Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 00106

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ангирмаа,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Н.Номинцацрал,

шүүгдэгч Н.Наранзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Шар хангай овогт Нармандахын Наранзаяад холбогдох 132/2016/0103/Э индекстэй, эрүүгийн 201606000312 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхлэсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, аав, ээж, эгч, ах, дүү нарын хамт Булган аймгийн Булган сум 4 дүгээр баг Майдарын задгайд оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шар хангай овогт Нармандахын Наранзаяа /РД:ГР91050505/

Холбогдсон хэргийн талаар:

Н.Наранзаяа нь /яллагдагчаар татах тогтоолоор/ 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Дамбын 4-4 тоотод оршин суух иргэн Н.Номинцацралтай хувийн таарамжгүй харьцааны улмаас үсдэж зодон бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Наранзаяа мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Номинцацрал мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манайд нөхрийн найз ирээд архи уусан. Дараа гаднаас Болорцэцэг орж ирээд сууж байхад араас нь Наранзаяа, Болор-Эрдэнэ нар орж ирсэн. Тэгээд бид долуулаа нийлээд 1 шил архи уусан. Тэгж юм уух зуураа нөхөр Шараваатай Наранзаяаг хардаж хоорондоо маргалдсан. Нөхөр найзуудтайгаа гараад явсан. Бид 4 дахин нэг шил архи авч хувааж уусан. Наранзаяа бид 2 маргалдсан. Учир нь би нөхөртэйгээ хардаад муудалдсан. Тэгтэл Наранзаяа намайг түлхэж зуух руу унагаасан. Дараа нь үснээс татаж гадаа гаргаж шат руу унагаасан. Тэгээд би хажуу айлын хүнээр цагдаад дуудлага өгч цагдаа ирсэн. Одоо гомдол саналгүй гэв.

201606000312 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Гэрч В.Болор-Эрдэнийн өгсөн: ..Гэрийн эзэн Шаравжамц хоёр найзтайгаа гараад явсан. Гэрт Наранзаяа, Болорцэцэг, Номинцацрал бид хэд үлдээд нэг шил архи уусан. Наранзаяа, Номинцацрал 2 хоорондоо хэрүүл маргаан үүсгэж зодоон хийсэн. Болорцэцэг эгч бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй. Номинцацрал нөхөртэйгээ Наранзаяаг хардаж хэрүүл маргаан болоод дараа тэр хоёрын хооронд зодоон болсон гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэрч В.Болорцэцэгийн өгсөн: …2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийнхөө биеийг эмнэлэг орж үзүүлээд гэртээ харих замдаа Шаравжамцын гэрт орсон. Тэнд Шаравжамц хоёр найз эхнэрийн хамт байсан. Тэд нар ууж байсан цуг уусан. Дараа нь гаднаас Наранзаяа, Болорцэцэг хоёр орж ирсэн. Бид хэд сууж байхад Шаравжамцынд байсан залуу гаднаас гадаа гарч яваад нэг архи 2 литрийн пиво аваад орж ирсэн. Тэр архи пивыг бид наймуулаа хувааж уучихаад дараа нь Шаравжамц хоёр найзынхаа хамт гэрээсээ гараад явсан. Гэрийн эзэн Номинцацрал, Болор-Эрдэнэ, Наранзаяа бид хэд гэрт үлдсэн. Наранзаяа, Болор-Эрдэнэ хоёр гадагшаа гараад гаднаас 1 шил архи оруулж ирээд тэр архыг бид хэд ууж байгаад Наранзаяа луу Шаравжамц утсаар яриад дуудсан. Тэгсэн Номинцацрал нөхөртэйгээ хардаж тэр хоёрын хооронд хэрүүл маргаан зодоон болсон. Уг зодооныг салгах гээд дундуур нь орсон чинь манай дүү Болор-Эрдэнэ намайг үснээс татаад зодоонд оролцуулаагүй. Харин Наранзаяа Номинцацралын үснээс татаад гадаа гарсан. Гадаа юу болсныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Гэрч Б.Энх-Эрдэнийн өгсөн: …2016 оны 11 дүгээр сарын 14-ний орой манай хажуу айлын Номинцацрал манайд үс нь сэгсийчихсэн уйлаад орж ирээд намайг хүн зодоод байна, цагдаад дуудлага өгөөч гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг хх-ийн 23 тал/,

Гэрч М.Шаравжамцын өгсөн:…2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн үед манай 2 найз манайд ирсэн. Тэгээд бид хэд архи уусан. Манайд Наранзаяа, Болор-Эрдэнэ хоёр орж ирсэн. Бид архи пиво ууж дуусгаад би хоёр найзынхаа хамт гэрээс гараад явсан. Манай гэрт эхнэр Номинцацрал, Наранзаяа, Болор-Эрдэнэ, Болорцэцэг нар үлдсэн. Бид нарыг гарснаас хойш гэрт зодоон болж байна гэж хэн нэг нь над руу ярьсан. Ирсэн чинь цагдаа, эмнэлэг болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Гэрч Г.Гантулгын өгсөн: …Бид гурав өрнөх кафед сууж байхад Шаравжамц манайд зодоон болсон юм шиг байна цагдаа очсон гэнэ гэж хэлээд гэрүүлгээ явсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ¹370 тоот дүгнэлтэнд: 1. Н.Номинцацралын биед баруун бугалга, шуу, зүүн бугалга, зүүн дал, бүсэлхий, ууцанд цус хуралт, нуруунд зулгаралт, бүсэлхийд шарх, баруун гуянд цус хуралт, баруун, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 27 тал/

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ¹142 тоот дүгнэлтэнд: 1. Н.Наранзаяа гэх цусанд 2.6% промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.6% промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 28-29 тал/,

Сэжигтнээр Н.Наранзаяагын өгсөн…Би Шаравжамцын гэрт Болор-Эрдэнийн хамт ороход хүмүүс гэрт нь архи ууж байсан. Шаравжамц хоёр найзынхаа хамт гараад явсан хойгуур Болорцэцэг, Болор-Эрдэнэ, Номинцацрал бид хэд дахин нэг шил архи аваад ууж байхад Номинцацрал намайг нөхөртэйгээ хардаж, чамайг өмөөрч намайг зоддог юм байна гэж хэрүүл эхэлж дайрч давшлаад байхад Болор-Эрдэнэ за боль гээд Номинцацралыг түлхсэн. Болорцэцэг босож дундуур салгаж дүүгээ аваад үлдсэн. Номинцацрал бид хоёр нээх зодоон хийгээгүй, үс гэзэгнээсээ зулгаалцаад хэрүүл маргаан зодоон дууссан хойно Номинцацрал хажуу айл руугаа орж цагдаа дуудуулсан гэх мэдүүлэг / хх-ийн 48 тал/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Наранзаяа нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Дамбын 4-4 тоотод оршин суух иргэн Н.Номинцацралтай хувийн таарамжгүй харьцааны улмаас үсдэж зодон бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Номинцацралын...нөхөр Шараваатай Наранзаяаг хардаж хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Наранзаяа намайг түлхэж зуух руу унагаасан. Дараа нь үснээс татаж гадаа гаргаж шат руу унагаасан гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатад сэжигтнээр өгсөн Н.Наранзаяагийн... байхад Номинцацрал намайг нөхөртэйгээ хардаж, чамайг өмөөрч намайг зоддог юм байна гэж хэрүүл эхэлж дайрч давшлаад байхад Болор-Эрдэнэ за боль гээд Номинцацралыг түлхсэн. Болорцэцэг босож дундуур салгаж дүүгээ аваад үлдсэн. Номинцацрал бид хоёр нээх зодоон хийгээгүй, үс гэзэгнээсээ зулгаалцаад хэрүүл маргаан зодоон дууссан гэх мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ¹370 тоот дүгнэлтэнд...Н.Номинцацралын биед баруун бугалга, шуу, зүүн бугалга, зүүн дал, бүсэлхий, ууцанд цус хуралт, нуруунд зулгаралт, бүсэлхийд шарх, баруун гуянд цус хуралт, баруун, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Наранзаяа нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Н.Наранзаяа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.   

Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 мөн хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.4, 418.5 дахь зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Шар хангай овогт Нармандахын Наранзаяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Н.Наранзаяаг 01 /нэг/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Наранзаяад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 4. Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Наранзаяа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.    

                

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН