Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/126

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,

         улсын яллагч Б.Дашням,

         шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Э.М

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.М нь Дорноговь аймаг Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын 275 дугаар галт тэрэгний 15 дугаар вагоноор зорчин явах үедээ иргэн П.Гын тухайн вагоны нойл дотор орхисон байсан Samsung Galaxy A-53 загварын гар утсыг авч бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч П.Год 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Э.М нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын 275 дугаар галт тэрэгний 15 дугаар вагоноор зорчин явах үедээ хохирогч П.Гын тухайн вагоны нойл дотор орхисон Samsung Galaxy A-53 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 850.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч П.Гын "...Дорноговь аймгийн Сайншанд өртөөнд 2023 оны 05 дугаар сарын 09-ний шөнийн 02 цагийн орчим галт тэрэг ирэхэд миний гар утас байсан ба өртөөнд зогсолт хийчхээд би бие засах газар руу ороод гарахдаа гар утсаа тавиур дээр мартаад гарсан байна лээ. Галт тэрэг хөдлөөд явах үед би гар утсаа хайж үзтэл миний утас байхгүй байсан ба хажууд явсан эрэгтэй хүний гар утсыг гуйж өөрийн ..., ... дугаарууд руу залгаж үзэхэд дуудаж байгаад холбогдохоо больсон. Миний алдсан гар утас болох Samsung Galaxy A53 маркийн гар утсыг манай хүү Б.Д нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Unitel XXK-аас 1.650.000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Миний гар утасны ар тал нь цэнхэр өнгөтэй, гадуураа ягаан өнгийн гэртэй, зүүн дээд буланд цохигдож байсан, шилэн наалт нь хагархай утас байгаа. Би өөрийн гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан. Надад цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын тал дээр ямар нэгэн маргаангүй. Мөн тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна" гэсэн мэдүүлэг /хх 16 ху/, хохирлын үнэлгээ /хх 19-24 ху/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-11 ху/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мгийн өгсөн “...Хүний утсыг авчихаад цагдаад өгөөгүй, өөртөө байлгаж байсан. Тэгээд сим хийгээд барьчихсан. Тэрэн дээр буруутсан. Хэргийн хувьд маргахгүй. Утсыг хохирогчид биет байдлаар буцааж өгсөн. Прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөрнө” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Э.М гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч Э.Мд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Год 850.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Samsung Galaxy A-53 загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

         5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА