Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 00013

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Б.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Долгормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 429 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Ггийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Сд холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Г  2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Стэй 2006 онд танилцан үерхэж хэн, хэнийхээ гэр орноор ирэн очин амьдарцгааж байгаад 2009 онд жирэмсэлж, 2009 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр охин Номуундарийг төрүүлсэн. Гэтэл Б.С нь 2011 онд Оросын Холбооны Улсын Санктпетербург хотын “Военнаяа Медицинская Академия” сургуульд суралцахаар явсан үеэс хойш бидний харилцаа хөндийрч эхэлсэн.

... Иймд Б.С нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа тул охин Г.Н-ийн эцгээр Б-н С-г тогтоож, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэж хүсч нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.С 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б овогтой С нь Б овогтой Г-ийн хүсэлтээр Н-ийн эцэг тогтоох шинжилгээнд орон шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэг нь мөн болох нь тогтоогдсон учир надад хуулийн дагуу хүүхдийн тэтгэмжийг олгоход татгалзах зүйл байхгүй болно. ... Би Н-н эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 429 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2009 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин С овогт Г-н Н- ийн эцгээр Ш овогт Б-н Сэргэлэн мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хариуцагч  Б.С гээс 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Г.Н-г тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа давж заалдах гомдолдоо: ... Миний үйлчлүүлэгч хариуцагч Б.С нь анх Г.Н-г өөрийн хүүхэд гэдэгт эргэлзэн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасан байдаг. Шүүх хүсэлтийг хангаж шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням- Осорын 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдриин 390 дугаартай дүгнэлт гарсан байдаг хэдий ч хариуцагч Б.С нь гадаад улсад яаралтай явах шаардлагатай болсон тул дээрх шинжээчийн дүгнэлттэй албан ёсоор танилцалгүй “ ... шинжээчийн дүгнэлт миний хүүхэд мөн гэж гарсан тул ... би тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. ...” гэх утга бүхий хүсэлтийг өөрийн гараар бичиж өгөөд хэргийг түүний эзгүйд /шинжээчийн 390 дугаартай дүгнэлтийг үндэслэн/ шийдвэрлэсэн байдаг юм.

Ингээд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 58 дугаартай тогтоолоор Б.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Лхагвасүрэнгийн хүсэлт болон өмгөөлөгчийн саналыг тус гус хянан үзээд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар болж хэргийг сэргээсэн бөгөөд хэргийг нэгэнт ердийн журмаар шиидвэрлэх болсон учир өмгөөлөгч миний бие 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдриин 654 дугаартай шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням- Осорын 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 390 дугаартай дүгнэлт нь Г.Номуундарь Б.С нарыг эцэг хүүхэд мөн гэж тогтоогоогүй байх тул дахин эцэг тогтоох шинжилгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ДНК-ийн шинжилгээгээр тогтоолгож өгөх хүсэлтийг гаргасан юм.

... Б.С нь өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас захирамжид заасан хугацаанд ирж шинжилгээ өгч чадаагүй гэдгээ нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал шүүгч түүнийг харгалзан үзэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх хугацааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогч буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ...” эрхийг шүүгч хэрэглэх боломж байсаар байтал уг заалтыг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн. Мөн 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 390 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Г.Н, Б.С нарын эцэг хүүхэд мөн гэж дүгнээгүй байхад шүүгч үүнийг эцэг хүүхэд мөн гэж дүгнэсэн байх тул хэмээн нотлох баримтаар дахин үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэснийг зөрчсөн.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Г нь 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Б.С 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “...шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэг нь мөн болох нь тогтоогдсон учир надад хуулийн дагуу хүүхдийн тэтгэмжийг олгоход татгалзах зүйл байхгүй болно. ...Би Н-н эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө” гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүлээлэнгийн шинжээчийн 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 390 дугаартай дүгнэлт болон фото гэрэл зургийг үндэслэн 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 654 дүгээр шийдвэрээр Г.Н-н эцэг Б.С мөн болохыг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх ба  шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр  хянуулах тухай А.Лхагвасүрэнгийн хүсэлтийг үндэслэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолоор шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтоожээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа “...ДНК-ийн шинжилгээгээр хариуцагч Б.С, охин Г.Н нарыг эцэг тогтоолгох шинжилгээнд оруулж, дүгнэлт гаргуулах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3932 дугаартай шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх ба  2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1062 дугаартай шүүгчийн захирамжаар “...хариуцагч Б.С нь өөрийн биеэр очиж шинжилгээ өгөөгүйн улмаас хэрэг түдгэлзүүлсэн хугацаа дууссан” үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шинжээч томилсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй байхад буюу Г.Н-н эцэг нь хариуцагч Б.С мөн эсэхийг эрх бүхий байгууллага тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамжид зохигч хэдийд Шүүхийн шинжилгээний хүрээлэнд очих талаар тодорхой тусгаагүй атал “...Б.С нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өөрийн биеэр очиж шинжилгээ өгөөгүйн улмаас хэрэг түдгэлзүүлсэн хугацаа дууссан”  үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих, зохигч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн захирамжаа биелүүлэх шаардлагатайн дээр хүүхдийн эцэг  тогтооход тусгай мэдлэг шаардагдах тул эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Т.ГАНБАТ

   ШҮҮГЧИД                                 Ё.БЯМБАЦЭРЭН

                                                      Б.СОСОРБАРАМ