Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0193

 

 

 

 

  

     2022           03           15                                        128/ШШ2022/0193

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б овогтой Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А,

Хариуцагч: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б нарыг оролцуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/175 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар  нэхэмжлэгч Б.Б, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөл болон уг газрын даргын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Б.Б нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлд холбогдуулан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/175 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-аар нэхэмжлэл гаргасан.

          2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/175 дугаар тушаалаар Ажлын цагаар ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи, согтууруулах ундаа хэрэглэж хууль, хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэж үзэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

          3. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 8.2 дугаар зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны төв байгууллагад хандаагүй. Тус шүүхэд 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

          4. Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б\175 тоот тушаалаар Б.Бд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Үндэслэл нь ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзсэн. Миний бие эмчийн бичиж өгсөн долоогоны хандыг хэрэглэсэн байсан. Гэтэл байгууллагын ажилтан цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Тухайн үед цагдаагийн албан хаагчид энэ талаар тайлбарласан.

          ХХХ аймгийн Засаг даргаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт албан бичиг илгээсэн байсан ингээд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

          Дээр дурдсаны дагуу бодит байдал дээр ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад хууль зөрчин намайг зөрчил гаргасан болгосон. Түүнийг шалгаж тогтоогоогүй. Мөн тушаалын үндэслэл болгосон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5, 6 дугаар зүйлд заасан процесс ажиллагааг зөрчиж, огт ажиллагаа явуулаагүй гарсан.

          Мөн маргаан бүхий сахилгын шийтгэл ногдуулсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б\175 тоот тушаал нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2, 3, 4 дүгээр зүйлд заасан процесс ажиллагааг огт явуулаагүй гаргасан. Тус журмын ажлаас халах яг аль заалтыг баримталсан талаараа тушаалд тусгаагүй хууль зөрчиж гарсан ёс зүйн зөвлөлийн тогтоолыг үндэслэл болгосон.

          Үүнээс болоод бодит байдалд нийцээгүй, хууль бусаар миний хөдөлмөрлөх эрхэд халдсан шийдвэр гарсан тул маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

            5. Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Би 2016 онд 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллага хүлээж авч байсан. Би 4 жилийн хугацаанд 29 хүний бүрэлдэхүүнтэй, сумдын 18 мэргэжилтэн нэмж аймгийн иргэдийн хурлаар батлуулж орон тоогоо өргөтгөсөн. Мөн түр хамгаалах байрыг Азийн хөгжлийн банкны 3 тэрбум төгрөгийг ХХХ аймагт шийдүүлж, сайн ажилласан агентлагаар шагнагдаж эхний 5-д, ХХХ аймагт 3-т орж, Засаг даргын захирамжаар хоёр удаа нэг, нэг сарын цалингаар шагнуулж байсан. Энэ нь ХХХ аймгийн Улсын Их хурлын хоёр гишүүний асуудал, үүнийг нуух зүйл байхгүй, хүүхдийн салбар улс төржиж болохгүй.

          Миний нөхөр сая сонгуулиар бие дааж нэр дэвшсэн. Энэ дөрвөн хүн үндсэндээ миний эрүүл мэндийн шалтгаан дээр дөрөөлж ажлаас халах ийм зорилго тавьж ажилласан. Хүүхдийн салбар улс төржих шаардлагагүй, ажлаа хийж байсан хүнийг ингэж болохгүй. н.Бнь ТЗ-5 ангилалд тэнцэх ёстой хүн үүнээс болоод ажилгүй болно гэж ийм тэмцэл хийж байгаа. Ёс зүйн зөвлөл яагаад надад мэдэгдээгүй вэ, мэдэгдэж байж Ёс зүйн зөвлөлөөс шийдвэр гарах ёстой, энэ нь хууль бус шийдвэр гаргасан, процессын алдаа гаргасан гэж үзэж байгаа.  

           ХХХ аймгийн З, Ө сумын хоёр цагдаа, нэг нь Засаг даргын нутаг, нөгөө нь Ө сумын дэргэдэх Цагдаагийн тасгийн хоёр цагдаа хүүхэд хүчирхийлсэн асуудал гарсан. Ийм асуудлыг олон нийтэд ил болгосны төлөө энэ хүүхдийн хүчирхийллийг нуу, дарагдуул, ил гаргаж байна гэдэг асуудал нэлээн хүчтэй явж эхлээд намайг ажлаас халах ийм зүйл болсон. Би байнгын архи согтууруулах ундааны зүйл ажил дээрээ уудаг хүн биш, гурван дээд сургууль төгссөн, өмнө нь би 9 жил даатгалын компанийн захирлаар ажилласан, хувийн компанитай. Би энэ салбарт орж ирээд 4 жил ажиллахдаа үр дүнтэй сайн ажилласан гэж би боддог, надаас гадна 28 хүн байгаа, үүнээс зөвхөн 3,4 хүний өөрсдөө ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийн үгээр сууж байгаад харамсаж байна.” гэв.

          6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэлийн шаардлага нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-нйй өдрийн 03 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/175 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах гэсэн шаардлага гаргасан. Анх нэхэмжлэл гаргахад ажилд эгүүлэн томилуулах шаардлага нь орхигдсон байсан, түүнийг нэмээд тодруулж байна.

          Нэхэмжлэгч нь 2016 оноос хойш ХХХ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/175 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүний үндэслэл нь ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн үндэслэл заасан. Тухайн үедээ цагдаагийн байгууллагаас тухайн байгууллагын ажилчид өргөдөл гаргасны дагуу ирээд хэмжилт хийж үзээд согтууруулах ундааны зүйл, алкохол илэрсэн гэсэн зүйл гарсан байдаг.

          Гэхдээ энэ нь яг архи уусан гэсэн зүйл биш юм. Нэхэмжлэгч нь эмчилгээний зорилгоор тухайн үед болон одоо ч гэсэн долоогоны хандыг хэрэглэж байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн боловч шууд багажныхаа үзүүлэлтийг хараад ийм шийтгэвэр ногдуулчихсан байсан. Үүний талаар тухайн үедээ өөрөө гомдол гаргаж чадаагүй. Хамт байсан гээд байгаа н.Э нь гомдол гаргаад тухайн шийдвэрийг хүчингүй болгосон шүүгчийн захирамж гарсан байгааг нотлох баримтаар өгсөн. Үүн дээр тухайн үед ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Тийм учраас ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг үндэслэл нь бүрэн бодитой байдалд нийцээгүй, ийм байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу гэж үзэж байна.

          Ямар ч захиргааны акт гарсан тухайн шийдвэрийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг оролцуулаад тайлбар, мэдүүлгийг нь аваад заасан процессын ажиллагаануудыг явуулсны үндсэн дээр тухайн акт хуульд нийцэж гарсан байна гэсэн үндэслэл болдог. Гэтэл хариуцагчаас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчтэй холбоотой асуудлаар Ёс зүйн зөвлөл, сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар шалгалтыг эхлүүл гэсэн үүрэг даалгаврыг хариуцагчаас өгсөн байдаг. Сахилгын шийтгэл ногдуулах журмыг хараад үзэхээр шалга гэсэн энэ шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн асуудлыг шалгаж тогтоох ёстой юм байна, үүн дээр амжихгүй байгаа тохиолдолд нэг удаа 14 хоногоор сунгах ёстой гэсэн заалтыг Ёс зүйн дүрмийн 5.2 болон 5.3-т заасан.

             Гэтэл энэ хугацааг хэтрүүлээд үүнээс хэтэрснээс хойш  сахилгын шийтгэл ногдуулсан болон ёс зүйн шийтгэл ногдуулж байгаа шийдвэрийг гаргаад байгаа нь тухайн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй, процессын дагуу явагдсан шийдвэр гэж үзэх боломжгүй байна гэж үзэж байна. Тийм учраас тухайн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

          7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “ХХХ аймгийн Гэр бүл хүүхэд,  залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Б.Бгийн үйлдсэн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэл цацагдсан, олон нийтийн дунд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэр хүнд унаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Б.Бд сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх ажиллаа, ёс зүйн зөрчлийн мэдээллийг шалгах ажиллагааг тус тус явуулсан байна.

          Нэхэмжлэгчийн маргаж буй ёс зүйн зөрчлийг шалгах ажиллагааг ёс зүйн зөвлөлийн шийдвэрийн дагуу явуулжээ. Ингэж явуулахдаа холбогдох хянан шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн бөгөөд зөрчилд холбогдогчийн тайлбарыг хуульд заасан хугацаанд бичгээр авсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг үндэслэж халсан мэтээр ойлгож маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

          Өөрөөр хэлбэл дан ганц ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг баримталж 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/175 дугаар Б.Бд сахилгын шийтгэл оногдуулах тухай шийдвэр гаргасан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, буюу хориглосон газар архидан согтуурсан, гэснийг зөрчсөн, тухайн үед цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол, ХХХ аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хөдөлмөрийн дотоод журам зэргийг зөрчсөн гэж үзэж үүнтэй холбоотой нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн дүүрэн хийсний үндсэн дээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

          Нэхэмжлэгчийн зүгээс ажлын байран дээр согтуурсан үйлдэл нь холбогдох зөрчлийн шийтгэвэр, ХХХ аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтан, алба хаагчдаас авсан тодруулга, тэмдэглэл, олон нийтийн сүлжээнд цацагдсан байдал, хууль хяналтын байгууллага болон ХХХ аймгийн Засаг даргаас ирсэн баримт зэргээс бүрэн дүүрэн нотлогдож байсан учир Б.Бгийн үйлдсэн зөрчлийн шинж байдал, төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл болон тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөн нөхцөл байдлыг харгалзаж ажлаас халах шийдвэрийг гаргасан болно.

          Б.Бгийн зүгээс албан нэр хүндийг олон нийтэд унагасан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа үйлдлийг үйлдсэн зөрчлөө бүрэн ухамсарлаагүй ёс зүйгүй үйлдэл гаргаж байна гэж үзэж байна.” гэв.

          8. Хариуцагчийн өмгөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3 дугаар тогтоол, мөн тухайн газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/175 дугаар тушаал үндэслэлгүй юм гэдэг зүйлээр маргаж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ёс зүйн зөвлөлийн шийдвэр, тогтоол, Б.Бд сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий гарсан.

          Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журмын дагуу ажиллагаа явуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр илтгэх хуудсаар тухайн үйл явдалтай холбоотой асуудлаар Б.Б өөрийн тайлбар, татгалзлыг хангалттай ирүүлсэн. Энэ нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэйл хаягаар авсан. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ярилцлагын тэмдэглэлийг үйлдсэн. Ярилцлагын тэмдэглэлийг тухайн үйл явдал болсон гэх асуудлыг мэдэх ХХХ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтнуудаас тайлбар авсан. Ингэж тайлбар авахад Б.Бгийн зүгээс архи ууж байгаа үйлдэл нь удаа дараа давтагдан гарч байгаа үйлдэл, мөн тухайн асуудлыг бид нар зориг гаргаад гаргаж ирж байгаа асуудал юм, бид нар ажлын байрны дарамтад байдаг гэдэг нөхцөл байдал, мөн энэ хүний удирдлагад байх юм бол бид нар цаашид ажиллаж чадахгүй байх хүнд хэцүү нөхцөл байдалд байсан, бид нар архинаас хамааралтай дарамтанд байсан гэдгээ тодорхой илэрхийлсэн.

          Үүнийг нотлох зорилгоор шүүхээс мөн тухайн хүмүүсээс мэдүүлэг авахаар тухайн ярилцлагын тэмдэглэлтэй нийцэж байсан. Мөн ХХХ аймгийн Засаг даргаас бид нарт тухайн асуудлаар хүсэлт ирүүлдэг: та нар энэ хүнийхээ асуудлыг шийдвэрлэнэ үү, тэгэхгүй бол хүүхэд, залуучуудыг төлөөлж байгаа байгууллагын нэр хүнд ХХХ аймагт унаад байна, ХХХ аймагт сөргөөр нөлөөлж байна, хүүхдүүдийн эрх, ашгийг хамгаалж байгаа байгууллагын дарга нь өөрөө архи уугаад ажилчдаа дарамтлаад байна гэдэг нөхцөл байдал цаашдаа байгууллагын, ХХХ аймгийн иргэдийн эрх, ашиг хохирох юм байна гэдэг нөхцөл байдлыг тавьсан.

          ХХХ аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газраас нотлох баримт цуглуулахаар албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл согтолтын зэргийг тогтоосон нь үнэн юм уу, энэ талаар зөрчлийн шийтгэл оногдуулсан нь үнэн юм уу гэдгийг тодруулах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 01, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн газарт тухайн асуудлыг тодруулахаар албан бичгийг тус тус явуулсан. Энэ албан бичгийн дагуу тухайн зөрчлийн хэрэг ирсэн. Зөрчлийн хэргийн дагуу Б.Б ажлын байран дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4.2-т зааснаар зөрчлийн хариуцлага оногдуулж, 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

          Энэ прокурорын шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа талаар ирүүлсэн. Тэгэхээр тухайн согтуурлын зэрэгтэй холбоотой асуудлыг тусгайлан зориулсан багажаар үлээлгэн шалгасан. Мөн прокурорын газар зөрчлийн байцаагчийн оногдуулсан шийтгэх хуудас хүчин төгөлдөр байгаа тохиолдолд, тухайн үед байсан албан хаагчдын мэдүүлэг, тайлбар зэргээс тогтооход энэ хүн ажлын байран дээрээ архи уусан зөрчил гаргасан юм байна гэдэг нь бүрэн дүүрэн нотлогдож байгаа.

          Б.Б хэрвээ долоогоны ханд хэрэглэсэн ч гэдэг юм уу, эмийн чанартай бүтээгдэхүүн хэрэглээд ийм асуудал болсон юм гээд согтолтын зэрэг гарсан гэж үзэх юм бол тухайн асуудлаараа гомдол гаргах ёстой байсан. Мөн гэрчүүд ч гэсэн манай дарга спиртийн чанартай найрлага бүхий эм хэрэглэдэг гэдгийг мэдүүлэх ёстой байсан. Гэтэл тухайн үйл явдлыг мэдэх гэрчүүд нэхэмжлэгчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан гэдгийг өөрийн мэдэх зүйлийн хүрээнд бодитойгоор гэрчилж байгаа юм.

          Тэгэхээр гэрчилсний үндсэн дээр үлээлгээд үзэхэд согтолтын зэрэг гарсан, зөрчлийн хэргийн дагуу шийтгэл оногдуулсан 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18482 дугаартай шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас тухайн шийтгэлийг үйлдсэн. Тэгэхээр нэхэмжлэгчийн дурдаад байгаа зөрчилд холбогдох тайлбар, нотлох баримтыг цуглуулаагүй, хангалттай баримт материалыг үндэслэж миний шийдвэрийг гаргаагүй гэдэг үндэслэл тогтоогдохгүй байгаа юм.

          Төрийн байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хангалттай хэмжээнд нотлох баримтыг цуглуулсан, цуглуулсан баримт бичгийнхээ хүрээнд энэ зөрчил нь зөрчлийн шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Үүн дээр ажилтантай биечлэн уулзах ёстой гэдэг асуудлыг ярьдаг. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдал нь ковид-19 халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан, тухайн асуудал дээр биечлэн уулзах, биечлэн шалгах боломжгүй нөхцөл байдал байсан.

          Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах тухай Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36432 дугаартай тушаалын хавсралтаар баталсан журам дээр тухайн нотлох баримт цуглуулах асуудал дээр заавал биечлэн цуглуулах асуудлыг заагаагүй, үүн дээр мэдээлэл, технологийн хэрэгсэл ашиглан цуглуулах боломжийг нээж өгсөн.

          Тэгэхээр утсаар ярьж мэдээлэл цуглуулсан гэдэг асуудал нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, тухайн сахилгын зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний хүрээнд авагдсан ажиллагаа байна гэж үзэж байна. Ёс зүйн зөвлөлийн шийдвэрээр сануулах арга хэмжээ авчхаад яагаад сахилгын шийтгэлээр надад халах арга хэмжээ авч байгаа юм бэ, үүн дээр гомдолтой байна гэдэг асуудал ярьдаг.

          Тэгэхээр ёс зүйн зөвлөлийн шийдвэр ёс зүйн сануулах арга хэмжээ, энэ бол ажил олгогчоос хөдөлмөрийн харилцаанд гарч байгаа шийдвэр биш, энэ нь Ёс зүйн зөвлөлөөс төрийн албан хаагчийн ёс зүйн хувьд сануулж байгаа арга хэмжээ. Сахилгын шийтгэлийн хувьд тухайн хөдөлмөрийн дотоод журам, сахилгын шийтгэл оногдуулах журамд заасны дагуу ажил олгогчийн эрх хэмжээний хүрээнд оногдуулж байгаа сахилгын шийтгэл юм.

          Нэгдүгээрт зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, өөрөөр хэлбэл Б.Бгийн гаргасан эрх бүхий удирдлагын гаргасан шийдвэрийн улмаас тухайн мэдээлэл нь ХХХ аймаг даяар, мөн фэйсбүүк, сошиал орчин, мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ нь хэдийгээр тухайн мэдээлэл нь худал юм уу гээд үзэхээр биш, энэ нь холбогдох эрх бүхий байгууллагын зөрчлийн шийдвэрээр тогтоогдсон мэдээлэл цацагдсан.

          Энэ хүн архи уусныг тогтоосон зөрчил оногдуулж байна, үүний дагуу архидан согтууруулах асуудлыг гаргаж байсан байна гэдэг асуудал олон нийтэд гаргасан. Олон нийтэд гарсан энэ нөхцөл байдал нь хүүхэд, залуучуудын эрх ашгийг хамгаалдаг байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Өөр сахилгын шийтгэл оногдуулаад энэ хүнийг албан тушаалд нь тавих гэхээр танай байгууллага ийм, танай байгууллага архидан согтуураад явдаг байж бид нарын эрх ашгийг, хохирогчийн эрх ашгийг яаж хамгаалах юм бэ гэдэг нөхцөл байдал нийгмийн эсрэг үзэл, энэ нь ард түмэнд үйлчлэх ёстой ард түмний хүсэл зоригоос гажсан юм гэдэг нөхцөл байдал үүссэн.

          Дараагийн асуудал дээр гэм буруугийн хэлбэрийг харгалзаж үзсэн. Үүн дээр гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэнэ гэдэг нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоосон дүрэм журам, өөрийн баталсан байгууллагадаа мөрдөгдөж байгаа хэвшсэн дотоод журмаа зөрчиж энэ зөрчлийг гаргасан байна гэж үзсэн. Нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл гэдгийг харгалзаж үзсэн.

          Өөрөөр хэлбэл байгууллагын удирдлага нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байх юм бол байгууллагын албан хаагчид архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь наад захын үзэгдэл болох юм байна гэдэг нөхцөлийн үндсэн дээр хэрэглэсэн. Зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юм уу, үүнийг ухамсарлаж байгаа юм уу гэдэг нөхцөл байдлыг харгалзаж үзсэн. Үүн дээр Б.Бгийн зүгээс илтгэх хуудсандаа дурдсанаар би ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ажилчид хариуцлагагүй байдаг гэж ажилтнууд руугаа буруугаар тохсон нөхцөл байдлыг гаргасан. Тийм учраас шийтгэл оногдуулахдаа дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Сахилгын шийтгэл хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.“ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Б.Б нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/175 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар дараах үндэслэлээр маргасан.

1/Миний бие эмчийн бичиж өгсөн долоогоны хандыг уусан байсан. Тухайн үед Цагдаагийн албан хаагчид энэ тухай тайлбарласан. Зөрчил гаргаагүй байхад шалгаж тогтоогоогүй ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий актууд хууль бус.

2/Бодит байдалд нийцээгүй маргаан бүхий актууд нь хууль бусаар хөдөлмөрлөх эрхэд халдсан тул 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэг нь ХХХ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Бгийн тухай мэдээллийг шалгах ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эхлүүлсэн.

Шалгалтын хүрээнд Б.Бгийн ажлын байранд архидан согтуурсан талаарх асуудлыг ХХХ аймгийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтнуудаас ярилцлага хийж тодруулсан тэмдэглэл, ХХХ аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1654, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1668, 2020 оны 12 дугаар сарын 1/1817 дугаар албан бичиг, аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 45/1683, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 45-04/399 дүгээр албан бичиг, аймгийн Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/1732 дугаар албан бичиг, Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б.Бд шийтгэл ногдуулсан 0018482 дугаар шийтгэлийн хуудас /хэргийн 36-62 дахь тал/ зэрэг баримтуудыг цуглуулж, Б.Бд шалгалтын материал, сахилгын шийтгэлийн үндэслэлийг танилцуулсан байна.

Ингээд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар хэлэлцэж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Бд ёс зүйн сануулах арга хэмжээ авсан.

Улмаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/175 дугаар тушаалаар Ажлын цагаар ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи, согтууруулах ундаа хэрэглэж хууль, хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй болох нь тогтоогдлоо.

Тодруулбал, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3257, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7513 дугаар захирамжийн дагуу ХХХ аймгийн шүүхийн шүүгчээс гэрч Ө.Э, Б.А, Т.Б,  Б.Э, Т.С, Б.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, тус шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 10/1071 дугаар албан бичгээр ХХХ аймгийн Прокурорын газраас Б.Бгийн ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  эсэхийг Цагдаагийн байгууллагаас тогтоосон баримтыг шаардахад ирүүлсэн баримтаар Б.Бгийн ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн талаар хохирогч Т.Б-ийн мэдүүлэг, Д.Бгийн согтуурал шалгах багажаар 1.33 хувийн согтолттой гарсныг нотолсон фото зураг зэргээр Б.Бгийн ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан болох нь тогтоогджээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас тогтоосон Д.Бгийн 1.33 хувийн согтолтын зэрэг нь  Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар тушаалаар батлагдсан ”Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 “2.5.Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэж зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнд тооцогдсон байна. 

4. ХХХ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хөдөлмөрийн дотоод журмын /хэргийн 103 дахь тал/ 3.14-т “Ажилтан ажлын байранд, албан томилолтоор ажиллах үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг цуцалж ажлаас хална” гэж,

          Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7.”төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”,  48 дугаар зүйлийн 48.1.”Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 48.1.4.төрийн албанаас халах;”-аар заасан.

            5. Иймээс нэхэмжлэгч Б.Бгийн гаргасан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/175 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Бгаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөл болон тус газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөл болон тус газрын даргад холбогдуулан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/175 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН