Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 00003

 

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2020/00003

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                            

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, эмэгтэй, Д овогт Д-ийн С/ /-ийн нэхэмжлэлтэй,

улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлэн цагаатгагдсан эцэг З.*******гийн нөхөх олговор 80,000,000 /наян сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Занын ******* нь 1938 онд улс төрийн хэргээр баривчлагдаж, 1938 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор, шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн цаазлагдсаныг 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 79 дүгээр магадлалаар цагаатгагдсан юм. Занын ******* нь миний төрсөн аав юм. Иймээс ******* овогтой С миний биед цагаатгалын нөхөн олговор 80,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ээж Д.С Ховд аймгийн ******* сумын ******* багт амьдардаг. Хэдэн хоногийн өмнө аймагт ирж эмнэлэгт хэвтэж байгаад одоо гэртээ байгаа. Би Д.Сгийн 5 дахь хүүхэд нь. Манай ээж Зургаадай гэж хүн бий. Хамгийн том ах нь Намнан гэж хүн байсан. Дараачийн хүү нь Содов, Сэмдорж, Жавжмаа, Дулмаа, Отгон гэсэн хүүхдүүдтэй байсан. Хүүхдүүд нь бурхан болоод ганцхан манай ээж үлдсэн. Манай ээж *******гийн 6 хүүхэд болон төрсөн. Манай ээжийг 2 нас гарантай байхад нь 1938 онд аавыг нь аваад явсан. З.******* гэдэг хүн сумын Засаг дарга хийж байсан. Сүүлд би бичиг баримтуудыг нь харахад бүх хөрөнгийг нь хурааж авсан байсан. 1937 онд баривчилсан тэгээд 1938 оны 1 дүгээр сард цаазаар авсан. З.******* нь одоогийнхоор бол сумын Засаг дарга хийж байсан. Бичиг баримтаас нь харахад бас лам байсан юм шиг байна лээ. Дээр үед лам нарыг цаазаар авдаг байсан тэгээд хэлмэгдүүлээд аваад явсан. Гэв.

Прокурор Г.Ууганзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор Э.Ууганзаяа би, Монгол Улсын прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргаж байна. Занын ******* 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдсан байна. 1938 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1 дүгээр хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлүүдээр хуулийн дээд хэмжээгээр шийдэгдсэн байна. Цаазын ял оногдуулсанг 1992 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай магадлалаар цагаатгах шийдвэр гарсан байна. Занын *******гийн төрсөн охин болох *******гийн Сд нөхөн олговор олгох тухай 80,000,000 төгрөгийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байна. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 479 дугаартай иргэний хэргийн шийдвэрээр садан төрлийн холбоо тогтоолгосон байна. Тухайн шийдвэрээр Дархад овогт *******гийн Сг улс төрийн хэлс хэрэгт хэлмэгсэдийн Занын *******гийн охин мөн болохыг тогтоон шийдвэрлэсэн байна. Иргэний хэргийн ерөнхий шүүгчийн танилцуулснаар Тагнуулын ерөнхий газрын лавлагаа, шүүхийн шийдвэр, Д.Сгийн оршин суугаа газрын тодорхойлолт, архивын ерөнхий газрын лавлагаа болон зууны мэдээ сонины 6 дугаар хуудсанд авагдсан дээрх нотлох баримт, шүүхийн шатанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******ын Занан *******гийн хэрхэн яаж хэлмэгдэж байсан, тухайн үед хэдэн сарын хэдний өдөр цагаатгасан талаар тодорхой дэлгэрэнгүй ярьсан дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Д.Сд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу эрх нь үүссэн байна гэж үзэж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгчид болон хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол нөхөн олговрыг олгох хэлбэрээр төлнө гэж заасан байдаг. Мөн дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д 80,000,000 сая төгрөгийн нөхөн олговрыг түүний тогтоогдсон этгээдэд олгоно гэж заасан учраас түүний төрсөн охин Д.Сд 80,000,000 төгрөгийг гаргуулж өгөх нь зүйтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь цагаатгалын нөхөн олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэлмэгдэгч Занын ******* нь улс төрийн хэрэгт холбогдуулан 1938 онд баривчлагдан мөрдөгдөж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43,44,45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн магадлалаар цагаатгагдсан болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай магадлалын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 05/3408 дугаартай архивын лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна. 

Нэхэмжлэгч Д.С нь хэлмэгдэгч Занын *******гийн төрсөн охин мөн болох нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2019/00479 дугаартай шийдвэрээр тогтоогдлоо. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нэхэмжлэгч Д.С нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №133, /6100/ дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтанд нэхэмжлэгч Д.Сгийн нэрийг зарлажээ.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар улсын төсвөөс 80,000,000 /наян сая/ төгрөгийг гаргуулан Дархад овогт Занын *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар улсын төсвөөс 80,000,000 /наян сая/ төгрөгийг гаргуулан Дархад овогт Занын *******д / /-д олгосгуай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          Ц.ОЮУН-ЭРДЭНЭ