Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/378

 

 

 

 

 

 

 

    2023         05          29                                     2023/ШЦТ/378

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310002880159 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй *** (РД:***).

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь цэргийн дэд ахлагч цолтой, цэргийн алба хаагч нь Монгол Улсаас Япон Улсын Токио хотын Үндэсний батлан хамгаалах их сургуульд суралцаж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 57 хоног цэргийн алба хааж байгаа газар болох Япон улсын Токио хотын Үндэсний батлан хамгаалах Их Сургуулийн байрыг дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ээс: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 2310002880159 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны “Асуудал шийдвэрлүүлэх тухай” 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 04/4532 тоот албан бичиг (хавтаст хэргийн 8 дахь тал),

 

            2. Монгол Улсаас Япон Улсад суугаа элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе ***ын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн:

            Тус сургуулийн нэгдүгээр курсийн сонсогч дэд ахлагч *** нь ар гэрийн шалтгааны улмаас цаашид сурах чиглэлээ өөрчилж байгаа учир сургуулиас гарах хүсэлтэй байгаагаа 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Үндэсний бүлгийн ахлагч ахмад ***д мэдэгдэж байсан, ахмад ***ын зүгээс цэргийн цол олгогдож, тангараг өргөсөн цэргийн албан хаагч нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэргийн албанаас гарах нь боломжгүй зүйл гэдгийг тайлбарлаж дахин сайн эргэцүүлж бодохыг зөвлөсөн. Дэд ахлагч *** 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сургуулиас чөлөөлөгдөхөөр шийдсэн гэсэн хариу өгсөн учир өөрийн гараар учир шалтгааныг тодорхой бичсэн өргөдлөө өгөх хэрэгтэй гэсэн үүрэг өгсний дагуу 09 дүгээр сарын 15-ны өдөр өргөдлөө танилцуулсан хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаан болон бусад мэдээлэл тодорхойгүй байсан учир ахмад ***ын зүгээс дахин засаж ирэх үүрэг өгсөн. Дэд ахлагч *** засах шаардлагатай өргөдлийг дахин бичиж ирүүлэх үүргийг биелүүлээгүй.

            2022 оны 09 дүгээр сарын 17-ны Бямба гарагийн оройн тооны үеэр дэд ахлагч *** харьяалагдах ротын байрлалд байхгүй байгаа нь тогтоогдож батальоны түвшинд хайлт хийх явцад архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөр ротын байрлалд унтаж байсныг илрүүлсэн. Сургуулийн дотоод дүрмийн дагуу нэгдүгээр курсийн сонсогчид архи, тамхи хэрэглэхийг хориглодог учир рот болон салааны захирагч офицерууд ярилцлага хийж асуудлыг ажлын өдөрт шийдвэрлэхээр болсон.

            Гэвч 2022 оны 09 дүгээр сарын 19-ний Даваа гарагийн (Япон улс даяар бүх нийтийн амралтын өдөр байсан) өглөөний 10 цагаас хойш өрөөндөө харагдахгүй байсан учир өрөөний бусад оюутнууд 12 цаг хүртэл рот, батальоны байрууд, спорт клубүүд болон бусад нийтийн эзэмшлийн байрлалуудад хайлт явуулсан боловч олж чадаагүй учир манай улсын 4 дүгээр курсийн сонсогчдод мэдэгдсэнээр сургуулиас оргон зайлсан болох нь тогтоогдсон.

            Дэд ахлагч ***ий гар утас руу холбогдохоор удаа дараалан оролдсон боловч дуудлагад хариу өгөөгүй. Сургуулийн байрлал дахь хувийн хэрэгслүүдийг шалгуулахад компьютер, энгийн хувцас болон чемодан зэрэг нь бүгд байхгүй байсан учир сургуулиас оргон зайлсан байна гэж үзэн Үндэсний бүлгийн ахлагчаас цэргийн атташе хурандаа *** болон бусад албан тушаалтнуудад мэдэгдсэн.

            Сургуулийн зүгээс 19:00 цаг хүртэл холбоо барьж байрлалаа мэдэгдэхийг хүссэн ба холбоо бариагүй учир 19:30-20:00 цагийн хооронд бүх оюутныг дайчлан сургуулийн хамаарал бүхий бүх байрлалд хайлт явуулсан ч үр дүн гараагүй учир хайлтыг зогсоож цаашид эрлийг цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр явуулах хүсэлтийг цэргийн атташед ирүүлсэн. Цэргийн атташегийн зөвшөөрснөөр сургуулийн захиргаанаас Канагава мужийн Урагагийн цагдаагийн газарт эрэн сурвалжлах тухай хүсэлт тавьж 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өдрөөс улс даяар эрэн хайх ажиллагааг явуулж эхэлсэн.

            Токио хотын Үэно дүүргийн цагдаагийн газраас цэргийн атташе хурандаа ***тай 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 18:00 цагийн үед холбогдож дэд ахлагч ***ийг олж саатуулсан талаар мэдэгдсэн. Цэргийн атташе хурандаа *** Үэно дүүргийн цагдаагийн газар очиж нөхцөл байдалтай танилцахад дэд ахлагч *** бага зэрэг согтолттой, цэргийн албанаас оргон зайлсандаа гэмшсэн шинжгүй байсан. Үэно дүүргийн цагдаагийн газрын эрүүгийн тасгийн байцаагч Танакагийн зүгээс дэд ахлагч ***ийг япон хүний гээгдүүлсэн бугуйн цагийг олоод зүүсэн байсныг хохирогч нь таньж цагдаагийн газарт хандсанаар ирүүлсэн болохыг тайлбарласан. Дэд ахлагч *** дээрх бугуйн цагийг өөрийн цаг гэж мэдүүлсэн бөгөөд түүнийх гэж нотлох ямар ч баримт байгаагүй. Нөгөөтээгүүр хохирогч нь өөрийн цаг болохыг нотолсон мэдүүлэг нь тохирсон тул түүнийг худал мэдүүлэг өгч байна гэж үзсэн. Цэргийн атташе хурандаа *** Цагдаагийн газарт учир байдлыг тайлбарлаж эрүү үүсгэхгүйгээр явуулах хүсэлт тавьсан. Мөн хохирогч нь цагаа эргүүлэн авснаар гомдлоо буцаан татсан тул түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй. Цэргийн атташе хурандаа *** дэд ахлагч ***ийг 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд ЭСЯ-нд байрлаж хооллож ундлан харгалзаж хоносон. 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 4 дүгээр курсийн сонсогч ***, 3 дугаар курсийн сонсогч *** нарыг Элчин Сайдын Яам дээр дуудаж дэд ахлагч ***ийг харгалзуулан Ёкосука хот руу Үндэсний батлан хамгаалах академи руу явуулсан. 11 дүгээр сарын 15,16-ны өдөр ахлах дэслэгч ***т үүрэг өгч дэд ахлагч ***ий сургууль дээрх тооцоо төлбөр, хотын захиргааны бүртгэлээс хасуулах, гар утасны дугаар хаах, төлбөр дуусгах зэргийг зохих журмын дагуу хаалгасан. Улмаар 11 дүгээр сарын 18-ны өдрийн нислэгээр нутаг буцаасан болно. Дэд ахлагч ***ийг эрэн хайх үед гарсан зардал хурдны замын төлбөр /Токио-Ёкосука-Токио/ 5000, метроны зардал 2 оюутан /Токио-Ёкосука-Токио/ 4000, автомашины шатахууны төлбөр 150 км, /1км 15 иен/-2250, ЭСЯ-ны курьерийн өрөөний төлбөр /2 хоног/ 20000, хоол цай / 2 өдөр/ 3000 гэх зардал гарсан. гэх илтгэх хуудас (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

 

3. Японы Үндэсний Батлан Хамгаалах Их Сургуулийн магистрант ахмад ***ын дэд ахлагч цолтой *** овогтой *** тухай илтгэх хуудас (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

4. Хохирогч Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны хууль ёсны төлөөлөгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн:

Монгол Улсын батлан хамгаалах яам хоорондын хамтын гэрээний хүрээнд буцалтгүй тусламжаар суралцах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Иргэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг Сөүл Рояал Каунти хотхоны 306 дугаар байрны 301 тоотод оршин суух хаягтай *** гэх залуу нь тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг бичгээр гаргаж, сонгон шалгаруулалтад хамрагдаж тэнцсэн учир тэтгэлэгт Батлан хамгаалах яамны сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/74 дугаартай “Япон улсад суралцуулах тухай” тушаалаар хамрагдан мөн сайдын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/363 дугаартай “Журам батлах тухай” тушаалын 4.6-т зааснаар цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдан цэргийн тангаргийг өргөж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 02 дугаар сарын 255-ны өдрийн Б/193 дугаартай “Цол олгох тухай” тушаалаар цэргийн дэд ахлагч цолыг олгож Япон улсын Батлан Хамгаалахын сургуулийн үндсэн ангийн суралцагчаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу 6 жилийн хугацаатай суралцахаар Япон улсын Токио хотод байрлах сургуульд суралцаж байх хугацаандаа 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр *** нь тус сургуулийн байрлалыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Япон Улсын цэргийн сургуулийн үндэсний ахлаач буюу тус сургуульд суралцагч, оюутнуудыг хариуцдаг ахмад ***д мэдэгдэлгүйгээр өөрийн эд зүйл, хувцас зэргийг авч Япон Улсын байрлалд явсан. Энэ хугацаанд ахмад *** болон Япон улсад суух Монгол Улсын Цэргийн атташе *** нар нь сургуулийн суралцагч оюутнуудын хамтаар эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан боловч олдоогүй учир тус улсын цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлах ажил арга хэмжээг зохион байгуулан суралцагч, дэд ахлагч ***ийг 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу алга болсноос 57 хоногийн дараа Япон улсын Токио хотын Үэно дүүргийн цагдаагийн хэлтэс дээр цагдаагийн алба хаагч олж тогтоон саатуулсан байхад нь олж авч түүнтэй ярилцлагын арга хэмжээг хийсэн боловч дахиж сургуульд суралцахгүй, Монгол улс руу буцах талаар ярьж байсан болохоор дахин оргон зайлж болзошгүй байсан учир Монгол улс руу буцаах шийдвэр гаргаж 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр онгоцны нислэгээр буцаасан. Тус сургуульд суралцаж байсан дэд ахлагч *** нь сургуулийн байрлалыг орхиж цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийг үйлдсэнээс манай байгууллагад буюу улсад Батлан хамгаалах яамны сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/74 дугаартай тушаалаар суралцах оюутнуудад зарцуулах зардал буюу нэг талын нислэгийн тийзийн төлбөр болох 1,213,000 төгрөг, Корона вирус цар тахлын тусгаарлалтын төлбөр болох 1,801,800 төгрөг, цэргийн дүрэмт хувцас олгосны төлбөр буюу 800,083 төгрөг болж, нийтдээ 3,814,883  төгрөгийн хохирол учраад байна. Мөн тухайн суралцагч оюутан болох дэд ахлагч *** нь тухайн үйлдлийг гаргаснаас болж Монгол улс, Япон улс хоорондын хамтын ажиллагаанд цаашид цэргийн алба хаагчдыг сургалтад хамруулахад зөрчилтэй байдал үүсэж байгааг үгүйсгэхгүй юм. Энэ нь цааш цаашдын суралцах цэргийн алба хаагчдад их хор хөнөөлтэй учраас мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй юм. *** холбогдох журмын дагуу тэтгэлэгт хамрагдан шалгалтаа өгч тэнцэж явсан. Түүнтэй хамаарал бүхий хэн нэгэн манай байгууллагад ажилладаг талаар сонсож байгаагүй. Тухайн сонгон шалгаруулалтыг Япон улсын элчин сайдын яамны цэргийн атташе болох албан тушаалтан нь өөрөө сонгон шалгаруулалтын зохион байгуулж шалгалтыг авч тэнцсэн цэргийн алба хаагчдын дүнг Батлан хамгаалах яаманд ирүүлснээр ***ийг тэтгэлэгт хамруулан суралцуулсан. Сонгон шалгаруулалтыг манай байгууллага зохион байгуулдаггүй. Япон улсын тал өөрсдөө зохион байгуулдаг. ***ий суралцаж байсан Япон улсын үндэсний батлан хамгаалахын их сургууль нь Монгол Улс, Япон улс хооронд хамтын гэрээнд зааснаар Монгол Улсаас Япон улсын Үндэсний батлан хамгаалахын Их сургуульд суралцаж байгаа цэргийн алба хаагч нь тус сургуулийн байрлалд тухайн улсын цэргийн албаны тухай хууль болон сургуулийн дотоод журмыг дагаж мөрдөх ёстой гэж зааж өгсөн байдаг. Тус сургуулийн байрлал нь манай улсын нэгэн адил цэргийн анги байгууллагын статустай байдаг. Яагаад гэвэл хэчнээн сургуулийн байрлал ч гэсэн цэргийн албаны тухай хуульд захирагдаж үйл ажиллагаагаа явуулдаг. *** нь Батлан хамгаалах яамны сайдын тушаалд зааснаар цэргийн хэргийн анхан шатны сургалтад хамрагдаж цэргийн тангараг өргөж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар дэд ахлагч цол хэрэглэж цэргийн дүрэмт хувцас зүүдэг учир манай байгууллагын алба хаагч байгаа юм. Цэргийн албаны тухай хуульд цэргийн сургуульд суралцаж байгаа суралцагч нь цэргийн жинхэнэ алба хаагч байна гэж заасан байдаг. Тухайн эрэн сурвалжлах ажиллагаанд гарсан гэх зардал болох 34,250 иен нь манай байгууллагаас гараагүй. Хурандаа *** өөрөөс нь гарсан зардал юм. Мөн тухайн зардлын баримт бичиг гэх зүйлийг тухайн үед Японы байгууллагаас олгоогүй гэж байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-28 дахь тал),

- мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: Япон Улсын Үндэсний батлан хамгаалахын Их сургуульд Монгол Улсын Батлан хамгаалах яамны захиалгаар 100 хувь тэтгэлгээр буюу улсын зардлаар суралцаж цэргийн албаа хааж байсан дэд ахлагч ***ий хувьд өөрийн хүсэлтээр сургуулиасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж ирүүлсэн удаа байхгүй. *** нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр сургуулийн байрлалыг дур мэдэн орхиж яваад 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сургуулийн байрлалд баригдаж ирэх хүртэл хугацаанд түүнийг сургуулиас чөлөөлсөн тушаал шийдвэр гараагүй байсан. Дэд ахлагч цолтой ***ий хувьд Батлан Хамгаалах яамны сайд Г.Сайханбаярын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/74 дугаартай тушаалаар суралцаж байсан учир түүнийг сургуулиас чөлөөлөх тушаал шийдвэр сайдын тушаалаар гардаг. ***ий хувьд түүний өөрийн гаргасан хүсэлт болон сургуулиас чөлөөлөгдөх болсон хүндэтгэн үзэх шалтгааны холбогдох баримт бичгийг хавсарган түүнийг үндэслэн сайдын тушаал гарсны дараагаар сургуулийн байрлалыг орхиж явах үүрэгтэй байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 

5. Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: Миний бие 2020 онд хүнээс Батлан хамгаалах яаманд Япон улсын үндэсний батлан хамгаалахын их сургуульд тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалт явагдаж байгааг сонсоод өөрийн биеэр Батлан хамгаалах яаманд очиж алдах зүйл байхгүй юм чинь өгөөд үзье гэж бодоод бүртгүүлээд шалгаруулалтыг товлосон өдөр сонгон шалгаруулалтад биеэрээ очиж оролцоод дүнгээ харахад миний бие сонгон шалгаруулалтад тус сургуульд суралцах эрхийг надаас гадна *** гэх хүний хамтаар тэнцэж Япон улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцах эрхийг авсан. 2021 онд холбогдох журмын дагуу цэргийн дэд ахлагч цолыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар 02 дугаар сард цэргийн дэд ахлагч цолыг болон хангалтын цэргийн дүрэмт хувцсыг олгосон. Ингээд цэргийн тангаргийг өргөж 2021 оны 06 дугаар сард ***гийн  хамтаар Япон Улсын Токио хотод байх үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцахаар Монгол Улсаас Япон улс руу онгоцоор ниссэн. 2021-2022 оны хооронд хэлний бэлтгэлдээ суралцаж дуусаад 2022 оны хичээлийн жилээд Үндэсний батлан хамгаалахын Их сургуулийн нэгдүгээр курстээ орж сурлалцаж байгаад зуны амралтаараа 2022 оны 07 дугаар сард Монголд ирж амарч байгаад 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсаас явсан. Монгол Улсад ирээд өөрийн өвөө Гомбо нь зам тээврийн осолд орж биеийн байдал хүнд сайжрахгүй, байнгын хэвтэрт хүний асаргаанд байсан болохоор сэтгэл санаа тогтворгүй, сургуулиасаа гарч, өвөөгөө асармаар санагдаад яалт ч үгүй Япон Улс руу яваад сургуулиасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх талаар бид нарыг сургуульд суралцаж байх хугацаанд хариуцдаг ахмад ***д сургуулиасаа гарч Монгол улс руу буцах талаар хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн боловч шийдэж өгөөгүй буцаагаад байсан болохоор 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр буюу амралтын өдөр сургуулийнхаа дотуур байрандаа байж байхдаа өөрийн эд зүйлс болох хувцас, компьютер, хэрэглээний эд зүйлсээ аваад сургуулийн шалган нэвтрүүлэх постоор гаралгүйгээр сургуулийн нөгөө жигүүрт байх өндөр хашааг даваад гарч явсан. Ингээд сургуулиасаа гарч яваад Япон улсын Токио хотоор 57 хоногийн хугацаанд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зочид буудлын үүдэнд байж байгаад тухайн улсын иргэн миний зүүсэн байсан бугуйн цагийг өөрийнх нь алга болсон цаг байна гэж хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж цагдаагийн байгууллагаас намайг сургуулийн холбогдох хүмүүст мэдэгдэж би сургуулийн байрлалдаа эргэж ирсэн. Ингээд сургуулийн байрлал дээрээ ирээд дахин сургуульдаа суралцахгүй, өөрийн хүсэлтээр сургуулиасаа гарч Монгол Улс руу буцах талаар бичгээр дахин хүсэлт гаргаж өгснийг ахмад *** нь Монгол Улсаас Япон Улсын элчин сайдын яаманд суух Монгол Улсын цэргийн атташе хурандаа ***ад мэдэгдэж цэргийн атташе *** гэх надтай ирж уулзаад түүнд би мөн адил хүсэлтээ гаргаж өгч Монгол Улс руу Батлан хамгаалах яам руу мэдэгдэж намайг сургуулиас чөлөөлж Монгол Улс руу буцаах шийдвэр гаргаж 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би Монгол Улс руу буцаж ирсэн. Би өөрөө бичгээр хүсэлтийг гаргаж ахмад ***д өгсөн боловч хүлээж авахгүй буцаагаад байсан. Сургуулиас гарах шийдвэр хэзээ гарах эсэх нь тодорхойгүй байсан учир шийдвэрлэж өгөхгүй юм байна гэж бодоод сургуулийн байрлалыг дур мэдэн орхиж явсан. Би Батлан хамгаалах яаман дээр очиж хохирол төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тодруулсан. Ойрын хугацаанд төлж барагдуулна. Намайг тухайн сургуульд сургуульд суралцаж байх хугацаанд эмээ маань зам тээврийн осолд орж нас барсан, удалгүй мөн ойр дотно найзалдаг байсан найз Ариунзаяа нас барсан. Би эдгээрийг сонсоод намайг энд байх хугацаанд ойр дотнын хүмүүс маань нэг нэгээрээ нас бараад байх юм байна гэж бодоод сургуулиасаа гарч Монгол буцах талаар удаа дараа гаргасан боловч шийдэж өгөөгүй болохоор сургуулийн байрлалыг дур мэдэн орхиж явах болсон. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь тал),

 

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 65-66 дахь тал), Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 68,70 дахь тал), Монгол Улсын батлан хамгаалах сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/74 дугаартай “Япон улсад суралцуулах тухай” тушаал (хавтаст хэргийн 71-77 дахь тал), Монгол Улсын Зэвсэгт хүчний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 78 дахь тал), төрийн албан хаагчийн анкет “А” хэсэг, гурван үеийн намтар, суралцагчийн хувийн хэргийн хуулбар (хавтаст хэргийн 80-88 дахь тал), Монгол Улсын Батлан хамгаалах сайдын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/363 дугаартай тушаалын хуулбар, Монгол Улсын Батлан хамгаалах яамны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1415 дугаартай албан бичиг, Монгол Улсын Батлан хамгаалах яамны 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1в/402 дугаартай албан бичгийн хуулбар (хавтаст хэргийн 117-118 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ цэргийн дэд ахлагч цолтой, цэргийн алба хаагч *** нь Монгол Улсаас Япон Улсын Токио хотын Үндэсний батлан хамгаалах их сургуульд суралцаж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 57 хоног цэргийн алба хааж байгаа газар болох Япон улсын Токио хотын Үндэсний батлан хамгаалах Их Сургуулийн байрыг дур мэдэн орхиж явсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, Монгол Улсын Батлан хамгаалах яаманд 3,814,800 төгрөг төлөгдсөн тул шүүгдэгч ***ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгээс Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө илэрхийлсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн байна, дэд ахлагч цолтой, Япон Улсын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн байрыг орхиж явсан зэрэг нөхцөл байдал байгааг ойлгож байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тайлбарлахад

1. Өөрийг нь өсгөсөн эмээ, өвөө нь авто осолд орж нэг нь нас барж нөгөө нь хүнд гэмтэл авсан харамсалтай хэрэг гарсан.

2. Дотнын харилцаатай байсан найз охин нь амь насаа хохироосон.

3. Дээд курсийн ах нар нь дарамталсан болох нь гэрч Тэмүүлэн, Ачухай, Нэргүйбаатар нарын мэдүүлэг, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар дээрх үйл баримт тогтоогдож байна. гэсэн тайлбаруудыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу 5 жилийн хугацаанд Япон улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцахаар Монгол улсын Батлан хамгаалах яамны сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/74 дугаартай “Япон улсад суралцуулах тухай”, мөн сайдын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/363 дугаартай “Журам батлах тухай” тушаалын 4.6-д зааснаар цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдан цэргийн тангараг өргөж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/193 дугаартай “Цол олгох тухай” тушаалаар цэргийн дэд ахлагч цол олгон, Япон улсын Үндэсний батлан хамгаалахын сургуулийн үндсэн ангид гэрээ байгуулан суралцуулж байх хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 57 хоног цэргийн алба хааж байгаа газар болох Япон улсын Токио хотын Үндэсний батлан хамгаалах Их Сургуулийн байрыг дур мэдэн орхиж явсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Монгол Улсын Батлан Хамгаалах Яамнаас “Асуудал шийдвэрлүүлэх тухай” 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 04/4532 тоот албан бичиг (хавтаст хэргийн 8 дахь тал),

            - Монгол Улсаас Япон Улсад суугаа элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе ***ын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

- Японы Үндэсний Батлан Хамгаалах Их Сургуулийн магистрант ахмад ***ын дэд ахлагч цолтой Нэргүйбаатар овогтой Билгүүний тухай илтгэх хуудас (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

- Хохирогч Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны хууль ёсны төлөөлөгч Б.Ширнэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-28 дахь тал),

- Мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

- Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Цэргийн албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэж үндсэн шинжийг, хүндрүүлэх шинжийг офицер, ахлагч үйлдсэн бол” гэж тодорхойлжээ.

Хууль зүйн ойлголтоор тус гэмт хэргийн обьектив тал нь Цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан идэвхтэй үйлдэл байх ба, цэргийн албанаас оргон зайлах гэдэгт хохирол учирсан байхыг шаардахгүй,  цэргийн анги байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь Япон Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль буюу цэргийн сургуулийн байрыг дур мэдэн орхиж явсан болох нь хохирогч Монгол Улсын Батлан хамгаалах Яамны хууль ёсны төлөөлөгч ***гийн мэдүүлэг, Монгол Улсын Элчин сайдын Яамны Батлан хамгаалахын атташе ***ын болон Япон Улсын Үндэсний Батлан Хамгаалах Их сургуульд суралцаж байсан цэргийн алба хаагч, суралцагчдыг хариуцсан магистрант ***ын илтгэх хуудас зэргээр тогтоогдсон байх ба энэ нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           

            Шүүгдэгч *** нь цэргийн тангараг өргөсөн алба хаагчийн хувьд үүргээ ухамсарлаагүй, мөн ар гэрт гарсан гачигдал зовлон байсан зэрэг нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

            Цэргийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.2-т зааснаар ахлагч нь "дэд ахлагч", "ахлагч", "ахлах ахлагч", "сургагч ахлагч", "тэргүүн ахлагч" цолтой байхаар заажээ.

            Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/193 дугаартай тушаалаар цэргийн дэд ахлагч цол ***д олгосон нь цэргийн ахлагч цолтонд хамаарч байна.

            Мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.15."цэргийн байрлал" гэж тайван цагт цэргийн нэгтгэл, анги, байгууллага, цэргийн сургуулийн талбар, бүс, цэргийн болон хээрийн хотхон, суурин, бааз болгон тогтоосон нутаг дэвсгэрийг ойлгохоор заажээ.

            Түүнчлэн Монгол Улсын Батлах Хамгаалах тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.8 дахь заалтад зааснаар “Цэргийн байгууллага" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг цэргийн хүчээр хангах чиг үүрэгтэй, эрх зүйн нийтлэг хэм хэмжээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг төрийн байгууллагыг тус тус ойлгохоор заасан байх ба Япон Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль нь цэргийн байгууллагад хамаарч байна гэж ойлгохоор байна.

 

             Иймд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг “Цэргийн алба хаагч, ахлагч, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ. 

Шүүгдэгч ***ий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол учраагүй боловч хор уршиг учирсан байна. Үүнд:

Хохирогч Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны хууль ёсны төлөөлөгч ***гийн мэдүүлэгт: Нэг талын нислэгийн тийзийн төлбөр 1,213,000 төгрөг, Корона вирус цар тахлын тусгаарлалтын төлбөр 1,801,800 төгрөг, цэргийн дүрэмт хувцас олгосны төлбөр 800,083 төгрөг нийтдээ 3,814,883 төгрөгийн хор уршиг учирч  нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч ***ээс 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн 1009000014040 дугаартай дансанд 1,213,000 төгрөг, 1,801,000 төгрөг, 800,0000 төгрөг, нийт 3,814,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Мөн Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 04/1677 дугаартай “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд” албан бичгээр байгууллагад учруулсан 3,814,800 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан талаар болон 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/1255 дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгүүдээр дээрх хохирлыг төлсөн тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн байгууллагад хохирол, төлөгдсөн гомдолгүй тухай мэдэгдэх боломжтой гэх баримтыг ирүүлжээ.Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч: Шүүгдэгч ***ий үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгээс: Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байдаг. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол төлбөрийг нь төлсөн зэрэг нөхцөл байдал байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Цаашид сурч боловсрох байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар тэнсэн харгалзаж өгөхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч хуульд заасан тэнсэн харгалзах ялын шаардлагыг хангасан, мөн мөрдөн шалгах ажиллагааны шатнаас үнэн зөв мэдүүлж ирсэн, мөрдөгч, прокурор, шүүхийн дуудсан цагт ирж байсан, саад учруулж байгаагүй. 2023 оны 04 дүгээр сараас эхлэн хохирол төлбөрийг нь төлөх тал дээр түүний аав Нэргүйбаатар хөөцөлдөж 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр сүүлийн гүйлгээ хийгдэж хохирол төлбөр төлөгдсөн. Гэмт хэрэг гарах үед хууль эрх зүйн мэдлэг дутмаг байсан байсан, тухайн үед зөвлөөд өгөх хүн байгаагүй буюу хилийн гадна байсан учраас энэ гэмт хэрэг гарах болсон болов уу гэж бодож байна. Иймд төрийн зүгээс энэ хүнд нэг удаа уучлалт үзүүлж тэнсэж өгөхийг хүсэж байна. Цаашид энэ хүн хийсэн буруу үйлдэлдээ хариуцлага хүлээдэг юм байна, дараагийн удаа гэж байхгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон гэдгийг хэлмээр байна. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ***ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтын хүрээнд нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***ийг Цэргийн алба хаагч, ахлагч, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хор уршгийн зардлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хяналт тавихыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар:

1/ Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

2/Хэргийн шүүхийн харьяаллын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын хилийн гадна үйлдэгдсэн ...гэмт хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын харьяаллыг Улсын ерөнхий прокурор, хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний шийдвэрээр тогтооно. гэж хуульчилсан бөгөөд тус хэрэгт 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 90 дугаартай захирамжаар харьяаллыг тогтоосон байх ба тус шүүх хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг “Цэргийн алба хаагч, ахлагч, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***д тэнссэн 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг”-ийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***д урьд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН