Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 42

 

Ш.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00031/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б- овогтой Ш-ийн Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш- овогтой Н-ийн О-т холбогдох

          “1.434.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарантуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарантуяагаас:

Хариуцагч Н.О-т 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй 100 хоногийн хугацаатай 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дуусгахаар зээлийн гэрээ байгуулсан. Мөнгө зээлснээс хойш өдөр өдөрт нь төлж байгаад гэнэт төлөхөө больж, сүүлдээ олдохоо больсон. Иймд зээлийн үндсэн мөнгө 956.000 төгрөг, 05 хувийн алданги 478.000 төгрөг, нийт 1.434.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.О-ээс:

            Би нэхэмжлэгч Ш.Б-гаас 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төгрөгийг зээлж авсан нь үнэн. Анх зээл өгөхдөө 3 өдрийн эргэн төлөлт 78.000 төгрөгийг суутгаж,

1.922.000 төгрөг өгсөн. Уг зээл нь өдөр өдрийн зээл байсан учраас би өдөрт нь мөнгөө өгч байсан. Тухайн үед ар гэрт гачигдал гарсан учир мөнгөө үргэлжлүүлэн өгч чадаагүй. Би Ш.Б-гаас зээлсэн 2.000.000 төгрөгийг өдөр болгон хүүтэй, алдангитай нь хамт төлж байсан учир одоо мөнгө төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.            

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Н.О-ээс 232.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 1.202.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 7.610 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарантуяа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч, хариуцагч нар өдрийн 26000 төгрөг 1 өдрийн 2000 төгрөг, нийт 28000 төгрөг төлнө гэдэгт маргаагүй байхад шүүх хөндлөнгөөс зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэж, гэрээний заалтыг хөндлөнгөөс тайлбарлаж түүнийг шүүхийн шийдвэрээр зөвтгөж байгаа нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна. Хариуцагч Н.О- нь сайн дураар хүлээн зөвшөөрч, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн зөвшөөрч, өөрийн гарын үсэгтэй, бичгээр, мөн шүүх хуралдааны мэтгэлцээнд 1.922.000 төгрөгийг авсан гэдэг дээр маргахгүй байхад шүүхээс хасч, шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд үндсэн 912.600 төгрөг, алданги 456.300 төгрөг нийт 1.368.900 төгрөгийг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ш.Б- хариуцагч Н.О-т холбогдуулан үндсэн зээл 956.000 төгрөг, хүү 216.000 төгрөг, алданги 262.000 төгрөг нийт 1.434.000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч Н.О- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд болсон үйл баримтаас үзвэл гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчид бодитоор шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь хүү, алданги шаардах эрхгүй гэж дүгнэлт хийж, хариуцагч Н.О-ээс 232.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлээс 1.202.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Ш.Б- үндсэн зээл, түүний хүү, алданги шаардахдаа талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Тэрхүү гэрээгээр 2.000.000 төгрөгийг 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2011 оны 06 дугаар сарын 21 хүртэлх хугацаанд зээлүүлэхээр гэрээ байгуулсан боловч бодит байдал дээр 1.870.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн байх бөгөөд буцааж 1.638.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч Ш.Б- бичгийн гэрээгээр тохирсон хүү гэж 216.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч гэрээгээр хүүг хоногоор эсхүл сараар тохирсон эсэх, хүүг тодорхой үнийн дүнгээр эсхүл хувиар тогтоосон нь тодорхойгүй, бичгийн гэрээ нь ойлгомжгүй, талуудын тайлбараар тогтоогдохгүй байх тул талууд бичгээр хүү тохиролцсон гэж үзэж хүүг тооцон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин хариуцагч Н.О- 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөөгүй тул гэрээний 3 дахь заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар төлбөр төлөөгүй хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн зохих хувиар алданги төлөх үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх гэрээгээр тохиролцсон мөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй, гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө өдөр бүр хүүгийн хамт үндсэн зээлээс төлж байсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай талаас нь дүгнэж чадаагүй буюу хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нийт гүйцэтгэвэл зохих үүрэг  1.870.000 төгрөгөөс гүйцэтгэсэн үүрэг 1.638.000 төгрөгийг хасаж үлдэх төлбөр 232.000 төгрөгт алданги тооцож шийдвэрлэх нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.О-ээс 348.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгож,нэхэмжлэлийн үлдэх 1.006.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай гэж,

            2 дугаар заалтыг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.900 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Хариуцагч Н.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 11.090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.852 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ               

                         ШҮҮГЧИД                                                                         С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                    Л.АМАРСАНАА