Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 121

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 2 дугаар хэсэг, 10-20 тоотод оршин суух, эрэгтэй, “Төрийн банк” Сэлэнгэ салбарт харилцааны менежерээр ажилладаг Хүрдүүд овогт Баттулгын Даваа-Очир /ПК-94041112/ /”Төрийн банк” Сэлэнгэ салбарын/ нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 5 дугаар хэсэг, 166 тоотод оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогт Чулуунхоролын Эрдэнэсувд /МЯ-90022302/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Цагаан-Эрэг 2 дугаар хэсэг, 037 тоотод оршин суух, эмэгтэй, одоо өндөр насны тэтгэвэрт Онход овогт Балжиннямын Батдалай /ГН-58043005/ нарт  холбогдох:  

           “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 20.876.126.18 төгрөг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваа-Очир, хариуцагч Ч.Эрдэнэсувд, Б.Батдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Даваа-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Ч.Эрдэнэсувд, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Батдалай нар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 150000573651 тоот “Зээлийн гэрээ” байгуулан “Төрийн банк” Сэлэнгэ салбараас 21.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй, цалингийн орлого болон эд хөрөнгөө барьцаалан зээл авсан. Зээлдэгч нар нь “Зээлийн гэрээ”-ний 2.1.1 дэх заалтыг зөрчин зээл төлөх эргэн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 19.590.691.95 төгрөг, зээлийн хүү 1.285.434.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.739.97 төгрөг нийт 20.876.126.18 төгрөг төлөгдөөгүй байгаа тул дээрх төлбөрийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хэдийгээр нэхэмжлэгч зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч одоо 2 сардаа багтаагаад төлөгдөөгүй зөрчил болох .3.161.000 төгрөг төлвөл графикт хугацаанд орох боломжтой юм. Учир нь одоо энэ зээл муу зээлд орсон явж байгаа. Удаа дараа зээл төлөх талаар банкнаас  “Мэдэгдэл”  өгч байсан гэх.

 

 

Хариуцагч Ч.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь “Төрийн банк” Сэлэнгэ салбараас 21.000.000 төгрөгний цалингийн зээл авсан. Уг зээлийг хүлээн зөвшөөрнө. Авсан зээлээ нөхөр бид хоёр гэр бүлийн хэрэгцээнд зориулсан. Гэхдээ энэ зээлийг 3 сараас эхлэн төлөх боломжтой. Учир нь манай нөхөр сая Заамарын уурхайд ажилд орсон, өөрөө бас цалингийн зээл авсан учраас тэр зээлээ төлж дуусгаад энэ зээлийг төлөх боломжтой би ч гэсэн ажилд орвол төлөх ёстой зээлээ нэмж төлөөд графикт хугацаанд орох боломжтой гэж үзэж байна. Гэтэл заавал энэ сард багтаагаад төлөх боломж алга байна. Гэхдээ зээлээ төлнө.

Хамтран зээлдэгчээр манай хадам ээж орж гарын үсэг л зурсан болохоос энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй. Энэ зээлийг нөхөр бид хоёр л төлөх ёстой юм. Тухайн үед манай нөхөр байхгүй байсан учраас ээжийг гуйж хамтран зээлдэгчээр оруулж гарын үсэг зуруулсан гэх.

 

Хариуцагч Б.Батдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь энэ зээлийг төлөх боломжгүй юм. Учир нь манай бэр зээл авах гээд намайг хамтран зээлдэгчээр ороод гарын үсэг зураад өгөөч гэхээр нь би очиж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Миний хувьд бие муутай харвалт өгсөн, зүрхний инфакттай, үргэлж эмнэлгийн эмчийн хяналтанд байдаг. Байнга л тэтгэвэрийн зээл авч эмчилгээ хийлгэж, сувилалд явдаг. Гэртээ нөхрийнхөө асрамжинд байдаг хүн юм. Энэ зээлийг Ч.Эрдэнэсувд л төлөх ёстой гэж үзэж байна. Төрийн банкны гаргасан 20.876.126,18 төгрөгийг хамтран зээлдэгчийн тэтгэвэрийн орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх.

 

                        Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Төрийн банк”-ны /Сэлэнгэ салбар/ нь Ч.Эрдэнэсувд, Б.Батдалай  нарт холбогдуулан “...Зээлдэгч Ч.Эрдэнэсувд, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Батдалай нар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №150000573651 тоот “Зээлийн гэрээ” байгуулан “Төрийн банк” Сэлэнгэ салбараас 21.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй,...зээл авсан...“Зээлийн гэрээ”-ний 2.1.1 дэх заалтыг...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 19.590.691.95 төгрөг, зээлийн хүү 1.285.434.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.739.97 төгрөг нийт 20.876.126.18 төгрөг төлөгдөөгүй байгаа тул дээрх төлбөрийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №№150000573651 тоот “Зээлийн гэрээ” байгуулан “Төрийн банк” Сэлэнгэ салбараас 21.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй гэрээ байгуулан Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, харилцаа үүссэн байна.

           “Төрийн банк” /Сэлэнгэ салбар/ Ч.Эрдэнэсувд, хамтран зээлдэгч Б.Батдалай нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №150000573651 тоот “Зээлийн гэрээ” байгуулан, 21.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй, эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож байна.

Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн                      №150000573651 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 19.590.691.95 төгрөг, хүү 1.285.434.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.739.97 нийт 20.876.691.95 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь

 

зэргээр нотлогдож байгаа нь “Зээлийн гэрээ”-ний 2.2.1-т заасан “Зээлдэгч нь “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөөгүйд тооцогдох ба энэхүү гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ.” гэсэн заалтыг хариуцагч нь зөрчсөн байх тул гэрээнийхээ үүргийг зохих ёсоор  хугацаандаа биелүүлээгүй зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч Ч.Эрдэнэсувд нь /үндсэн зээлдэгч/ шүүхэд болон шүүх хуралдаанд зээлээ бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа ба харин нэхэмжлэгч талаас хариуцагчийн зөвшөөрсөн байдлыг хүлээн зөвшөөрөөгүй талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэдийгээр нэхэмжлэгч зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч одоо 2 сардаа багтаагаад төлөгдөөгүй зөрчил болох 3.161.000 төгрөг төлвөл графикт хугацаанд орох боломжтой юм. Учир нь одоо энэ зээл муу зээлд орсон явж байгаа. Удаа дараа зээл төлөх талаар банкнаас  “Мэдэгдэл”  өгч байсан...” гэж мэдүүлж байгаа ч “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа зааж болно...”, гэх заалтын дагуу хариуцагчид зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар нь, уг зөрчлийг арилгах, нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдэл өгсөн, төлөгдөөгүй зөрчил 3.161.000 төгрөгний тооцолборыг нэг бүрчилэн тооцож гаргаагүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ.

Иймд зохигчдын хооронд 2018 оны 11 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн №150000573651 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 19.590.691.95 төгрөг, хүү 1.285,434.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.739.97 нийт 20.876.126.18 төгрөгнйи нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

           Шүүхийн энэ шийдвэр нь зохигчдын хооронд хийгдсэн 2018 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн №150000573651 дугаартай “Зээлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцагч нарын төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 20.876.126.18 төгрөгийг хариуцагч нар нь төлөхөд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262.331 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д  зааснаар “Төрийн банк” /Сэлэнгэ салбар/-аас нэхэмжлэлтэй Ч.Эрдэнэсувд, Б.Батдалай нарт холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн №150000573651 тоот “Зээлийн гэрээ”-нд заасан төлбөрийн үлдэгдэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 20.876.126.18 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262.331 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119  дүгээр  зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй   болохыг  дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон  зохигч...14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй .

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.СОЁЛМАА