| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 119/2024/0005/3 |
| Дугаар | 221/МА2025/0635 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0635
“Х” ГХО ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Х” ГХО ХХК
Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга
Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “Х” ГХО ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 119/ШШ2025/0023 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, түүний өмгөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц
Хэргийн индекс: 119/2024/0005/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ГХО ХХК нь Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “Х” ГХО ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгуулах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар шийдвэрийн
1 дэх заалт: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Х” ГХО ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгож, “Х” ГХО ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, газар ашиглуулах гэрээ байгуулахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж,
2 дахь заалт: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Х” ГХО ХХК-д олгосон 7 га газрын кадастрын зурагт бусдын өмчлөлийн * байрны доорх газрыг орчны нийтийн эзэмшлийн зам талбай явган болон авто замыг оруулан олгож байгаа нь хууль бус болохыг тогтоож, “Х” ГХО ХХК-д олгосон 7 га газарт тус компанийн өмчлөлд бүртгэлтэй ** дүгээр байр, мөн “Х” ГХО ХХК-ийн барьсан 7 дугаар хорооллын цахилгаан, дулааны хангамжийн төвлөрсөн системд холбох * байшинг оруулсан кадастрын зургийг үйлдэж өгөхийг даалгах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...“Х” ГХО ХХК нь гэрээ, гэрчилгээгээ авах талаар хүсэлтийг гаргаж байгаагүй ба тухайн компани ямар нэгэн асуудалтай байсан ч шуудан болон албан бичгээр хүсэлт гаргах эрх нь хуулиар нээлттэй бөгөөд хүсэлтээ гаргаагүй нь өөрийн хүсэлтээр өргөдөл, хүсэлтээ өгөөгүй гэж үзэхээр байна. Дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх хэт нэг талыг баримтлан нотлох баримтыг буруу үнэлэн, дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн хоёрд Орхон аймгийн Засаг даргын 2007 оны ** дугаар “Газар түр ашиглуулах” захирамжаар “Х” ГХО ХХК-д 21 га газрыг түр ашиглуулсан шийдвэрийг дурдан үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Гэвч дээрх асуудал энэ маргаанд хамааралгүй тусдаа шүүхийн өмнө шийдвэрлэсэн хэрэг маргаан юм. Тодруулбал, дээрх нэхэмжлэл нь 2015 оны А/*** дүгээр захирамжийг 2021 оны А/*** дугаар захирамжаар хүчингүй болгосон тухай маргаан бүхий хэрэг юм. Гэтэл шүүх өмнө шийдвэрлэсэн хэргийг дурдан үнэлэлт өгсөн байна.
3.2 Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/*** дугаар захирамжаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/*** дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан дуудлага, худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэсэн гэж заасныг зөрчсөн тул аймгийн Засаг даргын А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Тус захирамжийг үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэл болгосон бөгөөд Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл эс үйлдэхүйгээрээ Газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу аймгийн Засаг дарга өөрийн гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгон шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх нь Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж Засаг даргад олгогдоогүй эрхийн хүрээнд шийдвэр гаргасанд гомдолтой байна.
3.3 Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Анх Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Газар түр ашиглуулах тухай” ** дугаар захирамжаар “Эрдэнэт хотын ерөнхий төлөвлөгөө, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу баригдах орон сууцны *-р хорооллын барилгыг барих 21 га газрыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Х” ГХО ХХК-д барилгын ажил дуусах хүртэл хугацаанд зөвхөн орон сууцны цогцолбор барих хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах”-аар шийдвэрлэсэн. Улмаар 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** дүгээр захирамжаар тус компанийн газар ашиглах хугацааг 2010 оны 3 дугар сарын 07 хүртэл 3 жилээр сунгажээ.
4. Гэтэл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар захирамжаар 2008 оны *** дүгээр захирамжийн “Х” ГХО ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *** дугаар захирамжийн “Х” ГХО ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчдоос давж заалдах гомдол гаргаагүй.
5. Орхон аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/*** дүгээр захирамжаар “...Б сумын Ц багийн нутаг дэвсгэрт ...7 га газрыг орон сууцны зориулалтаар “Х” ХХК-д 3 жилийн хугацаатай ашиглуулах” шийдвэр гаргасан.
6. Дахин Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14-04-***/*** дугаар дүгнэлтээр ... “Х” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын байцаагчийн 14-04-***/*** дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчдоос давж заалдах гомдол гаргаагүй.
7. Мөн дахин хариуцагчаас 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах шийдвэр хүчингүй болгох тухай” А/** дугаар захирамжаар “ “Х” ГХО ХХК-ийг гэрээ байгуулж, гэрчилгээ авахыг шаардаж мэдэгдсэн боловч шаардлагыг биелүүлээгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр 2015 оны А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэрээр “...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А/** дугаар захирамжийг хүчингүй болгосон”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн *** дүгээр магадлалаар хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн байна.
8. Гэтэл даруй 2 жилийн дараа хариуцагч Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар ашиглуулах шийдвэр хүчингүй болгох тухай” А/*** дугаар захирамжаар ...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “...дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн... гэх үндэслэлээр 2015 оны А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр уг маргаан үүссэн байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
9. Тухайн үед мөрдөж байсан Газрын тухай хуулийн (2023, 2024 онуудын нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт) 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж зааснаас үзэхэд хуульд заасан хэмжээнээс илүү газар эзэмшүүлж, ашиглуулах тохиолдолд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох ерөнхий зохицуулалттай байсан ба 2015 оны А/*** дүгээр захирамж гарах үед газрыг төсөл шалгаруулах журмаар олгох тохиолдлыг нарийвчлан заасан тусгай нөхцөл, шаардлагууд тавигдаагүй байжээ.
10. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлтээр орсон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэсэн энэхүү тусгай нөхцөлтэй зохицуулалт нь уг маргаанд хэрэглэгдэхгүй болно.
11. Анх аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Эрдэнэт хотын Ц багийн нутаг дэвсгэрт * дугаар хороололд баригдах 2500 айлын орон сууцны бичил хорооллын “газрыг орон сууцны зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар” олгохоор тусгагдсан бөгөөд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Х” ГХО ХХК нь зураг төсөл боловсруулж, өөрийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэхээр, аймгийн Засаг даргаас барилгын ажил дуусах хүртэл хугацаагаар тусгай нөхцөлтэйгөөр газар ашиглах эрхийг олгож, улмаар Барилга, хот байгуулалтын яам, М-О хамтарсан Э******** нэхэмжлэгчийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байсан энэ тохиолдолд 2015 оны А/*** дүгээр захирамж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасантай нийцэж байна.
12. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”, 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас өмнө нь гаргасан “эерэг нөлөөлөл бүхий хууль бус” шийдвэрээ өөрөө хүчингүй болгох тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш “таван жилийн дотор” хүчингүй болгох боломжийг олгосон зохицуулалт болно.
13. Маргаан бүхий Орхон аймгийн Засаг даргын 2021 оны А/*** дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг үндэслэн 2015 оны А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгосон байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд дээрх захирамж нь “эерэг нөлөөлөл бүхий хууль бус” захиргааны акт биш бөгөөд харин Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шийдвэрээр эерэг нөлөөлөл бүхий “хуульд нийцсэн захиргааны акт” болох нь тогтоогдсон байдаг.
14. Өмнө нь ч захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас “Х” ГХО ХХК-ийг Б сумын Ц багийн нутаг дэвсгэрт 7 га газарт орон сууцны хотхон барих төслөө хэрэгжүүлэх эрхийг хязгаарлаж, хариуцагчаас өөр өөр үндэслэл, шалтгаанаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож байсныг шүүхээс тухай бүр “хууль бус” захиргааны акт гэж үзэж удаа дараа хүчингүй болгож байсан.
15. Нэгэнт 2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газрын “40000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Э***** хотын ерөнхий төлөвлөгөө, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нэхэмжлэгч “Х” ГХО ХХК-д өөрийн хөрөнгөөр 7 дугаар хороололд орон сууцны хотхон барих зориулалтаар газар ашиглуулах тухай А/*** дүгээр захирамж хуульд нийцсэн болохыг шүүх тогтоосон.
16. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэл бүрдээгүй, нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А/*** дугаар захирамж хууль бус болох ба захиргааны акт нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй шийдвэр болжээ.
17. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн, тодруулбал “...захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа тухайн бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй,...захиргааны байгууллагын үргэлжилсэн хуульд нийцээгүй шийдвэрийн улмаас нэхэмжлэгч 2015 оноос хойш газар ашиглах эрхээ эдлэх, эрхийн гэрчилгээ авах, газар ашиглах гэрээ байгуулах нөхцөл боломж бүрдээгүй...” гэх дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...албан бичгээр гэрээ байгуулж, гэрчилгээ авах, газраа баталгаажуулахыг мэдэгдэж байсан, ...нэхэмжлэгч хүсэлтээ гаргаагүй, ...өөрийн гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон нь үндэслэлтэй, шүүх хэт нэг талыг баримталсан...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА