Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0624

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч Х.Б

          Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга

          Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даамал

          Гуравдагч этгээд Ц.Б

          Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/*** дугаар захирамжийн хавсралтын 5-д бичигдсэн Ц.Б-т төмс, хүнсний ногооны усалгаатай тариаланд зориулагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгасан заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 126/ШШ2025/0010 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Л.Г

          Хариуцагчийн өмгөөлөгч Д.У

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

          Хэргийн индекс: 126/2024/0107/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Х.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/*** дугаар захирамжийн хавсралтын 5-д бичигдсэн Ц.Б-т төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан зориулалтаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулсан байна.

          2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар шийдвэрт:

          1 дэх заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даамал нарт холбогдуулан гаргасан “Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ***дугаар захирамжийг үндэслэж Ц.Б-т Мөрөн сумын Э**** багийн Ц гэх газар нэгж талбарын дугаар бүхий 19000 м.кв төмс, хүнсний ногоо, усалгаатай тариалангийн зориулалттай газар эзэмшүүлэх гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/** дугаар захирамжаар Х.Б-д газар эзэмших эрх олгох, газрыг кадастрын зураглалыг өөрчлөх, зөвтгөх, зөвтгөхгүй байгаа даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, кадастрын мэдээллийн санд зөвтгөж оруулахыг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даамалд даалгах” тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

          2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, энэхүү шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдаж,

          3 дахь заалтаар “Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4, 52.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн хавсралтын 5-д бичигдсэн Ц.Б төмс, хүнсний ногооны усалгаатай тариаланд зориулагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгасан заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан үндэслэлийн тухайд, тухайн газар эзэмших гэрчилгээг сунгахдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ***дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” захирамжийг үндэслэж, 2009 онд 14 настай байсан Ц.Б-т газар эзэмшүүлсэн байхаар харагдаж байгаа нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай байна. Нэхэмжлэгч Х.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/** дугаар захирамжийг үндэслэн, нэгж талбарын дугаар бүхий 16398 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр гэрчилгээ авсан. Тус захирамжийн хавсралт 18-д “Х.Б-д Ц******** гэх газарт 4000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, хадлангийн зориулалтаар шинээр авсан” байна. Энэ газартай давхцуулан гуравдагч этгээд Ц.Б-т олгосон газрыг Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх хүчинтэй байхад иргэн Ц.Б-ийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцахгүй байх, хээрийн судалгаа хийх, газар эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээдийн хувийн хэргийг бүрдүүлэх, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, хөтлөх, үүргээ биелүүлээгүй” иргэний газар эзэмших гэрчилгээг олгож, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна” гэх нотлох баримтаар маргаан бүхий захиргааны акт нь дотоод агуулгын хувьд алдаатай нь харагдаж байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй.

          3.2 Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлийн тухайд, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шинэчилсэн найруулгаар нэмж хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэтэл гуравдагч этгээд Ц.Б-т газар олгохдоо хуулиар хориглосон заалтыг зөрчиж газар олгосон. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй захиргааны акт гаргасан байгаа нь тодорхой байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаагүй, иргэн Х.Б-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ биелүүлэлгүй, захиргааны байгууллага албан тушаалтнууд хууль зөрчих, дураараа аашлах, хуульд заасан зарчим, хэм хэмжээг үл тоох нөхцөл байдал бүрдээд байна.

          3.3 Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн иргэний хуулиар олгогдсон эрхийг хамгаалж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүх үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар зөв дүгнэсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дугаар захирамжийг үндэслэн Х.Б-д 13 дугаар баг, Ц******** нэртэй газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар 500 м2 газрыг 15 жилийн хугацаатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, газар эзэмших эрхийн 000******* дугаар гэрчилгээ олгожээ.

          4. Мөн аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/** дугаар захирамжаар “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар гэрээ, гэрчилгээгүй эзэмшиж байсан 20 иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хавсралтад заасны дагуу газар эзэмшүүлэх”, уг хавсралтын 18-д Х.Б-д Ц******** гэх байршилд 4000 м2 газрыг 15 жилийн хугацаатай хадлангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нэгж талбарын ************ дугаар бүхий 16398 м2 газрыг “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ******** дугаар гэрчилгээ олгосон байна.

          5. Гуравдагч этгээд Ц.Б-т Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/*** дугаар захирамжийн хавсралтын 5-д Ц.Б-т 13 дугаар баг, Ц******** нэртэй газарт төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай нэгж талбарын *********** дугаар бүхий 19000 м2 газрыг эзэмших хугацааг 15 жилээр сунгаж, 0000******* дүгээр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

          6. Ц.Б нь уг газрыг иргэн Т.Б-өөс шилжүүлж авсан гэх бөгөөд Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Газар олгох, эзэмших эрх шилжүүлэх тухай” *** дугаар захирамжаар Т.Б-д хүнсний ногоо тариалах зориулалтаар Э************ доод хэсэгт 0,4 га газар олгох, мөн сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 02-ны “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” ***-р захирамжаар Т.Б-д Ц********д 0.4 га газарт төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар тус тус газар эзэмших эрх олгож байжээ.

7. Хэрэгт авагдсан Газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн нэгж талбарын ********** дугаар бүхий 16398 м2 газар болон гуравдагч этгээдийн нэгж талбарын ******* дугаар бүхий 19000 м2 газрууд нь хоорондоо давхцалгүй, харин 60 метр (шүүхийн үзлэгээр 500 метр гэх)-ийн зайтай бүртгэгдсэн болох нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар, 10 дугаар сарын 14-ний өдрийн *** дүгээр, мөн 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар албан бичгүүд, хавсралт зургаар тогтоогдсон, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй байна.

8. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан боловч Д голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж байгууллага төмс, хүнсний ногоо тариалах эрхийг хязгаарлаагүй байна.

9. Хадлангийн талбайг зохистой ашиглах, хамгаалах талаар зохицуулсан Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Сум, дүүргийн Засаг дарга мэргэжлийн эрх бүхий байгууллагатай хамтран хадлангийн талбайд газар зохион байгуулалтын арга хэмжээ авч, түүний хэрэгжилтийг хангана”, 53.2-т “Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна” гэж зааснаас үзвэл хадлан авах бололцоотой талбайг жил бүр зохион байгуулалт, хуваарилалт хийж иргэдэд ашиглуулдаг байх бөгөөд газрыг хадлан бэлтгэх зориулалтаар олон жилийн хугацаатай, нэг этгээдэд эзэмшүүлдэггүй.

10. Мөн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ** дугаар тогтоолоор “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ыг баталж, уг журмын 3.1-д “Бэлчээр ашиглалтыг тухайн аймаг, сум, багийн бэлчээрийн экологийн чадавх, бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт болон мониторингийн тухайн жилийн дүн мэдээлэлд үндэслэн улирлаар, тодорхой хугацаагаар төлөвлөх зарчмаар зохицуулна”, 3.2-д “Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан бэлчээр ашиглах гэрээний үндсэн дээр талуудын хүлээх үүргийн дагуу ашиглах ерөнхий зохицуулалтыг баримтална” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Х.Б нь Ц******** гэх нэртэй газар хадлангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон ч аймгийн Засаг даргатай бэлчээр ашиглах гэрээ байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдлоо.

11. Иймээс бодит байдалд Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий ердийн хадлан болон өвөлжөө, хаваржааны газартай гуравдагч этгээдийн төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар эзэмших газар ямар нэгэн байдлаар давхцалгүй, 2 өөр байршилд байгаа болох нь шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдож байх ба энэ тохиолдолд Х.Б-ийн хуулийн дагуу үүссэн газар эзэмших эрх болон хадлангийн талбай, бэлчээр ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд (I) маргаж буй захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахын зэрэгцээ (II) нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох учиртай.

13. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэдэг нь уг актын бичвэр хэн ч харсан утга агуулга, үг, үсэг, тоо тооцооллын алдаатай болох нь илэрхий байхыг, харин 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх ойлголт нь хуульд заагаагүй үндэслэлээр хүний эрхэд халдсан буюу хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг илэрхийлнэ.

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...2009 онд 14 настай байсан Ц.Б-т газар эзэмшүүлсэн, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна ...Ц.Б-т газар олгохдоо хуулиар хориглосон заалтыг зөрчиж газар олгосон зэрэг нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй, утга агуулгын хувьд илэрхий алдаатай...” гэх давж гомдол үндэслэлгүй байна.

15. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаар шинжээчийн дүгнэлтэд “...000**** дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээний “15 жилийн хугацаатай” гэх бичвэрийн “1”-ийн тоог сүүлд нэмж бичсэн эсэхийг тогтоох боломжгүй, ...“1”-ийн тоо нь уг баримт дээрх бусад 1-ийн тоотой тохирохгүй байна” гэж дүгнэсэн бөгөөд дээрх гэрчилгээнд тоо нэмж бичсэн, зассан асуудалд захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байхгүй тул “илт хууль бус захиргааны акт”-д хамаарахгүй байна. Харин Х.Б уг асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж өргөдөл, гомдлоо гаргаж шалгуулах эрх нь нээлттэй.

16. Мөн хариуцагчаас шүүх хуралдаанд “...Мөрөн сумын Засаг даргын 2023 оны А/*** дугаар захирамжийн хавсралтын Ц.Б-т хамаарах ...2009 оны ***дугаар захирамжийн 25 дахь заалт... гэх бичилт нь техникийн шинжтэй алдаа” гэх тайлбар гаргасан байх ба 2009 оны ***дугаар захирамжаар Ц.Б-т газар эзэмшүүлэх эрх олгох эсэх асуудал шийдвэрлэгдээгүй байна.

17. Энэ тохиолдолд дээр дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актыг захиргааны актад тавигдах эрх зүйн формаль шаардлагын хувьд хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, утга агуулгын илэрхий алдаатай, хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхэд халдсан гэж дүгнэн, илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй.

18. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “захиргааны акт илт хууль бус болох” эсэх талаар дүгнэлтийг бүрэн хийгээгүй байх ба маргаж буй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/*** дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан шинжийг агуулаагүй, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

19. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон, мөн давж заалдах гомдлоо дээрх агуулгаар гаргасан тул энэ хүрээнд дүгнэлт өгч шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасанд нийцнэ гэж үзэв.

             Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                               З.ГАНЗОРИГ

                                   

ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА