Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 194

 

           Л.С-д  холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр  сарын 6-ны өдрийн 1168 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.С-н гаргасан давж заалдах гомдлоор Л.С-д холбогдох эрүүгийн 1903 00911 0404 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Л-н С, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ............ суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн инженер  мэргэжилтэй, “Х-У” ХХК-д камер хянагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;

Л.С нь 2019 оны 8 дугаар сарын 2-ны шөнийн 23 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 65-8 тоот хашааны урд замд “Тоёото приус” загварын, 61-29 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахгүйгээр газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас “Хонда CBR-400” загварын, 02-55 улсын дугаарын мотоциклтой зорчигч Ц.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Л.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10  дугаар зүйлийн 2 дэх хэсгийн  2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Л-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.С-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Л.С-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Л.С-н В ангиллын, 992760 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.С нь цагдан хоригдоогүй, хохирогч Ц.Б-д энэ тогтоолоор төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б нь энэ хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Л.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би уг хэрэгт холбогдохоосоо өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Мөн уг хэрэг нь авто ослын хэрэг бөгөөд би санаатай гэмт хэрэг үйлдээгүй. Анхаарал болгоомж алдаж, осол гарган бусдын биед хүнд гэмтэл учруулсандаа чин сэтгэлээсээ гэмшиж, цаашид дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй гэдгээ илэрхийлж байна. Миний бие хохирогч Ц.Б-д учирсан хохирлыг бүрэн барагдуулж, гомдол саналгүй болгосон. Миний бие уушгины сүрьеэ өвчний улмаас одоо цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.С-н өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Л.С нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон. Энэ үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохирлоо бүрэн барагдуулж, хохирогчийг гомдолгүй болгосон. Хэдийгээр хохирогч 1 төмсгөө авахуулж хагалгаанд орсон боловч үр тогтоох боломжтой болох нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон. Шүүгдэгч Л.С нь сүрьеэ өвчний улмаас 409 дүгээр хорих байгууллагад хоригдож байгаад биеийн байдал нь муудаж, хэвтэн эмчлүүлсэн. Л.С тодорхой оршин суух хаягтай бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан зэргийг харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч Ц.Б нь уг ослын улмаас мэс ажилбарт орсон. Шинжээчийн дүгнэлтээр “хохирогчид учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэлтийн төгсгөлөөс шалтгаална” гэж дүгнэсэн. Үүнийг үндэслэн анхан шатны шүүх гэмт хэргийн хор уршиг бүрэн арилаагүй гэж үзсэн. Баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн ч гэсэн хохирогч нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээний ял буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Л.С нь 2019 оны 8 дугаар сарын 2-ны шөнийн 23 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 65-8 тоот хашааны урд замд “Тоёото приус” загварын, 61-29 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахгүйгээр газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас “Хонда CBR-400” загварын, 02-55 улсын дугаарын мотоциклтой зорчигч Ц.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Б-н “... Би Толгойтын замд гэртээ харих гээд явж байтал ... урд зам дээр “Тоёота Приус” загварын автомашин хашаандаа орох гэж байгаа бололтой ухарч байсан. Би хойгуур нь зайтай болохоор нь амжаад гарчих байх гээд хойгуур нь гарах гэж явтал уг машин ухарч ирээд мөргөсөн. Би шидэгдэж газарт унасан. ... Ослын улмаас миний хамар хугарсан ба төмсөгний хагалгаанд орсон. ...” /хх 14-15/,

иргэний хариуцагч Д.О-н “... “Тоёота Приус” загварын, 61-29 УНУ улсын дугаартай автомашиныг манай нөхөр Л.С жолоодоод би хамт явж байсан. ... Хашааны гадаа ирээд зам дээр зогсоод хойшоо ухраад хашаа руу орох гэж байтал гэнэт түс тас гээд хойд болон зүүн хойд хэсэгт нэг юм хүчтэй мөргөсөн. Нөхөр бид хоёр машинаас бууж иртэл машины зүүн хойд талд мотоцикл хажуулдсан байдалтай хэвтэж байсан бөгөөд жолооч нь машины баруун талд газарт унасан хэвтэж байсан. ...” /хх 22-23/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ц.Б-н биед баруун төмсөгний няцарсан шарх, цусан хураа, төмсөг авах мэс ажилбарын дараах байдал, хамар ясны хугарал, баруун шуу ясны цууралт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 29/ гэх 9817 дугаартай дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн “... “Тоёота Приус 20” загварын, 61-29 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 “Бусдад аюул саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүднээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. ...” /хх 62/ гэх 416 дугаартай дүгнэлт,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 5-9/,

“Ашид билгүүн” хөрөнгийн үнэлгээний компанийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх 67/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Л.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Л.С-д анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.С-д оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.С-с “... Миний бие гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа ба гэмт хэргийн улмаас Ц.Б-д учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, тэнсэж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Хэдийгээр шүүгдэгч Л.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Ц.Б нь гомдол, саналгүй гэсэн боловч шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эд эрхтэнээсээ хагацаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс Л.С-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалт нь шүүхийг заавал хэрэглэхийг үүрэг болгосон бус харин хуульд заасан шаардлага хангасан тодорхой тохиолдолд хэрэглэх эсэх талаар эрх олгосон хэм хэмжээ юм.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Л.С-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1168 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.