Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 256

 

                   Иргэн Ж.Сарантуяагийн нэхэмжлэлтэй

                  захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ж.Сарантуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ижилцэцэг, гуравдагч этгээд Х.Сонинцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0281 дүгээр магадлалтай, иргэн Ж.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар шийдвэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Сарантуяагийн “Хайрхан” ХХК-ийг 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн Н.Хүрэлбаатараас Х.Сонинцэцэгт компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг шилжүүлснийг 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, “Хайрхан” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай “Хайрхан чек” ХХК болгон өөрчилснийг 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0281 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Н.Хүрэлбаатарын нас барсны дараа хийгдсэн улсын бүртгэл хууль зөрчөөгүй, энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж дүгнэснийг дараахь үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Тухайлбал: 1997 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах эрх бүхий этгээдийг тодорхой заажээ. Харин хавтаст хэрэгт Н.Хүрэлбаатараас Х.Сонинцэцэгт өргөдөл гаргах эрхийг олгосон баримт буюу итгэмжлэл байхгүй. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь хэсэгт хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх” шаардлагатайг тусгайлан заасан байхад хуулиар шаардсан баримт бичгийг үл харгалзан улсын бүртгэл хийснийг шүүх зөвтгөж буй нь үндэслэлгүй юм. “Хайрхан” ХХК-ийн хувьд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.3-т заасан өргөдөл гаргах эрх бүхий этгээд нь зөвхөн Н.Хүрэлбаатар өөрөө байсан. Харин компанийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулах өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гаргасан байх боловч Н.Хүрэлбаатар 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Хэдийгээр хавтаст хэрэгт Н.Хүрэлбаатараас Х.Сонинцэцэгт олгосон итгэмжлэл байхгүй хэдий ч шүүх Х.Сонинцэцэгт эрх олгогдсон хэмээн дүгнэжээ. Харин Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3-т зааснаар “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч буюу төлөөлөгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсноор төлөөлөх эрх дуусгавар” болсон байдаг. 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгийг өргөдөл гаргагч бүртгэх байгууллагад биечлэн эсхүл цахим шуудангаар буюу баталгаат илгээмжээр хүргүүлж болно” гэж заажээ. Харин шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах өргөдлийг гуравдагч этгээд Х.Сонинцэцэг өгсөн гэж тайлбарладаг. Гэвч өмнө нь дурдсанчлан Х.Сонинцэцэгт олгосон итгэмжлэл байхгүй, хуульд зааснаар өргөдөл гаргагч нь өөрөө ирээгүй байхад өргөдлийг хүлээн авч бүртгэсэн нь хууль зөрчсөн. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч УБ-05 маягт дээр Н.Хүрэлбаатарын гарын үсэг байсан учраас өргөдлийг өөрөө л гаргасан гэж үзнэ хэмээн шүүх хуралдаан үед тайлбарласан. Гэтэл УБ-05 маягт нь 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр буюу Н.Хүрэлбаатар нас барсан өдрөөс хойш байх тул өөрөө гаргах ямар ч боломжгүй болно. Улсын бүртгэлийн байгууллагын дээрх байдлаар хууль зөрчсөн үйлдлийг шүүх тухайн үед хийгдсэн улсын бүртгэл хууль зөрчөөгүй байна гэж зөвтгөн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх иргэнийг хууль мэдэхгүй, ойлгохгүй байсан нь түүнийг зөвтгөх, хүндэтгэн үзэх шалтгаан биш үздэг атлаа төрийн байгууллагын хууль зөрчсөн үйлдэл, эсхүл хуулиар тогтоосон тодорхой нөхцөл байдлуудыг шалгах журмыг мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан гэдгээр зөвтгөж шийдэж болохгүй юм. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “... сүүлд тогтоогдсон .. нөхцөлд үндэслэж 2008 оны бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй байна", “сүүлд үүссэн нөхцөл байдлуудыг үндэслэн уг хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах эсэх асуудалтай холбогдуулан улсын бүртгэлийн байгууллагад хандсан нэхэмжлэлийн шаардлага, агуулга гаргаагүй, энэ үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллагын тайлбар авах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байна” гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ “Хайрхан” ХХК-ийг 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн компанийн үүсгэн байгуулагч Н.Хүрэлбаатараас Х.Сонинцэцэгт компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг шилжүүлснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэс компанийн хувьцааг шилжүүлснээр 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулахаар шаардсан билээ. Улмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00606 дугаартай шийдвэрээр Ж.Сарантуяа нарын 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн “Хайрхан” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгосон байдаг. Тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд түүндээ “Хайрхан” ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг Н.Хүрэлбаатараас Н.Сонинцэцэгт шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардсан юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, мөн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн дээрх нэмэгдүүлсэн шаардлагын талаар хариуцагч байгууллагаас хариу тайлбар бичгээр өгөхийг шаардаж байсан боловч хариуцагч шаардлагагүй, амаар өгнө гэснээр тайлбараа амаар өгснийг энд хэлэх нь зүйтэй байх. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хүчингүй болгуулахаар шаардсан улсын бүртгэл нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа талаар тодорхой тайлбарласан болно. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0281 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/  22 дугаар зүйлийн 22.1-д “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ:” гээд 22.1.1-22.1.4-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж нэрлэн заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар /хуучин нэрээр/ 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Хайрхан” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийг бүртгэхдээ УБ-05 маягт, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Н.Хүрэлбаатарын шийдвэр, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, компанийн өөрчлөгдсөн дүрэм, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг хуульд заасан бүрдэл хангасан баримтад үндэслэсэн болох нь тогтоогдож байна.

Дээрх “Хайрхан” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт  бичигт орсон өөрчлөлтийг бүртгэсэн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн улсын бүртгэлийг Ж.Сарантуяа “...Н.Хүрэлбаатар өөрийн биеэр улсын бүртгэлийн байгууллагад очиж, өргөдлөө өгөөгүй, өөр хэн нэгэнд итгэмжлэл олгоогүй буюу эрх бүхий этгээдээс гаргаагүй өргөдлөөр улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан” гэж хүчингүй болгуулахаар маргажээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16.3 дахь хэсгийг баримтална”, 16 дугаар зүйлийн 16.3-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгийг өргөдөл гаргагч бүртгэх байгууллагад биечлэн, эсхүл цахим шуудангаар буюу баталгаат илгээмжээр хүргүүлж болно. Баталгаат илгээмжээр хүргүүлэхтэй холбогдон гарах зардлыг тухайн хуулийн этгээд хариуцна” гэж, өргөдөл гаргагч бүртгэлийн байгууллагад биечлэн ирж эсхүл цахимаар болон баталгаат шуудангаар өргөдлөө гаргаж болохоор заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийн маягтад үүсгэн байгуулагч Н.Хүрэлбаатар гарын үсэг зурсан, УБ-05 маягтын “Өөрчлөлтийг бүртгэсэн огноо:” хэсэгт “2008.07.23” гэж тэмдэглэгдсэнийг “Өргөдөл гаргасан өдөр” хэмээн Н.Хүрэлбаатарыг нас барснаас хойш гаргасан өргөдөлд үндэслэн бүртгэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн “Хайрхан” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийг бүртгэхэд үндэслэсэн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00606 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон үйл баримтаар 2008 оны 07 дугаар  сарын 23-ны өдөр хийгдсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хийсэн өөрчлөлтийг хууль бус гэж дүгнэх боломжгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Н.Хүрэлбаатар 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тул “23”-ны өдөр өргөдлийг бүртгэлийн байгууллагад гаргасан байх боломжгүй, өргөдөл гаргагч өөрөө ирээгүй байхад бүртгэлийн байгууллага улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь хууль бус” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0281 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

                                        ШҮҮГЧ                                                        Х.БАТСҮРЭН