Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/129

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

 Нарийн бичгийн дарга Э.Намуунзул, 

 Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чинбат,

 Хохирогчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

 Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Г

 Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт техникийн үзлэг оношилгоонд хамрагдаагүй ... улсын дугаартай Тоёота Марк 2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, ..в заалтад заасан "...түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ч.Тийн биед зүүн эгэм ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, амь хохирогч Ч.Тын эрүүл мэндэд гавал тархины гэмтэл бүхий хохирол учирч нас барсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт техникийн үзлэг оношилгоонд хамрагдаагүй ... улсын дугаартай Тоёота Марк 2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, ..в заалтад заасан "...түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ч.Тийн биед зүүн эгэм ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, амь хохирогч Ч.Тын эрүүл мэндэд гавал тархины гэмтэл бүхий хохирол учирч нас барсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чинбатын мэдүүлэг, хохирогч Ч.Тийн мэдүүлэг, гэрч М.Уын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ө.Нгийн мэдүүлэг, яллагдагч Б.Гын мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/026 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/222 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 05ны өдрийн 2067 дугаартай шинжээчийн дүгнэлт, Техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05/25 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай магадалгаа, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

        Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Хохирол төлбөрийн талаар:

        Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чинбатад  29.600.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Ч.Т болон иргэний нэхэмжлэгч Ө.Н нар нь хохирол нэхэмжлээгүй.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чинбат болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогч Ч.Тын ар гэрт тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс нөхөн төлөхөө илэрхийлсэн.

Гэвч Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “...Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй…”, 508.3-т “...Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна...”, 508 дугаар зүйлийн 508.4.1-д “...бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл...” гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлөхөөр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогч Ч.Т нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байсан гэх боловч хэрэгт түүний гэр бүлийн байдал, хүүхдүүдийн насны байдлыг тогтоосон нотлох баримт авагдаагүй учраас хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөр буюу тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцоолох боломжгүй байна.

            Иймд шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чинбатад 29.600.000 төгрөгийг төлсөн, хохирогч Ч.Т, иргэний нэхэмжлэгч Ө.Н нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогч Ч.Тын ар гэрт тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү /гэм хор учруулсны төлбөр/ болон бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.  

 Эрүүгийн хариуцлагын талаар:

           Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         Иймд шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн  ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Гт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын эдлэх 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхэлж тоолсугай.

5.Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чинбатад 29.600.000 төгрөгийг төлсөн, хохирогч Ч.Т, иргэний нэхэмжлэгч Ө.Н нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогч Ч.Тын ар гэрт тэжээгчээ алдсаны зөрүү болон бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОДБАЯР