Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

         улсын яллагч Б.Дашням,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг,

         шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Т.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ... улсын дугаартай, Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг 31 дүгээр зөрлөгөөс хойд зүгт 5 километрийн орчим авто замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осолдож бага насны хүүхэд М.Эгийн эрүүл мэндэд дух яснаас доош хамар яс, самалдаг яс, суурийн хөндийн өмнөд ханыг дайрч турк эмээл хүртэл үргэлжилсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун дунд чөмөгний ясны хугарал гэмтэл бүхий хүнд хохирол, хохирогч Э.Эийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний урагдал, хэвлийн хөндийн цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Шүүгдэгч Т.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 05-нд хот явах ажил гараад байж байтал Мтай таарсан. Тэгээд машиныг нь жолоодож явахаар болоод явсан. Тэгээд замд хүүхдээ арагшаа суу гэж хэлээд эргэж харчихаад урагшаа харсан чинь машин замаас гарах гэж байхаар нь нөгөө тийш нь дарсан. Тэгээд юу болсноо сайн санахгүй байгаа. Одоо хүүхдүүдийн бие гайгүй болж байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэргийн хувьд маргаан байхгүй гэсэн мэдүүлэг,

        -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Бага охин Э нь 2 гарын шуу хугарсан, баруун хөлийн дунд чөмөг хугарсан, баруун эгэм хугарсан. Одоо эмчилгээ хийлгэж байгаа, биеийн байдал хэвийн байгаа. Том охин Эийн дэлүү хагарч хагалгаанд орсон. Одоо эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал хэвийн байгаа. ...Гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,

         -Иргэний хариуцагч Т.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2023 оны 02 дугаар сарын 05-ны едрийн 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хот явахаар цагаан өнгийн приус 41 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй танил Б, Бгийн 2 хүүхэд болох Э, Э гэх хүүхдүүдийн хамт дөрвүүлээ явсан. Сайншанд сумаас гараад 80-аас 9 километр зайд явж байхад автомашиныг жолоодож байсан Бгийн бага хүүхэд болох Э нь арын суудлаас босоход Б эргэж харан "Хойшоо суугаарай" гэж хэлээд эргээд харахдаа засмал замаас жолооч тал руу замын хөвөө рүү гаран буцаж засмал зам руу дараад буцаж жолооч тал руугаа дараад засмал замаас гараад юу хийхийн зуургүй машин онхолдсон. Автомашин нэг бүтэн эргэх шиг л болсон гэсэн мэдүүлэг /хх 20, 34-35 ху/,

         -Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Т.М нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр приус 41 маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг лизингээр зээл авсан гэсэн мэдүүлэг /хх 164 ху/,

         -Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02/101 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          1.М.Эгийн биед дух яснаас доош хамар яс, самалдаг яс, суурийн хөндийн өмнөд ханыг дайрч турк эмээл хүртэл үргэлжилсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун дунд чөмөгний ясны ил хугарал, баруун, зүүн шуу ясны хугарал, зүүн хөмсөг, дух, баруун гуянд шарх гэмтлууд тогтоогдлоо.

        2.Учирсан дух яснаас доош хамар яс, самалдаг яс, суурийн хөндийн өмнөд ханыг дайрч турк эмээл хүртэл үргэлжилсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          3.Учирсан баруун дунд чөмөгний ясны ил хугарал гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

         4.Учирсан баруун, зүүн шуу ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

         5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

         6.Учирсан зүүн хөмсөг, дух, баруун гуянд шарх гэмтлууд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

         8.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 40-41 ху/,

        -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02/102 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд :

         1.Э.Эийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний урагдал, хэвлийн хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

         3.Учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна

        4.Э.Эийн дэлүүг гэмтлийн улмаас бүрэн авсан байх ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.56.6-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 30 хувь нөлөөлнө.

        5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 104-105 ху/,

         -Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн магадлагаанд: Т.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: “б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэсэн магадлагаа /хх 143-144 ху/,

          -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8 ху/,

          -Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-11 ху/,

          -Хохирлын үнэлгээ, гэрэл зураг /хх 26-29 ху/,

  -Эмнэлгийн баримтууд /хх 42-142 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 175 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 153-155, 159 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ... улсын дугаартай, Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг 31 дүгээр зөрлөгөөс хойд зүгт 5 километрийн орчим авто замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осолдож бага насны хүүхэд М.Эгийн эрүүл мэндэд дух яснаас доош хамар яс, самалдаг яс, суурийн хөндийн өмнөд ханыг дайрч турк эмээл хүртэл үргэлжилсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун дунд чөмөгний ясны хугарал гэмтэл бүхий хүнд хохирол, хохирогч Э.Эийн эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний урагдал, хэвлийн хөндийн цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Т.Бгийн “...замд хүүхдээ арагшаа суу гэж хэлээд эргэж харчихаад урагшаа харсан чинь машин замаас гарах гэж байхаар нь нөгөө тийш нь дарсан. Тэгээд юу болсноо сайн санахгүй байгаа. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэргийн хувьд маргаан байхгүй” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мн “...Бага охин Э нь 2 гарын шуу хугарсан, баруун хөлийн дунд чөмөг хугарсан, баруун эгэм хугарсан. Одоо эмчилгээ хийлгэж байгаа, биеийн байдал хэвийн байгаа. Том охин Эийн дэлүү хагарч хагалгаанд орсон. Одоо эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал хэвийн байгаа” гэсэн, иргэний хариуцагч Т.Мын “...Би 2023 оны 02 дугаар сарын 05-ны едрийн 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хот явахаар цагаан өнгийн приус 41 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй танил Б, Бгийн 2 хүүхэд болох Э, Э гэх хүүхдүүдийн хамт дөрвүүлээ явсан. Сайншанд сумаас гараад 80-аас 9 километр зайд явж байхад автомашиныг жолоодож байсан Бгийн бага хүүхэд болох Э нь арын суудлаас босоход Б эргэж харан хойшоо суугаарай гэж хэлээд эргээд харахдаа засмал замаас жолооч тал руу замын хөвөө рүү гаран буцаж засмал зам руу дараад буцаж жолооч тал руугаа дараад засмал замаас гараад юу хийхийн зуургүй машин онхолдсон. Автомашин нэг бүтэн эргэх шиг л болсон” гэсэн мэдүүлгүүд, хохирогч М.Эгийн биед дух яснаас доош хамар яс, самалдаг яс, суурийн хөндийн өмнөд ханыг дайрч турк эмээл хүртэл үргэлжилсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл учирсныг тогтоосон 02/101 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Э.Эийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний урагдал, хэвлийн хөндийн цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсныг тогтоосон 02/102 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын үнэлгээ, гэрэл зураг, эмнэлгийн баримтууд болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Т.Бгийн үйлдлийн улмаас хохирогч М.Э, Э.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

         Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Т.Б жолоодож явсан бөгөөд тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

         Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

         Прокуророос шүүгдэгч Т.Бгийн үйлдлийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжээр нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

          Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

  Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

        Шүүгдэгч Т.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарагдаж байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, мөн  хохирол төлбөргүй  байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлтүүд зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэлээ.

          Шүүгдэгчид шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

          Гэмт хэргийн улмаас хохирогч М.Э, Э.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь хохирол нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч Нэткапитал ББСБ-аас тухайн тээврийн хэрэгслийг барьцаалж авсан зээл төлөгдсөн талаар албан бичгийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        ... улсын дугаартай, Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.Мыг шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь ослын улмаас эвдэрч 16.110.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан, Хас  үнэлгээ ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байх ба Б.М нь “хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.        

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний хариуцагч Б.М нь хохирлоо нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

        4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

         6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний хариуцагч Б.М нь хохирлоо нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА