Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 00107

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж

нарийн бичгийн дарга С.Гончигбал,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат,

шүүгдэгч П.Уламбаяр, Б.Пүрэвбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвжалын Уламбаяр, Болдын Пүрэвбаатар нарт холбогдох 201606000252 дугаартай, 132/2016/0105/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч П.Уламбаяр: Монгол Улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гатуурчин мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Хөтөл баг, Овоот 3-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвжалын Уламбаяр /РД:ТГ66071913/.

Шүүгдэгч Б.Пүрэвбаатар: Монгол Улсын иргэн, 1991  оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, цементийн үйлдвэрт краны гагнуурчин ажилтай, ам бүл 8, аав, ээж, ах дүүгийн   хамт   Сэлэнгэ   аймгийн   Хөтөл   баг  овоот   26-2   тоотод   оршин   суух,   ялгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Болдын Пүрэвбаатар /РД:НЭ91112710/.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Уламбаяр, Б.Пүрэвбаатар нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар 02-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт алт олборлох  чиглэлээр  үйл   ажиллагаа  явуулж  байсан "Хамтын   Эх  булаг"  ХХК-ны хашаанаас ЭШ 10/60 цахилгаан эксковаторын 100 м урт троссыг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч П.Уламбаярын өгсөн: Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн заамар суманд хувиараа алт олборлохоор Б.Пүрэвбаатарыг дагуулж хамт явсан. Тэнд очоод 1 бүтэн, 1 хагас машин шороо угааж байж жаахан алт олсон. Түүнийгээ Совын төв рүү орж тушаах гэтэл бохир, хаягдал, хорогдол хасна энэ тэр гээд 20000 төгрөг болж байхаар нь тушаахаа болиод сов орсон. Тэгээд тэндээс хоосон буцаж байхаар энүүгээр хаягдал ихтэй байх шиг байна. Хоёулаа хаягдал төмөр ачаад явъя гэж шийдээд явж байтал уурхайнууд байж байгаад нүүгээд явсан бололтой хоосон буйр байсан. Тэндээс  хаягдал төмөр хайж байгаад би тэр троссыг харсан юм. Тэнд 10-аад гэрийн буурь мөн сендвичин байшин байсан болов уу гэмээр бууц байсан. Тросс нь өргөс ихтэй, зэвэрсэн тросс байсан. Би троссыг авъя гэж бодсон. Тэгээд тросс ухсан нүхэнд байхаар татаж дийлэхгүй машины татлага залгаж машинаар татаж гаргаж ирээд ачиж байтал цагаан өнгийн ачааны машинтай улсууд ирээд наадуул чинь манай уурхайн өмч, компанийн өмч гэхээр нь би уучлаарай хаягдал юм байх гэж бодлоо гээд буцааж өгсөн. Тэр хавиар олон уурхай байдаг болохоор хаягдал зөндөө байдаг юм билээ. Тэгээд троссыг нь буулгачихаад өөрийнхөө цуглуулж явсан төмрүүдийг ачиж байтал харуулын дарга нь ирж биднийг загнаж хэл амаар доромжилж аль газрын хулгайчууд вэ? аль шоронгийн хулгайчууд шоронд чинь буцааж өгнө өө гэх зэрэг давшилж байснаа тайвшраад та хоёр наад троссоо ачаад манай гэр дээр аваачиж өг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр арай гэж тросыг ачаад явах гэтэл намайг машины түлхүүрээ өг гэж аваад миний машиныг өөрөө бариад явсан. Тэнд очоод бид хоёрыг харуулын байр бололтой байшинд оруулаад энд сууж бай гэж хэлэхээр нь сууж байтал удалгүй Бүрэгхангай сумын хэсгийн төлөөлөгч ирж бид хоёрыг авч явсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Пүрэвбаатарын өгсөн: Би тэр өдөр ажлаасаа буучихаад П.Уламбаяр ахынд очсон. Гэтэл П.Уламбаяр ах хоёулаа заамар яваад ирье гэж хэлсэн. Бид хоёр тэнд очоод 1 бүтэн, 1 хагас машин шороо угаачихаад Сов дээр очиж алтаа өгөх гэтэл 0.2 гр болоод тал хувиас нь хорогдол хасна гэхээр нь өгөөгүй. Тэгээд хоосон буцахаар хаягдал төмөр ч болсон түүе гээд тэндээс төмөр түүсэн. Би туулын гүүр гараад хэсэг хугацаанд унтсан байсан. Нэг сэртэл П.Уламбаяр ах энд тросс байна. Хавьд хүн амьтан байхгүй байна. Хаягдал юм шиг байна хоёулаа ачъя гэсэн. Тэгээд бид хоёр нэг троссыг машинаар татаж арай гэж гаргаж ирээд байж байтал цагаан өнгийн ачааны машинтай хүмүүс  ирээд наадах чинь манай компанийн хөрөнгө гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр уучлаарай гээд буулгасан. Тэгтэл харуулын дарга нь араас нь компанийхаа захиралтай ирж буцааж ачуулаад хашаандаа аваачсан. Тэнд очооод бид хоёрыг ийшээ ор гээд харуулын байранд оруулсан. Тэгтэл Бүрэгхангай сумын хэсгийн төлөөлөгч нь ирсэн. Тэндээс бид хоёрыг Бүрэгхангай сумын төврүү машинтай минь авч явсан гэх мэдүүлэг

201606000252 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ч.Бүүвэйхүүгийн өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр уурхай дээрээ ажлаа хийж байсан. Тэгсэн өдөр 13 цаг 30 минутын үед манай харуул хамгаалалтын ажилтан Тэнгис гэх залуу над руу станцаар эксковаторын троссыг 2 хүн хулгайлж байхад нь барьж авлаа та хүрээд ир гэж хэлсэн. Би тухайн үед уг газарт очоод Булган аймгийн Бүрэгхангай сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Батхөлөгт болсон зүйлийнхээ талаар ярьж дуудлага өгсөн. Цагдаа ирээд хэргийн газрын үзлэг хийгээд тросс хулгайлсан хүмүүсийг аваад явсан.  Манай компаний эзэмшлийн тросс байгаа юм. Миний алдсан тросс 100 м эксковаторын шанага татдаг тросс байсан юм. 600.000 мянган төгрөгөөр үнэлнэ. Би алдсан троссоо буцаагаад авсан учраас надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 20 тал/

Гэрч У.Тэнгисийн  өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган   аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хамтын эх булаг ХХК-ний бууны постон дээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн өдөр 13 цагийн орчимд цагаан Сэлэнгэ аймгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2 эрэгтэй хүн миний байсан постны баруун хойд талд байрлах зоон дотор байсан 2 троссны 1 троссыг нь машин дээрээ ачаад, ахиад нэг троссыг нь ачих гэж байхад нь би очиж таслан зогсоогоод компаний захирал Бүүвэйхүүд станцаар мэдэгдсэн. Захирал ирээд Бүрэгхангай сумын хэсгийн төлөөлөгч рүү утасдаж хэлсэн. Бүрэгхангай сумын төлөөлөгч удалгүй ирээд хэргийн газрын үзлэг хийгээд нөгөө тросс хулгайлсан 2 залууг аваад явсан. Тухайн тросс нь 100 метр урттай шалдан тросс байсан. Гадуураа ямар нэгэн бүрээсгүй байсан. Манай Хамтын эх булаг ХХК-ний эзэмшлийн тросс байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/

Яллагдагч П.Уламбаярын өгсөн: ... Би Эрүүгийн хуулийн тусгай ангийнн 145 дугаар зүйлд зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Надад сонсгосон ялтай холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/

Яллагдагч Б.Пүрэвбаатарын өгсөн: ...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.Надад сонсгосон ялтай холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-17 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 18 тал/, эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /хх 23 тал/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн Орхон салбарын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ?Б/16/118 тоот портер машиныг 6 300 000 төгөргөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх 25-34 тал/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэл эдэлж байсан талаархи Цагдаагийн байгууллагын лавлагаа болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-57-66 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч П.Уламбаяр, Б.Пүрэвбаатар нар нь 2016 оны 10 дугаар 02-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт алт олборлох чиглэлээр  үйл ажиллагаа явуулж байсан "Хамтын Эх булаг" ХХК-ны хашаанаас ЭШ 10/60 цахилгаан эксковаторын 100 м урт троссыг хулгайлахаар завдсан хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ч.Бүүвэйхүү, гэрч У.Тэнгис нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.     

Хэрэгт үзлэг, нэгжлэг, эд зүйл хураан авах ажиллагаа зохих журмын дагуу явагдаж хохирогч, гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргажээ.

 Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч П.Уламбаяр, Б.Пүрэвбаатар нарыг бусдын эд зүйлийг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.Уламбаяр, Б.Пүрэвбаатар болон өмгөөлөгч Б.Цэрэнбат нар нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт алт олборлох  чиглэлээр  үйл   ажиллагаа  явуулж  байсан "Хамтын   Эх  булаг"  ХХК-ны хашаанаас ЭШ 10/60 цахилгаан эксковаторын 100 м урт троссыг хулгайлахыг завдсан нь субьектив санаа байгаагүй, гэмт хэрэг хэлбэрийн төдий үйлдэгдсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч П.Уламбаяр, Б.Пүрэвбаатар нар нь хохирогчоор тогтоогдсон Ч.Бүүвэйхүүгийн "...Тэнгис гэх залуу над руу станцаар эксковаторын троссыг 2 хүн хулгайлж байхад нь барьж авлаа та хүрээд ир гэж хэлсэн. Би тухайн үед уг газарт очоод Булган аймгийн Бүрэгхангай сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Батхөлөгт болсон зүйлийнхээ талаар ярьж дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг, гэрч У.Тэнгисийн "...Сэлэнгэ аймгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2 эрэгтэй хүн миний байсан постны баруун хойд талд байрлах зоон дотор байсан 2 троссны 1 троссыг нь машин дээрээ ачаад, ахиад нэг троссыг нь ачих гэж байхад нь би очиж таслан зогсоогоод компаний захирал Бүүвэйхүүд станцаар мэдэгдсэн..." гэх мэдүүлгээр бусдын эд хөрөнгө хулгайлахыг завдсан үйлдэл дээрээ тэдний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй зогсоогдсон болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтаар няцаагдаж байна.

Харин шүүгдэгч П.Уламбаяр, Б.Пүрэвбаатар нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан цагаан өнгийн Портер 11-08 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэж үзэхэд учир дутагдалтай байх тул шүүгдэгч П.Уламбаярт ашигтай байдлаар шийдвэрлэж эзэмшигч П.Уламбаярт буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Хамтын эх булаг ХХК-нд 600 000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн байцаагчийн эд зүйл хүлээлгэн өгсөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлээр хохирогчоор тогтоогдсон Ч.Бүүвэйхүүд 100 м троссыг хүлээлгэн өгсөн болох нь нотлогдож байна. Мөн хохирогчоор тогтоогдсон Ч.Бүүвэйхүү нь эд зүйлээ хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн байдал, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.     

Шүүгдэгч П.Уламбаяр, Б.Пүрэвбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, цэнхэр өнгийн "Портер" 11-08 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг эзэмшигч П.Уламбаярт олгож, 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн мөрдөн байцаагчийн iphone-4s хуучин хэрэглэж байсан цагаан, хар өнгийн гар утас битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, битүүмжилсэн iphone-4s нар утаснуудыг шүүгдэгч П.Уламбаяр ,Б.Пүрэвбаатар нарт хариуцуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Пүрэвжалын Уламбаяр, Боржигон овогт Болдын Пүрэвбаатар нарыг бусдын эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.1, 60.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Пүрэвжалын Уламбаяр, Болдын Пүрэвбаатар нарын эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   52   дугаар   зүйлийн   52.5-д   заасныг баримтлан шүүгдэгч Пүрэвжалын Уламбаяр, Болдын Пүрэвбаатар нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч П.Уламбаяр, Б.Пүрэвбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй бөгөөд шүүгдэгч П.Уламбаяр, Б.Пүрэвбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч П.Уламбаяр, Б.Пүрэвбаатар нарт оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоож, түүнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай

6. Мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож цэнхэр өнгийн "Портер" 11-08 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг эзэмшигч П.Уламбаярт буцаан олгож, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн iphone-4s хуучин хэрэглэж байсан цагаан, хар өнгийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Уламбаяр, Б.Пүрэвбаатар нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНДУЛАМ