Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00012

 

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00012

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 8-32 тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, Х овогт Л-ийн Бын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь 1959 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Бага насаа аав ээжийн асрамжид өнгөрөөж, 8 дугаар анги төгсөн эцэг эхийн хамт мал маллаж байгаад цэргийн албанд татагдан 3 жил цэргийн алба хааж 1980 онд цэргийн албанаас халагдсан. 

Цэргийн албанаас халагдан ирж өөрийн төрсөн нутаг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн тариа бригадад ногоочноор ажиллаж байгаад 1991 онд нэгдэл хувьчлагдхад нэгдлээс гарч ногоо тарьж хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байна. Миний Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ногоочноор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, ажлаас халагдсан тушаал байхгүй, нэгдлийн 70-р данс архивт шилжиж ирээгүй тул тэтгэвэр тогтоох боломжгүй.

Ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Надад байгаа баримтуудыг үндэслэн миний 1981 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож, шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.Бын 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Л.Б нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1889 дугаартай албан бичиг,

Хүсэлт гаргагчийн нэртэй 1981-1990 оныг дуусталх хугацааны хөдөлмөрийн хөлс бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Гэрч Д.Бямбадашийн ...Лхамсүрэн овогтой Б нь 1980 онд цэргээс ирж Мянгад сумын Давшилт нэгдэлд 1990 он хүртэл ногоо тарьж ажиллаж байсан... гэх тодорхойлолт,

Гэрч Н.Бямба-Очир ...Лхамсүрэн овогтой Б нь 1980 онд цэргээс ирж Мянгад сумын Давшилт нэгдэлд ногоо тарьж, 1990 он хүртэл бид хамтдаа ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Бын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хятадууд овогт Лхамсүрэнгийн Быг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Л.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ