Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 102/2020/01056/И |
Дугаар | 001/ХТ2022/00390 |
Огноо | 2022-03-31 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2022/00390
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн
тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01486 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1610 дугаар магадлалтай,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 207,222,400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуягийн гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 207,222,400 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01486 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 207,222,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд ,,,,,,,,,,,,,,ы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22050108,,, дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 4 дүгээр хороо, ,,, дугаар байрны 1-А тоот хаягт байрлалтай 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, ,,,,,,,,,,,,,,ы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22040060,,, дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороолол, 1 дүгээр хороо, 21 дүгээр байрны ,,,,,, тоот хаягт байрлалтай, 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,210,262 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 1,210,262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1610 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01486 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “207,222,400 төгрөг” гэснийг “154,000,000 төгрөг” гэж, “53,222,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж, 3 дахь заалтын “1,210,262 төгрөг” гэснийг “927,950 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424,062 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.22-ны өдрийн 1610 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Шүүх хуулийг буруу тайлбарласан тухай: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлдэг бөгөөд хариуцагч нар нь өмнө авсан зээлийг төлж барагдуулсны үндсэн дээр дахин зээл авсан болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримт болон зээлийг төлүүлж дансанд орлого хийсэн дансны хуулгаас тодорхой харагддаг. Зээлдэгч нь өмнөх зээлээ төлж дахин зээл авах нь бизнесийн ердийн харилцаа тул энэ тохиолдолд шинэ зээл олгоогүй гэж үзэн зээлийн хүүг бүхэлд нь хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй юм.
4.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлээгүй тухай: Хариуцагч нар нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах эсхүл зээлийн гэрээний үүрэг зөрчсөн тухай маргаан үүсгээгүй байхад шүүх санаачилгаараа зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийж, уг гэрээг хүчингүй гэж үзэн зээлийн хүүг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 207,222,400 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх хариуцагч нараас 154,000,000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн.
8. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нар 2018.09.21-ний өдөр 18/32-1 дугаар зээлийн гэрээ байгуулж, 154,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Гэрээний үүргийг хангуулахаар ,,,,,,,,,,,,,, ы өмчлөлийн ... 2 өрөө орон сууц, ,,,,,,,,,,,,,,ы өмчлөлийн ... 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нарын хүсэлтээр 2019.09.21-ний өдөр 18/32-1 дугаар зээлийн гэрээг 2 сар, 21 хоногоор сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Уг гэрээний хугацаа 2019.12.31-ний өдөр дууссан боловч хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл 150,000,000 төгрөг, хүү 44,352,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,870,400 төгрөг, нийт 207,222,400 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч нараас уг төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэсэнд,
хариуцагч нар “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас 2018.02.22-ны өдөр Г.Онон, ,,,,,,,,,,,,,, нарын нэрээр анх 30,000,000 төгрөг зээлж байсан. 2018.03.09-ний өдөр нэмж 35,000,000 төгрөг, 2018.07.04-ний өдөр 32,000,000 төгрөг, 2018.08.02-ны өдөр 7,000,000 төгрөг, 2018.08.29-ний өдөр 50,000,000 төгрөгийг тус тус авч нийт 154,000,000 төгрөг болсон тул 2018.09.21-ний өдөр зээлийн гэрээг ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарын нэрээр шинэчлэн байгуулсан. Түүнээс хойш 2018.10.17-ны өдөр 45,000,000 төгрөг, 2018.12.29-ний өдөр 10,000,000 төгрөг, мөн нэмж нийт 209,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ нь үргэлжилсэн зээл, бодитоор 154,000,000 төгрөг аваагүй боловч үндсэн зээлийн 154,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Энэ хугацаанд анх зээл авсан цагаас хойш үндсэн зээлд 55,000,000 төгрөг, хүүд 68,088,000 төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч бидний зээлийн түүхийг дурдахгүй эрсдэлтэй хэсгийг дурдаж, нэхэмжлэл гаргасанд гомдолтой. Бид үндсэн зээлийг төлөхгүй гэж хэлээгүй. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг бууруулж, зээл төлөх хугацааг сунгаж өгнө үү...” гэжээ.
9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу хариуцагч ,,,,,,,,,,,,,, нь 154,000,000 төгрөгийг бэлнээр авсан болох нь хэрэгт авагдсан баримт болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон, хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн төлбөрийг үндсэн болон нэмэлт хугацаандаа төлөөгүй байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нар төлөх үүрэгтэй. Иймд, гэрээнд тохиролцсон нөхцөлийн дагуу тооцоолоход нэхэмжлэгчийн шаардаж буй үндсэн зээл 154,000,00 төгрөг, хүү 44,352,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,870,400 төгрөг, нийт 207,222,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
10. Харин давж заалдах шатны шүүх “...өмнө хэд хэдэн удаагийн зээл авсныг нэгтгэн 154,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан гэж хариуцагч тайлбарласан нь үндэслэлтэй, зохигчдын хэн аль нь дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, өмнөх зээлийн дүнд дараагийн зээлийн дүнг нэмж эцэстээ зээлийн дүн 154,000,000 төгрөг болсон нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдаж байна, нэхэмжлэгчийн 154,000,000 төгрөгийг зээлдэгч нарт бэлнээр өгсөн гэх тайлбар, мөн нэхэмжлэгчээс хариуцагчид 154,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх баримтыг бодит үнэнд нийцсэн баримт гэж үзэхэд эргэлзээтэй, иймд нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувьд гэрээг зохих ёсоор байгуулсан, үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нь анх 2018.02.22-ны өдөр зээл авсан өдрөөс 2019.04.30-ны өдрийг хүртэл 68,088,000 төгрөг зээлдүүлэгчид төлсөн нь нотлогдсон, харин нэхэмжлэгчийн шаардсан 154,000,000 төгрөгийн гэрээний үүрэгт хүү 44,352,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,870,400 төгрөг, нийт 207,222,400 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагч үндсэн зээлийн 154,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул шүүх талуудын зарчимд үндэслэн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
11. Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Г.Онон, ,,,,,,,,,,,,,, нар нь 2018.02.22-2018.08.29 хүртэл хугацаанд нийт 154,000,000 төгрөгийн үндсэн зээл авсан, үүнийгээ нэгтгэн хариуцагч ,,,,,,,,,,,,,, (зээлдэгч Г.Ононгийн өмнөөс), ,,,,,,,,,,,,,, нар нь 2018.09.21-нд 18/32 дугаар (маргаан бүхий) гэрээг байгуулсан, мөн үүнээс хойш 2018.10.17-ны өдөр 45,000,000 төгрөг, 2018.12.29-ний өдөр 10,000,000 төгрөг буюу нийт 55,000,000 төгрөг нэмж зээлсэн ба тухайн өдрийн байдлаар хариуцагч нарын нийт үндсэн зээл 209,000,000 төгрөг болсон байсан, үүнээс хариуцагч 2018.10.29-2019.04.30-ны өдрийг хүртэл нийт үндсэн зээлд 55,000,000 төгрөг (маргаан бүхий гэрээ байгуулагдсанаас хойш нэмж авсан), зээлийн хүүд 39,015,000 төгрөг төлсөн (энэ нь 2018.09.21-2019.04.30-ыг хүртэлх нийт 209,000,000 төгрөг зээлийн хүүд төлөгдсөн) тул нэхэмжлэгч нь хариуцагчийн хамгийн сүүлд төлбөр хийсэн 2019.04.30-ны өдрөөс хойших үндсэн зээл 150,000,000 төгрөг, мөн өдрөөс нэхэмжлэл гаргасан 2020.02.18-ны өдөр хүртэлх 9 сар, 18 хоногийн хүү 44,352,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү (нэхэмжилсэн үндсэн хүүний 20 хувь) 8,870,400 төгрөг буюу нийт 207,222,400 төгрөгийг нэхэмжилсэн байна.
12. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 2018.09.21-ний өдрийн 18/32 дугаар гэрээгээр хариуцагч нарын авсан үндсэн зээл нь 2019.04.30-ны өдрийн байдлаар 154,000,000 төгрөг хэвээр байх бөгөөд үүнээс нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шаардсан (ямар нэгэн байдлаар давхардуулан тооцоогүй) байхад давж заалдах шатны шүүх хариуцагч нараас зөвхөн үндсэн зээлийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээг үгүйсгэж, “талуудын зарчимд нийцүүлэн” гэж тайлбарласан нь, мөн хариуцагч нар өмнө нь авсан үндсэн зээлээ нэгтгэж гэрээ байгуулсныг “нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэж буруутгасан нь, түүнчлэн хэрэгт авагдсан баримтыг “бодит үнэнд нийцээгүй, эргэлзээтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтад нийцсэнгүй.
13. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1610 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 424,062 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН