Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0215

 

 

  

 

 

     2022           03           23                                        128/ШШ2022/0215

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л овогтой Г,

Нэхэмжлэгч: Э овогтой Б,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Н.О,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У нарыг оролцуулан, Л.Г, Э.Б нарт газар эзэмшүүлэхээс татгалзсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Бд S ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 524.3 м.кв газрыг, Л.Гд S ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 467.4 м.кв газрыг тус тус эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Л.Г, Э.Б нар нь Нийслэлийн Засаг даргад  холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын газар олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Бд S ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 524.3 м.кв, Л.Гд S ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 467.4 м.кв талбай газрыг тус тус эзэмшүүлэхийг даалгах”-аар маргасан.

          2. Өмнө нь  Л.Г, Э.Б нар нь Нийслэлийн Засаг даргад  холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийг олгохыг даалгах” нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан.

          3. Тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0688 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолоор   Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А дугаар захирамжийн нэхэмжлэгч Л.Г, Э.Б нарын хүсэлт гаргасан газрын нэр бүхий иргэдэд холбогдох давхцал бүхий хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн.

          4. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал тогтоолын дагуу Нийслэлийн Засаг дарга дахин шинээр акт гаргаагүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Б, Л.Г нарын хүсэлт гаргасан газарт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн А дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлсэн хэсэг хүчингүй болсон.

          5. Нэхэмжлэгч Э.Б, Л.Г нар дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргад хандан газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулахыг хүссэн боловч Нийслэлийн Засаг дарга татгалзсан хариу өгсний дагуу тус шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

          6. Нэхэмжлэгч Л.Г, Э.Б нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Нэхэмжлэгч нар нь 2009 оны хавар хуучнаар Х дүүргийн 9 хороо одоогоор Х дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн зориулалтаар газар эзэмшихээр тухайн үеийн хорооны Засаг даргад хандан бусдын эзэмшил, ашиглалтад байхгүй газрыг заалган амьдрах болсон.

          Тус газрыг тодруулбал S ХХК-ийн үйлдсэн Э.Бгийн 524.3 мкв, Л.Ггийн 467.4 мкв тус тус газар юм.

          Дээрх газарт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд хууль зөрчиж газар эзэмшүүлснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, улмаар Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж буюу захиргааны шинэ акт гаргах хүртэл 3 сараар түдгэлзүүлж, заасан хугацаанд захиргааны акт гараагүй тохиолдолд дээрх нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Засаг дарга энэ хугацаанд ямар ч шийдвэр гаргаагүй нь захирамжийн холбогдох хэсэг хүчингүй болсон.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгоно гэж заасан.

          Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч Э.Б, Л.Г нарын шударгаар эзэмшиж, ашиглаж, өмчилж байсан тус газарт хууль бусаар давхцуулан олгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн А дугаар захирамжийн нэр бүхий иргэдэд олгосон газар өнөөдрийн байдлаар хүчингүй болсон юм.

          Нэхэмжлэгч Э.Б, Л.Г нь тус шийдвэр гарахаас ч өмнө, гарсны ч дараа 2009 оноос хойш 2021 он хүртэл нийт 12 жилийн хугацаанд амьдран сууж, газраа өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж, хавь орчны иргэд, хорооны Засаг дарга мэддэг болсон.

          Шударгаар бүхэл бүтэн 12 жилийн хугацаанд Х дүүргийн 9 хороо одоогоор Х дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн зориулалтаар газар эзэмшиж ирсэн тухайн газартаа эзэмших хүсэлт гаргаад байхад газар олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байх тул нэхэмжлэгч нар эрх ашгаа сэргээлгэхээр аргагүйн эрхэнд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад хүрээд байна.

          Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэр гарсны дараа Х дүүргийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргад тус тус хандаж өөрийн хүсэл зоригоо илэрхийлж Х дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн зориулалтаар газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу гаргасан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шийдвэрлэхгүй иргэдийн эрх ашгийг ноцтойгоор хохироож байна.

          Ингэж шийдвэрлэхгүй байсаар дахин нэг өдөр хаанаас ч юм, хэн нэгэнд бидний шударгаар амьдарч буй дээрх газарт давхцуулан цаасан байдлаар бусдад газар эзэмшүүлэхийг үгүйсгэхгүй, айдастай амьдарч байна.

          Иймд шударгаар амьдарч буй бидний газрыг хууль ёсоор олгуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

          7. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэгч нар нь 2009 онд хуучнаар Х дүүргийн 9 хороо одоогоор Х дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн зориулалтаар газар эзэмшихээр тухайн үеийн хорооны Засаг даргад хандан бусдын эзэмшил, ашиглалтад байхгүй газрыг заалган амьдрах болсон. Тус газрыг тодруулбал S ХХК-ийн үйлдсэн Э.Бгийн 524.3 мкв, Л.Ггийн 467.4 мкв тус тус газар юм.

          Дээрх газарт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд хууль зөрчиж газар эзэмшүүлснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, улмаар Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж буюу захиргааны шинэ акт гаргах хүртэл 3 сараар түдгэлзүүлж, заасан хугацаанд захиргааны акт гараагүй тохиолдолд дээрх нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

          Энэхүү шийдвэрийн дагуу Л.Г, Э.Б, Г нарын эзэмшлийн газартай давхацсан иргэдийн газар өнөөдрийн байдлаар хүчингүй болсон. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Э.Б, Л.Г нарын газар дээр бусадтай газар давхцалгүй байна гэж шийдвэрлэсэн.

          Энэ хугацаанд буюу 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд Нийслэлийн Засаг дарга энэ шийдвэрээ дэмжихгүй, ямар нэгэн захиргааны акт гаргахгүй байсан учраас нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгоно гэж заасан.

          Ингээд хүчингүй болгосны дагуу дахиад энэ газар нь хэний ч эзэмшил, ашиглалтад байхгүй байна гэж үзээд нэхэмжлэгч нараас уг газрыг эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга болон Х дүүргийн Засаг даргад удаа дараа гаргасан. Ингэж гаргахад Нийслэлийн Засаг дарга болон Х дүүргийн Засаг даргаас ямар нэгэн хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан.

          Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргад тус тус хандаж, өөрийн хүсэл, зоригоо илэрхийлж, Х дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн зориулалтаар газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу гаргасан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн Засаг дарга хариу үйлдэл өгөөгүй, сая шүүхэд хандаж энэ хэрэг маргаан явсны эцэст 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу шүүхийн шийдвэрийг жилийн дараа биелүүлсэн нотлох баримтыг хүргүүлсэн.” гэв.

          8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Иргэн Э.Б, Л.Г нар нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны А дугаар захирамжийн Н.Н, Г.Ч, Д.Г, З.Ү нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Х дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нарт нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйл үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Бд S”ХХК-ийн үйлдсэн 524.3 м.кв, Л.Гд 467.4 м.кв газрыг эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 688 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 59 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2021 оны 110 дугаар тогтоол гарч хүчин төгөлдөр болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

Одоо маргаан бүхий газар дээр байсан нэр бүхий 5 иргэн болон эдний хашаанаас цаад талын айлын газартай давхцуулсан байсан 5, нийт 10 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гарсан. Одоо тухайн хэсэг нь орон сууцны төлөвлөлттэй хэсэг байгаа юм. Тэгэхээр орон сууцны зориулалтаар газар олгох зохицуулалт байгаа. Түүнээс биш иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгох нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж үзээд олгох боломжгүй гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Л.Г, Э.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Г, Э.Б нарт газар эзэмшүүлэхээс татгалзсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Бд S ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 524.3 м.кв газрыг, Л.Гд S ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 467.4 м.кв газрыг тус тус эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Л.Г, Э.Б нар нь дараах үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын газар олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Б, Л.Г нарт газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгуулахаар дараах үндэслэлээр маргасан.

1/ Нэхэмжлэгч нар нь 2009 оноос эхлэн хуучнаар Х дүүргийн 9 дүгээр хороо одоогоор Х дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргаан бүхий газарт амьдарч байсан.

2/Бидний амьдарч байсан маргаан бүхий газарт давхцуулан бусад эзэмшүүлсэн шийдвэр нь шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон байхад нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгөхгүй байгаа нь хууль бус.

3. Нэхэмжлэгч Л.Г, Э.Б нар маргаан бүхий Х дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т 4-2 гэсэн хаягт  байрлах газарт 2009 оноос хойш оршин сууж байгаа болох нь тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0688 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолоор тогтоогдсон үйл баримт юм.

4.Тодруулбал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 13-т “нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан бөгөөд оршин сууж байсан ... гэх Х дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай газар нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/527 дугаар албан бичгээр ...Э.Ггийн  кадастрын зураг нь Н.Н, Д.Г нарын газартай, ... Э.Бгийн эзэмшлийн газар нь З.Ү, Г.Ч нарын газартай хэсэгчлэн давхцалтай болох нь тогтоогдсон.” гэж, 26-т “... гуравдагч этгээдүүдийн байршил солих хүсэлтийг Л.Г, Э.Б нарын хүсэлтийг шийдвэрлэсэн шинэ акт гаргахад харгалзан үзэх шаардлагагүй.” гэж, 27-д “...маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ гаргаж, оршин сууж байсан нэхэмжлэгч болон огт өөр байршилтай газрыг бусдаас шилжүүлж авсан гэдэг үндэслэлээр маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон гэх гуравдагч этгээдүүдийн эрх зүйн байдлын тухайд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газрыг өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг үндэслэн дүгнэлт хийвэл нэхэмжлэгчийн шаардлага хууль ёсны байна.” гэж тус тус дүгнэжээ.  

5. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/179 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Л.Г, Э.Б оршин сууж, эзэмших хүсэлт гаргасан газарт давхцуулан Н.Н, Д.Г З.Ү нарт газар эзэмшүүлсэн 2018 оны А дугаар захирамжаа хүчингүй болгож, газар эзэмших эрхийг нь дуусгавар болгосон байна.

6.Нэхэмжлэгч нарын эзэмших хүсэлт гаргасан газар нь Х дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т 4-2 гэсэн хаягт байрлалтай бөгөөд нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Х дүүргийн 16 дугаар хороо, Т, Х дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Тд тус тус газар өмчлүүлэхээр тусгагджээ.

7.Л.Г, Э.Б нар нь дээр дурдсан шүүхийн шийдвэр гарснаас хойш Нийслэлийн Засаг даргад газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... тухайн хэсэг нь орон сууцны төлөвлөлттэй хэсэг учраас орон сууцны зориулалтаар газар олгох зохицуулалт байгаа. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгох нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул олгох боломжгүй” гэх тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй байна.

            8. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”,31.3.Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”,  33 дугаар зүйлийн 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;” гэж заасан.

            9. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд Л.Г, Э.Б нарт газар эзэмшүүлэхээс татгалзсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Бд S ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 524.3 м.кв газрыг, Л.Гд S ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 467.4 м.кв газрыг тус тус эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г, Э.Б нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,   Л.Г, Э.Б нарт газар эзэмшүүлэхээс татгалзсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Бд S ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 524.3 м.кв газрыг, Л.Гд S ХХК-ийн үйлдсэн зургийн дагуу 467.4 м.кв газрыг тус тус эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН