| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00666/И |
| Дугаар | 00009 |
| Огноо | 2019-01-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 00009
| 2020 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2020/00009 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт оршин суух, ….регистрийн дугаартай, Х овогт О Оийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.О нь шүүхэд гаргасан хүсэлт болон түүний өмгөөлөгч Н.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хорхон овогт Олзвойн О миний бие нь 1969 оны 06 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд И.Олзвойн 3 дахь охин болсон төрсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж, 1978 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орсон. 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн 9 дүгээр ангид орж, 1988 оны 06 сарын 01-ний өдөр 10 дугаар ангиа төгсөөд 1988 оны 06 сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригад буюу Борт бригадад бог мал малладаг өөрийн аав И.Олзвойн суурьт туслах малчнаар ажиллаж эхэлсэн.
Гэр бүл болох хүртлээ өөрийн эцэг И.Олзвойн суурьт малчнаар ажиллаж байгаад 1992 оны 01 дүгээр сараас эхлэн нөхөр Ц.Пүрэвжалын суурьт малчнаар бүртгэгдэн, хөдөлмөр өдрийн хөлс олгогдож эхэлсэн.
Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл нь өмч хувьчлалаар татан буугдаж, 1992 оны 02 сарын 20-нд Мөнх-Оргил ББХК болж өөрчлөн байгуулагдаж, нэгдэл татан буугдахад нөхөр Ц.Пүрэвжалын хамт 1994 оныг дуусталх хугацаанд Мөнх-Оргил ББХК-д малчнаар ажилласан.
Улсаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад 1995 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн.
Иймд Хорхон овогт Олзвойн О намайг 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын оч нэгдлийн 2 дугаар бригад буюу Борт бригадад малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Мөнх-Оргил ББХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч О.Оийн 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын оч нэгдлийн 2 дугаар бригад буюу Борт бригадад малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Мөнх-Оргил ББХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч О.О нь 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын оч нэгдлийн 2 дугаар бригад буюу Борт бригадад малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Мөнх-Оргил ББХК-д малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 187 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын 2 дугаар бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаартай албан бичиг, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл Мөнх-Оргил ББХК болсон талаарх лавлагаа
Гэрч Д.Бэдээгийн ...Олзвой овогтой О миний бие Цэрэндорж овогтой Пүрэвжалтай Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,
Гэрч У.Цогоогийн ...Миний бие нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт бригадад мал маллаж байсны хувьд Олзвой овогтой Оийг 1988 оноос хойш одоог хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан суманд мал маллаж, малчнаар ажиллаж байгааг гэрчилж байна... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О.Оийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хорхон овогт Олзвойн Оийг 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Мөнх-Оргил ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар О.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ