Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 00012

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

 

                                                                                

И.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч И.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунням нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 343 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: И.Цийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Бид холбогдох

Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч И.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр О.Бид зодуулж, хамрын ясаа цөмлүүлж, хүндэвтэр зэргийн гэмтэл авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэм буруутай болох нь тогтоогдон шүүхээр шийдүүлсэн. О.Б миний эрүүл мэндэд учирсан хохирол болон эмчилгээний зардалд нийт 11.660.000 төгрөг төлөхөөр тохиролцож бэлнээр 5.660.000 төгрөг өгч, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хагалгааны төлбөрт 5.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 1.000.000 төгрөг буюу 3 см-ийн 4м урттай 285 ширхэг банз өгөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэрлүүлсэн. Гэтэл үлдэгдэл мөнгийг өгөхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Би 2017 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот орж, Төгс Ялгуун эмнэлэгт бүтэн унтуулгатай хамрын хэлбэр засах, хамрын үйрсэн ясыг өрөх мэс засалд орсон, хамрын таславч тасарсан тул үнэрлэх эрхтэн буцаж сэргэх боломжгүй болж дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. ...Эвлэрлийн гэрээ анх байгуулахдаа О.Б надад нотлох баримт шаардахгүйгээр дээрх мөнгийг төлж барагдуулна гэж эвлэрэх саналыг анх өөрөө тавьж, утсаар мессеж бичин гуйж байсан бөгөөд тэрээр надад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж гэрээг байгуулсан тул түүнд холбогдох эрүүгийн хэрэг хурдан шийдэгдсэн байгаа. Би хагалгаанд орох зардлыг ах, дүү нараасаа зээлж авсан, дахин хамрын нуруу тэгшлэх хагалгаанд орох шаардлагатай тул 6.000.000 төгрөгийг гаргуулж авна гэжээ.

Хариуцагч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр И.Ц бид хоёр муудалцаж байгаад түүний хамрыг гэмтээж, хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. Би И.Цийг Улаанбаатар хот руу эмчилгээнд дагуулж явсан. Эм тарианы болон гарсан бүх зардлыг төлж байсан. Бид найз нөхөд учир И.Ц надад гомдол санал байхгүй, чи миний эмчилгээний зардлыг төлөхөд л болно гэсэн бөгөөд Улаанбаатар хотод 2 сар шахам болоод ирэхэд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас намайг дуудаж байцаалт авахад гомдол гаргасан байна гэдгийг мэдсэн. И.Цийн өмгөөлөгч надад эвлэрлийн гэрээ байгуулбал ял хөнгөрч, эрүүгийн хэрэг чинь хурдан шуурхай шийдэгдэнэ, хэрэв үгүй гэвэл дахин шинжилгээ хийлгэж, гэмтлийн зэргийг хүндрүүлнэ гэсэн тул эвлэрлийн гэрээ байгуулсан. Би машин тэргээ зараад 5.660.000 төгрөг бэлнээр өгсөн. Гэтэл шүүхээр би гэм буруутайд тооцогдож, 800.000 төгрөгийн торгуулийн ял авч эрүүгийн хариуцлага хүлээсэн. Дээрх бэлэн мөнгийг өгснөөс өөр тооцоонд ороогүй эм тарианы зардал надаас зөндөө гарсан. Шүүхээс гарсан шийтгэх тогтоолд И.Цт эмчилгээний зардал 5.660.000 төгрөг төлсөн баримт байгаа тул бусдад төлөх төлбөргүй гэсэн байгаа. Одоо надад И.Цт өгөх 6.000.000 төгрөг төлөх ямар ч боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 343 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч О.Бид холбогдох гэм хорын улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, нийт 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч И.Цийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.550 төгрөг, бүгд 129.500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа давж заалдах гомдолдоо: ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

1. ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “Шүүх хуралдааны явцад хэргийг гагцхүү нэг шүүгч буюу шүүхийн нэг бүрэлдэхүүнээр шийдвэрлэнэ. Хэрэв шүүх бүрэлдэхүүний хэн нэг нь шүүх хуралдааны ажиллагаанд оролцох боломжгүй болсон бол түүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар энэ хуулийн 78 дугаар зүйлд заасан журмын дагуу өөр шүүх бүрэлдэхүүнээр сольж, уг хэргийг шинээр хянан шийдвэрлэнэ...” гэснийг зөрчсөн бөгөөд уг захирамж нь шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр эрх зүйн дүгнэлт хийж алдаатай шийдвэр гаргах үндэслэл болсон.

2. Нэхэмжлэгч И.Ц нь нэхэмжлэлийн шаардлага хэсэгт “... Иймд 2017 оны 9 сарын 21-ний өдрийн Эвлэрлийн гэрээний 3-т заасан үүргээ төлбөр төлөгч О.Б нь төлж барагдуулахгүй байгаа тул гэрээний үүргийн биелэлтийг хангуулж О.Баас 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж шаардсан байдаг. Гэвч шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гэм хорын төлбөр гаргуулахаар өөрчилж, шүүх бүрэлдэхүүнийг өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2-т заасан заалтуудыг зөрчсөн. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунням давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: ... Эвлэрлийн гэрээ нь эдийн болон эдийн бус баялаг аль алиныг нь олж авах үр шимийг нь хүртэх хэлцэл огт биш. Үйл явдал ирээдүйд бий болох эсэх нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахаар байгаа бөгөөд илтэд биелэгдэх боломжгүй гэдгийг нь 253 дугаар шийтгэх тогтоолоор бүрэн төгс шийдвэрлэсэн. Уг нэхэмжлэлд дурдагдаж байгаа үйл баримт нь хохирогч, төлбөр төлөгч нарын хооронд гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний /ирээдүйд гарах/ зардал, хохирол дурдагдаж байгаа учир 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 885 дугаартай шүүгчийн захирамж, ерөнхий шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 327 дугаар захирамж  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Гэмт хэргээс улбаалж бий болсон Эвлэрлийн гэрээ нь гэм хорын асуудал учир нэг шүүгч дангаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт үйлчлэхгүй. Нэхэмжлэгч хохиролд төлсөн 5.660.000 төгрөгөөс 4.777.880 төгрөгийг зарцуулсан, ах дүү нараасаа зээлж авсан гэдэг нь нотлогдохгүй байгаа юм.

...Шийдвэр хууль ёсны бгөөд үндэслэлтэй гарсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх танилцуулан сонсгосноос  өөр шийдвэр гаргаж, Иргэний хэрэг

шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч И.Ц 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр О.Бид зодуулж, хүндэвтэр зэргийн гэмтэл авснаас учирсан хохирол төлөхөөр байгуулсан эвлэрлийн гэрээний үүргийн биелэлт 6.000.000 төгрөг шаарджээ. Хариуцагч нь  “шийтгэх тогтоолд И.Цт эмчилгээний зардал 5.660.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэсэн байгаа. Одоо надад И.Цт өгөх 6.000.000 төгрөг төлөх ямар ч боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

Шүүх “...И.Ц нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, улсын тэмдэгтийн хураамжийг танилцуулан сонсгосноос өөрөөр тусгаж шийдвэр гаргасан нь шийдвэрийн тогтоох хэсэгт “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, ...улсын тэмдэгтийн хураамж  ...тусгана”  гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг,

Шүүх хуралдааны тэмдэглэлд танилцуулан сонсгосон шийдвэрийн агуулгыг тусгах атал танилцуулснаас өөрөөр гаргасан тогтоох хэсгийн заалтыг хуулбарлаж, тэмдэглэлд “...шүүхийн шийдвэрийн агуулга”  тусгах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг тус тус зөрчсөн нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан  бичлэгээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлах бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар бүрэн эхээр нь бичгээр үйлдэхдээ шүүх хуралдааны явцад танилцуулан сонсгосон шийдлийг тусгах учиртай.

Шийдвэрийн тогтоох хэсэгт  маргааны талаар ямар шийдэл гаргасан, хэн ямар үйлдэл хийх ёстойг тодорхой, ойлгомжтой тусгасан байх ёстой бөгөөд танилцуулснаасаа өөрөөр гаргасан шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй.

Зохигчийн хооронд зөрчлийн улмаас үүрэг үүсч улмаар эвлэрлийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өмгөөлөгчийн “...шүүх хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 78 дугаар зүйл зөрчсөн” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, энэ талаарх гомдолд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 343 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 110.950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Т.ГАНБАТ

   ШҮҮГЧИД                                 Ё.БЯМБАЦЭРЭН

                                                     Б.СОСОРБАРАМ