Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 123

 

Г.М-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 918 дугаар магадлалтай, 17110042700136 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Г-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д  заасан “Хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.М-ыг хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил 2 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.М гаргасан гомдолдоо “Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өмгөөлөгчгүй байсан. Гэтэл шүүгчийн туслах шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шаардлагагүй гэж өөрөө хэлж өгч надаар бичүүлж авсан бөгөөд ямар учиртай болохыг ойлгоогүй. Би 20 гаруй хоног орцоор хоноглож тавчиктай явж байсан болохоор хөл холгоод байсан учраас хохирогчийн гэрт орж тавчикаа үлдээгээд гутал өмссөн. Надад хулгай хийх зорилго байгаагүй. Тухайн үед архи уусан байсан болохоор өөрийнхөө авсан зурагт гэж андуураад авсан. Айлаас авсан зурагтаа хүнд 20,000 төгрөгөөр зарж хоол авч идсэн. Намайг баривчилсан тухай эхнэр Шүр гэх хүнд мэдэгдсэн гэж байгаа боловч би тийм хүнтэй гэрлэж байгаагүй, танихгүй. Шүүхээс өмгөөлөгч авах талаар надад хэлж ойлгуулаагүй учир өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцсон. Намайг аль хэрэгт яллагдагчаар татаж шалгаж байгаа талаар тайлбарлаж өгөхгүйгээр шууд гарын үсэг зуруулж, надаас тулгаж мэдүүлэг авсан. Намайг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэсэн атлаа зурагтыг эд мөрийн баримтаар хурааж аваагүй. Үүнээс гадна прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн дугаар өөр өөр бичигдсэн байгааг сайн ойлгохгүй байна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Иргэний орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан төдийгүй Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д орон байранд нэвтэрч үйлдэгдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хохирлын хэмжээ шаардахгүйгээр гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй салшгүй холбоотой. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалахгүйгээр Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэж хуульд нийцсэн гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Шүүгдэгч Г.М нь хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж 221,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж энэ гэмт хэргийн шинжийг тодорхой заасан. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн тайлбарт: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэсэн атлаа энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй гэсэн нь нэг талаас үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан нөгөө талаас хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.

            Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчлах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчлахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой” гэж заасан заалтуудыг зөрчсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульд заажээ. Мөн зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг заана” гэсэн заалтууд ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4-т заасан хохирлын хэмжээтэй салшгүй холбоотой. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3-т хийсэн тайлбар нь хохирлын хэмжээ харгалзахгүйгээр нэвтэрсэн л бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хууль төдийгүй “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт” болон Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудтай нийцэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар холбогдох арга хэмжээг авахуулах хүсэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хүн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Тэгвэл энэ хүүхдэд идэх хоол, өмсөх хувцас ч байхгүй хүчирхийлэлд өртөж гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн. Гэм хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг тогтоож дүгнэлт хийгээгүй. Чингэлтэй дүүргийн Прокурорын газар хэрэгт хяналт тавьсан бөгөөд Г.М-т холбогдуулан эрүүгийн 1711006500136, 1711000210097, 17110042700136, 1711004700136 дугаартай хэргүүдэд ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн 1711006500036 дугаартай хэргээс бусад хэргийг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, анхан шатны шүүхээс дээрх дугаартай хэргүүдийн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Хуулийн дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтаар л гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Эрүүгийн 17110042700136 дугаартай хэргийн яллагдагч Г.М-т холбогдуулан яллах дүгнэлтийг 2017 оны 10 дугаар сарын 20-нд бичиж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 20 минутад гардуулан өгсөн тухай тэмдэглэл үйлдсэн. Яллах дүгнэлтийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл 2017 оны 10 дугаар сарын 03-нд бас гардуулан өгсөн тухай тэмдэглэл үйлдэгдсэн байна.

Сэжигтнийг  баривчилсан тухай тэмдэглэл 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд баривчилсан тухай эхнэр Шүрд мэдэгдсэн. Г.М нь гэрлээгүй, Шүр гэх хүнийг танихгүй бөгөөд мэдэгдсэн тухай он, сар, өдөр, цаг минут байхгүй. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан атлаа 2017 оны 10 дугаар сарын 04-нд прокурорын 239 дүгээр тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар дахин татаж шалгасан хэрэг нь эрүүгийн 1711004700136 дугаартай хэрэгт татаж шалгаснаас биш шүүхэд шилжүүлсэн хэрэгт яллагдагчаар татаж байцаалт аваагүй. Эд зүйл, бичиг баримт, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд “...171100650 дугаартай хэрэгт яллагдагч Г.М-аас гаргаж өгсөн бор өнгийн эрэгтэй хүний гутал 1 хосыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдэв гэж бичсэн атлаа гутлыг хохирлоос хасаагүй.

Шинжээч томилох тогтоолыг мөрдөгч д/х Г.Наранбаатар 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн. Шинжээчийн дүгнэлт тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 01-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг томилсон байхад Чингэлтэй дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн ахлах шинжээч цагдаагийн ахмад Г.Гантулга дүгнэлт гаргасан. Шинжээч томилсон тогтоолыг Г.Мөнх-Эрдэнэд 2017 оны 09 дүгээр сарын 07-нд танилцуулсан. Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолоор 2017 оны 10 дугаар сарын 04-нд эрүүгийн хэрэг үүсгэж, Г.М-т холбогдох 17110042700136 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хэргийн материалыг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр танилцуулсан тэмдэглэлүүд хэрэгт авагдсан. Харин шүүхэд шилжүүлсэн гэх 1711006500136 дугаартай хэргийг танилцуулаагүй.

 Хулгайлсан гэх эд зүйл болох “Панасоник” маркийн зурагтыг өгсөн айлаас хурааж аваагүй, гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг худалдаж авсан хүнийг шалгаагүй орхисон. Г.М ямар учраас гэмт хэрэгт холбогдсон талаарх шалтгаан нөхцөлийг зөв тогтоож чадаагүйгээс гадна түүний хувийн байдлыг нарийвчлан тогтоогоогүй. Дөнгөж 22 нас хүрсэн залууг архи уулаа гэж эцэг эх нь зодоод тавчиктай нь хөөж гаргаснаас 20 гаруй хоног гадуур явж байгаад өөрийнхөө барьсан хашаанд очоод аавынхаа ажил дээрээс өөрийнхөө авсан зурагт гэж андуураад хүний зурагт авсан байсан. Шүүгдэгч бие махбодын болон сэтгэл санааны дарамтад орж, улмаар нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Г.М-т ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

Мөн хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Г.М-т холбогдуулан шалгасан эрүүгийн хэрэгт өөр өөр дугаар тавигдсан нь прокурор техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Уг өөр өөр дугаартай эрүүгийн хэргийн утга агуулга нь нэг байдаг. Шүүгдэгч нь тухайн үед гэрээт цэргийн алба хааж байгаад архины хамаарлаас болоод чөлөөлөгдсөн. Энэ хугацаандаа өөрийн захиран зарцуулах эрхгүй эд хөрөнгийг авч зарсан гэмт хэрэг үйлдсэн. Хохирлын хувьд өмсөж байсан гутлаа үнэлүүлэхгүй, зурагтыг 221,400 төгрөгөөр үнэлүүлсэн. Хэргийн зүйлчлэл тохирсон тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.М-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.М нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усан сангийн 1-11 тоотод оршин суух иргэн М.Мөнх-Эрдэнийн байшингийн хаалгыг эвдэн орж 32 инчийн “Панасоник” загварын зурагт, эрэгтэй хүний хавар, намрын гутал зэрэг эд зүйл хулгайлж 221,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн хохирол нь хуульд заасан хэмжээнд хүрээгүй байхад хүндрүүлэн зүйлчилж “орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж Г.М-ыг шийтгэж эрх зүйн байдлыг илт үндэслэлгүй дордуулсан нь хууль ёсны зарчимд нийцэхгүй гэсэн гомдол гаргажээ.

Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд хууль ёсны зарчим нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд болон бусад хуульчилсан хэм хэмжээг чанд сахих, тэдгээрт бүрэн захирагдаж, өчүүхэн ч хазайхгүй биелүүлснээр нэг мөр дагаж мөрдөх явдлыг хангах байдлаар илэрдэг.  Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтрэн үйлдэж бага хэмжээний хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулж байхаар хууль тогтоогч хуульчлан тайлбарлаж Эрүүгийн хуульд тусгасан нь хуулийг тайлбарлах, хэрэглэх талаар эргэлзээ үүсгээгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 918 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН