Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 00108

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга С.Гончигбал,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Хохирогч С.Батмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Улсын өмгөөлөгч М.Найдан,

Шүүгдэгч Ө.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Өлзийбаярын Баяржаргалд холбогдох 132/2016/0104/Э индекстэй, эрүүгийн 201606000096 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Булагийн 01-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэхь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Өлзийбаярын Баяржаргал /РД:РН76061494/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Баяржаргал нь /яллах дүгнэлтээр/ 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт С.Батмөнхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, уг хэрэгт шалгагдан гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

  Шүүгдэгч Ө.Баяржаргалын өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын 01-ний шөнийн 01 цагийн үед манай гэрийн хаалгыг Батмөнх байна гээд нэг хүн нүдээд байсан. Тэгээд ээж хаалга нүдээд байна босоорой гэхээр нь би босож очоод хаалга онгойлгоход Батмөнх халамцуухан зогсож байсан. Би Батмөнхийг цаг орой болсон байна харьж унт гээд явуулсан. Тэгээд удаагүй байтал нохой хуцаж гаслаад унасан. Ээж нохойг чинь алах нь босоорой гэсэн. Би хувцсаа өмсөөд гараад очтол С.Батмөнх мод барьчихсан манай нохойг модоор цохих гээд байхаар нь миний уур хүрээд модыг нь булааж аваад эргэж С.Батмөнхийг цохьсон. Харь гээд байхад харихгүй яах гээд байгаа юм бэ? хөгшин хүн амраахгүй, нохой хуцуулж зодоод байх юм гээд хашаанаас гаргаж өгсөн. Ийм л юм болсон гэв. Оргосон зүйл ангийн тухайд би 2016 оны 4 дүгээр сарын 10-ны үеэр ажил хийхээр Хөвсгөл аймгийн Хатгал суманд очиж барилга дээр 10-аад хоног ажиллаж байгаад Хэнтий аймагт очиж зоншинд ажиллаад 2016 оны 7 дугаар сард буцаж ирсэн. 2016 оны 8 дугаар сард Булган аймгийн Хангал сумын "Бүрэнгийн нуруу" гэх газарт самар, жимс түүж байгаад Эрдэнэт хотоос баригдаж ирсэн гэв.

Хохирогч С.Батмөнхийн өгсөн: Би 2016 оны 4 дүгээр сарын 01-ний шөнийн 11 цагийн үед гэртээ ирэхэд ээж тугалах үнээ чинь алга байна ол гэсэн. Тэгээд Өлзийбаяр гэдэг хөгшний хашаанд хэвтэж байхаар нь очиж босгож туучихаад энэ хоёр хөгшин дээгүүр ороод гаръя гэж бодсон юм. Тэгээд хаалгыг нь нүдэж байгаад харих гэтэл үхэр эргээд хэвтэж байсан газар луугаа явчихсан байсан. Би эргэж очоод үхэрээ босгох гэтэл нохой нь хуцаж дайраад байхаар нь би түлээ хавиас мод олж барьсан байсан юм. Тэгж байтал Ө.Баянжаргал гарч ирээд намайг нохой хуцууллаа гээд миний барьж явсан модыг булааж намайг нуруу руу цохиж, дахиж дал гарын шуу зэрэгт хэд, хэд цохисон. Би болиоч намайг аллаа ээжээ, ааваа гээд орилоод байхад тоогоогүй. Би арай гэж босоод гэртээ харьсан. Маргааш өглөө нь гар даагдахгүй хүндэрч өвдөж байсан. Ө.Баянжаргалтай уулзах гэсэн боловч 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ямар ч сураггүй алга болчихсон. Нэг өдөр Ө.Баянжаргалын дүү нь намайг Эрдэнэтэд аваачиж эмчид үзүүлэхэд гар чинь хугарсан байна. Одоо цусан бороо болсон байна. Ингээд эдгээх хэрэгтэй гэсэн. Би Булган аймагт ирээд Олзмөнх эмчид үзүүлсэн. Олзмөнх эмч үзээд наадах чинь хадахгүй бол болохгүй, тахир дутуу болно шүү гэсэн. Эмчилгээний зардалд 50000 төгрөг өгсөн, одоо нэхэмжлэх бодитойгоор гарсан зардал байхгүй. Хэрэг гарахад миний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, санал гомдолгүй гэв.

   201606000096 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

    Гэрч Г.Өлзийбаярын өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байх Баяржаргал бид хоёрыг гадна хашаагаа хадаж байхад С.Батмөнх юм үнэртүүлчихсэн ирээд манай гэр рүү ороод гарсан. Баяржаргал бид 2 ажил төрлөө дуусгаад 23 цаг өнгөрч байхад орондоо орсон. Тэр үед нэг хүн манай хаалгыг нүдэхээр нь би очоод "хэн бэ?" гэж асуухад "Батмөнх байна, үүдээ" гэхээр нь "бид нар унтчихсан байна, явж амар" гэж хэлсэн. Тэр чимээгүй болоод явчих шиг болсон. 01 цагийн үед унтаж байхад нохой гаслаад орилоод унасан. Баяржаргал "энэ чинь нохой нүдээд байгаа юм биш үү" гэж хэлсэн. Нохой нилээн удаан гаслаад байсан тул Баяржаргал гараад төд удалгүй орж ирээд "Батмөнх л байна, мод барьчихсан нохой нүдэж байна, новш чинь" гэж хэлээд орондоо ороод бид нар унтсан. Баяржаргалыг цагдаа дээр дуудагдахаар нь Батмөнхийг цохисон юм уу гэж асуухад "тиймээ би нохой цохиж байсан модоор нь цохьчихсон" юм гэж хэлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гараад цагдаа дээр 2 цагаас дуудсан гээд явсан. Түүнээс хойш эргэж ирээгүй гэх мэдүүлэг /хх 9-10 тал/,

     Гэрч Д.Жавзмаагийн өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр санагдаж байна. Орой гэртээ унтаж байхад гадаа нохой хуцаж, боргоогоод байснаа гэрийн үүдийг нэг хүн нүдсэн. Манай нөхөр босоод "хэн бэ" гэхэд "Батмөнх байна" гэж хариу дуугарсан. Өлзийбаяр хаалгаа тайлалгүй Батмөнхийг "харьж амар" гэж хэлээд буцаад орондоо орсон. Удалгүй нохой гаслаад явчихсан. Тэгтэл Баяржаргал "нохой нүдээд байна уу даа новш чинь" гээд хувцасаа өмсөж гараад удалгүй орж ирээд унтсан... гэх мэдүүлэг /хх 11-13 тал/,

      Гэрч Ш.Насантогтохын өгсөн: С.Батмөнх нь миний том хүү юм. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байгаад оройн 22 цагийн үед үхрээ хайхаар гэрээсээ гарсан. Тэгээд 24 цаг өнгөрч байхад ирсэн. Яасан удсан юм бэ гэж асуухад Баяржаргалын хашаанд үхрээ үзэх гээд ортол нохой нь дайрахаар нь цохичихсон чинь Баяржаргал гарч ирээд модоор цохичихлоо. Гар их хөндүүр байна гэж байсан гэх мэдүүлэг /хх 82-23 тал/,

     Гэрч Д.Энхмаагийн өгсөн: Баяржаргал бид хоёр нэг нутгийн хүмүүс. Баяржаргал 8 сард анх манайд ирсэн. Гэхдээ хааяа хааяа л ирдэг байсан. Архи уусан үедээ ирдэггүй байсан. Учир нь манай нөхөр согтуу ирэхээр нь уурлаад байдаг байсан гэх мэдүүлэг /хх 83 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 126 тоот:

1. С.Батмөнхийн биед баруун атгаал ясны далд хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 14-15 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тогтоол /хх 2 тал/, гомдол мэдээлэлийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3 тал/, эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тогтоол, санал /хх 71-73 тал/, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэх тогтоол /хх 74 тал/, эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээх тогтоол, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 22 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

        Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ө.Баяржаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт өөрийн хашаандаа "С.Батмөнхийг харанхуй шөнө унтуулахгүй хаалга цохиж, нохой зодлоо" гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож,  бие махбодид баруун атгаал ясны далд хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, энэ үйлдэлдээ 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр тооцогдон таслан сэргийлэх арга хэмжээ авагтдсан үедээ 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зайлсхийсэн болох нь хохирогч С.Батмөнх, гэрч Г.Өлзийбаяр, Д.Жавзмаа, Ш.Насантогтох нарын хэрэг үйл явдал болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэл шалтгаан, учирсан хор уршгийн талаар зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, сэжигтнээр тооцож, таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн болон сэргээсэн тогтоол, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгэх тухай прокурорын тогтоол  зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

     Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

      Иймд шүүгдэгч Ө.Баяржаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагтдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгэээр зүйлийн 261.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргиин улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

     Шүүгдэгч Ө.Баяржаргалын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Шарнууд овогт Өлзийбаярын Баяржаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Шүүгдэгч Ө.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ө.Баяржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялын зарим буюу 6 /зургаа/ сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ө.Баяржаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ө.Баяржаргалын цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

       6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Ө.Баяржаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

      7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Баяржаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

      8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД