Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2016/0614

 

Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хороо, Д.*******

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.*******, Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хорооны өмгөөлөгч Ч.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор, Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хороо, Д.******* нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 32 дугаар зүйлийн 32.1.8, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 160 дугаар зүйлийн 160.3-д заасныг баримтлан аймгийн Монгол ардын намын хороо, Д.******* нарын гаргасан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19, “Дахин сонгууль зарлах тухай” 20 дугаар тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хорооны өмгөөлөгч Ч.******* давж заалдах гомдолдоо: “...Д.******* нь Дарьганга сумын 3-р тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлэн, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр явагдсан санал хураалтаар 835 сонгогчийн саналыг авч, аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Гэвч аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-т “аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно”, 32 дугаар зүйлийн 32.1.11-д “шинээр сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулан аймаг, нийслэлийн хуралд өргөн мэдүүлэх” гэсэн заалтыг зөрчиж 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 15 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Д.*******т төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг хойшлуулахаар тогтоосон байдаг.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар захирамжаар “аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 тоот тогтоолын 2 дахь заалтыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, түр үнэмлэх олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож давж заалдах гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл Сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг үл биелүүлж Д.*******т төлөөлөгчийн түр үнэмлэх олгох үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж түр үнэмлэхийг олгоогүй хэрнээ Д.*******ыг нэрийн жагсаалтаас хасах тухай 19 дүгээр тогтоол гаргасан байхад шүүх Сонгуулийн хороог ийнхүү хууль зөрчин бусдын сонгох сонгогдох эрхэд халдсан, үүргээ биелүүлээгүй үйлдэлд дүгнэлт хийгээгүй атлаа “нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах эрх нэр дэвшигчээр бүртгэсэн сонгуулийн хороонд олгогдсон байна” гэж дүгнэсэн нь буруу байна.

2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар Д.*******ын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн. Давж заалдах шатны шүүхийн 10 дугаар магадлалд Д.*******ыг төлөөлөгчөөс огцруулах, бүрэн эрхийг дуусгавар болгох тухай заагаагүй, Монгол улсын Засаг захиргаа нутаг давсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлд төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох огцруулах эрхийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулж Сонгуулийн хороонд эрх олгоогүй байхад Сонгуулийн хороо дээрх хуулийг зөрчиж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргасан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг хэрэглэх байтал Сонгуулийн тухай хуулийг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хууль хэрэглээний талаар маргадаг боловч шүүх шийдвэртээ энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.06.30-ны өдрийн 44 дүгээр шийтгэвэр, давж заалдах шатны шүүхийн 2016.07.19-ний өдрийн 10 дугаар магадлалыг үндэслэн Д.*******ыг Сонгуулийн гухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т заасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл тогтоогдсон гэж үзлээ гэж дүгнэсэн

Гэтэл Д *******ын зөрчлийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнд иргэний хэргийн давж заапдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа орсон нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “аймгийн Эрүү, иргэний хэргийг шийдвэрлэх эрүү, иргэний хэргийн танхимтай байна, 19 дүгээр зүйлийн 19.3-т давж заалдах шатны шүүгч энэ хуулийн 19.2-т заасан танхимын аль нэгэнд харъяалагдах бөгөөд өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглоно.” гэсэн заалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдаанаас гаргасан 10 дугаар магадлалыг үндэслэн Сонгуулийн хороо Д *******ыг нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасныг Захиргааны хэргийн шүүх анхааран үзэж дүгнэлт хийлгүй, 10 дугаар магадлалыг нотлох баримтаар үнэлсэн нь шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй боловч хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байх тул баримталсан хуулийн заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр шийтгэвэр, уг шийтгэвэрт нэмэлт, өөрчлөлт оруулсан мөн аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар магадлалаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч Д.*******ыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан зөрчил гаргасан гэж үзэж, мөн хуулийн 70.15.1-д зааснаар захиргааны хариуцлага ногдуулжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Сонгуулийн  хороо нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор дээрх магадлалыг үндэслэн нэр дэвшигч Д.*******ыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 20 дугаар тогтоолоор дахин сонгууль зарлахаар шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно...”, 160 дугаар зүйлийн 160.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... сонгуулийн хороо хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 10 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлж Д.*******т түр үнэмлэх олгох үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн хирнээ ... нэрийн жагсаалтаас хассан 19 дүгээр тогтоол гаргасан нь буруу ...” гэжээ. 

Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар захирамжаар Д.*******т түр үнэмлэх олгохыг хойшлуулсан тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хариуцагч Сонгуулийн хороо зөвшөөрснийг баталсан боловч Д.*******ыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах Сонгуулийн тухай хуульд заасан үндэслэл шүүхийн хүчин төгөлдөр 10 дугаар магадлалаар тогтоогдсонтой холбогдуулан хариуцагч Сонгуулийн хороо нь мөн хуулийн 159 дүгээр зүйлд заасны дагуу түүнийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасахаар шийдвэрлэснийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн гэж үзэхгүй. Түүнээс гадна дээрх 10 дугаар захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байна.

Мөн гомдолд “... Д.*******ын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байхад төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, огцруулах эрхийг Сонгуулийн хороонд олгоогүй, хурлын бүрэн эрхэд халдсан, шүүх сонгуулийн тухай хуулийг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн ...” гэсэн нь үндэслэлгүй.

Маргаан бүхий актууд болох 19, 20 дугаар тогтоол нь сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч Д.*******ын Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоосон шүүхийн магадлалд үндэслэн гарсан байх тул анхан шатны шүүх уг харилцааг зохицуулсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3, 160 дугаар зүйлийн 160.3-д заасныг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна. 

Давж заалдах гомдолд “... Д.*******ын зөрчлийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнд иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа орсон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19.2, 19.3-д заасныг зөрчсөн хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хийсэн магадлалыг үндэслэн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасныг Захиргааны хэргийн шүүх анхаарч үзээгүй, магадлалыг нотлох баримтаар үнэлсэн нь шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн ...” гэжээ.

Хүчин төгөлдөр болсон шүүхийн 10 дугаар магадлалыг захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгч, хянах эрхгүй тул дээрх гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй.

  Харин шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх шаардлагагүй Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсгийг баримталсан байх тул уг хуулийн заалтуудыг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “... 32 дугаар зүйлийн 32.1.8,”, “159.2,” гэснийг тус тус хасч өөрчлөн, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хорооны өмгөөлөгч Ч.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хорооноос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ