Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 101

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Б.Мөнхзул, шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх  хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар баг * дугаар хэсэгт оршин суух, “А*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал А******* овогт П******* Б*******

Нэхэмжлэгч “А*******” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч: У******* хот С******* дүүргийн ** дугаар хороо, О******* хороолол, **-*** тоотод оршин суух, өмгөөлөгч ******* овогт Ш Э /**********/

Хамтран нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй * дүгээр баг, Б *-** тоотод оршин суух, эрэгтэй, Алтанбулаг сумын Засаг дарга, А******* овогт П******* Б /***********/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын * дүгээр баг * дугаар байр * тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй Ш овогт Ц Б /******/ “А” ТББ-ын гүйцэтгэх захирал/

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй * дүгээр баг, * байр * тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт М овогт В Г /************/ “А” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга/ нарт  холбогдох

“А*******” ХХК-ийн нэр хүндийн санаатайгаар гутаан, бодит байдалд ний цэхгүй хууль бус мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Сэрэмжлүүлэг” нэрээр”Сэлэнгэ зар” албан ёсны групп сайтад тавьж, энэ группээр орж мэдээлэл авсан бүх хүнд хүрсэн хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх үүргийг “А” ТББ-д хүлээлгэх тухай”,

хамтран нэхэмжлэгч Алтанбулаг сумын засаг дарга П.Бы ... “Бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан эдийн бус гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: “А*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хамтран нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа, хариуцагч Ц.Б, хариуцагч В.Г ын өмгөөлөгч Г.Амартүвшин, иргэдийн төлөөлөгч Г.Нямдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ  нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн захирал П.Б*******  шүүхэд  гаргасан  нэхэмжлэлдээ:

Сэлэнгэ аймагт байршилтай “А” ТББ нь “Сэлэнгэ зар” албан ёсны групп нэртэй сайтан дээр “Сэрэмжлүүлэг” нэрээр “А*******” ХХК-ийн нэр хүндийг гутаан худал гүтгэлэг явуулан, манай байгууллагын ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдаж байна. “А*******” ХХК нь тодорхой үйл ажиллагаа явуулдаг улсын бүртгэлийн гэрчилгээтэй, өөрийн гэсэн нэр хүндтэй, улсад татвар төлдөг байгууллага бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт дулаан хангамж, цэвэр ус хангамжийн үйл ажиллагааг дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох, дулаан худалдан авах, хэрэглэгчид худалдах тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан. Харин 2017 оноос “А*******” ХХК нь “Сэлэнгэ энерго” ХХК-тай гэрээ байгуулан энэ компани Алтанбулаг сумын дулаанаар хангах үйл ажиллагааг явуулж байна. “А*******” ХХК нь цэвэр ус хангамжийн үйл ажиллагаа эрхэлдэггүй юм.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын цэвэр ус хангамжийг “Урсгал ус” ОНӨААТҮГ хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл үндэслэлгүйгээр, хууль бусаар “А*******” ХХК-ийн нэр хүндийг гүтгэн доромжилж, бусдад “Сэрэмжлүүлэг” хэмээн “Түмэнд түгээж, “Бид мөхөж байна” гэх нь харин ч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд ноцтой худал мэдээлэл тарааж буй тодорхой хүмүүсийн санаатай үйл ажиллагаа гэж харагдаж байна.

Дээрх байгууллага хувь хүмүүс манай байгууллагыг гүтгэж, худал мэдээлэл санаатай тараахдаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс АНУ-ын иргэн Ли овогтой...гэгчид “А*******” ХХК худалдагдсан буюу гадаадын иргэний мэдэлд шилжүүлсэн, цэвэр ус болоод бүх усны эх, усан хангамж гадны хүнд шилжиж зарагдсан...” гэх ор үндэсгүй бөгөөд манай компани нь ийм бохир зүйл хийдэггүй, хуульд заасан үйл ажиллагаа явуулдаг, хуулиар хориглосон зүйл хийхгүй байж чадах чадвартай төлөөлөл бүхий хуулийн этгээд. Монгол Улсын нусны нөөц стратегийн үнэт баялаг байдаг бөгөөд усыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашигладаг. Гадаадын хэн нэг иргэн манай улсын ус, цэвэр ус, усны эх, хангамжийг худалдаад авчихдаггүй юм. 

Хуульд заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага гэрээний үндсэн дээр ажилладаг, усан сан, гүний худаг төрийн өмч бөгөөд орон нутгийн өмчид бүртгэгдэж хамгаалагдсан байдаг. Компанийн тухай хуульд зааснаар манай компани хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй, үйл ажмллагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээдэг байгууллага.

Түүнчлэн тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх, компаниа өөрчлөн байгуулах, хувьцаагаа худалдах, зарах бүрэн эрхтэй байгууллага бөгөөд манай компанийн дотоод хэрэгт дээрх нэр бүхий байгууллага хувь хүмүүс хууль бусаар нэвтэрч, шүүхийн хавтаст хэргээс компанийн гэрчилгээг хуулбарлан тавьж манай ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр хандаж байна.

Иймд “А*******” ХХК-ийн нэр хүндийг санаатайгаар гутаан, бодит байдалд нийцэхгүй, хууль бус мэдээллийг олон нйитийн мэдээллийн хэрэгслээр “Сэрэмжлүүлэг” нэрээр “Сэлэнгэ зар” албан ёсны групп сайтад тавьж, энэ группээр орж мэдээлэл авсан бүх хүнд хүрсэн хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх үүргийг “Алтанбулаг”-Итгэл” ТТБ-д хүлээлгэнэ үү. Манай байгууллагад учруулсан гэм хорыг  арилгахыг мөн шаардах болно гэжээ.  

 

Хамтран нэхэмжлэгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь тус хэрэгт хамран нэхэмжлэгчээр оролцож байна. “А” ТББ нь “Сэлэнгэ зар” албан ёсны групп нэртэй сайтад “Сэрэмжлүүлэг” нэрээр миний нэр хүндийг гутаан, худал гүтгэлэг явуулан мөн миний ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдан худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан тул өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ц.Б, С.О, В.Г нар нь байнга л миний нэр төр, албан тушаал, ажил хэргийн нэр хүндийг минь гутаан доромжилж байгааг ойлгохгүй байна. Тус сайтад ““А*******” ХХК-ийн захирал одоогийн Засаг дарга П.Бы “өмч” бөгөөд Ли овогтой гадаадын иргэнд цэвэр ус болоод бүх усны эх, усан хангамжийг гадны хүнд зарсан, гадаадын иргэнд бидний амь нас , ирээдүй хойчийг маань худалдаж байгаа нь шунахай, хувийн эрх ашгийг бодсон, жудаггүй, хүний мөсгүй, эх орон ард иргэдээ хөсөр хаян доромжилсон үйлдэл болж байна” гэх ор үнэдэслэлгүй гүтгэлэг гэж үзэж байна.

Мөн “даргын албан тушаал мөнх биш. Муу удирдагч байхаас муу ард түмэн гэж байдаггүй” хэмээн мэргэдийн сургаал бий...”Түмэнд түгээж, сэрэмжлүүл, түгээ” “Бид мөхөж байна” гэх миний албан ажлын нэр хүндэд халдаж, нэр хүнд үнэлэмжийг доройтуулах, миний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гүтгэн доромжилж, ноцтой худал мэдээлэл тарааж буй Ц.Б, В.Г нарын санаатай үйл ажиллагаа гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын цэвэр ус хангамжийг “Урсгал ус” ОНӨААТҮГ хариуцан үйл ажиллагаа явуулдаг.

Гадаадын хэн нэгэн иргэн манай улсын цэвэр ус, усны эх, хангамжийг худалдаад авчихдаггүй юм. Хуульд заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага гэрээний үндсэн дээр ажилладаг, усан сан, гүний худаг төрийн өмч бөгөөд орон нутгийн өмчид бүртгэгдэн хамгаалагдсан байдаг.

Миний одоогийн хашиж буй Сумын засаг дарга нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсад мөрдөгдөж буй бүх хуульд захирагдаж, сумын ард иргэдийн эрх ашгийг хамгаалан ажилладаг, хууль мөрдүүлэх үүрэг бүхий субъект юм. Миний хувьд бусдын өмнө хүлээсэн албан тушаалын болон мэргэжлийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, Алтанбулаг сумын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж, боломжтой бүхнийг хийхийг зорьж, ажиллаж байгаа, ажил хэргийн нэр хүнд маань тогтвортой, олон хүний итгэл найдвар, урам зориг, дэм туслалцаагаар үүргээ гүйцэтгэж байгаа гэж үздэг.

“А” ТББ-ын удирдлага гэх В.Г, Ц.Б нар нь удаа дараа тасралтгүйгээр миний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж В.Г нь миний эзэмшлийн халаалтын зориулалт бүхий газарт, 2016 онд ашиглах эрх нь дуусгавар болсон байхад хамгаалалтын зурвас бүхий эзэмшиж, ашиглах боломжгүй газрыг чөлөөлөхгүй “эзэмшинэ” гэх, Ц.Б нь Засаг даргын тамгын газраар байнга явж миний ажил хэргийн нэр хүндийг гутаан хэрэгжүүлэхийг оролдсоор хэрээс хэтэрч байгааг хэлье..

Ц.Б 64 айлын орон сууцанд гэр бүлээрээ тус тусдаа хууль ёсны байр өмчилж, хууль ёсны зөвшөөрөлгүйгээр 240м2 өргөтгөн үйлчилгээний үйл ажиллагаа явуулж, хэрэглэсэн ус дулааны мөнгөө ч сайн дураараа төлж байгаагүй. 64 айлын орон сууцанд эдгээр гэр бүлээс гадна олон айл амьдардаг. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг  сумын бүх төрлийн байгууллага, цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгж ус дулаанаар хангагддаг. Энэ нь сумын хэмжээнд биш, аймаг улс орны хэмжээнд яригдаж олон талд арга хэмжээ авч байна.

“А” ТББ нь дур зоргоороо санаатайгаар худал гүтгэлэг зохион нийтийн сүлжээгээр миний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж “Сэрэмжлүүлэг” нэрээр “Бид мөхөж байна” гэх Сэлэнгэ зар албан ёсны групп сайтад тавьсан энэ мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан арга хэрэгслээр албан ёсны сайтаар орж мэдээлэл авсан бүх хүнд хүрсэн хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх үүргийг хариуцагч нар хүлээлгэж, мөн миний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэн, 11,000 гаруй дагагчтай нийтийн сүлжээгээр тараасан бөгөөд худал маргаан үүсгэн чирэгдэл үүсгэж, сэтгэл санааны дарамтад оруулж, өөрсдийн хууль бус бусармаг үйлдлээ зөвшөөрүүлэхийг хүсэж, эдийн засгийн хохиролд орсон тул эдийн бус гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилж байна гэх.

 

Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн П.Б, засаг дарга П.Бтай шүүх, хуулийн байгууллагад хандан 13 жил яваад дуусаагүй байна. Энэ нь хуулийн засаглалтай юу, хулгайчин засаглалтай юу гэж даамжирсаар өдийг хүрсэн. Би анх 2008 онд 64 айлын орон сууцны халаалтын асуудлаар тухайн үеийн засаг дарга байсан н.С даргад “64 айлын орон сууцыг стандартын дагуу халааж өгнө үү” гэсэн гомдлоо гаргаснаар бидний дунд маргаан үүсэж эхлээд өнөөдрийг хүртэл дуусаагүй явж байна. Энэ 9 жилд би П.Б гэдэг хүнд дарамтлуулж энэ хүний эрхшээлд байна. Энэ хүн миний эрхэнд халдаж байна. Надад Үндсэн хуулиар олгосон эрх гэж алга. Би үүнийгээ тогтоолгомоор байна. Бидний хоорондох маргаан 13 жил үргэлжилж байна. Энэ бол ганцхан нэр төрийн асуудал биш. Энэ асуудал цаашлаад улс үндэстний аюулгүй байдал, иргэдийн хуулийн мөхөл болж байна. Бүхэл бүтэн нэг сумын иргэдийн эрх ашиг зөрчсөн асуудал болж даамжирч байна.

Иймд шүүх энэ асуудлын эцсийн шийдвэрийг гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Миний буруутай үйл ажиллагааг тайлбарлая: 2008 онд анх Алтанбулаг сумын засаг дарга Сд би өргөдөл гаргаж байсан. Хоёр дахь удаагаа Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан. Тус өргөдөлд: “Иргэн С.О, Ц.Б нарын эзэмшлийн объектыг болон 64 айлын орон сууцыг стандартын дагуу халаагаагүйгээс 2 дугаар байр 2011 онд  бүтнээрээ, 3 дугаар байр 2009 онд бүтнэрээ хөлдөж, цэвэр бохир уснаас таслагдсан байдалтай байна. Иймд бидэнд зуух тавьж халаах зөвшөөрлийг олгоно уу”  Хоёрдугаарт 64 айлын халаалт стандартын дагуу халаах асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж өргөдөл гаргаснаас болоод  би өнөөдөр онц ноцтой гэмт хэрэгтэн шиг амьдарлаа. Энэ маргаан шийдэгдээгүйгээс болоод би  “Зөрчлийн тухай” хуулиар 21 удаа арга хэмжээ авхуулсан. Үнэхээр энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол манай даргын хэлдэгээр энэ суманд үнэхээр хүн амьдарч болох юм уу? Энэ хүмүүст Үндсэн хуулиар олгогдсон эрх гэж байгаа юм уу Ард түмнээ нохой шиг амьдралаар амьдруулахдаа тултал энэ төр нийгэм ялзарсан юм уу. Үнэхээр би буруутай бол намайг тэр шоронд хориод өгөөч. Бидний хоорондын маргааныг эцэслэн шийдвэрлэж өгнө үү...гэх,

Би сайтад ард түмэндээ сэрэмжлүүлэг болгох гэж үнэн байдлыг бичсэн. Юу нь буруутай байгаа гэж. Надад хоёр цүнх дүүрэн баримт байгаа. Үүнийг би дүгнэхдээ зохин байгуулалттай гэм хэргийн бүлэглэл төрд үүссэн байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд эрх гэж байхгүй байна. Хүний эрх гэж зүйл Засаг дарга П.Бтай Алтанбулаг суманд байхгүй болсон. Засаг дарга гэж хүн ард түмний эв нэгдлийг хангаж байхаар хуульчлагдаж төрөөс үүрэг хүлээсэн хүн гэж боддог. Тийм ч учраас би анх өргөдөл гаргаж буруутсан. Халаалтын төвийн зориулалттай 500 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн худалдах худалдан авах гэрээг ББТЗ гэх компанитай гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн нь П.Б гэдэг хүн хятад улсын иргэн Ли овогт гэх хүнд улс орон нутгаа бодолгүй зарсан нь нотлогдож байна. Энэ асуудал цаашлаад маш ноцтой асуудал.

Үнэхээр иргэдэд эрх гэж байхгүй. Иргэн би 9 жил хэлмэгдээд явж байгаа учраас би үнэн зүйлийг бичсэн. Энэ хүн өөрөө ч энэ талаар нотлох баримтаа гаргаж өгсөн байна. Энэ хүн хувьдаа 2,000,000 төгрөгөөр худалдаж аваад цаашлаад гадаадын иргэн Ли овогт гэх хүнд худалдсан. Үүний улмаас иргэд чинь мөхөл рүү явж байна гэв. Энэ бүх асуудлын талаар 38 удаа өргөдөл гаргасанаас үүдээд би өнөөдөр гэмт хэрэгтэн болж байна.Үнэхээр надад одоо маргалдаад заргалдаад явах чадал алга. Хэн худлаа яриад байгааг шүүх шийдвэрлэж өгнө үү. Би тухайн суманд амьдарч байгаа иргэдийг төлөөлж тэр хүмүүсийн өмнөөс эрх ашгийг хамгаалж тэмцэж байна гэв. Үнэхээр ийм эрх байхгүй юм бол та намайг Алтанбулаг сумаас хөөгөөд явуулчих. Шүүхээс энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэж би хүсэж байна гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч В.Гын шүүхэд өгсөн тайлбартаа:

Тус шүүхэд гаргасан “А*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б*******ийн гаргасан хууль бус мэдээллийг олон нийтэд тараасан тухай нэхэмжлэлтэй танилцлаа.

Уг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Миний бичсэн асуудал огт худлаа зүйл биш юм. “А*******” ХХК нь миний нэр дээр холбогдуулан “Газар чөлөөлүүлэх тухай “нэхэмжлэлийг гаргасан ба 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаартай Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар “А*******” ХХК-ийн захирлаар АНУ-ын иргэн Lee Join Kuland гэгч этгээд мөн болохыг тогтоож надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах “А*******” ХХК нь тус сумын халаалтын төвийн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд анх нэхэмжлэл гаргахдаа тус компанийн захирал Б.Ганбаатар гэж гаргасан ба шүүхийн явцад нэхэмжлэгч нь солигдож Алтанбулаг сумын засаг дарга П.Б болж солигдсон ба хэрэг эцэслэн шийдэх явцад тус компанийн захирал нь гадаад улсын иргэн болох нь тогтоогдсон нь Алтанбулаг сумын иргэн В.Г миний амьдрах орчин, эрүүл аюулгүй байдлаар хангагдах, эрх зөрчигдөх боломжтой юм байна гэж үзээд сэрэмжлүүлсэн төдий юм. Түүнээс биш ор үндэслэлгүйгээр энэ компанийн захиралыг гадаадын иргэн гэж гүтгээгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг судалж

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

“А*******” ХХК-ийн нэр хүндийн санаатайгаар гутаан, бодит байдалд                нийцэхгүй хууль бус мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Сэрэмжлүүлэг” нэрээр”Сэлэнгэ зар” албан ёсны групп сайтад тавьж, энэ группээр орж мэдээлэл авсан бүх хүнд хүрсэн хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх үүргийг “А” ТББ-д хүлээлгэх тухай”,

хамтран нэхэмжлэгч Алтанбулаг сумын засаг дарга П.Баас ... “Бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан эдийн бус гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулах, “Сэрэмжлүүлэг” нэрээр”Сэлэнгэ зар” албан ёсны групп сайтад тавьж, энэ группээр орж мэдээлэл авсан бүх хүнд хүрсэн хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх үүргийг “А” ТББ-д хүлээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус “А” ТББ-д /гүйцэтгэх захирал Ц.Б, гишүүн В.Г/ нарт холбогдуулан гаргажээ.

 

1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд “А*******” ХХК нь үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан 2005 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Улсын бүртгэлийн 1311001080 дугаарт бүртгэлийн ****** регистрийн дугаартай гэрчилгээний хуулбар, мөн “А” ТТБ үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний1774 тоот “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”-аар ********* регистрийн дугаартай, 7 гишүүнтэй,  ашгийн төлөө бус, гүйцэтгэх захирлаар Ц.Б, “Иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх” үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд тус тус болох нь нотлогдсон болно. 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй “А” ТТБ-ын гүйцэтгэх захирал Ц.Б, гишүүн В.Г нар нь “Сэлэнгэ зар” групп сайтад “Сэрэмжлүүлэг” нэрээр “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “А*******” ХХК-д Алтанбулаг, Шаамар, Дулаанхаан сумдын дулааны төвүүд харьяалагддаг бөгөөд эдгээр дулааны төвүүд нь цэвэр ус түгээх, бохир татан зайлуулах, дулаанаар хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм. Гэтэл 2017.04.12-ны өдрөөс АНУ-ын иргэн Ли овогтой Жон Куан гэгчид энэ “А*******” ХХК/ нэг гишүүн бүхий/ нь худалдсан буюу гадаадын иргэний мэдэлд шилжүүлжээ. Цэвэр ус болоод бүх усны эх, усан хангамж гадны хүнд шилжиж зарагдсан нь: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, дээрх сумдын хүн ам, үр хүүхдүүдий минь Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, амьд явах эрх, хүнс, усны аюулгүй байдалд ноцтой аюул учирч байна., “Даргын албан тушаал мөнх биш...”Муу удирдагч байхаас муу ард түмэн гэж байдаггүй” хэмээн мэргэдийн сургаал бий...Түмэнд түгээж, сэрэмжлүүл түгээ!!! Бид мөхөж байна”, “Сум хулгайд алдсан халаалтын төвөө буцааж авахаар боллоо”,  гэх мөн “А*******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тавьсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт /тухайн сайтаас хуулбарласан/,

шүүхэд хариуцагч В.Г гаргасан тайлбартаа: “...Миний бичсэн асуудал огт худлаа зүйл биш юм. “А*******” ХХК нь миний нэр дээр холбогдуулан “Газар чөлөөлүүлэх тухай “нэхэмжлэлийг гаргасан ба 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаартай Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар “А*******” ХХК-ийн захирлаар АНУ-ын иргэн Lee Join Kuland гэгч этгээд мөн болохыг тогтоож надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон...” гэх, хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ард түмэндээ сэрэмжлүүлэг болгох гэж сайтад үнэн байдлыг бичсэн... Иргэн би 9 жил хэлмэгдээд явж байгаа учраас би үнэн зүйлийг бичсэн....” гэх тайлбарууд зэргээс үзэхэд “А*******” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн болох нь тухайн сайтад холбогдуулан бичигдсэн иргэдийн сэтгэгдэл зэргээр  нотлогдож байна.

“А” ТТБ-ын гүйцэтгэх захирал Ц.Б, гишүүн В.Г нар нь “Сэлэнгэ зар” групп сайтад “Сэрэмжлүүлэг” нэрээр “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “А*******” ХХК-д холбогдуулан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох сайтад тавьсан мэдээллээ бодит байдалд нийцэж байгааг нотолсон, няцаасан баримтуудаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэх үндэслэл болно.

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй “А*******” ХХК-ийн нэр төрийг сэргээж, “Сэлэнгэ зар” групп, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох сайтад  “Сэрэмжлүүлэг” нэрээр мэдээг тараасан хэлбэр хэрэгсэл эсхүл Сэлэнгэ аймгийн орон нутгийн телевизээр няцаалт хийх үүргийг “А” ТТБ-ын гүйцэтгэх захирал Ц.Б, гишүүн В.Г нарт үүрэг болгон даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нар нь “Сэрэмжлүүлэг” нэрээр тараасан мэдээлэлдээ: “...2017.04.12-ны өдрөөс АНУ-ын иргэн Ли овогтой Жон Куан гэгчид энэ “А*******” ХХК/ нэг гишүүн бүхий/ нь худалдсан буюу гадаадын иргэний мэдэлд шилжүүлжээ...” гэсэн нь тухайн “А*******” ХХК нь Компанийн хуулинд заагдсаны дагуу үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Хамтран нэхэмжлэгч П.Б нь шүүхэд: ”... “А” ТББ нь дур зоргоороо санаатайгаар худал гүтгэлэг зохион нийтийн сүлжээгээр миний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж “Сэрэмжлүүлэг” нэрээр “Бид мөхөж байна” гэх Сэлэнгэ зар албан ёсны групп сайтад тавьсан энэ мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан арга хэрэгслээр албан ёсны сайтаар орж мэдээлэл авсан бүх хүнд хүрсэн хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх үүргийг хариуцагч нар хүлээлгэж, мөн миний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэн, 11,000 гаруй дагагчтай нийтийн сүлжээгээр тараасан бөгөөд худал маргаан үүсгэн чирэгдэл үүсгэж, сэтгэл санааны дарамтад оруулж, өөрсдийн хууль бус бусармаг үйлдлээ зөвшөөрүүлэхийг хүсэж, эдийн бус гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг дарга П.Бы гаргасан “...эдийн бус гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй “А” ТТБ-ын гүйцэтгэх захирал Ц.Б, гишүүн В.Г нар нь “Сэлэнгэ зар” групп олон нийтийн мэдээллийн сайтад “”Сэрэмжлүүлэг” нэрээр тус сумын засаг дарга П.Бд холбогдуулан “Даргын албан тушаал мөнх биш...”Муу удирдагч байхаас муу ард түмэн гэж байдаггүй” хэмээн мэргэдийн сургаал бий...Түмэнд түгээж, сэрэмжлүүл, түгээ!!! Бид мөхөж байна...”Дарга нар чинь бүлэг хулгайчид байсныг нотлуулчихлаа шүү.”, “Иргэд төрөө цэвэрлэж байна. Төрийн хяналтаас бултаж чадахгүй. Сэлэнгэ Алтанбулаг хулгайч дарга нартай байжээ.”, “Сэлэнгэ Алтанбулаг засаг дарга хулгайч байсан нь нотлогдож ажлыг нь авлаа.” “Иргэдийнхээ халаалтад зориулагдах төсвийн мөнгийг 13 жил завшжээ.”, “Эхнэр, нөхөр хоёрын бүлэглэн хулгайлсан 6 тэрбум төгрөгийг буцааж аваачээ төрийн санчаа” “ гэх мэдүүлгүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан олон нийтийн мэдээлэл болох сайтад тавигдсан баримтуудаар нотлогдож байна.

Дээрх мэдээллийг “Сэлэнгэ зар” групп олон нийтийн мэдээллийн сайтад “”Сэрэмжлүүлэг” нэрээр тавьсан нь Алтанбулаг сумын засаг дарга П.Бы нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараагдсан гэж үзэх үндэслэлтэй болно.

Харин хариуцагч Ц.Б, В.Г нар нь Алтанбулаг сумын засаг даргад холбогдуулан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох сайтад тавьсан мэдээллээ бодит байдалд нийцэж байгааг нотолсон, няцаасан үйл баримтуудаа шүүхэд гаргаагүй, нотолж чадаагүй гэж үзнэ.

            Хэрэгт холбогдуулан гаргасан нотлох баримтууд нь уг мэдээлэлтэй холбоогүй, зөвхөн халаалтын үйл ажиллагаатай холбоотой баримтууд авагдсаныг дурдах нь зүйтэй.

Тухайлбал: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн “А*******” ХХК-нд гэх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07/110/198 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07/110/305 дугаартай “Үйл ажиллагааны тухай”, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Шинэ байр” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Ц.Б танаа гэх 07/103/306 дугаартай “Орон сууцны барилгын ашиглалтын төлөв байдлын тухай”, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн иргэн Ц.Б, С.О нарт гэх 01-07-110/173 дугаартай ”Дулаан хангамжийн тухай”, /хх-ийн 70-81/, Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар-ын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 160 тоотоор ирүүлсэн “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн Ц.Бгаас ҮАГ-Сэлэнгэ аймгийн аудитын газарт хандан ирүүлсэн өргөдөлд өгсөн тайлбар, дүгнэлт”, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар-ын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/682 тоотоор ирүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/369 тоот, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 18.07.024/01 дугаартай ”А*******” ХХК-нд шалгалт хийсэн тухай”, “А*******” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 89 тоот, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гэх 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 07/2720 тоот “Холбогдох арга хэмжээ авах тухай”/хх-ийн 106-157/, мөн шүүх хуралдаанд гаргасан Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 79/755 дугаартай шийдвэр, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЛВГ-5270 лавлагаа, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 онгы 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай тогтоол зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  талаас нь үнэлнэ.” гэж тус тус заасны дагуу тус хэрэгт хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн хамтран нэхэмжлэгч П.Б нь “...миний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэн, 11,000 гаруй дагагчтай нийтийн сүлжээгээр тараасан бөгөөд худал маргаан үүсгэн чирэгдэл үүсгэж, сэтгэл санааны дарамтад оруулж, өөрсдийн хууль бус бусармаг үйлдлээ зөвшөөрүүлэхийг хүсэж, эдийн засгийн хохиролд орсон тул эдийн бус гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэх шаардлагыг хангах боломжгүй байна. Нэхэмжлэгч нь эдийн бус гэм хорын хохиролд нэхэмжилсэн 10.000.000 төгрөгний хохирлоо хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, нотлоогүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иймд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг дарга П.Бы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “Сэлэнгэ зар” групп, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох сайтад  “Сэрэмжлүүлэг” нэрээр мэдээг тараасан хэлбэр хэрэгсэл эсхүл Сэлэнгэ аймгийн орон нутгийн телевизээр няцаалт хийх үүргийг “А” ТТБ-ын гүйцэтгэх захирал Ц.Б, В.Г нарт үүрэг болгон даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас эдийн бус гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч П.Баас шүүх хуралдаанд тус хэрэгтэй холбогдуулан гаргасан: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ-д Алтанбулаг сумын засаг дарга П.Быг огцруулах тухай шаардлага, Алтанбулаг сумын ИТХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 98 дугаартай “Сумын засаг даргыг огцруулах саналыг уламжлах тухай” тогтоол, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн 2-7 тоотод оршин суугч, “Шинэ байр” СӨХ-ны дарга Ц.Б танд гэх “Хариу мэдэгдэх хуудас” Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 тоот “Тодорхойлолт” зэрэг авагдсаныг дурдах нь зүйтэй.           

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хамтран нэхэмжлэгч П.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг төвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч В.Год шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хэрэгт авагдсан түүний шүүхэд гаргасан тайлбар, бусад нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.  

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зйүлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй “А*******” ХХК-ийн нэр төр, Алтанбулаг сумын засаг дарга П.Бы  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг тус тус сэргээж, “Сэлэнгэ зар” групп, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох сайтад  “Сэрэмжлүүлэг” нэрээр мэдээг тараасан хэлбэр хэрэгсэл эсхүл Сэлэнгэ аймгийн орон нутгийн телевизээр няцаалт хийх үүргийг “А” ТТБ-ын гүйцэтгэх захирал Ц.Б, гишүүн В.Г нарт үүрэг болгон даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас эдийн бус гэм хорын хохирол 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хамтран нэхэмжлэгчийн төлсөн 174.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг  тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулан “А*******” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал...14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.ЭНХТАЙВАН

                                                    ШҮҮГЧИД                        Б.МӨНХЗУЛ

                                                                                              Л.СОЁЛМАА