Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0660

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч М.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч М.Ц

          Хариуцагч Төв аймгийн Б аймгийн Засаг дарга

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Албан тушаалаас халах тухай” Б/** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3,118,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 123/ШШ2025/0058 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т

          Хариуцагч Төв аймгийн Б аймгийн Засаг дарга В.Б

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

          Хэргийн индекс: 123/2025/0051/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч М.Ц нь Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Албан тушаалаас халах тухай” Б/** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3,118,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр маргасан.

          2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.2.4, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ц-ийн “Төв аймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/** дугаар “Албан тушаалаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3,118,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч М.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Намайг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, төрийн албаны шалгалтыг Төв аймгийн эрүүл мэндийн газрын дарга н.М даргын утсыг надаас авч миний хажууд яриад “хүнээ аваад ажиллуулж бай, бид шалгалтын зар хүргүүлнэ” гээд 2 дарга тохиролцон миний тушаалыг гаргасан. Намайг анх ажилд ороход ажилчид нь бүгд “нягтлан бодогч Б.Б-ны тухайд ёс зүйгүй, харьцаа хандлага муутай, илүү цаг, үр дүнгийн мөнгийг, амралтын мөнгийг өөрөө дур мэдээд хасдаг” гэж хэлсэн. Би ажлаас халж гаргая гэж хэлээгүй. Харин би 2-3 удаа хамт олны хурал дээр “ажлаа сайн хий, хамт олон чинь чамд дургүй юм байна шүү, илүү цаг, үр дүнгийн мөнгийг нь өг” гэж олон удаа хэлсэн. Төв аймгийн шүүгчдэд Э.Д нь өөрөө “дарга намайг дарамтлаагүй зөв л юм хэлсэн” гэж мэдүүлэг өгсөн байсан.

          3.2 Моргийн хөргөгчийн үнийн тухайд би хамгийн сайн чанартайг нь захиалж гэрээ хийе гэж хэлсэн. Монгол Улсын хууль дүрэмд улаан бурхан өвчнийг нуун дарагдуулах, эдгэдэггүй ховор өвчин гэсэн заалт, хууль байдаггүй юм. Тухайн өвчнийг би нуугаад Засаг даргаас нуун дарагдуулах нь ямар хэрэг байх вэ дээ. Энэ зүгээр л илэрч л байдаг, эдгэрч л байдаг. Ажлаас халагдаад явахын өмнө Баянхонгор аймаг руу сургалтад эмч нарыг аваад явсан гэж мэдүүлсэн байна. Гэтэл хаашаа ч яваагүй. Иймд дээрх асуудлуудыг үнэн зөвөөр тунгааж өгнө үү” гэв.

          4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Д.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          4.1 “...Шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьж зарим нэг нотлох баримтад огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Гэрч Х.П мэдүүлэхдээ “М.Ц эмч нь ажилчдад дарамт шахалт үзүүлж байгаагүй” гэсэн. Мөн 97 дугаар хуудсанд гэрч Ц.Ц-ийн мэдүүлэгт “сумын шуурхай хуралд оролцож ажлаа тодорхой танилцуулсан” гэж мэдүүлсэн. 112 дугаар хуудсанд байгаа эм баригч эмч Д.М нарын мэдүүлэгч ач холбогдол дүгнэлт өгөөгүй зөвхөн хариуцагчийн мэдүүлэгт ач холбогдол өгч шийдвэр гаргасан байна.

          4.2 Төрийн албаны ёс зүйг яаж зөрчсөнийг яаж нотолсон юм бэ, албаны шалгалт хийж баримтжуулан хурлаар асуудал оруулсан илтгэл, сонсголыг хэлэлцсэн өөрт нь албан ёсоор хэлсэн ямар баримтууд байна вэ.Зөвхөн хариуцагчийн тайлбар дээр л үндэслэсэн түүнээс биш ямар нэг нотлох баримтын шаардлага хангаагүй 2 хүний хоорондын харьцаа, үнэн зөв мэдэгдэхгүй ярьсан зүйл дээр шийдсэн байна. Улаанбурхан өвчин гарсан нь яг зөв эсэх талаар онош байна уу, нягталж үзье гэж хэлэхэд юунд нуусан болох вэ. Нэхэмжлэгчийн ямар буруу зүйлээс болоод Засаг дарга буруу шийдвэр гаргахад хүрсэн юм бэ. Харин Засаг дарга нэхэмжлэгчийг үндэслэлгүй ажлаас хална гэж хэлээд н.С-д ажлаа өг гэснээс болоод нэхэмжлэгчид тодорхой мэдээлэл өгөх, авах эрхийг нь хаасан байна. 3.3-д заасан хэсэгт Захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй гэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 48.1, 48.2, 48.3, 48.4-д заасныг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 80.4, 80.5 дахь заалтуудыг ноцтой зөрчиж ажлаас халах нь үндэслэлгүй.

          4.3 Албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх гэсэн заалттай хүний их эмч, нарийн мэргэжлийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор хүнтэй тохирон гүйцэтгүүлсэн нь хууль зөрчөөгүй. Төрийн албаны шалгалтыг Төв аймгийн эрүүл мэндийн газрын дарга н.М даргатай 2 дарга тохиролцон шалгалтын зар хүргүүлэхээр шалгалтдаа орохоор болж тушаалыг гаргасан. Миний бичсэн гомдлыг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар шийдвэрийг дахин хянаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн буюу хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд;

          3. Төв аймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/** дүгээр захирамжаар М.Ц-ийг Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд түр томилон (дараагийн удирдах ажилтан томилогдох хүртэл хугацаанд) ажиллуулсан байна.

          4. Төв аймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Албан тушаалаас халах тухай” Б/** дугаар захирамжаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.2.4, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтуудыг үндэслэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ц нь удаа дараа албан тушаалын тодорхойлолтын дагуух чиг үүргээ хэрэгжүүлээгүй, сумын шуурхай штабыг мэдээллээр хангаагүй, төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан тул 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ажлаас халж шийдвэрлэжээ.

          5. Б сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шуурхай штабын бүрэлдэхүүн батлах тухай” А/*** дүгээр захирамжаар “...суманд 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбурхан өвчний тохиолдол батлагдсантай холбогдуулан халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах..., мэдээ мэдээллийг нэгтгэх үндсэн чиг үүрэг бүхий сумын онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүн, ажиллах чиг үүргийг тус тус хавсралтаар баталж, олон нийтийн арга хэмжээг 05 дугаар сарын 13-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл хугацаанд хориглосон” байна. Албан үүргийн дагуу сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Ц нь Шуурхай штабын бүрэлдэхүүнд багтжээ.

          6. Б сумын Шуурхай штаб 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж “...тус суманд Улаанбурхан өвчний 1 тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээг 7 хоногоор хойшлуулсныг үргэлжлүүлэн мөрдөж ажиллах, Улаанбурхан өвчний талаарх цаг үеийн мэдээллийг сонссон” байна. Уг Хуралдааны тэмдэглэлд “...сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Д.О “Эрүүл мэндийн төвийн дарга М.Ц-тэй холбогдож Шуурхай штабын хурал зарлагдаж буйг хэлэхэд М.Ц “Би Улаанбаатар хот руу явж байна. Өглөө Засаг дарга залгаад намайг ажлаа А.С эмчид хүлээлгэж өг гэсэн. Надад хийсэн буруу зүйл байхгүй санагдаж байна. Би Даваа гаригт ирж ажил хүлээлцэх байх, өнөөдрийн хуралд оролцох боломжгүй байна” гэсэн тайлбар өгсөн” гэж танилцуулсан. Сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Ц нь тухайн өдрийн Шуурхай штабын хуралдаанд оролцоогүй үйл баримтууд тогтоогдож байна.

             7.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.

          8. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын гаргасан баримтаар хязгаарлагдахгүйгээр өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

          9. Б сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/** дугаар захирамжийн үндэслэл болох Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө”, 7.1.2-т “зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 8 дугаар зүйл “Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага”, 8.2.4-д “албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна”, 16.1.4-д “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах” гэж тус тус заажээ.

          10. Хариуцагч нь нэхэмжлэгч М.Ц-ийг Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан ямар чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн эсхүл хэрэгжүүлээгүй болох, төрийн  албан хаагчийн хувьд зан харилцаа, үг, үйлдлээрээ ёс зүйн нийтлэг шаардлага болон хэм хэмжээг хэрхэн зөрчсөн гэх зэрэг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ хэрхэн нотолж, тогтоосонтой холбоотой нотлох баримтыг анхан шатны шүүх бүрэн дүүрэн цуглуулаагүй байна.

          11. Тухайлбал, маргаж буй Б/** дугаар захирамжийн үндэслэлд дурдсан дээрх зөрчлүүд болон сумын эрүүл мэндийн төвийн ажилтнуудаас гаргасан М.Ц-ийн ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдлыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон ёс зүйн зөрчил шалган шийдвэрлэх журмын дагуу хэрхэн шалган тогтоож баримтжуулсныг өөр бусад байдлаар нотолж тогтоогоогүй байх ба анхан шатны шүүхээс гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн “сумын Шуурхай штабыг мэдээллээр хангаагүй, төрийн албан хаагчийн ёс зүй, нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн үйлдэл гаргасан нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

12. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-д “энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх”, 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно”, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.3-д “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж заасан.

13. Анхан шатны шүүх “...М.Ц нь ...төрийн албан хаагчийн сул орон тоонд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах хууль зүйн боломжгүй, мөн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцоогүй байна. Тиймээс нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд анхнаасаа томилогдох эрх бүхий этгээд биш байсан гэж үзэхээр байна ...Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон, ёс зүйн зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдож байх тул... М.Ц-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй ...Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.6-д заасныг зөрчсөн” гэж дүгнэлт хийсэн боловч энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасанд нийцэхгүй байна.

          14. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4-д заасан үндэслэлээр ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны дараа нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, холбогдох хуулийг зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                           З.ГАНЗОРИГ

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА