Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00377

 

                         

                                   “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01016 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1207 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 23,929,230.03 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уранчимэг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл 21,889,702.52 төгрөг, хүү 2,009,470.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,556.81 төгрөг, нотариатын зардалд 9,500 төгрөг, нийт 23,929,230.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01016 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тайж овогт ,,,,,,,,,,,,,,,,гийн ,,,,,,,,,,,,,,,, , Эрхэд овогт О,,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,, нараас 22,333,730.03 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ,,,,,,,, УБК улсын дугаартай Lexus RX-400H маркийн арлын дугаар JTJH31U9000322,,, , хар өнгийн автомашиныг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,400 төгрөгөөс 347,796 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 1604 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нараас улсын тэмдэгтийн хураамжид 339,819 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1207 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,819 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 102/ШШ2020/01016 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.03-ны өдрийн 1207 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие ,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-аас 2018.08.31-ний өдөр 26,000,000 төгрөгийг барьцааны гэрээ байгуулан 50 сарын хугацаатай, сарын 1,8, жилийн 21,6 хувийн хүүтэйгээр Lexus RX400 маркийн автомашиныг зээлсэн. Гэтэл “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК нь 26,000,000 төгрөг зээлсэн дүнгээс 1 жилийн хугацаанд 10 орчим сая төгрөгийг төлсөн байхад үлдсэн зээлээс 2 орчим сая төгрөг төлсөнд тооцон 24,157,495 төгрөгийг нэхэмжилсэн. Илүү мөнгө төлсөн учир “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-аас нэхэмжилсэн үнийн дүнг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч тал “хариуцагч нарын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл 21,889,702.52 төгрөг, хүү 2,009,470.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,556.81 төгрөг, нотариатын зардалд 9,500 төгрөг, нийт 23,929,230.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагч нараас 22,333,730.03 төгрөг гаргуулж, үлдэх 9,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох автомашиныг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нар нь ,,,,,,,,, ,,,,,,,,,,наас 2018.08.31-ний өдөр зээл, барьцааны гэрээ байгуулан 26,000,000 төгрөгийг 50 сарын хугацаатай, сарын 1,8, жилийн 21,6 хувийн хүүтэй Lexus RХ400 маркийн автомашиныг худалдан авахаар зээлсэн. Зээлдэгч нар 4,110,297 төгрөгийг зээлд, 4,379,273 төгрөгийг хүүд, 10,419 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд, нийт 8,499,990 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь 2019.07.05-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлж, эргүүлэн төлөөгүй, зээлийн үлдэгдэл нь 2019.12.23-ны өдрийн байдлаар зээл 21,889,702.52 төгрөг, хүү 2,009,470.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,556.81 төгрөг, нийт 24,157,495 төгрөг үлдсэн. “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч үл биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч нар “... “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-аас 2018 оны 9 дүгээр сард компанийн үйл ажиллагаанд зориулж 26,000,000 төгрөг зээлж автомашин зээлээр авсан. Нэг жил орчим төлбөрийг нь төлсөн боловч яг цаг тухайд нь хийж байгаагүй. 4-5 сарын төлбөрийг төлж чадаагүй. Нэхэмжлэгч 1, 2 сард шүүхэд хандана гэсэн учраас өөрийн боломжоороо төлөх чадамжтай гэж хоёр удаа эвлэрэхээр очиж уулзсан. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа төлөлтийг хийж эвлэрье гэхээр 5,000,000 төгрөг бэлнээр төлөх боломжгүй байна. Өнөөдөр 1,000,000 төгрөг хийсэн. Өмнө төлбөрөө бага, бага хэмжээгээр төлөөд явж байсан. Аль алинд нь ашигтайгаар сард 780,000 төгрөгийг төлөөд явмаар байгаа, шууд 4-5 сая төгрөгийг төлж чадахгүй. Мөнгөө графикийн дагуу төлөх хүсэлтэй байна...” гэжээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр барьцааны болон зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүй зөрчлөө хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн зөрчлөө арилгахыг удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нар зөрчлөө арилгаагүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, энэ хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Нэхэмжлэгчээс 2019.12.04-ний өдрөөр гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 21,889,702.52 төгрөг, хүү 2,009,470.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,556.81 төгрөг шаардсан, үүнээс хариуцагчийн төлсөн 1,586,000 төгрөгийг хасаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,333,730.03 төгрөг гаргуулж, нотариатын зардлыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.  

10. Мөн нэхэмжлэгч нь барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан тул шүүх Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг (автомашиныг) худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

11. Хариуцагч нараас “... “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК нь 26,000,000 төгрөг зээлсэн дүнгээс 1 жилийн хугацаанд 10 орчим сая төгрөгийг төлсөн байхад үндсэн зээлээс 2 орчим сая төгрөг төлсөнд тооцон 24,157,495 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Илүү мөнгө төлсөн учир нэхэмжилсэн үнийн дүнг эс зөвшөөрч гомдол гаргаж байна...” гэх хяналтын журмаар гаргасан гомдлын хууль зүйн (хууль юм уу гэрээний ямар зүйл, заалтыг үндэслэж байгаа нь) болон бодит үндэслэл тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг гомдлын дагуу шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй юм.

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01016 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1207 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 47,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ