөр ажиллаж байсан боловч *** ах надад 100,000 төгрөгөөр нэг удаа, 200,000 төгрөгөөр нэг удаа, нийт 300,000 төгрөг л өгсөн. Уг нь би *** ахаас 1,100,000 төгрөгийг авах ёстой байсан боловч 300,000 төгрөг өгсөн. Тухайн өдөр *** ах бид хоёр ажлаа тараад түүний гэр болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 87 тоотод байх байранд ирсэн. *** ахын эхнэр *** болон хүүхэд *** хамт байсан. *** ах хоол идчихээд байж байсан чинь ах, эгч хоёр нь 22-ын товчоо орчхоод ирье гэж хэлсэн. Надад гурван хүүхдээ харуулаад үлдээсэн. *** Самсунг эс 20 маркийн гар утсаар тоглож байхаар нь би ахдаа утсаа өгчих, ах нь нэг утсаар ярьчхаад өгье гэж хэлээд шууд гэрээс нь гараад явсан. Гэрээс нь гарч яваад шууд Хархорин зах руу яваад, захын гадна утас худалдаж авч байгаа танихгүй хүнд 300,000 төгрөгөөр зарсан. Би мөнгөөр нь хоол унд авч идэх зэргээр үрээд дууссан. Надад *** ах мөнгө өгөхгүй гэж хэлээгүй, мөнгөний хэрэгцээ гарсан учраас тэр хүүхдээс нь утсыг авч яваад зарсан. Тухайн үед би утсаар нь яриагүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
2. Хохирогч ***д хохирол учруулсан хэргийн баримтууд:
2.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэн ***гийн гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 73 дахь тал),
2.2 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 20-ны орой 10 цагийн үед Солонгос Улсаас *** гэдэг хүн манай охин ***д “ I phone 11 pro max” маркийн гар утсыг Солонгос Улсаас ирсэн хүнээс Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллоос очиж авсан. Тэгээд утсаа аваад гэртээ ирсэн. Маргааш өглөө нь босоод ажилдаа явахдаа Солонгос Улсаас ирсэн утсыг өдөр цайны цагаараа Өвөрхангай явах унаанд өгье гэж бодож байсан боловч ажил их байсан учраас хамт ажилладаг *** гэх хүн Их наран орно гэхээр нь чи замаараа Өвөрхангай орох унаанд хийгээд өгчих гэж хэлээд утсаа өгөөд явуулсан. Өдөр нь *** руу залгахад 2 цагийн шууданд өгөх гэж байна гэж ярьж байсан. Тэгээд манай охин *** Өвөрхангайн шуудангаас утас тосож авахаар очсон боловч утас нь байхгүй байсан. ***гийн өгсөн гэх 80391211 гэх дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан. Би тэр орой *** руу залгатал утсаа ерөөсөө аваагүй. Маргааш нь өөрөө над руу залгаад өчигдөр таныг залгахад унтсан байна, юу болсон бэ гэж хэлэхэд нь чиний Өвөрхангай явуулсан утас чинь очоогүй байна, өгсөн дугаар чинь холбогдохгүй байна гэж хэлэхэд яах аргагүй би өөрөө Өвөрхангайн унаанд өгсөн гэж хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Драгон авто зогсоол руу очиж камер шүүх гэсэн боловч цагдаагийн зөвшөөрлөөр шүүнэ гэж хэлсэн. Би ***гаас хаана зогсож байсан автобусанд өгсөн бэ гэж асуухад Өвөрхангай явдаг автобусанд өгсөн гэж хэлсэн. Маргаашаас нь *** ажилдаа ирээгүй, одоог хүртэл ажилдаа ирэхгүй байгаа, дугаар нь холбогдохоо байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. *** манай СӨХ-ийн гражийн жижүүр хийдэг. Хааяа завгүй байх үедээ гуйгаад өөрийн ажилдаа явуулдаг байсан учраас ингэж алга болно гэж бодоогүй. Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороололд ажил дээрээ утсаа өгсөн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал),
- мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дахин өгсөн: Тухайн гар утсыг би БНСУ-аас захиж авч охин ***д өгч явуулах гэж байсан. Уг гар утсыг би өөрийн мөнгөөр БНСУ-аас захиалж авч ирүүлсэн болохоор миний эзэмшлийн утас гэсэн үг. Би хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Тухайн хүнээс нэг ч төгрөг аваагүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал),
2.3 Дамно ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ХУ-22-93 дугаартай: I phone 11 pro max маркийн Солонгос улсад үйлдвэрлэсэн, шинэвтэр гар утасны үнийг 1,800,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 91-92 дахь тал),
2.4 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ амарч байсан чинь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын СӨХ-д хамт ажилладаг *** гэх эмэгтэй над руу утсаар залгаад эгч нь завгүй байна, чи гар утсыг Драгон дээр авч очоод Өвөрхангай аймаг руу унаанд дайгаад явуулаад өгөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. *** эгчтэй уулзахад надад сонины цаасанд боосон жижиг дөрвөлжин хайрцагтай, зүйлийг өгөөд энэ гар утсыг Өвөрхангай явах 14.00 цагийн автобусанд дайгаад явуулчих гэж хэлсэн. Би *** эгчээс утсыг аваад Драгон ороод, тэнд байх гар утас худалдааны төвийн утас засвар дээр нь очоод *** эгчийн надад хөдөө явуулахаар өгсөн гар утасны гэрийг нь онгойлгоод өгсөн үзсэн чинь ай фоне 11 про макс загварын улаан өнгийн гар утас байсан. Би нэг танихгүй гар утас засдаг ах дээр очоод тухайн гар утсыг авах уу гэж хэлэхэд 300,000 төгрөгт авч болно гэхээр нь тэр ахад гар утсыг өгөөд 300,000 төгрөг бэлнээр авсан. Тухайн мөнгөөр өөртөө ойр зуурын хувцас аваад, үлдсэн мөнгийг нь өмнө нь салсан эхнэртээ өгсөн. Салсан эхнэрийн хүүхэд халуураад байсан болохоор эм аваад хүүхдэдээ өгсөн. Тэгээд би *** эгчид Өвөрхангай аймаг руу явах автобусанд дайчихсан гэж худал хэлсэн. Би тухайн гар утсыг авсан хүнийг харах юм бол танина. Цагдаагийн байгууллагад баригдсан өдрөө тухайн гар утас зарсан газарт очоод үзсэн чинь тэр хавийн хүмүүс нь нүүгээд явчихсан, хаана байгааг нь мэдэхгүй гэж байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 151-152 дахь тал),
2.5 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаанд: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Драгон худалдааны төвийн авто машины зогсоол дээр машинаас бууж утас зарсан гэх газрыг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 71-72 дахь тал),
3.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 95 дахь тал), Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоол, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 98-116 дахь тал), Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 118 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 122 дахь тал), Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 415 дугаартай захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 129-130 дахь тал), ***гийн 10360185449 дугаартай Төрийн банкны дансны хуулга (хавтаст хэргийн 134 дэх тал), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч *** нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нисэхийн 10 дугаар байрны 87 тоотод 7 настай охин ***эс “гар утсаар нь яриад өгье” гэж хэлээд ***ийн эзэмшлийн “Самсунг-эс-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, гар утсыг зарж борлуулсан, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын СӨХ-ийн байранд ***гийн эзэмшлийн “Ай фоне 11 про макс” загварын гар утсыг Өвөрхангай аймаг руу явуулахаар өгөхөд нь уг гар утсыг зарж борлуулан завшсан тус тус гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс хохирогч ***т 900,000 төгрөгийг, хохирогч ***д 1,800,000 төгрөгийг тус тус гаргуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн нууцаар гэх шинжид бусдын эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр авч байна гэж шүүгдэгч итгэсэн байхыг ойлгоно. Тухайн шүүгдэгч нь 7 настай охиныг гар утсыг авч явж байна гэдгийг мэдэхгүй, ухамсарлахгүй гэх итгэл үнэмшлээр эд зүйлийг авч явж, худалдан борлуулсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Залилах гэмт хэргийн шинжид хохирогч эд хөрөнгө өмчлөх эрхийг гэмт этгээдэд хууртагдсаны улмаас сайн дураар шилжүүлэн өгсөн, гэмт этгээд бусдын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэх шинж чанартай. Хуурч мэхлэх гэдэг нь бусдын эзэмших, өмчлөх эрхийг хууль бусаар авахын тулд үгээр болон үйлдлээр төөрөгдүүлдэг гэж ойлгоно. Гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдсэн сэдэл, санаа зорилгыг улсын яллагчаас харсан. Иймд хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэгээс: Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм бурууд маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн зүйлчлэлийг тохирсон гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тухайн охиноос гар утсыг нь *** авахдаа гар утсаар чинь яриад өгье, зайрмаг авч өгнө гээд хуурсан нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд улсын яллагчаас яриад буй нууцаар, далд аргаар гар утсыг авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх саналыг гаргаж байна. Мөн миний үйлчлүүлэгч хохирлыг төлөхөө илэрхийлсэн. гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
1.1 Хохирогч ***т эд хөрөнгийн хохирол учруулсан хэргийн талаар.
Прокуророос шүүгдэгч ***г хохирогч ***ийн эзэмшлийн эд хөрөнгийг хулгайлсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанд прокуророос хэргийг зүйлчлэлийн үндэслэлээ тухайн шүүгдэгч нь 7 настай охиныг гар утсыг авч явж байна гэдгийг мэдэхгүй, ухамсарлахгүй гэх итгэл үнэмшлээр эд зүйлийг авч явж, худалдан борлуулсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж тайлбарласан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь “Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг буюу тодруулбал бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгох”-ыг ойлгоно. Нууцаар авсан гэдэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг хэлэх юм. Мөн нөхцөл байдалд дүгнэлт хийж чадахгүй бага насны хүүхдийн дэргэд эд юмсыг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг үзэж болох ба хулгайлах гэмт хэргийн субьектив талын шинж нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хэн ч мэдээгүй гэж ойлгодог онцлогтой.
Түүнчлэн залилах, хулгайлах гэмт хэргийн ялгарах үндсэн шинж нь хохирогчийн хандлага, субьектив шинж чанар байдаг бөгөөд тэрээр хууран мэхлэх болон итгэлийг нь эвдэж буй гэмт хэрэгтний үйлдэлд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн, эзэмшил өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд зүйлсийг сайн дураараа, ухамсарт хандлагаар шилжүүлэн өгч байдаг бол хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт хэрэгтэн эд хөрөнгийг нууц далд аргаар өөртөө шилжүүлэн авдаг тул хохирогчид дээр дурдсан хандлага, субьектив шинж үгүйсгэгдэж байдаг. Тодруулбал залилах гэмт гэмт хэргийн хохирогч нь гэмт хэрэгтэнтэй бодит байдлаар харилцаж байгаа, оюун ухамсар бүхий хувь хүн байх бөгөөд гэмт хэрэгтний зүгээс ашиглаж буй хууран мэхлэх, арга хэрэгсэл үйлдэлд өөрийн зүгээс дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл гаргаж байгаа хүн байдаг.
Тус хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч *** нь хохирогчийн гэрт зөвшөөрлийн үндсэн дээр түр хугацаагаар амьдарч байсан байх ба 2022 оны 03 дугаар сарын 17-ны 19 цагийн үед *** нь нөхрийн хамт гэрээсээ гарч явсан, *** тэдний хүүхдүүдийн хамт гэрт нь үлджээ. Энэ үед шүүгдэгчээс хохирогчийн 7 настай бага насны хүүхэд ***эс утсаар яриад өгье, зайрмаг авч өгье гэж хэлээд Samsung-S-20 загварын гар утсыг авч явсан үйл баримт тогтоогджээ. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч *** нь бага насны хүүхдийн дэргэд нууц далд аргаар хөрөнгийг авсан гэх гэж үзэх боломжгүй, харин утсаар яриад өгье, зайрмаг авч өгье гэж хэлж харилцаа үүсгэж гар утсыг авсан, 7 настай хүүхдийн сэтгэхүйн харьцаа нь нууцаар буюу далд аргаар, илээр эд зүйлийг нь авах зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийх чадамжтай юм. Нөгөө талаас шүүгдэгч нь субьектив сэдэлтийн хувьд өөрийн үйлдлийг хэн ч мэдээгүй гэж ойлгосон гэж дүгнэх боломжгүй, тухайн хөрөнгийн эзэмшигч биш боловч гэртээ байсан хүүхдэд нь мэдэгдэлгүйгээр авсан гэж үзэхээргүй байна. Тиймээс шүүгдэгч нь хохирогчийн гэрт түр хугацаанд амьдарч байхдаа хүүхдээс нь утсаар яриад өгье, зайрмаг авч өгье гэж худал хэлж, хуурч, бодит байдлаар харилцаж гар утсыг нь авсан нөхцөл байдал байх тул шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Иймд шүүгдэгч ***г Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн 10 дугаар байрны 87 тоотод 2022 оны 03 дугаар сарын 17-ны 19 цагийн үед ***ийн эзэмшлийн “Samsung-S-20” загварын гар утсыг түүний 07 настай охин ***эс “гар утсаар нь яриад өгье” гэж хэлж хуурч авч, 900,000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн Б.***аас гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
- Хохирогч Б.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),
- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Х-0018 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 17-19 дэх тал),
- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан үйлдлийг тус гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлжээ.
Тодруулбал “Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.
Тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь хохирогчийн гэрт амьдарч байсан харилцаагаа ашиглан худал хэлж хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч, гар утсыг бусдад худалдан борлуулж, өөрийн хэрэгцээ шаардлагад мөнгийг зарцуулсан үйл баримт нотлогдсон ба, хохирогчийн гар утсыг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаа зорилготойгоор өөрийн мэдэлд авч захиран зарцуулснаар гэмт хэрэг төгсжээ.
Хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”. гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байх ба хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч *** нь залилан авсан Samsung-s-20 загварын гар утсыг буцааж өгөхгүй, хувийн хэрэгцээндээ зарцуулах субьектив санаа зорилготой, амар хялбар аргаар мөнгөтэй болох шунахай сэдэлтээр хохирогчийг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан идэвхтэй үйлдлээр залилах гэмт хэргийг үйлджээ.
Иймд прокуророос шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч ***г хуурч эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
1.2 Хохирогч ***д эд хөрөнгийн хохирол учруулсан хэргийн талаар.
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын Сууц Өмчлөгчдийн холбооны байранд иргэн ***гаас Өвөрхангай аймаг руу явуулахаар 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр итгэмжлэн хариуцуулан өгсөн “I phone 11 pro max” загварын гар утсыг завшиж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэн ***гаас гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 73 дахь тал),
-Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал),
- Дамно ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ХУ-22-93 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 91-92 дахь тал),
- Мэдүүлгийг газар дээр нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 71-72 дахь тал),
-Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 151-152 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших үйлдлийг тус гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлжээ.
“Завших” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг. Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлголт юм.
Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч *** нь Сууц өмчлөгчдийн холбоонд гражийн жижүүрээр ажилладаг байх үедээ хохирогч ***гаас Өвөрхангай аймаг руу явах тээврийн хэрэгсэлд дайж явуулахаар “I phone 11 pro max” загварыг гар утсыг хариуцуулан өгснийг хүлээн авсан байх боловч гар утсыг захиран зарцуулах эрхгүй атлаа бусдад худалдан борлуулж мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулж завшсан үйл баримт нь хангалттай тогтоогджээ.
Хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”. гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***г “бусдын итгэмжлэн хариуцуулан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдэж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
1.3 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх зэргээр учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж хуульчилсан.
Шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Хөрөнгийн үнэлгээний байгууллагын тогтоосон үнэлгээг баримтлан шүүгдэгчээс 2,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.***т 900,000 төгрөг, ***д 1,800,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай. Мөн түүний өмнөх ял шийтгэгдсэн тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 9 хоногийн нэмж нийт эдлэх ялыг 2 жил 10 сар 9 хоногийн хугацаагаар тогтоолгох саналтай. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэгээс: Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн урьд эдлээгүй үлдсэн тэнссэн хугацааны ялыг нэмж нэгтгэж өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ***гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдалтай байна.
Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***г залилах болон хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, хохирол, хор уршгийг арилгаагүй, урьд удаа дараа буюу хулгайлах болон завших гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, засарч хүмүүжээгүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг баримтлан оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоов.
Мөн шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 9 хоногийн хорих ялаас Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 415 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө суллагдаж, хяналт тогтоогдсон байх бөгөөд ялын хугацаа дуусаагүй байхад дахин нэг бүлэгт заасан хоёр санаатай гэмт хэргийг үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.,
2 дахь хэсэгт Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. гэж заасан.
Иймд шүүгдэгч ***д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 10 сар 9 хоногийн хугацаагаар тогтоох хуулийн үндэслэлтэй байна.
Мөн хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд учирсан хохирол, хор уршгийг арилгах нөхцөл боломжийг олгох үүднээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарласан, гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүгдэгч *** нь хохирогч Б.***, *** нарт учирсан хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээг аваагүй, урьд удаа дараа ял шийтгүүлсэн байх боловч дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж саад учруулж, эрэн сурвалжлах ажиллагаагаар түүний олж тогтоосон, нөгөө талаар хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ***д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзэж, хүлээн аваагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
3. Бусад асуудлын талаар:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоног, 2023 оны 05 дугаар сарын 02-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоног, нийт 15 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч *** “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг журамлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг нэмж нэгтгэн, ялын төрөл, хэмжээг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 10 (арав) сар 9 (ес) хоногийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 (хоёр) хоног, 2023 оны 05 дугаар сарын 02-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 (арван гурав) хоног, нийт 15 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гаас 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ***д 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөг, хохирогч Б.***т 900,000 (есөн зуун мянга) төгрөгийг тус тус олгосугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл бичигдвэл шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН