Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 41

 

“Дархан дуулга” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2014/00539/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 279 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т- овогтой Б-гийн Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дархан дизайн” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М- овогтой Д-ийн Э-т холбогдох

         “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 23.500.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, ““Дархан дуулга” ХХК-иас 9.940.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч Д.Э- нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц- түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч Д.Э- түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц-аас:

            2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иж бүрэн 6 давхар 60 айлын, нэг давхартаа хүүхдийн цэцэрлэг бүхийн орон сууцны техникийн нөхцөл, стандарт, барилгын норм ба дүрмийн шаардлага хангасан, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн зураг төсөл боловсруулах тухай гэрээ байгуулсан юм. Энэ гэрээгээр зураг төслийг 15.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 9.000.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт

өгсөн. Гүйцэтгэгч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Алдаа дутагдал илэрвэл шуурхай мэдэгдэж захиалагчид өгөхөөр тохиролцсон. Барилгын зургийг бүрэн гаргаж өгөөгүй учраас манай барилгын ажлыг Мэргэжлийн хяналтын газраас зогсоосон юм. Барилгын зураг гаргаж өгсөн боловч иж бүрдлийн зураг гаргаж өгөөгүй. “Дархан Дизайн” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээнд зааснаар 4.500.000 алданги тооцож, мөн урьдчилгаа төлбөр болох 9.000.000 төгрөг, манай компани барилгын зургийг өөр компаниас 30.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд үүний 10.000.000 төгрөгийг манай компанид хохирол учруулсан гэж үзэж нийт 23.500.000 төгрөгийг байна. “Дархан дизайн” ХХК нь технологийн зураг хийж өгөх ёстой байтал зургаа өгөөгүй, 31,2 см зураг байх ёстой байтал 35 см зураг өгсөн учир би барилга бариагүй. Барилгын зураг үйлдэх эрхгүй этгээдээр барилгын зураг үйлдүүлэхээр гэрээ байгуулсан байсан. Гэрээний дагуу зургаа өгөөгүй учраас өөр байгууллагатай гэрээ байгуулж зураг авсан. Тэр үнийн дүнгээс хохирол учруулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Гэрээний дагуу зургаа өгсөн бол мөнгийг төлөх байсан, одоо төлөх боломжгүй юм.  6 давхар барилга барихаар эх зураг хийсэн байсан, энэ зураг нь бодит зураг биш, техникийн зураг хийж өгөөгүй хүчингүй зураг, эрхгүй этгээдээр хийлгэсэн. Загварын зургаар барилгын ажил эхэлсэн, хүчингүй зургаар барьж байсан учраас манай ажлыг зогсоосон ба 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллагад өгсөн баримт нь 1 дүгээр давхартаа цэцэрлэгтэй барилга барихыг шаардсан баримт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц- нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн 02 тоот гэрээг мөн өдөр зохигчийн хяналт хийх гэрээг тус тус байгуулсан. Хоёр талын байгуулсан 02 тоот гэрээний 1.2-д заасны дагуу хариуцагч “Дархан дизайн” ХХК-нь нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК-ийн 6 давхар 60 айлын орон сууцны холболт, өөрчлөлтийн зураг төслийг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тус гэрээний 3.1-д заасны дагуу техникийн нөхцөл, стандарт барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр хоёр тал хүсэл зорилгоо илэрхийлсэн гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Урьдчилгаа төлбөр болгож 9.000.000 төгрөгийг төлсөн. 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 14/26 тоот албан бичгээр барилгын зураг төсөлд оруулах барилгын зураг төсөлд оруулах барилгын хэмжээ болон бусад өөрчлөлтүүдийг тусгаж хариуцагчид албан ёсоор хүргүүлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч гэрээний 1.2-т заасан барилгын зураг төслийг боловсруулалгүй 2 талын байгуулсан 02 тоот гэрээний 3.1-т заасан шаардлагыг биелүүлээгүй хохироосон байна. Иймд гэрээг цуцалж, 9.000.000 төгрөгийг гаргуулах, мөн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх алданги 2.160.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлага 2.340.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатараас:

Талууд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зураг төсөл боловсруулах талаар 02 тоот гэрээг байгуулсан. Гэрээний нөхцөл нь зураг төслийг баталгаажуулах ажлын үнэ, чанар, гүйцэтгэх хугацааг эцэслэн тохирч 6 давхар 60 айлын зургийг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр тогтоосон. Гэрээний үнэ бол 15.000.000 төгрөг байсан. Ажил эхлэх үед гэрээний үнээс 9.000.000 төгрөгийг, үлдэх 6.000.000 төгрөгийг барилгын нөхцөлийн үед 20 хувь, сантехникийн үед 15 хувь, цахилгаан 5 хувийн төлбөр хийсний дараа зургаа авна гэж тохиролцсон байсан. Гэтэл хариуцагч зургийг хийгээгүй. Харин өөр байгууллагын хийсэн хэмжээ тохирохгүй зургийг өгсөн. Мөн барилгын суурийн зургаа баталгаажуулаагүй учраас гэрээ цуцалсан. Тохирохгүй 10 давхрын барилгын суурийн хэмжээтэй 7м зөрүүтэй зураг өгснөөр нь ажил эхэлснээс болж захиалагч талд хохирол учирсан. Мөн уг гэрээнд алданги тооцохоор тохиролцсон. Тиймээс нэхэмжлэгч тал өгсөн мөнгөнийхөө 50 хувиар алдангийг тооцож 4.500.000 сая төгрөгийг нэмж нэхэмжилсэн. 10.000.000 төгрөгийг гүйцэтгэгч тал буюу “Дархан дизайн” ХХК-ийн захирал гэрээний үүргийг зөрчсөний улмаас “Дархан дуулга” ХХК-д баталгаатай зураг шаардлагатай болсон. Тиймээс “Гандирс Орд” ХХК-д урьдчилгаа 15.000.000 төгрөг өгөхөөр тохиролцож тухайн үед 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Талуудын маргаж буй зүйлд шинжээч нар хариу өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр тусгай зөвшөөрлийн 1.1-ийн 2.1-т энгийн төлөвлөлттэй өрхт ба хосолмол даацын 5 хүртэл давхар барилга байгууламжийн архитектур төлөвлөлт өндөржилт барилгын зураг төсөл орчны ерөнхий төлөвлөгөө тохижилтын барилгын зохион байгуулалтын зураг төсөл гэсэн эрхтэй байна гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан. Тиймээс “Дархан дизайн” ХХК-ийн 5 хүртэл давхар барилгын зураг төсөл гаргах тусгай зөвшөөрөлтэй байсан нь нотлогдож байна. “Дархан дизайн” ХХК нь “Дархан дуулга” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ эхнээсээ зөрчсөн. Тиймээс “Дархан дуулга” ХХК-ийн нэхэмжилсэн 23.500.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд мөнгөн дүнгийн талаар дурдагдаагүй. Гэрээний үүргийн дагуу захиалагч тал 9.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл гүйцэтгэгч тал зөрчил гаргасан учраас гэрээ үргэлжлэх боломжгүй болсон учир үлдэгдэл 6.000.000 төгрөгийг төлөх боломжгүй. Иймд 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-аас: 

2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр барилгын зураг төсөл хийж, төлбөрт нь 15.000.000 төгрөг авахаар гэрээ байгуулсан юм. 9.000.000 төгрөгийг манай талд урьдчилгаа болгож өгсөн, би урьдчилгаа төлбөрийг хүлээж аваад 5.000.000 төгрөгөөр “Гандирс Орд” ХХК-аас барилгын зураг төслийг худалдаж авсан. 6 давхар 60 айлын орон сууцны зураг төсөл аваад “Дархан дуулга” ХХК-д өгсөн. Манай компани нь орон сууцны холболт өөрчлөлтийн зураг төсөл хийдэг. Бид нар барилгын шинэ зураг төсөл хийдэггүй, барилгын зураг дээр гадны шугам сүлжээний холболтын зураг хийж, өөрчлөлт оруулж өгнө гэж тохиролцсон. 60 айлын, 6 давхар орон сууцны зураг нь 80.000.000 төгрөгөөр зурагддаг. “Дархан дуулга” ХХК нь миний өгсөн зургийн дагуу барилга эхлүүлэх зөвшөөрөл авч, барилгын ажлаа эхлүүлсэн. Би суурийн зураг хийгээд загвараар оруулаад батлуулж, миний өгсөн зургаар 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр барилгын ажлаа эхлүүлсэн. Суурийн зургийг гаргуулахын тулд инженер геологийн зургийг өгөх ёстой, гэтэл энэ хүн надад тэр зургийг өгөөгүй, би шаардаж байгаад 750.000 төгрөгийн гэрээ хийж, геологийн зургийг гаргуулж төлбөрийг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- өөрөө шилжүүлсэн. Бидний хувьд 60 айлын 6 давхар барилгын гэрээ хийсэн, нэхэмжлэгч тал энэ зургийг өөрчлүүлж 40 айлын 5 давхар болгож өөрчилж гэхэд нь би 5 давхар, 40 айлын орон сууцны зураг болгож өгсөн. Дараа дахин ирж 50 айлын, 5 давхар барилгын зураг болгож, өөрчлүүлье гэж хэлэхэд нь би зургийг нь өөрчилж гаргаж өгсөн. Миний тэр гаргаж өгсөн зургийн дагуу барилгын ажлаа эхлүүлсэн. Би зургийг 5.000.000 төгрөгөөр худалдаж аваад, үлдсэн 4.000.000 төгрөгөөр үйл ажиллагаа явуулсан. Би зохиогчийн хяналт тавьсны төлбөр 300.000 төгрөгийг авахаар тохиролцсон. Мөн түүнчлэн би сантехникийн зургийг үйлдэж өгсөн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 15 хувь болох 900.000 төгрөг, цахилгааны зураг үйлдэж өгсөн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 5 хувь болох 300.000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр нийт 7.900.000 төгрөг авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан юм. Барилгын зургуудыг экспертизээр батлуулж өгөөгүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг боловч батлагдсан гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан байгаа. Зургийн зохиогч өөрөө загвараар зургаа батлуулж болохгүй гэж Барилгын тухай хуульд заасан байдаг учир захиалагч тал өөрөө загвараа батлуулах ёстой байдаг. Гэрээнд заасан үнийг төлөөгүй, барилгын ажлыг зургийн дагуу хийгээгүй, би зураг зохиогчийн хувьд шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй. Суурийг буруу хийсэн учраас Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг нь зогсоосон. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Манай зургийг батлуулсан загвараар батлуулаад барилгын суурийн ажлыг эхлүүлсэн боловч энэ хүн зургаас өөрөөр суурийн ажлыг хийсэн. Энэ ажлыг эхлүүлсэн зураг нь манай зураг мөн гээд шинжээчийн дүгнэлт гаргаж өгсөн. 15.000.000 төгрөгийг гэрээний 3 үе шатанд төлөхөөр гэрээ байгуулсан. Цахилгаан болон сантехникийн зургийн төлбөрийг төлөөгүй учраас зургийг нь өгөөгүй. Харин суурийн зураг, барилгын зургийг иж бүрэн өгсөн. 60 айлын 6 давхар орон сууцны гэрээ хийсэн боловч 40 айлын барилга барина гэхээр нь зургийг нь зурж өгсөн. 40 айлын орон сууцны зургаар 60 айлын барилга барих гэж байгаад, 50 айлын барилгын ажил эхлүүлсэн. 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрээг байгуулсан, маргааш өдөр нь барилгын зургийг өгсөн. Зураг хүлээлгэж өгсөн баримтын эх хувь нь Ц.Энхтуулд байгаа. Зураг төсөлд тохируулан холболт хийх заавар дээр 6 давхар барилгын зураг дээр тохируулга хийж болох учир ийм тохируулга хийхээр захиалагч талтай тохиролцсон байна. Зах зээлийн үед шинээр барилгын зураг хийх, холболтын зураг хийх нь үнийн хувьд маш их ялгаатай. 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр суурийн ажил эхэлсэн, би 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр суурийн зургийг нь өгсөн байсан. Суурийн зургийг геологийн дүгнэлт гарсны дараа хийдэг. “Дархан дуулга” ХХК нь барилга барих газраа удаа дараа өөрчилсөн учраас суурийн зураг хүлээгдсэн. Суурийн зургийг барилгын зурагтай өгөхгүй бол болдоггүй. Гэрээнээс өмнө кадастрын зураг гаргуулсан гэдэг нь үнэн. Гэрээний үлдэгдэл төлбөр 6.000.000 төгрөг, зохиогчийн хяналтын 300.000 төгрөг, сантехникийн зургийн төлбөр нь 15 хувь, цахилгааны төлбөр 5 хувиа төлөөгүй учраас би зургаа өгөөгүй. 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Дархан дуулга” ХХК надад мэдэгдэхгүйгээр өөр компанитай дахин зургийн гэрээ байгуулсан байсан. Энэ үед суурь, зоорийн давхрын ажил хийгдэж байсан үе. Надтай гэрээ цуцлалгүйгээр өөр компанитай гэрээ байгуулсан мөртлөө гэрээний алданги нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд 9.440.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргуулах саналтай байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгээс: 

“Гандирс Орд” ХХК-ийн улсын загвараар баталгаажуулсан зураг төслийг авч “Дархан дизайн” ХХК хэрэглэх зөвшөөрлийг тохиролцсон. Талууд зураг төсөл боловсруулах талаар гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хоорондох ажиллагаанд хамааралтай. “Гандирс Орд” ХХК-ийн улсын загвараар батлуулсан шифртэй зургийг холболт хийхийг 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаартай албан бичгээр зөвшөөрсөн. Барилгын хэмжээ нэгдүгээр давхрын төлөвлөлтийн өөрчлөлтийг хийсэн бөгөөд “Дархан дизайн” ХХК боловсруулахдаа 04262014 шифртэй суурийн зургаар газар шорооны ажил хийгдсэн байна гэж үзсэн. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас цэцэрлэгтэй 50 айлын орон сууцны барилга барихаар “Гандирс Орд” ХХК-ийн үндсэн зураг, “Дархан дизайн” ХХК-ийн холбох зураг, суурийн зураг гэсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дууссан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын хариуцагч Д.Э-т өгсөн 9.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг нь “Гандирс Орд” ХХК авсан. Д.Э- 4 сая төгрөг авсан. Холболтын ажлын зургаа хийсэн байтал 9.000.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 279 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар “Дархан дизайн” ХХК-аас 9.000.000 төгрөгийг гаргуулан “Дархан дуулга” ХХК-д олгож, алданги 4.500.000 төгрөг, хохирол 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “Дархан дизайн” ХХК-аас “Дархан дуулга” ХХК-д холбогдуулан гаргасан 9.940.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ХААН банк төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 232.950 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 55.910 төгрөг, төрийн банк төрийн сан 100190000941 тоот дансанд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 46.309 төгрөг, ХААН банк төрийн сан 100190000941 тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 174.950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк төрийн сан 100190000941 тоот дансанд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 38.950 төгрөг, ХААН банк төрийн сан 100190000941 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тушаасан 141.990 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 234.669 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “Дархан Дуулга” ХХК-д, 14.950 төгрөг гаргуулан хариуцагч “Дархан дизайн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс төлбөл зохих 158.950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хариуцагч “Дархан дизайн” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- давж заалдсан гомдолдоо:

            2014 оны 10 дугаар сарын 21-нд Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах хүртлээ хариуцагч Д.Э-ыг хүлээсэн. Иргэний хууль болон Барилгын тухай хууль тогтоомжийн дагуу талуудын хооронд харилцан тохиролцож баталгаажуулсан 02 тоот гэрээний үүргээ хариуцагч “Дархан дизайн” ноцтой зөрчиж, биелүүлээгүй. Манай компани захиалгатай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургаар хийгдсэн 6 давхар төмөр бетон арагт бүтээц бүхийн хүүхдийн цэцэрлэгтэй орон сууцны барилгын загвараар баталгаажуулсан иж бүрэн зураг өгөөгүй нь нотлох баримтуудаар нотлогдож байна. Хэрэв манай байгууллагын хүүхдийн цэцэрлэгтэй 40 айлын орон сууцны барилгын суурийн зурагт дахин хөндлөнгийн магадлал хийлгэсэн нөхцөлд загварын дүгнэлтийн зардал, үргүй зардал гаргасан хохирлоо дахин шүүхэд гомдол гаргаж, нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэж, захиалагч нь үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Гэрээний гол зүйл нь үр дүн байна, гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй шилжүүлж өгөх, захиалагч нь ажлын чанарт муугаар нөлөөлөх нөхцөл байдлыг арилгах шаардлагууд байдаг бөгөөд эдгээр нь нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Мөн Иргэний хуульд зааснаар алданги 4.500.000 төгрөг, шууд хохирол 10.000.000 төгрөг, урьдчилгаа өгсөн 9.000.000 төгрөг, нийт 23.500.000 төгрөгийг хариуцагч “Дархан дизайн” ХХК-аас нэхэмжлэн авах үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагчаас 14.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний хуулийг зөв хэрэглээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний заалтыг хангуулахгүй гэж үзэж байна. 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр талуудын хооронд гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээгээр “Дархан дизайн” ХХК 6 давхар 60 айлын орон сууцны холболт өөрчлөлтийн зураг төслийг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцож, зураг төслийн үнэд 15.000.000 төгрөг төлж, үүнээс 9.000.000 төгрөгийг ажил хийгдэж эхлэх үед, үлдэх 6.000.000 төгрөгийг дараа зургаа хүлээж авах үед өгөхөөр тохиролцож урьдчилгаа мөнгийг авсан боловч “Дархан дизайн” ХХК нь гэрээгээр тохиролцсон зургийг хийгээгүй, өөр компанийн хийсэн хэмжээ тохирохгүй зургийг өгсөн. Уг зураг нь 10 давхар орон сууцны барилгын суурийн хэмжээтэй захиалсан зурагнаас 7 метр зөрүүтэй зураг өгсөн, барилгын суурийн зурагаа баталгаажуулаагүй учир гэрээ цуцлагдсан. Ингээд гэрээний 4.1-д зааснаар алданги ногдуулсан. Алдангийн нийт зураг төслийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 4.500.000 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөний улмаас “Дархан дуулга” ХХК-д баталгаат зураг шаардлагатай болсон учир “Гандирс Орд” ХХК-тай барилгын зураг хийлгэх гэрээ байгуулж урьдчилгаа 15.000.000 төгрөг өгөхөөр тохиролцож тухайн үед 10.000.000 төгрөг өгсөн байдаг. Энэ нь нотлох баримтаар нотлогдож байх тул гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Дархан дизайн” ХХК-аас 14.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- давж заалдсан гомдолдоо:

            “Дархан дуулга” ХХК-аас 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр уг зургаа 50 айлын 6 давхар болгох тухай хүсэлт өгсөн. Уг хүсэлтийн дагуу бид харилцан тохиролцож зохиогчийн болон зургийн 2 гэрээг хийсэн. 50 айлын 6 давхар болгож дахин өөрчилж өгснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- өөрийн биеэр аймгийн ерөнхий архитектур, онцгой байдлын газраар батлуулж аймгийн газрын албанд 40 хуудас материал бүрдүүлж 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс барилга эхлүүлэх зөвшөөрөл авч ажлаа эхэлсэн. Ажлын явцад 6 давхар 50 айлын орон сууцны суурийн ажлыг зураг зөрчиж буруу хийснийг зохиогч би шалгалтаар 2014 оны 07 дугаар сарын 01-нний өдөр илрүүлж засах тухай шаардлага тавьсныг хүлээж авахгүй алга болсоны дараа 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрээг “Гандирс орд” ХХК-тай 30.000.000 төгрөгийн гадна шугам сүлжээгүй гэрээ байгуулсны дараа 2014 оны 08 дугаар сарын 25-ны дотор намайг зургаа загвараар батлуул гэсэн шаардлага өгч, гэрээгээ ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчийн эрх, үүргийг тооцоололгүй захиалагчийн эрх, үүрэг зөрчигдсөн болон гэрээний 2.1, 2.3, 2.4, 2.6, 4.1, 4.2.3 дах заалтуудыг харгалзан үзээгүй байна. Зохиогчийн гэрээний 2.2 дах заалтыг биелүүлээгүй шаардлага тавьсны төлөө гэрээг цуцалж “Гандирс Орд” ХХК-тай гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх орон сууцны барилгад дээд айл ус алдсаны хохиролд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар бүрэлдэхүүнтэй комисс гаргаж намайг шинжээчээр томилсон. Гэтэл 6 давхар 40 айлын 50 хүүхэдтэй орон сууцны барилгад бүрэлдэхүүнтэй комисс томилж чадахгүй байгаад эргэлзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК хариуцагч “Дархан дизайн” ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 9.000.000 төгрөг, түүний гэрээний дагуу алданги 4.500.000 төгрөг, учирсан хохирол 10.000.000 төгрөг нийт 23.500.000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч “Дархан дизайн” ХХК гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин сантехник, цахилгаан, зохиогчийн хяналт зэрэг үе шаттай хийгдэх ажлуудын төлбөрийн үлдэгдэл 1.500.000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 7.940.000 төгрөг нийт 9.440.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийлээ.

Захиалагч “Дархан дуулга” ХХК гүйцэтгэгч “Дархан дизайн” ХХК-ний хооронд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр 6 давхар 60 айлын орон сууцны холболт өөрчлөлтийн  зураг төслийг 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Зургийн ажлын нийт өртөг 15.000.000 төгрөгөөс захиалагч “Дархан дуулга” ХХК 9.000.000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг тодорхой үе шаттай ажлыг хийж гүйцэтгэсний дараа төлөхөөр харилцан тохиролцсон.

Гүйцэтгэгч “Дархан дизайн” ХХК барилгын зураг төсөл хийх тусгай зөвшөөрөлтэй боловч 5 давхар хүртэлх барилгын зураг төсөл хийх эрхтэй байсан бөгөөд түүнээс дээш давхартай барилгын ажлын зураг төсөл хийх тусгай зөвшөөрөлгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.

Талууд хоорондоо барилгын ажлын зураг төсөл хийж хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, аваагүй талаар маргадаг бөгөөд хэрэгт авагдсан баримтаар гүйцэтгэгч “Дархан дизайн” ХХК гэрээ байгуулагдсаны дараа барилгын зураг төслийн “Гандирс Орд” ХХК-аас 6 давхар, 60 айлын орон сууцны барилгын ажлын зураг худалдан авч захиалагч талд хүлээлгэн өгсөн байна.

Захиалагч “Дархан дуулга” ХХК гэрээнд заагдсан шаардлага хангасан барилгын зураг төсөл хийж өгөөгүй гэж үзэн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Гандирс Орд” ХХК-тай 30.000.000 төгрөгөөр  барилгын зураг төсөл хийх гэрээг байгуулж, тус компаниар барилгын зураг төслөө дахин хийлгэсэн байх тул хариуцагч “Дархан дизайн” ХХК-ний бусдаас худалдан авч өгсөн зургийн шаардлага байхгүй болсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д”Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаар талуудын хооронд хийгдсэн гэрээний үр дүн гарсан гэж үзэх үндэслэлгүй байх тул захиалагч тал урьдчилгаанд өгсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй байна.

Захиалагч “Дархан дуулга” ХХК гэрээний 3.1-д зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй боловч маргааны зүйл болж байгаа зураг төслийг “Гандирс Орд” ХХК-нд боловсруулсан, орон сууцны барилгын эзэмших эрх, зохиогчийн хяналтыг төлбөртэй шилжүүлэн авч захиалагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд уг зураг экспертизээр батлагдсан, цаашид шаардлагатай өөрчлөлт хийж болохыг зөвшөөрсөн, энэ дагуу холболт өөрчлөлтийн зургийг тухай бүр нь хийж өгч байсан тул алданги төлөх үндэслэлгүй гэж үзнэ.

Захиалагч тал гүйцэтгэгч талтай байгуулсан гэрээгээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар цуцлаагүй атлаа өөр компанитай дахин гэрээ байгуулснаас өөрт 10.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагч “Дархан дизайн” ХХК цахилгаан болон сантехникийн зургийн төлбөрийг төлөөгүй учир зургийг нь өгөөгүй харин суурийн болон барилгын зургийг өгсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг аймгийн ерөнхий архитектороос авснаас хойш хариуцагч нь зохиогчийн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй, барилга угсралтын ажлын журналыг шалгахад зураг төсөл зохиогчийн нэр, хяналт хийсэн  тэмдэглэгээ байхгүй, захиалагчид байгаа зурагт гадна дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус, холбооны зураг байхгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авахдаа зураг төсөл, техникийн бичиг баримтын бүрдлийг иж бүрнээр нь шалгуулан авна гэснийг зөрчсөн байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй талаарх  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иймд нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК, түүний өмгөөлөгч, хариуцагч “Дархан дизайн” ХХК-иудын давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 279 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230.450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.НАРАНГЭРЭЛ                

                           ШҮҮГЧИД                                                                            С.ЭНХЖАРГАЛ                            

                                                                                                                        Л.АМАРСАНАА