Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00011

 

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00011

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт ухаа 11-р гудамж .. тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, Ж овогт Б-ын Аийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.А нь шүүхэд гаргасан хүсэлт болон түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жуудай овогт Бадрахын А миний бие нь 1962 оны 3 сарын 8-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шаварт гэх газар Наянтай овогтой Бадрахын 4 дэх охин болон төрсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж 1970 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1978 онд 8 дугаар ангиа төгссөн.

1978-1980 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн II дугаар дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд Завхан аймгийн Худалдааны техникум техник мэргэжлийн сургуульд элсэн суралцаж 1981 онд Тогооч-зөөгч мэргэжлээр төгссөн. 1981 оны 06 дугаар сарын 25-нд сургуулиа төгсч ирээд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа 4-р гуанзанд зөөгч үйлчлэгчийн ажилд орж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.

Миний бие нь 1986 оны 08 сарын 16-нд Буяндэлгэр овогтой Лхамсүрэнтэй гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлж өсгөсөн.

Миний нөхөр Б.Лхамсүрэн нь Ховд аймгийн Багшийн дээд сургуулийн Түүх- газарзүйн багшийн анги төгсөөд, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум руу хувиарлагдан ажиллахаар болсон тул миний бие нь гэр бүлээ даган шилжихээр болж 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн.

Иймд Жуудай овогт Бадрахын А намайг 1980 оны 07 сарын 10-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн худалдаа бэлтгэлийн трестийн харьяа IV гуанзанд зөөгч үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Аийн 1980 оны 07 сарын 10-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн худалдаа бэлтгэлийн трестийн харьяа IV гуанзанд зөөгч үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.А нь 1980 оны 07 сарын 10-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн худалдаа бэлтгэлийн трестийн харьяа IV гуанзанд зөөгч үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1875 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаартай албан бичгийн хуулбар,

Иргэн Б.Ишхандын ...Бадрах овогтой А нь 1981 оны 6 сард Завхан аймаг дахь Худалдааны техник мэргэжлийн нийтийн хоолны тогооч зөөгчийн мэргэжлээр  төгсөж ирээд ХБТрестийн харьяа 5-р гуанзанд зөөгч тогоочоор тасралтгүй 1981-1986 он хүртэл ажиллаж байсан... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Иргэн Г.Буянхишигийн ...Бадрах овогтой А нь 1981 оны 6 дугаар сард Завхан аймаг дахь Худалдааны техник мэргэжлийн сургуулийн Нийтийн хоолны тогооч, зөөгчийн мэргэжлээр төгсөж ирээд ХБТрестийн харьяа 5-р гуанзанд зөөгчөөр тасралтгүй 1981-1986 он хүртэл ажилласан... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Төрсний бүртгэлийн лавлагаа, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 295 дугаартай лавлагаа,

471616 дугаартай хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Аийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жуудай овогт Бадрахын Аийг 1980 оны 07 сарын 10-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа IV гуанзанд зөөгч үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ