Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Э.Намуунзул, 

 Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

 Хохирогч Т.С,

 Хохирогчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

 Шүүгдэгч М.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Хд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 06 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М.Х

 Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.Х нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Санюунг Муссо маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож иргэн Т.Сыг шалтгаангүйгээр 2 удаа мөргөж түүний эрүүл мэндэд “...баруун дунд чөмөг, зүүн шагай, 3, 4, 5 дугаар хурууны өлмий ясны далд хугарал бүхий...” хүндэвтэр хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

        Шүүгдэгч М.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би хойшоо нүүхээр шийдээд хөдөө явсан. Тэгсэн манай малыг маллаж байсан залуу хөөлцөж өгье, би мотоцикл олоод ирье гээд явсан. Тэгээд замд Сын хонь байгаад манай хоньтой нийлэх гээд байхаар нь би эднийд очиж манай хонийг өөрийнхөө хониноос зөрүүлээд, өнгөрөөгөөд өг гэж хэлсэн. Тэгээд мал дээрээ очоод малчнаа хүлээж байх хоорондоо хоол цай өгөөд, нүүж байгаа юм чинь гээд архинаасаа задалж өгсөн. Тэгээд Дгийн эргэж очиход Д сум орохоор болсон. Сум руу эргэж очоод дэлгүүр орчихоод эргээд явж байгаад ийм асуудал болсон гэсэн мэдүүлэг,

        Хохирогч Т.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 03 дугаар сарын 06-ны өглөө Х гэж хүн манайд ирээд хонь зөрүүлээд өгөөч Д араас ирж байгаа гэсэн. Тэгээд би хонин дээр нь очсон чинь эгч цай хоол өгөөд нэг шил архи задлаад дээрээс нь хийж өгөхөөр нь хоёр татсан. Эгч Дг авах гэж гэр рүү нь очоод Дг дагуулаад манайд нэлээд больчихсон ирсэн. Д ирээд бид хоёр Айраг явахаар болчихлоо чи хонь харж бай гэхээр би бензингүй болчихоод бензин авахаар хамт явсан.  Х эгч бензин хийж өгөх юм уу гэхээр нь тэгнэ гээд явсан. Тэгээд Айраг явахдаа 0,5 литрийн шилтэй архи гаргаж ирсэн. Би тэр архинаас нь нэг ч уугаагүй. Х эгч Айраг явах замд 2 удаа зогсож 0,5 литр архиа талд ортол уусан. Сумын төвийн наад гарам дээр байсан хогийн машины жолоочийг таньдаг юм шиг байна лээ. Бид нарыг төв оруулаад бензин аваад эргээд гаргаад өгчих, уучихсан болохоор барьж болохгүй байна гээд тэр хүнээр жолоодуулж төв орсон. Тэгээд бензин тосоо аваад сумаас гарсан. Би Х эгчид 30,000 төгрөгт түлш хийж өгсөн. Гармаас цааш Х эгч машинаа өөрөө барьсан. Машин барьж байхдаа хагас архиа Д тэр хоёр хувааж уусан. Тэр үед би бас уугаагүй. Гармаас урагш 3 км цаана очиж зогссон. Тэнд яагаад зогссон юм гэхээр намайг буу гэсэн, би буусан. Өмнө нь Дг буу гээд буулгасан байсан. Х эгч арагш ухарсан гээд байна. Хэзээ ч ухраагүй, шууд машинаа унаж яваад л араас тулаад орж ирсэн. Тэгээд би Дг түлхээд зүүн тийш үсрэхэд миний үсэрсэн тал руу рулээ дарсан. Тэгээд надаас 50 метр холдоод эргээд өөдөөс ирсэн. Би босох гэсэн зүүн хөлийн шагай эвгүй болоод босож ирж байхад намайг шууд мөргөөд гарсан. Мөргөөд цааш 50 хэдэн метр яваад эргэж над дээр ирсэн. Би босох гэхэд дахиж өөдөөс ирээд дээр машинтайгаа гараад зогссон. Тэгээд бууж ирчихээд дутуудуулчихсан байна шүү дээ. Нэг мөсөн гүйцээх байсан шүү дээ, битгий худлаа баашлаад бай гэсэн. Тэгээд миний хугарсан хөл рүү өшиглөөд байснаа мэдэж байна уу. Тэгээд гарч ирэх хооронд нь Д машиных нь түлхүүрийг авсан. Та машинтайгаа шууд миний дээгүүр гарсан. Хоёр ухарч дайрсан гээд байх юм тэгсэн бол миний дунд чөмөг хугарлаа юу, мэдүүлгээ буруу өгөөд байна гэсэн мэдүүлэг,

        Хохирогч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 06-ний өдөр 10 цагийн үед Х гэдэг хүн манай зүүн хашаан дээр хар өнгийн автомашинтай ганцаараа ирээд хонь туулцаад өгөөч гээд гуйхаар нь тэгье гэж зөвшөөрөөд хамт хонийг нь туулцаад явж байхад Х эгч цай уу гээд хоол цай идэж уугаад байж байтал 0.75 литрийн "Хараа" нэртэй архи Х гаргаж ирээд аягалж өгөхөд нь 2 удаа уусан. Х эгч 2 удаа уучхаад байж байтал Хгийн малчин Д гээд залуу ирсэн. Х Дг авч яваад гэрт нь оччихоод ирье гэж яваад буцаж ирээд Айраг сум явлаа гэхээр нь би бензин, гинж авна би хамт явъя гээд Х эгч, Д, бид нар Х эгчийн хар өнгийн Муссо маркийн улсын дугаарыг нь санахгүй байна автомашинтай Х эгч жолоо барьж яваад Шар худгийн тэнд Д жолоо бариад Айраг сумын 30 дугаар зөрлөгийн орчимд архинаас ууцгаасан. Тэгээд Х эгч жолоо бариад замдаа зогсолгүй 30 км орчим газар явж Айраг сумын баруун талын төмөр замын гарам дээр ирээд хог ачдаг машин явж байхаар нь зогсоогоод Х эгч хогны машины жолоочийг гуйгаад архи уугаагүй эрүүл юм чинь сумын төв дээр жолоо бариад өгчих гээд гуйгаад тухайн хүнээр жолоо бариулаад сумаас бензин, гинж, мотоциклийн сэлбэг аваад Х эгч 12 ширхэгтэй авдар архи аваад сумаас нөгөө ах жолоо бариад баруун талын зам гаргаж Баруун гармын цаана орхисон байсан автомашинаа Х эгч жолоодоод 100 м орчим яваад Д жолоо барьсан. Х эгч жолоо бариад хэсэг яваад Дг автомашинаас буу гээд хөөж буулгаад Д 100м орчим алхаж байхад намайг машинаас буу гээд би Д дээр очиж хамт алхаж байхад араас хар өнгийн Муссо маркийн автомашинтай Х нь хурдаараа ирж бид 2-ийн араас мөргөөд миний зүүн хөлөн дээгүүр гарсан. Би босож чадахгүй байж байтал дахин Х эгч хар өнгийн автомашинтайгаа ирж баруун хөлөн дээгүүр гарчхаад ухрахдаа баруун хөлөн дээгүүр цээжээр ташуу дайраад гарсан. Тэгээд дахин дайрах гэж байхад нь Д намайг холдуулаад хажууд зогссон. Х эгч автомашинаас бууж ирээд миний хугарсан хөл рүү өшиглөөд битгий баашлаад бай гээд ухарч ирээд гүйцээчихье гээд тулж зогссон. Тэгээд автомашины түлхүүрийг нь аваад машиныг нь унтраасан. Д намайг автомашинд өргөж оруулаад Х эгч жолоо бариад сумын төв яваад Дг буулгаад чигээрээ давхиад сумаар явж байгаад эргэж дайрсан газраа очиж 30-40 минут болоод сумын төв орж эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22  дугаар тал),

Гэрч Ш.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн өглөө Х хар өнгийн ... улсын дугаартай автомашинтай ирээд отроор явна гээд манайд байсан малаа тоолж авсан. Манайх отроор явахгүй гээд малыг нь тоолоод хүлээлгэн өгсөн. Х малаа туугаад ганцаараа явсан. Би туулцаж өгнө гээд мотоциклтой очиход хойд айлын залуу Стай уулзаж мал туулцаад өгчих гээд гуйгаад Хгийн автомашин дотор Хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архи хуваагаад ууж байсан. Тэгээд би мотоциклтой, С мотоциклтой, Х автомашинтай малаа туугаад явсан ба хэсэг тууж байхад О эгч рүү манай эхнэр залгаад Д байна уу та хэд малаа туухгүй юу хийгээд зогсоод байгаа юм архи уугаад зогсоод байгаа муу гэхэд О эгч чамд ямар хамаатай юм чамайг дайраад алсан ч яадаг юм гэж эхнэр pyy очиж тоормос гишгэж зогсоод бууж очоод чамд миний ууж идэх хамаагүй, 32 тооны бага малыг алсан арчаагүй гэж хэлсэн тэгэхээр нь би О эгчийг боль гээд болиулсан. Тэгээд Х эгч малаа туухаа орхиж сумын төв явж архи авч ууя гээд С далимаар нь бензин, гинж авна гээд бид 3 сумын төв рүү О эгч автомашинаа жолоодоод явсан. Сумын төвийн баруун талын төмөр замын гарам дээр ирээд зогсож байтал хог ачдаг /жолоочийг нь танихгүй/ автомашин явж байхаар нь О эгч уулзаад төв дээр автомашин жолоодоод өгчих дэлгүүр орох гэсэн юм гээд гуйгаад хог ачдаг машины ахаар жолоо бариулаад худгийн хажуу талын тоосгон дэлгүүр ороод хараа нэртэй 0.75 литрийн архи авдраар нь авсан. С бeнзин, гинжээ аваад буцаад баруун гарам дээр очоод жолооч ахын хогны машин дээр очиж О эгч автомашинаа жолоодоод хэсэг яваад архиа задлаад С О эгч бид 3 архинаас нэг нэг аяга уугаад цааш 2-3 км явж байтал О эгч намайг автомашинаас буу гээд загнахаар нь буугаад хэсэг алхаж байтал С автомашинаас буугаад миний араас ирээд хамт алхаж байтал Х эгч ... автомашиныг жолоодож хурдтай ирээд Сыг бид 2-ийг араас автомашины жолоочийн тал хэсгээрээ мөргөөд миний зүүн хөл хэсэг рүү дайраад, тухайн үед С намайг түлхсэн Сын хөлийн дээгүүр нь дайрч гараад бид 2, хоёр тийшээ салаад унасан. Унаад босож чадахгүй байтал Х эгч автомашинаараа ухарч Сын хөл дээгүүр нь дайрч гараад С дээр очоод цээжийг нь өндийлгөөд сууж байтал дахин Х эгч бид хоёрыг дайрахаар хурдтай ирэхэд нь хашхирсан чинь яг хажууд ирээд зогссон. Авто машинаасаа бууж ирээд Сын хөл рүү өшиглөөд битгий баашлаад бай гэж хэлсэн С намайг автомашины түлхүүрийг нь авчих наадах чинь бид 2-ийг гүйцээх гээд байна гэхээр нь би машиныг нь унтраагаад түлхүүрийг нь авсан гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26  дугаар тал),

Гэрч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Уг тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгөөр бодож мал оролцуулан зарсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг шилжүүлэх гэсэн боловч зав болоогүй гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30  дугаар тал),

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 431 дугаартай "...Т.Сын биед баруун дунд чөмөг, зүүн шагай, 3,4,5-р хурууны өлмий ясны далд хугарал гэмтэл учирчээ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 91-94  дүгээр тал),

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/113 дугаартай "...1.Т.Сын биед баруун дунд чөмөгний хугарал гэмтэл тогтоогдлоо... 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 100  дугаар тал),

          Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 4  дүгээр тал),

         Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-13  дугаар тал),

        Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-17 дугаар тал),

         “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай “Ssangyong Musso загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 9.000.000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 14-17 дугаар тал),

         Тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хавтаст хэргийн 68 дугаар тал),

         Яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт (хавтаст хэргийн 101-104, 125-127 дүгээр тал),

         Хохирлын баримт (хавтаст хэргийн 76-89, 128-132 дугаар тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 121 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.Х нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр отор нүүдлээр явах зорилгоор туслах малчин Ш.Дгээс өөрийн малаа салгаж туух замдаа Т.Сын хоньтой хонь нийлэх гэж байна гэж Т.Стай хонио зөрүүлээд өгөөч гэж уулзан улмаар туслах малчин Ш.Дг ирэхэд 1 шил архи ууцгаан улмаар сумын төв орж бензин авахаар яваад ирэх замдаа мөн согтууруулах ундаа хэрэглэж улмаар     Айраг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвөөс баруун зүгт байрлах төмөр замын гарамнаас урд зүгт 3 км орчим зайд шүүгдэгч М.Х нь  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Санюунг Муссо маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа иргэн Т.Сыг шалтгаангүйгээр 2 удаа мөргөж түүний эрүүл мэндэд “...баруун дунд чөмөг, зүүн шагай, 3, 4, 5 дугаар хурууны өлмий ясны далд хугарал бүхий...” хүндэвтэр хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд хохирогч Т.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, гэрч Ш.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 431 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/113 дугаартай шинжээчийн дүгнэлт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,   тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай хохирлын үнэлгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч М.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Санюунг Муссо маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож иргэн Т.Сыг шалтгаангүйгээр 2 удаа мөргөж түүний эрүүл мэндэд баруун дунд чөмөг, зүүн шагай, 3, 4, 5 дугаар хурууны өлмий ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 431 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/113 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ.

Хохирогч Т.С, хохирогчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг нараас “шүүгдэгч М.Х нь хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн, хуулийн зүйлчлэл тохирохгүй байна” гэж маргаж байгаа болно.

Хүнийг санаатай алахаар завдах нь гэм буруутай этгээд бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийг алахад чиглэсэн санаатай үйлдлийг нэгэнт эхлүүлсэн боловч энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах объектив нөхцөл шалтгаан үйлчилсний үр дүнд зорилгодоо хүрээгүй байдаг.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалбал, хохирогч, шүүгдэгч нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан үүсээгүй, хохирогчийг алах санаа зорилготой байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хохирогч,шүүгдэгч нар нь Айраг сумаас бензин авах зорилгоор хамт явж, ирэх замдаа архидан согтуурч улмаар унаж явсан тээврийн хэрэгслээрээ хохирогч Т.Сыг 2 удаа мөргөсний улмаас хохирогч хүндэвтэр гэмтжээ.

Шүүгдэгч М.Х нь Т.Сын эрүүл мэндэд хохирол учруулахад чиглэсэн тодорхой үйлдлийг эхлүүлж, улмаар гэмтэл учирснаар, гэрч Ш.Д хашгирч өөрийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Шүүгдэгч М.Х нь өөрийн хүсэл зоригоор гэмт үйлдлээ эцэст нь хүртэл хэрэгжүүлснээр энэ гэмт хэрэг төгссөн байх тул түүнийг өөр гэмт хэрэгт завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирогч Т.С нь “3-4 удаа дайрсан, миний  цээжэн дээр машины урд хэсгээр гарсан” гэж мэдүүлж байгаа нь гэрч Ш.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 431 дугаартай шинжээчийн дүгнэлт, дүрс оношлогооны шинжилгээний хариу, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, Сайншанд Дүрс оношлогооны төвийн рентген зургийн бичилт зэрэг нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

                Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч М.Хг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

           Хохирол төлбөрийн талаар:

          Хэргийн хохирогч Т.Сын биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

           Шүүх хуралдаан дээр хохирогчоос гаргасан хохирол хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад:

           а/ хэргийн 76-89, 128-129 талд гаргаж өгсөн хүнс,барааны зүйл авсан, байр түрээсэлсэн зардал нийт 1735212 төгрөг, эмийн баримттай холбоотой 488410 төгрөг, хөдөө гэр лүүгээ ирж очсон шатахууны зардал 1435212 төгрөг бусад зардал нийт 7789896 төгрөгийг шүүгдэгчээс төлөхөд татгалзах зүйлгүй,хасч тооцох зүйлгүй талаараа шүүхэд мэдүүлсэн тул гаргуулан олгох

            б/хохирогч Т.Сын төрсөн дүү Т.Сосорбаяр нь ахыгаа асрах шаардлагатай гэж 2023 оны 3 сарын 27-ны өдрөөс 2023 оны 5 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд олговоргүй хувийн  чөлөө авсан болох нь  Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 сарын  27-ны өдрийн Б/ 253 дугаартай тушаалаар тогтоогдсон   тул  түүний сарын дундаж цалин болох 2283169 төгрөгийг ажилгүй байсан хугацаагаар тооцон 4,566,338 төгрөгийг гаргуулан олгох

            в/ Хохирогч Т.С нь шүүгдэгч М.Хгийн учруулсан гэмтлийн  улмаас 2023 оны 6 сарын 7-ны өдрөөс 12 сарын хугацаагаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар тогтоолгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Хохирогч Т.С биеийн эрүүл мэндийн байдал бүрэн эдгэрээгүйн улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар туслах малчин ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. Гэрээнд туслах малчины цалин хөлсийг сарын 2000000 төгрөгөөр тохиролцжээ.

            Хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь туслах малчинтай цалин хөлсийг ямар шалгуураар   тохиролцсон нь тодорхойгүй байна. Иймд хохирогчийн малын тоо, туслах малчны хөдөлмөр эрхлэлт зэргийг харгалзан 2023 оны 1 сарын 1-нээс мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон цалин хөлсийг олгох нь зүйтэй гэж үзлээ.

                   Шүүгдэгч М.Хгаас нотлох баримтаар нэхэмжилж байгаа 7789896 төгрөг, дүү Сосорбаярын ажилгүй байсан хугацааны цалин 4,566,338 төгрөг, туслах малчины цалин хөлс болох 13,200,000 төгрөг нийт 25,556,234 төгрөгнөөс шүүгдэгчээс хохирогчид өгсөн 3,000,000 төгрөгийг хасч тооцон 22,556,234 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

              Нэхэмжлэлийн шаардлагаас :            

              Хохирогч нь хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас 310000 төгрөгийн группийн мөнгө авч байгаа , нөхөн төлбөрийн зөрүү мөнгө 6.480.000 төгрөг нэхэмжлэх, энэ хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлэнэ,шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.       

            Хохирогчоос нөхөн төлбөрийн талаар шүүхэд ирүүлсэн баримт дутуу, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр нөхөн төлбөрийг тооцон гаргах боломжгүй, мөн өөрийн сэтгэцэд учирсан хохирлыг  гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах нь зүйтэй гэж үзэж, нэхэмжлэлээс  малчны цалин 10,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000  төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ялын саналыг дэмжиж байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан торгох ял оногдуулах саналыг шүүх хүлээн аваагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч нь хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан байдал нөлөөлсөн  зэргийг  харгалзан шүүгдэгч М.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв. Зорчих эрхийг  шүүхээс түүний оршин суудаг Дорноговь  аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд  эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд  хязгаарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар  хяналт тавихыг Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,  мөн хохирогч Т.Стай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэсэн болно.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч М.Хгийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан Ssangyong Musso загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх зорилгоор унаж явсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулан улсын орлогод оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Хд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байх, мөн хохирогч Т.Стай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хгаас  22,556,234  төгрөгийг гаргуулан хохирогч Т.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Хохирогч  Т.С нь нөхөн төлбөрийн зөрүү болон  сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АДЪЯАСҮРЭН