| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 117/2025/0009/3 |
| Дугаар | 221/МА2025/0619 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0619
Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагч Д аймгийн Төрийн аудитын газрын аудитор Л.У
Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Л.У-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 22/А/******* дугаар актыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 117/ШШ2025/0007 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А
Хариуцагч Д аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Л.У, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч
Хэргийн индекс: 117/2025/0009/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Д аймгийн Төрийн аудитын газрын аудитор Л.У-т холбогдуулан “Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Л.У-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 22/А/******* дугаар акт хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр “Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 21 дүгээр зүйлийн 21.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5.5, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.1.3, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, 57 дугаар зүйлийн 57.2.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэхэмжлэлтэй, Д аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Л.У-гийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22/А/******** дугаартай төлбөр барагдуулах акт хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан 2023 оны төсвийн жил дуусаж, хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/** тоот тушаалаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасан нягтлан бодогчийн урамшууллыг олгохдоо 3 жилээр гэж дүгнээгүй бөгөөд харин 3 жил дараалан акт, албан шаардлага, зөвлөмж өгөгдөөгүй “Өөрчлөлтгүй” гэсэн санал дүгнэлт авсан гэсэн нь хуучин мөрдөж байсан “Төрийн аудитын байгууллагаас Санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 5.3.3, 10.7.2-д заасны дагуу дараа онд Төрийн аудитын байгууллагаас манай хэлтэст аудит хийлгүй итгэл үзүүлэх шалгуурыг хангасан гэсэн утгаар бичигдсэн. 2023 оны дараа буюу 2024 оны төсвөөс олгож байгаа тул Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасанд нийцэхгүй, төсвийг зориулалтын дагуу зохист байдлаар зарцуулах зарчмыг зөрчсөн ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр олгосон гэсэн нь үндэслэлгүй. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг зөрчсөн.
3.2 Улсын бүртгэлийн ерөнхий газраас манай хэлтсийн сүүлийн 3 жилийн ажилд өгсөн үнэлгээний шийдвэр, нягтлан бодогчийн хөдөлмөрийн гэрээ, даргын ерөнхий газартай байгуулсан гэрээ, гэрээний дүгнэлт, эдгээр баримт нь шалгалтын жагсаалтад тусгагдаагүйд нэхэмжлэгчийг буруутгах нь үндэслэлгүй. Эдгээр баримтууд шаардлагатай бол шүүх өөрөө авч болох байсан шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөрөө нотлох баримт цуглуулах үүрэгтэй. Шүүх энэ үүргээ биелүүлээгүй. Шүүх зөвхөн хариуцагчийн “үр бүтээлтэй ажилласан гэдгээ нотлоогүй” гэх үгүйсгэсэн тайлбарт үндэслэлгүйгээр итгэж, нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтуудыг үгүйсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д заасныг зөрчсөн.
3.3 Төрийн албаны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар зөвшөөрсөн 2 өөр зориулалттай, цаг хугацааны хувьд адилгүй (улирал, хагас бүтэн жил, дараа он) өөр өөр шалгуураар мөнгөн урамшуулал олгож байгаа юм. Шүүх 2024 оны хагас болон бүтэн жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтийг харгалзан олгосон урамшуулал нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг үндэслэн олгосон 2024 оны Б/** тоот тушаалын үндэслэл энэхүү урамшууллын бодит үр дүнтэй адил тул давхардуулан олгосон гэж үзэхээр байна гэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.4, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.7-д заасныг тус тус зөрчсөн. 2023 оны үр дүнг дараа он буюу 2024 онд олгосон тул 2024 онд олгосон улирлын ажлын мөнгөн урамшуулалтай давхардуулан олгосон гэж үзэх үндэслэлгүй юм.
3.4 Төрийн албаны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар олгож байгаа хоёр урамшуулал нь үндэслэл, зорилго, шалгуур нь өөр өөр бөгөөд давхацсан гэх үндэслэлгүй, улирлын ажлын мөнгөн урамшуулал нь тухайн тайлант ондоо шалгуур хангасан нийт албан хаагчдад олгож байгаа ерөнхий үр дүнг үнэлэхэд чиглэсэн урамшуулал юм. Харин Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар олгож байгаа урамшуулал нь (өмнөх тайлант оны үр дүнг хуульд заасны дагуу дараа онд) тусгай мэргэжлийн ажлын үр бүтээлийг урамшуулахад чиглэсэн. Практикт үүнтэй төсөөлтэй урамшуулал, нэмэгдэл олгох хууль эрх зүйн зохицуулалт нэлээдгүй байдаг. Тухайлбал: Байгууллагын ёс зүйн дэд хорооны нэмэгдэл байгууллагын Өмч хамгаалах Байнгын зөвлөлийн нэмэгдэл урамшуулал. Маргаан бүхий захиргааны акт нь хуулиас давсан бөгөөд уг маргаанаар ганц Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн эрх ашиг хамгаалагдахгүй бөгөөд Дундговь аймгийн 120 гаруй төсөвт байгууллагын нягтлан бодогчийн эрх ашиг давхар хамгаалагдах юм.
3.5 Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Д аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 22/А/******* дугаар актаар Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийж, давхардуулан олгосон урамшуулал болох 3,028,000 төгрөгийг Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээр төлүүлэхээр аудитор Л.У шийдвэрлэжээ.
4. Тодруулбал, аудитор Л.У 22/А/******* дугаар актаар “...Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.2 дахь хэсгийг тус тус зөрчиж, нягтлан бодогчийн ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэн үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгосон боловч албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан санхүүгийн тайлангийн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлттэй ажилласан гэх үндэслэлээр 2 сарын үндсэн цалин 3,028,000 төгрөгийн урамшууллыг давхардуулан олгосон” зөрчлийг илрүүлж, маргаан бүхий төлбөр барагдуулах актыг тогтоосон байна.
5. Нэхэмжлэгч Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Х.Г-д урамшуулал олгох тухай” Б/** дугаар тушаалаар “...хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хэвийн явуулж, санхүүгийн тайланг хууль тогтоомжид заасан хугацаанд стандартын дагуу үнэн зөв гарган санхүүгийн удирдлагаар хангаж, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал журмын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн шударга илэрхийлэгдэж, 3 жил дараалан акт, албан шаардлага, зөвлөмж өгөгдөөгүй “Өөрчлөлтгүй” санал дүгнэлт авсан тул хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний цалин (3,028,000 төгрөг)-гаар шагнасан” байна.
6. Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/** дугаар, мөн оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/** дугаар “Урамшуулал олгох тухай” тушаалуудаар хавсралтаар нэр дурдсан албан хаагчдад 2024 оны эхний хагас жил болон жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтийг харгалзаж урамшуулал олгохоор шийдвэрлэсний дагуу ахлах нягтлан бодогч Х.Г-д эхний хагас жил 100%, жилийн эцэст 100% нэмэгдлийг тус тус олгосон болох нь аудитын хяналтаар тогтоогдсон.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
7. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”, 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно”, 15.1.3-д “хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох”, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж тус тус заасан.
8. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно”, 2.2-д “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж журамлажээ.
9. Дээрх хуулийн заалтууд болон журмын зохицуулалтаас үзэхэд төсөвт байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох (албан тушаалын сарын үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй), харин зөвшөөрсөн зохист хэмжээнээс хэтрүүлж урамшуулал олгохыг хориглосон байх ба холбогдох хууль тогтоомж, хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд буюу аудитор төлбөрийн акт тогтоож, нөхөн төлүүлэх эрх хэмжээтэй байна.
10. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно”, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараах хэлбэрээр шагнаж, урамшуулна”, 51.1.4-д “улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох“ гэж заажээ.
11. Энэ тохиолдолд санхүүгийн тайлан, тодруулгыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу бэлтгэж, тайлагнах нь нягтлан бодогчийн хувьд хуулиар хүлээсэн албан үүрэг бөгөөд санхүүгийн тайлангийн аудитаар “Өөрчлөлтгүй” санал дүгнэлт авсан нь Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан болон нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гаргасан ажилласан гэх үзэх үндэслэл болохгүй, нягтлан бодогч Х.Гарамын хувьд ажлын байрны чиг үүргийн хүрээнд албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хэрэгжүүлж ажилласан гэж үзэх бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан урамшууллыг авах эрхтэй гэж үзэхгүй.
12. Түүнчлэн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нь 2024 онд Б/** дугаар тушаалаар тухайн байгууллагын 2024 оны төсөвт тусгасан нэмэгдэл урамшууллаас 2023 оны ажлын үр дүнг харгалзан нягтлан бодогч Х.Г-ыг хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх 3,028,000 төгрөгөөр шагнасан нь 2024 оны Б/**, Б/** дугаар тушаалаар олгосон улирлын ажлын (тус бүр 100%-иар) мөнгөн урамшуулалтай давхардсан бөгөөд төсвийг зориулалтын дагуу, зохист байдлаар зарцуулах зарчмыг зөрчсөн.
13. Иймээс Д аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 22/А/****** дугаар актаар “...давхардуулан олгосон урамшуулал болох 3,028,000 төгрөгийг Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээр төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасанд нийцэж байна.
14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Х.Г-д ...2023 оны ажлын үр дүнг дараа он буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/** дугаар тушаалаар 2 сарын үндсэн цалинтай тэнцэх 3,028,000 төгрөгийн урамшуулал олгосон нь 2024 оны Б/**, Б/** дугаар тушаалаар олгосон тус бүр 100% улирлын ажлын мөнгөн урамшуулалтай давхардсан гэж үзэхгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА