Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 199

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Бүргэдэй партизаны 4 гудамж 11 тоотод оршин суух, эрэгтэй, одоо “Зууны эрдэнэс” БХН-ийн захирал Магсаржав овогт Рэнцэндоржийн Совинбаярын  /ЦЖ-67030211/ нэхэмжлэлтэй:

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Бор гүвээ 3 дугаар хэсэг 020 тоотод оршин суух, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Чонос овогт Лувсандагвын Гантулгад /МЮ-76020118 /  холбогдох

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй, партизаны 4 гудамж 11 тоотод оршин суух, өмгөөлөгч Бэсүд овогт Рэнцэндоржийн Атарцэцэг /ТВ-64031465/

“Зээл 2.000.000 төгрөг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Р.Совинбаярын шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас:

 Нэхэмжлэлийн агуулга: 2019 онд Л.Гантулга гэдэг залуутай н.Одмандах, н.Пэрэнлэй гэдэг хүмүүсээр дамжуулан танилцсан юм. 2019 оны 06 дугаар сарын 02 өдөр 981194...дугаарын утсаар над руу таны танилцсан залуу “Л.Гантулга байна ахаа надад мөнгөний хэрэг болоод та надад 2.000.000 төгрөг зээлүүлээч дүү нь удахгүй өгнө” гэж хэлэхээр нь “өнөөдрийн хувьд надад мөнгө байхгүй байна” гэсэн, тэгээд 3 хоногийн дараа  дахин над руу залгаад “ахаа танд л найдаж байна та дүүдээ 2 сая төгрөг олоод өгөөч” гээд ярьсан. Тэр үед би “итгэл битгий алдаарай би н.Одмандахаас мөнгө авч чадахгүй байна” гэдгээ хэлсэн бөгөөд “та надад итгэж болно дүү нь тэр хүмүүс шиг хүн биш” гэх мэтийн зүйл яриад дахин дахин гуйгаад байхаар нь “чи дансаа явуулчих” гэсэн чинь 5675....гэсэн дансны дугаар өгсөн. Тэгсэн тэр нь Л.Гантулга биш Юра овогтой Энхцэцэг гэдэг хүний данс гарч ирсэн бөгөөд Л.Гантулга руу залгаад “Ю.Энхцэцэг гэдэг данс байна” гэхэд “манай эхнэр байгаа юм та наад данс руугаа шилжүүлчих миний картны хугацаа дууссан захиалаад ирээгүй” гэж хэлсэн тул өгсөн данс руу нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлж баримтаа хадгалсан юм. Хэсэг хугацааны дараа надтай ярьж байсан утас руу нь залгахад холбогдох боломжгүй гэдэг хариу өгч байсан.

 

 

Сэлэнгэд ирж Л.Гантулгыг хайж олоод уулзсан “би утасгүй байгаа манай эхнэрийн утас” Ю.Энхцэцэгийнхээ утсыг өгсөн юм. Энэ утас руу залгахад утсаа авахгүй эхнэр нь уурлаж, уцаарлах болсон. Хэд хэдэн удаа утас руу нь мессеж бичсэн байгаа. Тиймээс намайг хохироож байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Л.Гантулгаас түүнд зээлүүлсэн 2.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л.Гантулгын тайлбартаа танилцсан.  Нэхэмжлэгчтэй энэ талаар асууж лавлахад Р.Совинбаяр нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Зууны эрдэнэс” нөхөрлөлийг байгуулан бичил уурхайн үйл ажиллагаа явуулах гэсэн боловч нутгийн хүн биш гэдгээр дарамт шахалтнаас болж больсон байдаг. Л.Гантулга нь “Хатан Ерөө” ХХК-ийн захирал гэсэн байна. Гэтэл “Хатан Ерөө” ХХК-ийн захирал нь н.Пэрэнлэй гэдэг хүн байдаг би ч өөрөө тэр хүнтэй очиж уулзаж байсан. Ерөө сумын засаг дарга, “Хатан Ерөө” ХХК, “Зууны эрдэнэс” нөхөрлөл нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийлгэх тухай гурвалсан гэрээ хийсэн байдаг.

Гэтэл энэ гурвалсан гэрээ нь Л.Гантулгын зээлсэн 2.000.000 төгрөгтэй ямар ч хамааралгүй юм. Яагаад гэвэл Л.Гантулга хувь хүн талаасаа 2.000.000 төгрөг зээлсэн гэж үзэж байгаа. Уг мөнгийг зээлүүлэхдээ Р.Совинбаяр нь Сүхбаатар сумын 5 дугаар багийн хур хогийг цэвэрлэх талаар хувийн зүгээс болон нөхөрлөлийн зүгээс хэлээгүй гэдэг. “Зууны эрдэнэс” нөхөрлөл нь 9 гишүүнтэй эдгээр хүмүүсийн хүсэлт, зөвшөөрөл ч байхгүй, хог цэвэрлэхэд мөнгө төгрөг гаргах талаар огт мэдэхгүй байхад аймгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэсийн дарга А.Эрдэнэгэрэлийн хүсэлтийн дагуу өөрийн зардлаар 3 хоног техник түрээслэн ажиллуулсан гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Л.Гантулгын шүүхэд гаргасан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар 5/141 тоот А.Эрдэнэгэрэлийн гарын үсэгтэй Сүхбаатар сумын Бор гүвээ 5 дугаар багийн хуучин хогийн цэгийг цэвэрлэх ажилд 2019 оны 06 дугаар сарын 05-наас 08-ны өдрүүдэд өөрийн зардлаар ковш ажиллуулсан талаарх тоотод үзлэг хийлгэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны ирсэн, явсан бичиг гэсэн 10 дэвтэрт үзлэг хийлгэхэд энэ тоотыг хийлгэхийг хүссэн хүсэлт болон тоотын талаар ямар ч бичиг баримт авагдаагүй байсан. Үүнээс үзэхэд би бодохдоо албан тушаалаа ашиглан А.Эрдэнэгэрэл дарга хуурамч тодорхойлолт гаргасан юм болов уу гэж харж байгаа. Дараа нь энэ албан тоотын учрыг жичдээ олох болно.

Тэгээд ч Л.Гантулга гэдэг залуу Р.Совинбаяраас 2.000.000 төгрөгийг хэдэн өдөр гуйж байж авчихаад одоо хог цэвэрлэхэд өгсөн гэж байгааг ойлгохгүй байна. Зээлсэн мөнгөө өөрийн эхнэрийнхээ дансаар авсан байгаа нь хувьдаа мөнгө зээлсэн гэж үзэж байна. Хэрвээ Сүхбаатар сумын хог цэвэрлэх гэсэн бол яагаад хувь хүнээс мөнгө гаргах юм бэ энэ чинь жилийн эхэнд төсөвтөө тусгагдаад явдаг. Л.Гантулга энэ талаараа шүүхэд нотолж чадаагүй ямар ч баримт авагдаагүй байна. Иймд Л.Гантулгаас 2.000.000 төгрөг гаргуулан Р.Совинбаярт олгох үндэслэлтэй гэж үзэж байна.   

          

             Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Л.Гантулгын шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Л.Гантулга “Хатан Ерөө” ХХК-нд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Нэхэмжлэгч Р.Совинбаяр нь “Зууны эрдэнэс” нөхөрлөлийн захирал. Мөн манай “Хатан Ерөө” ХХК, Ерөө сумын засаг даргатай гурвалсан гэрээг /Уул, уурхайн үйл ажиллагаа, нөхөн сэргээлт олборлох/ гэсэн гурвалсан гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 10-нд байгуулсан.

 Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн дарга А.Эрдэнэгэрэл даргын хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн хур хогийн цэгийг цэвэрлэх ажилд өөрийн зардлаар 2018 оны 6 дугаар сарын 5-наас 8-ны хооронд 3 хоног техник түрээслэн ажиллах шаардлага гарсан.

         Тухайн үед “Зууны эрдэнэс” нөхөрлөлийн Р.Совинбаяр нь өөрөө ирэх боломжгүй байсан тул гурвалсан гэрээний дагуу ажиллахын тулд “Зууны эрдэнэс” нөхөрлөлийн өмнөөс ажиллах шаардлага гарч нөхөр Р.Совинбаяртай ярилцсаны үндсэн дээр өөрөөс нь 2 сая төгрөг гаргаж мөн өөрийн зүгээс мөнгө оролцуулан нэмж үйл ажиллагааг гүйцэтгэсэн болно. Миний энэ гүйцэтгэсэн ажлыг аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн дарга А.Эрдэнэгэрэл гэрчлэх болно. Иймд шаардагдах бичиг баримт гэрээг хавсаргав гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Р.Совинбаярын нэхэмжлэлтэй Л.Гантулгад холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар товлогдсон. Хариуцагч Л.Гантулгыг хүлээн уг хуралдаан 10 цаг 28 минутанд эхэлсэн. Л.Гантулга нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, түүнийг 28 минут хүлээлээ. ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

      

                  Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Р.Совинбаярын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Гантулгад холбогдуулан “Зээл 2.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Зохигчдын хооронд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ам хэлцэл хийн 2.000.000 төгрөгийг  хариуцагч Л.Гантулгын эхнэр Ю.Энхцэцэгийн дансаар шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн байна.

Хариуцагч Л.Гантулга нь нэхэмжлэгч Р.Совинбаяраас 2.000.000 төгрөг зээлэн эхнэр Ю.Энхцэцэгийн данс руу шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ХААН банкны “Орлогын мэдүүлэг”, Ю.Энхцэцэгийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэргээр нотлогдож байгаа бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн гэх 2.000.000 төгрөгнөөс  нэг ч төгрөг төлөөгүй болох нь шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарууд зэргээр нотлогдож байна.

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...манай “Хатан Ерөө” ХХК, Ерөө сумын засаг даргатай гурвалсан гэрээг /Уул, уурхайн үйл ажиллагаа, нөхөн сэргээлт олборлох/ гэсэн...гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 10-нд байгуулсан. Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн дарга А.Эрдэнэгэрэл даргын хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн хур хогийн цэгийг цэвэрлэх ажилд өөрийн зардлаар 2018 оны 6 дугаар сарын 5-наас 8-ны хооронд 3 хоног техник түрээслэн ажиллах шаардлага гарсан. Тухайн үед “Зууны эрдэнэс” нөхөрлөлийн Р.Совинбаяр нь өөрөө ирэх боломжгүй байсан тул гурвалсан гэрээний дагуу ажиллахын тулд “Зууны эрдэнэс” нөхөрлөлийн өмнөөс ажиллах шаардлага гарч нөхөр Р.Совинбаяртай ярилцсаны үндсэн дээр өөрөөс нь 2 сая төгрөг гаргаж мөн өөрийн зүгээс мөнгө оролцуулан нэмж үйл ажиллагааг гүйцэтгэсэн болно...” гэсэн нь ойлгомжгүй, шүүхэд энэ талаар нотолсон, няцаасан баримтуудыг гаргаагүй байна.

Иймд Л.Гантулгаас 2.000.000 төгрөг гаргуулан Р.Совинбаярт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Ерөө сумын засаг дарга, “Хатан ерөө” ХХК, “Зууны эрдэнэс” нөхөрлөлийн хооронд “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх гурвалсан гэрээ” байгуулсан байх ба тус гэрээнд захиалагчаар ”Хатан Ерөө” ХХК-ийн захирлаар С.Пэрэнлэйдорж гэсэн гарын үсэгтэй, Л.Гантулга нь тус компанийн захирал эсэх нь тодорхойгүй тус гэрээнд зааснаас  гадна үйл ажиллагаа явуулах талаар заасан заалтгүй, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5/141 “Зууны эрдэнэс” нөхөрлөлд гэсэн тоотод “Тус нөхөрлөл нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ 5 дугаар багийн хуучин хогийн цэгийг цэвэрлэх ажилд 2019 оны 06 дугаар сарын 05-наас 08-ны өдрийг хүртэл өөрийн зардлаар ковш ажиллуулсан нь үнэн болно” гэсэн албан тоот гаргасан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны ирсэн, явсан, хариутай шуудангаар явуулсан 10 дэвтэр бүртгэлүүдэд зохигчдыг байлцуулан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийхэд дээрх албан бичгийн талаар ямар ч нотолсон баримт гараагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчид шүүхээс хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны товыг удаа дараа утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн шүүх хуралдааныг хариуцагчийг байлцуулахгүйгээр хийсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Л.Гантулгаас 2.000.000 төгрөг гаргуулан Р.Совинбаярт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Л.СОЁЛМАА